A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 21

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин"-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тооцоолж, санхүүгийн эх үүсвэрийн үнэлгээ болон өрийн тогтвортой байдлын шинжилгээ хийх;

2/Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшний хамт баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;

3/Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;

4/Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнахдаа энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;

5/Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан тухайн оны зорилтот түвшнийг хангахад чиглүүлэх.

3.Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газартай үйл ажиллагаагаа уялдуулан хамтарч ажиллахыг Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолыг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН