A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 86

Улаанбаатар хот

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5.1.2, 25.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг доор дурдсан албан тушаалтанд үүрэг болгосугай:

1.1.тухайн нутаг дэвсгэрийнхээ нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны теле камерыг нэгдсэн сүлжээнд холбох, хяналт тавих чиг үүрэг бүхий "Теле камерын хяналтын дэд төв"-ийг холбогдох хууль тогтоомжийн дагуу аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд байгуулах ажлыг удирдан зохион байгуулж ажиллахыг аймаг, дүүргийн Засаг дарга нарт;

1.2.энэ тогтоолын 1.1-д заасан дүүргүүдийн "Теле камерын хяналтын дэд төв"-ийг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах "Теле камерын хяналтын нэгдсэн төв"-ийг холбогдох хууль тогтоомжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд байгуулах ажлыг удирдан зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт;

1.3.нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны теле камерыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа теле камерын стандартад нийцүүлэх, мэдээлэл холбоо, сүлжээний үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын дэд бүтцийг ашиглан "Теле камерын хяналтын дэд төв"-д холбох боломжийг судалж, шийдвэрлэхийг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт.

2.Теле камерын хяналтын төвүүдийн үйл ажиллагаа болон энэ тогтоолын 1.3-т заасан ажлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байхыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

3.Теле камерын хяналтын төвүүдийн үйл ажиллагаанд Кибер аюулгүй байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нарт даалгасугай.

4.Теле камераар цуглуулсан мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд ашиглахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, эрсдэлээс хамгаалах шаардлагатай арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож, шүүх, прокурор, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөсүгэй.

5.Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа теле камерын стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг удирдан зохион байгуулахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд, стандартыг холбогдох журмын дагуу батлахыг Стандарт, хэмжил зүйн газар (С.Батбаатар)-т даалгасугай.

6.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ