A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НИЙСЛЭЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТҮҮХИЙ ЭДИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 73

Улаанбаатар хот

НИЙСЛЭЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТҮҮХИЙ ЭДИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Боловсролын ерөнхий хуулийн 24.1.7, 38.6, 40.2.9-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны түүхий эдийн зардлыг 4000 (дөрвөн мянга) төгрөг, уртасгасан цагийн зохицуулалттай 24 цагийн цэцэрлэг, цэцэрлэгийн бүлгийн хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэг өдрийн хоолны түүхий эдийн зардлыг 5100 (таван мянга нэг зуу) төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан цэцэрлэгт хамрагдаж байгаа Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго шугамаас доогуур амьжиргаатай өрхийн хүүхэд, мөн хуулийн 20.2.1-20.2.5-д заасан хүүхэд, уртасгасан цагийн зохицуулалттай 24 цагийн цэцэрлэгийн бүлэг болон цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхэд, нэг өрхөөс 3 болон түүнээс дээш хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа тохиолдолд 3 дахь хүүхдээс эхлэн нэг өдрийн хоолны түүхий эдийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлсүгэй.

3.Энэ тогтоолын 2-т зааснаас бусад хүүхдийн нэг өдрийн хоолны түүхий эдийн зардлын 1000 (нэг мянга) төгрөгийг хуульд заасны дагуу эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хариуцуулах арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгасугай.

4.Энэ тогтоолын 2-т заасан зардалд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэж, цаашид гүйцэтгэлийг хүүхэд-өдрөөр хянан, зөрүүг тооцож улсын төсвийн төсөлд тусгахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан хоолны орц, найрлага, шим тэжээлийг нэмэгдүүлснээр хүүхдийн эрүүл мэнд, өсөлт, хөгжилтөд үзүүлсэн нөлөөлөл болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн сэтгэл ханамжийг тандан судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Боловсролын сайд П.Наранбаярт, хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд зохих стандартыг мөрдүүлж, шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг тогтвортой үнээр ханган нийлүүлэх ажлыг зохион байгуулж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт тус тус үүрэг болгосугай.

6.Энэ тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР