- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ТАТВАРЫН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 111
Улаанбаатар хот
БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ТАТВАРЫН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан татварын хууль тогтоомж, "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 64 дүгээр тогтоол, "2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарлах тухай" Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 481 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг доор дурдсан албан тушаалтанд даалгасугай:
1.1.Мах, сүү, арьс шир, мод, модон эдлэл, ноос, ноолуур, хүнсний дайвар бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, үр тариа зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн нөөц, хэрэглээний түвшнийг харгалзан импортын гаалийн албан татварыг бүсийн тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн онцлогтой уялдуулан бүс тус бүрээр ялгаатай тогтоох асуудлыг судалж, саналаа 2024 онд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нарт;
1.2.Цемент, чулуу, шил, шилэн эдлэл зэрэг зарим нэр төрлийн барилгын материалын үйлдвэрлэл, хэрэглээний түвшнийг харгалзан импортын гаалийн албан татварыг бүсийн тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн онцлогтой уялдуулан бүс тус бүрээр ялгаатай тогтоох асуудлыг судалж, саналаа 2024 онд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Сангийн сайд Б.Жавхлан нарт;
1.3.Ус, ой, рашаан, ургамал, ан амьтны нөөц ашигласны төлбөр, агаар, ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг бүсийн тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн онцлогтой уялдуулан бүс тус бүрээр ялгаатай тогтоох асуудлыг судалж, саналаа 2024 онд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Сангийн сайд Б.Жавхлан нарт;
1.4.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоох татварын хувь, хэмжээг бүсийн тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн онцлогт нийцүүлэн тогтоож, 2025 оны төсвийн жилээс мөрдөх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд;
1.5.Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 10 хүртэлх жилийн хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн татварын хөнгөлөлт үзүүлэх төслийг тодорхойлох арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхланд, хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
1.6.Бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлэн импортын барааны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг сунгаж, татварын хөнгөлөлтөд хамааруулах техник, эдийн засгийн үндэслэл бүхий томоохон төсөл, арга хэмжээний жагсаалтыг аймаг, нийслэлийн Засаг даргын саналд үндэслэн тодорхойлж, татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг тухай бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт;
1.7.Бүсчилсэн хөгжлийн татварын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр орон нутгийн холбогдох захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, татвар төлөгчийг зохих мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах, сургалт, сурталчилгаа явуулах арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг Татварын ерөнхий газар (Ч.Чимидсүрэн), Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал)-т;
1.8.Бүсчилсэн хөгжлийн татварын бодлогыг хэрэгжүүлж, бүсийн ялгаатай татвар тогтоох чиглэлээр бусад улсын сайн туршлагыг судлах, шаардлагатай зөвлөх үйлчилгээ авах асуудлыг судлан танилцуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
