A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 81

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Зөвшөөрлийн зөвлөлийн гишүүдийг томилох тухай" Засгийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 154 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "нарийн бичгийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж," гэснийг, мөн заалтын "гишүүнээр" гэсний дараах "Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан, Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн судалгааны газрын дарга Л.Эрдэнэбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч А.Энх-Эрдэнэ," гэснийг, "Зөвшөөрлийн зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай" Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 335 дугаар тогтоолын 2 дахь заалтын "Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү," гэснийг тус тус хассугай.

2.Засгийн газрын 2022 оны 462 дугаар тогтоолоор баталсан "Зөвшөөрлийн зөвлөлийн ажиллах журам"-ын 5.5 дахь заалтад "Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна." гэж нэмсүгэй.

3.Мөн журмын 3.3 дахь заалтыг "Зөвлөлийн 11 гишүүний төрийн төлөөллийн 3 гишүүнийг Ерөнхий сайд төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга нараас, хувийн хэвшлийн төлөөллийн 4 гишүүнийг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, төрийн бус байгууллагын төлөөллийн 4 гишүүнийг нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий төрийн бус байгууллагаас тус тус нэр дэвшүүлж, Засгийн газар 3 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө." гэж өөрчлөн найруулсугай.

4.Мөн журмын 3.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ