- Нүүр
- Монгол Улсын хууль
- AЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 08 сарын 30 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
AЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
"22.9.Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй доор дурдсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө. Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна:
22.9.1.ой, амьтан, ус зэрэг байгалийн баялаг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах;
22.9.2.ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асрамжийн үйлчилгээ, тэдгээрийн эрхийг хангах, хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохируулгат орчин бүрдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, зуслан, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах;
22.9.3.соёлын өвийг хамгаалах, сэргээх, музей, номын сангийн үйл ажиллагаа болон хөгжим, кино, гар урлал, тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор барьж байгуулах, ашиглах;
22.9.4.нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах, хамгаалах, тохижуулах, цэцэрлэгжүүлэх, нийтийн тээврийн хөгжлийг дэмжих;
22.9.5.давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас хохирол барагдуулах;
22.9.6.спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглах, олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг;
22.9.7.Монгол Улсын Засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлээр гадаадын их, дээд сургууль, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгосон сургалтын төлбөрийн тэтгэлэг;
22.9.8.их, дээд сургууль, шинжлэх ухааны академид судалгаа, шинжилгээний зориулалтаар олгосон тэтгэлэг;
22.9.9.төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа;
22.9.10.Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагаа.
22.10.Энэ хуулийн 22.9.1-д заасан нөхөн сэргээх зардалд энэ хуулийн 13.4, 22.5.9-д зааснаас бусад нөхөн сэргээх зардал хамаарна.
22.11.Энэ хуулийн 22.9-д заасны дагуу хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хяналт тавина.
22.12.Энэ хуулийн 22.9-д заасан хөнгөлөлтөд хамаарах зардал нь энэ хуулийн 13.1.1, 13.1.3, 13.1.4, 13.1.5-д заасан шаардлагыг хангасан байна.
22.13.Энэ хуулийн 22.9-д заасан хөнгөлөлтөд хамаарах хөрөнгө оруулалт, зардлыг татварын албанаас баталсан маягтын дагуу энэ хуулийн 26.1, 26.2-т заасан тайланд хавсаргаж тайлагнана."
2 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12 дахь заалтын "15.1.6, 15.1.7, 15.1.8, 15.1.9, 15.1.10-т" гэснийг "22.9-д" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6, 15.1.7, 15.1.8, 15.1.9, 15.1.10, 15.1.16, 15.1.17 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлийг 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A