A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 30

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж итгэлцлийн зохистой дадлыг хэрэгжүүлэх хүрээнд эмийн зохицуулалтын үнэлгээгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах;

2/гаалийн болон татварын байгууллагатай мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлсний үндсэн дээр эм, эмнэлгийн хэрэгслийн цахим мэдээллийн санг хөтөлж, эмийн бодит үнийн мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй болгох, чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслээр иргэдийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх;

3/эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар судлан санал танилцуулах.

2.Энэ тогтоолын биелэлтийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн хамт 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороонд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо /Л.Энхнасан/-нд даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН