A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А-195

Улаанбаатар хот

"ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ЖУРАМ"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6.3 дахь хэсгийн 6.3.3, 6.3.4 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А-91 дугаар тушаалаар батлагдсан "Төлбөрийн системийн журам"-д дараах заалтуудыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/ 1 дүгээр зүйлийн 1.22 дахь заалт:

"1.22. Картын мэдээллийг токен буюу 16-19 орон бүхий үл давтагдах тоон дараалалаар орлуулах, тухайн токеныг картын мэдээллээр эргүүлэн солих нь токенжуулах үйлдэл байна."

2/ 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн 3.2.6 дахь заалт:

"3.2.6. Цахим хэтэвчинд зөвхөн олон улсын стандартын дагуу үүсгэсэн токен ашиглах, гүйлгээ илгээх;"

3/ 5 дугаар зүйлийн 5.32 дахь заалт:

"5.32. Төрийн үйлчилгээний төлбөрийг картаар хүлээн авсны шимтгэл нь 1,500 (нэг мянга таван зуу) төгрөгөөс дээшгүй байх ба шимтгэлийг карт эзэмшигч төлнө."

4/ 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.13 дахь заалт:

"6.1.13. Оператор нь системийн дүрэмд болонсистемийн оролцогчийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж болохуйц өөрчлөлтийг өөрийн системд хийх тохиолдолд ажлын 20-иос доошгүй өдрийн өмнө нийт оролцогч нарт болон Монголбанкны төлбөрийн систем хариуцсан нэгжид албан ёсоор мэдэгдэж, холбогдох зааврыг хүргүүлнэ."

2."Төлбөрийн системийн журам"-ын 5 дугаар зүйлд дараах заалтуудыг дор дурдсанаар нэмсүгэй.

1/ 5.321 дахь заалт:

"5.321. Орон сууцны хэрэглээний төлбөрийг картаар хүлээн авсны шимтгэл нь 300 (гурван зуу) төгрөгөөс дээшгүй байх ба шимтгэлийг карт эзэмшигч төлнө."

2/ 5.36 дахь хэсгийн 5.36.8 дахь заалт:

"5.36.8 Ухаалаг гар утас болон бусад цахим төхөөрөмжид суулгасан картын токенжуулсан мэдээллээр хийгдэх гүйлгээг тухайн ухаалаг цахим төхөөрөмж нь нууц дугаар оруулах, хурууны хээ, царай таних гэх мэт аргаар баталгаажуулж болно. Ингэж баталгаажуулсан гүйлгээнд ПОС төхөөрөмж нь давхар ПИН код шаардахгүй."

3."Төлбөрийн системийн журам"-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.6 дахь заалт "6.1.6 дахь заалт "6.1.6. Энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хөндлөнгийн аудитаар жилд нэг удаа баталгаажуулна." гэснийг хассугай.

4.Батлагдсан журмын нэмэлт, өөрчлөлтийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар), төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн системийн оролцогч нарт тус тус даалгасугай.

5.Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар), Дотоод аудитын газар (А.Шижирмаа)-т тус тус үүрэг болгосугай.

6.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хууль, эрх зүйн газар (Д.Аюуш), Төлбөр тооцооны газар (Э.Анар)-т тус тус үүрэг болгосугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН