A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 38

Улаанбаатар хот

ХӨДӨӨ АЖ АХУЙН ТӨРӨЛЖСӨН, АЖ ҮЙЛДВЭРИЙН ДЭД БҮС ТОГТООХ ТУХАЙ

"Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын 2 дахь заалтын 3, 4 дэх дэд заалт, Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ын 3.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хөдөө аж ахуй, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулан, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Төвийн бүсийг "Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс"-ээр тогтоосугай.

2.Дэд бүс дэх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн өнөөгийн байдалд үнэлгээ хийж, төрөлжүүлэн хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нарт тус тус даалгасугай.

3.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, малын тэжээл тариалах, төмс, хүнсний ногоо, үр тарианы тариалалтыг нэмэгдүүлэх, шинэ нэр төрлийн таримал нутагшуулан тариалах зорилгоор атаршсан газрыг тариалангийн газарт шилжүүлэн ашиглах асуудлыг судалж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтийг хангахад бүх талын дэмжлэг үзүүлж, хэрэгжилтийн явц, үр дүнг 2025 оноос эхлэн жил бүрийн 03 дугаар сард багтаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд тайлагнаж байхыг Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн Засаг дарга нарт, нэгдсэн дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН