A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 06 сарын 05 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ахмад настны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/4 дүгээр зүйлийн 4.1.7-4.1.11 дэх заалт:

"4.1.7."ахмад настны цогц үнэлгээ" гэж эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан ахмад настны бие бялдар, танин мэдэхүй, сэтгэлзүй, үйл ажиллагааны чадвар, нийгмийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, хэрэгцээ болон эрсдэлийн зэргийг үнэлэх мэргэжлийн олон талт үйл ажиллагааг;

4.1.8."ахмад настны цогц тусламж, үйлчилгээ" гэж энэ хуулийн 4.1.7-д заасан үнэлгээнд суурилан ахмад настны хам шинж, асран хамгаалал, нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудлыг эрэмбэлэн хэрэгцээг тогтоож, төлөвлөгөөний дагуу цогц үйлчилгээ үзүүлж, эргэн хянах үйл ажиллагааг;

4.1.9."ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээ" гэж ахмад настны асруулах эрэлт хэрэгцээ, нөхцөл байдалд үндэслэн ахмад настныг төрөлжсөн асрамжийн, гэрээр, асралт гэр бүлээр, өдрөөр, түр, урт хугацаагаар, байнга асрах үйлчилгээг төрийн байгууллага иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар дамжуулан, эсхүл хамтран төлбөртэй, төлбөрийн хөнгөлөлттэй, төлбөргүй нөхцөлөөр үзүүлэх үйл ажиллагааг;

4.1.10."ахмад настанд үзүүлэх сэргээн засах үйлчилгээ" гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.21-д заасан сэргээн засах цогц үйл ажиллагааг ахмад настанд үзүүлэхийг;

4.1.11."ахмад настанд үзүүлэх цогц тусламж, үйлчилгээний мэргэжлийн удирдлага" гэж ахмад настанд үйлчилгээ үзүүлж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтныг мэргэшүүлэх, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, удирдлагаар хангах үйл ажиллагааг."

2/7 дугаар зүйлийн 7.1.10-7.1.12 дахь заалт:

"7.1.10.ахмад настны хөгжлийг дэмжих үйлчилгээ;

7.1.11.ахмад настны зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ;

7.1.12.ахмад настанд үзүүлэх сэргээн засах үйлчилгээ."

3/7 дугаар зүйлийн 7.2.11-7.2.13 дахь заалт:

"7.2.11.аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан, сум, тосгон, өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн байнгын асаргаа шаардлагатай ахмад настныг асарч байгаа иргэний эрүүл мэнд, ачааллыг үнэлэн ахмад настныг энэ хуулийн 4.1.9-д заасан үйлчилгээнд хамруулах, эсхүл гэр бүлийн бусад гишүүний асрамжид шилжүүлэх талаар санал гаргах;

7.2.12.энэ хуулийн 4.1.7-д заасан үнэлгээнд ахмад настан сайн дурын үндсэн дээр оролцох, шаардлагатай тохиолдолд цахимаар хийх;

7.2.13.ахмад настныг нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулах, соёл, урлаг, спорт, орчин үеийн техник хэрэгсэл ашиглах, сурч хөгжихөд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, зохион байгуулах."

4/7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэг:

"7.8.Энэ хуулийн 7.6-д заасан "Ахмадын өргөө", бусад төв нь төрийн болон орон нутгийн өмчит барилга, байгууламжид байрлан үйл ажиллагаагаа явуулж байгаа бол барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засварын зардлыг орон нутгийн төсвөөс гэрээний үндсэн дээр хэсэгчлэн, эсхүл бүрэн санхүүжүүлнэ."

5/9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт:

"9.1.4.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд ажилласан ахмад настны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасны дагуу тооцон гэрээний дагуу олгох."

6/9 дүгээр зүйлийн 9.9-9.12 дахь хэсэг:

"9.9.Ахмад настан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллах бол Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6-д заасны дагуу тэтгэврийн даатгалд даатгуулахгүй байж болно.

9.10.Аж ахуйн нэгж, байгууллага нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1-д заасан насанд хүрсэн ахмад настныг 65 насанд хүрээгүй бөгөөд өөрөө хүсэлт гаргаагүй байхад тэтгэвэрт гарахыг шаардах, энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн гэрээ цуцлахыг хориглоно.

9.11.Аж ахуйн нэгж, байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 145.4-т заасны дагуу ахмад настныг ажлын байраар хангана.

9.12.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн холбогдох Засгийн газрын гишүүнтэй хамтран дараах чиглэлээр арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлнэ:

9.12.1.боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран ахмад настныг боловсролын байгууллагад ажиллуулах;

9.12.2.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран ахмад настныг эрүүл мэндийн байгууллагад ажиллуулах;

9.12.3.энэ хуулийн 9.12.1, 9.12.2-т зааснаас бусад холбогдох Засгийн газрын гишүүнтэй хамтран эрхлэх асуудлынх нь хүрээнд ахмад настныг ажиллуулах."

7/11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт:

"11.1.4.ахмад настнаа хүндлэх, ёс заншил, уламжлалаа өвлүүлэх, мэдлэг, туршлагыг нь залуу үед хүргэх зэрэг арга хэмжээг ахмадын өдрийн хүрээнд бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд 10 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд зохион байгуулах."

8/13 дугаар зүйлийн 13.5-13.9 дэх хэсэг:

"13.5.Нийгмийн халамжийн сан, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.7, 7.1.8, 7.1.9, 7.1.10, 7.1.11-д заасан үйлчилгээний жишиг үнэ болон иргэний хариуцах төлбөрийн хэмжээг нийгмийн хамгааллын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, хэрэгжүүлнэ.

13.6.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.7, 7.1.8, 7.1.9, 7.1.10, 7.1.11-д заасан үйлчилгээнд зарцуулах хөрөнгө нийгмийн халамжийн сангаас ахмад настанд зарцуулах нийт хөрөнгийн 10 хувиас багагүй байна.

13.7.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ахмад настанд зарцуулах хөрөнгө нь эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн хэмжээг тооцохгүйгээр тус сангийн тухайн жилийн нийт хөрөнгийн 10 хувиас багагүй байна.

13.8.Энэ хуулийн 9.12-т заасан арга хэмжээний зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, боловсрол, эрүүл мэндийн болон холбогдох асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад тусган санхүүжүүлнэ.

13.9.Энэ хуулийн 7.1, 8.1.1, 8.1.2, 10.1.2, 10.2-т заасан үйлчилгээг цахимжуулах, давхардлыг арилгах, гэрээт байгууллагын санхүүжилтийг гүйцэтгэлд үндэслэн бодитой олгох зорилгоор ахмад настны Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.1-д заасан мэдээллийг ашиглаж болно."

9/14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэг:

"14.9.Аж ахуйн нэгж, байгууллага нь "Ахмадын сан"-гийн үйл ажиллагааны тайлан, мөнгөн хөрөнгийн зарцуулалтын талаар жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор байгууллагын нийт ажилтны хуралд танилцуулж, хэлэлцүүлнэ."

10/15 дугаар зүйлийн 15.3-15.7 дахь хэсэг:

"15.3.Ахмад настны талаарх төрийн болон нутгийн захиргааны байгууллагын гүйцэтгэх зарим чиг үүргийг болон энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг ахмадын байгууллагаар гүйцэтгүүлж, төсөл, арга хэмжээний зардлыг гэрээний үндсэн дээр хэсэгчлэн, эсхүл бүрэн санхүүжүүлж болно.

15.4.Ахмадын байгууллага нь төрөөс ахмад настны талаар баримтлах бодлого, хууль тогтоомжид санал өгөх, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж, хяналт тавина.

15.5.Ахмадын байгууллага нь ахмад настны асрамж, сувилал, үйлчилгээний байгууллагуудыг магадлан итгэмжлэх зөвлөл, хүний эрхийн иргэний зөвлөл, амьжиргаа дэмжих зөвлөл, хохирогчдын нөхцөл, аюулгүй байдлын үнэлгээ, зэрэглэл тогтоох ажлын хэсэг, зөвлөлд төлөөллөө оролцуулна.

15.6.Энэ хуулийн 15.2, 15.3-т заасан гэрээ, төсөл арга хэмжээ, гэрээний хэрэгжилт, санхүүжилтийн тайлан нь олон нийтэд ил тод, нээлттэй байна.

15.7.Аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага 50 ба түүнээс дээш ахмад настантай бол ахмадуудтай харилцах үндсэн чиг үүрэгт зөвлөх болон туслах үүрэгтэйгээр ахмад настныг төлөөлсөн нэг хүнийг гэрээгээр ажиллуулж болно."

2 дугаар зүйл.Ахмад настны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтын "гэм хор" гэсний өмнө "болон ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасан хөрөнгийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан," гэж, 7 дугаар зүйлийн 7.2.10 дахь заалтын "нийгмийн ажилтан" гэсний дараа "болон сум, тосгон, өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн" гэж, 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтын "олгох" гэсний өмнө ", эсхүл түлш худалдан авах эрхийн бичиг" гэж, 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтын "үнэ төлбөргүй" гэсний дараа "/нийслэлд зориулалтын картаар/" гэж, 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтын "бичгийн" гэсний дараа "жишиг" гэж, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн "санхүүжүүлэн" гэсний дараа "ахмад настны наснаас хамааран" гэж, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн "7.2.6" гэсний өмнө "7.1.6, 7.1.12," гэж, 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсгийн "цалингийн" гэсний өмнө "төсвийн байгууллага тухайн жилийн төсөвт тусган" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Ахмад настны тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт:

"7.1.7.ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээ;"

2/7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг:

"7.3.Энэ хуулийн 4.1.7, 4.1.8, 4.1.9, 4.1.11, 7.1-д заасан үйл ажиллагааны журмыг дараах байдлаар баталж, иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ:

7.3.1.энэ хуулийн 4.1.7, 4.1.8, 4.1.9, 4.1.11, 7.1-д заасан үнэлгээ хийх, үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах, 7.1-д заасан үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах журмыг нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, хэрэгжүүлэх;

7.3.2.энэ хуулийн 7.1.6, 7.1.12-т заасан үйлчилгээг үзүүлэх эрхтэй, магадлан итгэмжлэгдсэн, эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан аж ахуй нэгж, байгууллагаар гүйцэтгүүлэх;

7.3.3.энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.7, 7.1.8, 7.1.9, 7.1.10, 7.1.11-д заасан үйлчилгээг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага 7.3.1-д заасан журмын дагуу сонгон шалгаруулсан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх.

3/7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэг:

"7.6.Энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг үзүүлэх зорилгоор нутгийн захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аймаг, дүүрэг, сум, тосгон, хороонд "Ахмадын өргөө" болон сэргээн засах, идэвхтэй насжилтыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулах төвийг байгуулан ажиллуулж болно."

4/8 дугаар зүйлийн 8.1.1 дахь заалт:

"8.1.1.хөл, гар, шүдний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл, тэргэнцэр, нэн шаардлагатай тусгай хэрэгсэл худалдан авсан зардлын үнийн хөнгөлөлтийг 3 жилд нэг удаа нийгмийн халамжийн сангаас олгох."

5/8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт:

"8.1.6.энэ хуулийн 8.1.5-д заасан ахмад настны нийтийн тээврээр зорчсон төлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлсэн аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлэх."

4 дүгээр зүйл.Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтын "тэжээн тэтгэх хүүхэдгүй, эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон" гэснийг "Нийгмийн халамжийн тухай хуулийн 22.1.1-д заасан өрхийн" гэж, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн "7" гэснийг "6" гэж, мөн хэсгийн "олгох" гэсний өмнөх "хишиг" гэснийг "хишгийн хэмжээ," гэж, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн "Хоёрдугаар бүлэгт заасан ахмад настанд үзүүлэх үйлчилгээ, дэмжлэг, хүндэтгэлийн хэмжээ" гэснийг "8, 10, 11, 12 дугаар зүйлд заасан ахмад настанд үзүүлэх дэмжлэгийн хэмжээ" гэж, мөн зүйлийн 13.3 дахь хэсгийн "7.1-д заасан үйлчилгээ" гэснийг "7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.7, 7.1.8, 7.1.9, 7.1.10, 7.1.11-д заасан үйлчилгээг нийгмийн халамжийн сан болон орон нутгийн төсвөөс" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Ахмад настны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтын "рашаан" гэснийг, 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсгийн "аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР