A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай
Бүлэг: 1979

1

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 25

Улаанбаатар хот

Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай

Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-д "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах", Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д "Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.8.4.шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх" гэж тус тус заасны дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 106 дугаар зүйлийн 106.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх заалтын холбогдох хэсгийг зарим төрлийн маргааны хувьд хэрхэн зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэв.

Хоёр. Тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага

Иргэний болон захиргааны хэрэг үүсгэх, хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэл болох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх заалтыг тодорхой төрлийн маргааны хувьд хэрхэн ойлгож, нэг мөр, зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргах шаардлагатай болох нь дараах байдлаар тогтоогдов.

2.1.Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2021, 2024 онд хийсэн "Иргэний болон захиргааны зарим хэргийн харьяаллыг зааглан тогтоох"-той холбоотой хоёр удаагийн судалгааны ажлын хүрээнд 2016-2020, 2022-2024 онд иргэний болон захиргааны хэргийн шүүхэд үүссэн зарим төрлийн хэргийг түүвэрлэн авч судлан үзэхэд ижил агуулга бүхий маргааныг аль аль шүүх нь хүлээн авч, хэрэг үүсгэн шийдвэрлэх, ийнхүү шийдвэрлэхдээ холбогдох хуулийг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хоорондоо зөрчилдөх, аль нэг шүүхийн шийдвэр нь ач холбогдолгүй болох, мөн аль аль шүүх нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаар иргэд Улсын дээд шүүхэд хэргийн харьяалал тогтоолгохоор хандах, түүнчлэн анхан шатны шүүх харьяаллын бус маргааныг хүлээн авч шийдвэрлэснийг дээд шатны шүүх хэрэгсэхгүй болгосон тохиолдол цөөнгүй гарсан байна.Үүний улмаас иргэдийн хувьд ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдал үүсэх, шүүхийн процесс үр ашиггүй удааширснаас иргэд цаг хугацаа алдах, илүү зардал гаргах, шүүхээс эрх зүйн үр дүнтэй хамгаалалтыг авч чадахгүйд хүрэх, улмаар шүүхэд итгэх иргэдийн итгэл буурах зэрэг олон сөрөг үр дагавар үүсэж байна. Эл байдал нь төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны хөдөлмөрийн эрхийн маргаан, улсын бүртгэлийн маргаан, нийгмийн хамгааллын эрх зүйн маргаан, төрийн буюу захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гаргуулахтай холбоотой маргааны хувьд харьяаллын давхцал, хийдэл нийтлэг байгаа нь судалгааны үр дүнгээр тодорхойлогдсон байна.

2.1.1.Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн маргааны хувьд Улсын дээд шүүхийн "Иргэний зарим хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай" 2007 оны 32 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний албан хаагчийн ажлаас халагдсан маргааныг иргэний хэргийн шүүх, харин төрийн улс төрийн, тусгай, захиргааны албан хаагчийн ажлаас үндэслэлгүй халагдсан маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр зааглан тогтоожээ. Гэвч төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнуудтай холбоотой хөдөлмөрийн маргааны тухайд хэргийн харьяалал нэг мөр болоогүй нь 2016-2020 оны хооронд 275 хэрэг хянан шийдвэрлэсний 21-ийг нь захиргааны хэргийн шүүх, 254-ийг нь иргэний хэргийн шүүх, 2022-2024 онд иргэний хэргийн шүүх 44, захиргааны хэргийн шүүх 14 хэрэг шийдвэрлэснээс харж болно.#_[1]_# Үүний шалтгаан нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан нь "хөдөлмөрийн гэрээ байгуулдаг, мөн үр дүнгийн гэрээ байгуулсан ч үүнийг контрактын нэгэн адил үзнэ" гэсэн үндэслэлээр иргэний хэргийн шүүх шийдвэрлэж байгаа бол "томилсон этгээд нь захиргаа бөгөөд үйлчилгээний удирдах албан тушаалтан нь төрийн жинхэнэ албан хаагчийн адил сонгон шалгаруулалтаар томилогдож, үр дүнгийн гэрээ байгуулдаг, мөн тэдгээрийн хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиас гадна бусад нийтийн эрх зүйн хууль тогтоомжоор зохицуулагддаг тул захиргааны маргаан болно" гэж дүгнэн захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж байна. Ийнхүү шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулийг шүүхүүд өөр өөрөөр тайлбарлан хэрэглэх явдал ч гарчээ. Мөн шүүхүүд маргаан бүхий шийдвэрийн эрх зүйн шинжийг бүрэн тодорхойлоогүй, ямар нэгэн дүгнэлт өгөлгүй хэргийг (энэ талаар талууд маргаагүй учир, эсхүл маргасан ч дүгнэлгүй орхигдуулсан) шийдвэрлэсэн, эсхүл зөвхөн шийдвэр гаргасан субъектийг нь шалгуур болгож (захиргааны акт гэж үзсэн) маргааны харьяаллыг тодорхойлсон зэрэг алдаа цөөнгүй гарчээ.

2.1.2.Улсын бүртгэлийн маргааны хувьд Улсын дээд шүүхийн 2007 оны 32 дугаар тогтоолоор хэргийн харьяаллыг тодорхой тогтоосон тул ижил төрлийн маргааныг хоёр шүүх аль аль нь хүлээн авч шийдвэрлэсэн тохиолдол байхгүй байна. Гэвч бодит байдалд хэргийг шийдвэрлэж буй шүүх маргааны шинжийг буюу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тэдгээрийн агуулга, харилцан уялдааг бүрэн тодорхойлж, ялгаж зааглаагүйгээс тухайн шүүхэд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийх, эсхүл өөр шүүхийн шийдвэрийг үндэслэн дүгнэх ёстой асуудлаа дүгнэхгүй орхих, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үр дүнгүй удаашрах зэрэг сөрөг үр дагавар цөөнгүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Үүний шалтгаан нь ихэнхдээ улсын бүртгэлийн суурь харилцаа нь иргэний эрх зүйн харилцаа байдаг онцлог шинжтэй холбоотой байна. Тодруулбал, хэдийгээр иргэд захиргааны хэргийн шүүхэд захиргааны байгууллагын бүртгэлийн талаар маргах (улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, өөрчлөх, бүртгэл хийхийг даалгах гэх мэт шаардлага гаргах) боловч маргааны үндэс нь тухайн бүртгэл хийгдэх болсон иргэний гэрээ хэлцэл, хувийн эрх зүйн харилцаанд оролцогч эрх бүхий этгээдийн шийдвэр зэрэгтэй холбоотой байх нь цөөнгүй. Үүний улмаас иргэд дахин иргэний болон захиргааны хэргийн шүүхэд хандах шаардлагатай болох, цаг хугацаа алдах, шийдвэр ач холбогдолгүй болох, эсхүл биелэгдэх боломжгүйд хүрэх, зарим тохиолдолд нэг бүртгэлийн талаар хоёр өөр шүүхийн шийдвэр гарснаас иргэдэд ойлгомжгүй байдал үүсэх, бодит байдалд эрхээ хамгаалуулж чадахгүйд хүрч байна. Түүнээс гадна иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлагдан зөвхөн маргааны үйл баримтыг шийдвэрлэж (өмчлөгчөөр тогтоох, маргаан бүхий гэрээ хэлцэл, эрх бүхий этгээдийн шийдвэр хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэх мэт), бүртгэлийн асуудлыг орхигдуулдгаас дахин захиргааны маргаан үүсэх шалтгаан болж байна.

2.1.3.Захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гаргуулахтай холбоотой маргааны тухайд; захиргааны хэргийн зарим шүүх энэ талаарх нэхэмжлэлийг "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах, нэхэмжлэгчээс хууль бус үйл ажиллагааг бие даасан нэхэмжлэлээр эхэлж шийдвэрлүүлэхийг шаардах, эсхүл захиргааны үйл ажиллагааг хууль бус болохыг нь тогтоогоод хохирлын асуудлыг шийдвэрлэхгүй орхих, мөн хохирлын хэмжээний талаар талууд өөр өөр байр суурь илэрхийлснийг нь "маргаантай" гэж үзэж иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч нэг маргаан хоёр шүүхээр үргэлжлэн шийдвэрлэгдэх, хэргийн оролцогчийг чирэгдүүлэх сөрөг үр дагавар үүсгэж байна.

Түүнчлэн, захиргааны хууль бус үйл ажиллагаа (жишээ нь захиргааны акт)-ны улмаас учирсан хохирлын асуудлыг хоёр шүүх холбогдох хуулийг өөр өөрөөр тайлбарлан шийдвэрлэх тохиолдол ч байна.

2.2.2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын дээд шүүхэд иргэний болон захиргааны хэргийн бүх шатны шүүхийн нийт шүүгчдийн дунд "Ерөнхий харьяаллын болон дагнасан шүүхийн хянан шийдвэрлэх маргаан, анхаарах асуудлууд" сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдсан. Уг хэлэлцүүлгийн үр дүнд Улсын дээд шүүхийн 2007 оны 32 дугаар тогтоол гарснаас хойш даруй 14 жил өнгөрсөн, энэ хугацаанд эрх зүйн орчин өөрчлөгдсөн, тухайлбал, 2015 онд Захиргааны ерөнхий хууль шинээр батлагдсан, 2016 онд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, 2018 онд Төрийн албаны тухай хууль, 2021 онд Хөдөлмөрийн тухай хууль тус тус шинэчлэн батлагдсантай холбоотойгоор уг тогтоолыг шинэчлэх цаг үеийн шаардлага бий болсныг тэмдэглээд, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны хөдөлмөрийн маргаан, улсын бүртгэлийн маргаанаас гадна захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гаргуулахтай холбоотой хэргийн харьяаллыг нэг мөр болгох, шүүхийн практик болон хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох шаардлагатай гэж үзэн Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар гаргуулахаар Нийт шүүгчийн хуралдаанд санал хүргүүлжээ.

Харин нийгмийн даатгал, халамж үйлчилгээ болон төрөөс олгох бүх төрлийн тусламж, дэмжлэгтэй холбоотой маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх нийтийн эрх зүйн маргаан болох нь тодорхой, ямар нэгэн эргэлзээтэй асуудал байхгүй тул энэ талаар тайлбар гаргах шаардлагагүй гэж үзсэн байна.

Гурав. Тайлбарын цар хүрээ

Тайлбарын цар хүрээ нь дараах хуулийн зүйл, заалтаар хязгаарлагдана.

3.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1. "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" гэдгийг

3.1.1.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны хөдөлмөрийн маргаан,

3.1.2.улсын бүртгэлийн маргаан,

3.1.3.захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гаргуулахтай холбоотой маргааны хувьд хэрхэн ойлгож хэрэглэх талаар;

3.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтын "... хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол ..." гэснийг;

3.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтын "... бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол" гэдэгт;

3.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх заалтын "... аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд ..." гэдэгт энэхүү тайлбарт дурдсан үндэслэлтэй холбоотойгоор зарим маргааны тухайд хэрхэн хэрэглэхийг тус тус тайлбарлана.

Дөрөв. Тайлбарын арга зүй

Хэргийн харьяаллын талаарх хуулийн зүйл, заалтыг тодорхой төрлийн маргаанд хэрэглэх үндэслэлийг эрх зүйн онол, ойлголт, нийтлэг зарчим, хуулийн зорилго, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн тайлбарлах (teleological) болон системчилсэн тайлбарын аргыг хэрэглэнэ.

Тав. Тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл

"Хэргийн харьяалал" гэх ойлголт нь аль шүүхэд ямар маргаан хамаарахыг илэрхийлдэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь "дагнасан" шүүх болохын хувьд хуулиар тусгайлан харьяалуулсан маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд үүнээс бусад маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэдэг зарчмын дагуу эхэлж захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааныг тайлбарлах нь арга зүйн хувьд оновчтой гэж үзлээ.

5.1.Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх "захиргааны маргаан"-ыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ", 13.2-т "Захиргааны ерөнхий хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй" гэж тус тус заасан. Иймд захиргааны хэргийн шүүх өөр шүүхэд харьяалуулснаас бусад "нийтийн эрх зүйн маргаан"-ыг шийдвэрлэх ба хэрэв үүнд хамаарахгүй бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалттай.

Нийтийн болон хувийн эрх зүйн маргааныг "шинэ субъектийн онол" болон тусгай эрхийн онолд үндэслэгдсэн "хэм хэмжээгээр нь тодорхойлох" аргаар авч үзвэл, маргалдагч талуудын хэн нэг нь нийтийн захиргааг хэрэгжүүлэгч байх бөгөөд тухайн этгээдэд хуулиар тусгайлан олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэх явцад үүссэн маргаан байна. Товчхондоо нийтийн эрх зүйн маргаан гэж хүн/хуулийн этгээд болон захиргааны байгууллагын хооронд нийтийн эрх зүйн хэм хэмжээний үндсэн дээр үүссэн маргаан юм.

5.1.1.Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны хөдөлмөрийн эрхийн маргааны нэг талд эрх нь хөндөгдсөн (ажлаас халагдсан, албан тушаал буурсан, бусад сахилгын шийтгэл хүлээсэн гэх мэт) албан тушаалтан буюу "ажилтан", нөгөө талд шийдвэр гаргасан эрх бүхий захиргааны байгууллага/албан тушаалтан буюу "ажил олгогч" байдаг тул маргааны нэгээс доошгүй тал "захиргаа" байх субъектийн шалгуурыг хангадаг. Харин маргаан бүхий шийдвэр нь ямар эрх зүйн хүрээнд хамаарч байгаагаас шалтгаалж зарим тохиолдолд хувийн эрх зүй буюу хөдөлмөрийн маргаан, зарим тохиолдолд нийтийн эрх зүйн маргаан болдог онцлогтой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т "Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол" нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болохоор заасан. Энэхүү зохицуулалтын дагуу иргэний хэргийн шүүх Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллагад хамаарахгүй бусад байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдол буюу маргааныг шийдвэрлэдэг хэдий ч хөдөлмөрийн эрхийн маргааны тухайд ажлаас халах шийдвэрийг захиргааны байгууллага гаргасан боловч "хөдөлмөрийн эрхийн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг" гэсэн үндэслэлээр төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрийн маргааныг бүхэлд нь шийдвэрлэж ирсэн. Иймд хуулийн уг заалтыг төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн маргааны тухайд хэрхэн ойлгож хэрэглэхийг тодорхой болгох нь зүйтэй байна.

5.1.1.1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоодог бөгөөд тэд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг боловч төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан нь нийтийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэгчийн хувьд, мөн нийтийн сан хөмрөг болох төсвийн хөрөнгийг ерөнхийлөн захирагчийн хувьд бусад нийтийн эрх зүйн хууль тогтоомжоор тусгайлсан эрх, үүрэг хүлээдгээс гадна төрийн албаны сонгон шалгаруулалтаар томилогдож, үр дүнгийн гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа дүгнүүлэх зэргээр төрийн жинхэнэ албан хаагчтай адилтгахуйц эрх зүйн байдалтай байх нь нийтлэг байна. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны эрх зүйн байдал нь Хөдөлмөрийн тухай хуулиас гадна Төсвийн тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Боловсролын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль зэрэг нийтийн эрх зүйн хууль тогтоомжоор зохицуулагддаг. Ийнхүү энэ төрлийн маргаан нь олон талт шинжтэй байдаг нь хэргийг хянан шийдвэрлэж буй шүүхийн хувьд ч, иргэдийн хувьд ч ойлгомжгүй байдлыг бий болгож байна.

Иймд цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэгдмэл байх, хэмнэлттэй байх, иргэдэд эрх зүйн үр нөлөөтэй хамгаалалтыг түргэн шуурхай үзүүлэх зарчмыг хангах зорилгоор хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох үүднээс төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтантай холбоотой хөдөлмөрийн эрхийн маргааныг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн эсэхээс үл хамаарч захиргааны хэргийн шүүх дагнан шийдвэрлэж байх нь зөв гэж үзлээ.

Тодруулбал, Засгийн газар, төрийн захиргааны төв болон бусад нийтийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэгч захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан журмын дагуу гаргасан захиргааны актын үндсэн дээр томилогдсон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны хөдөлмөрийн эрхийн маргааныг захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахгүй.

5.1.1.2.Захиргааны хэргийн шүүх төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны хөдөлмөрийн эрхийн маргааныг дагнан шийдвэрлэх тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын дагуу маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоохдоо ажлаас үндэслэлгүйгээр халагдсантай холбоотой ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон нийгмийн баталгааны бусад асуудлыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэн нэг мөр, бүрэн, тодорхой шийдвэрлэх, ингэснээр дахин (иргэний) маргаан үүсгэх үндэслэлийг хаах зарчмыг баримтална.

Түүнчлэн, нэхэмжлэгч анхнаасаа цалин хөлс гаргуулахаар шаардаагүй боловч сүүлд нь бие даасан нэхэмжлэл гаргасан, мөн хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс, эсхүл биелэлтийг удаашруулснаас шалтгаалж авч чадаагүй цалин, хөлстэй холбоотой маргааныг ч захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ.

5.1.1.3.Харин төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнаас бусад төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчдын хөдөлмөрийн маргааныг иргэний хэргийн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан үндэслэлээр хүлээн авч шийдвэрлэнэ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан гомдолд Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.3-т заасан төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч (эрх баригч)-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэсэн, өөрчилсөн, дуусгавар болгосонтой холбоотой маргаан хамаарахгүй. Харин тухайн удирдах албан тушаалтнаас бусад байгууллагын дотоод бүтэц, зохион байгуулалтын хувьд удирдах албан тушаалд тооцогддог "асуудал хариуцсан захирал", "хэлтэс, тасгийн дарга", "эрхлэгч" гэх мэт төрийн үйлчилгээний байгууллагын эрх баригчаас бусад удирдах албан тушаалтан болон ажилтны хөдөлмөрийн эрхийн маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан гомдолд хамаарч, иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.

Энэ тохиолдолд тухайн төрийн албан хаагчийн хөдөлмөрийн эрхийн маргаантай холбоотой цалин хөлс, ажлаас үндэслэлгүйгээр халагдсантай холбоотойгоор ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон нийгмийн баталгааны бусад асуудлыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэн иргэний хэргийн шүүх шийдвэрлэнэ.

5.1.1.4.Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн өмчийн хэлбэр, үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтаас шалтгаалж тэдгээрийн удирдах албан тушаалтныг томилж, чөлөөлөх асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хуульд өөр өөрөөр зохицуулсан хэдий ч үүнээс үл шалтгаалж, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ. Учир нь, тухайн албан тушаалтныг захиргааны байгууллагаас томилох хэдий ч тэдгээр нь төрийн албан хаагчид хамаардаггүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар (хөдөлмөрийн гэрээ юм уу, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр) зохицуулагддаг тул талуудын хооронд үүсэх харилцаа нь хувийн (хөдөлмөрийн) эрх зүйн харилцаанд хамаарна.

5.1.1.5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн хувьд хуулийн 156.1.1 дэх заалтын ... аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдлоос гадна төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д заасан төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтныг томилж, чөлөөлөх, өөрчлөхтэй холбоотой гомдол мөн адил хамаарахыг тодотгон заах нь хэргийн харьяалал тодорхой байхад ач холбогдолтой болно.

5.1.2.Улсын бүртгэлийн маргааны хувьд иргэний болон захиргааны хэргийн шүүх нь эрх зүйн маргааны үндсэн шинжээс хамаарч өөр өөрийн харьяаллаар хэргийг хянан шийдвэрлэнэ.

Тухайлбал, улсын бүртгэлийн үйл ажиллагааг зохицуулсан нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хууль бус бүртгэл хийгдсэн, эсхүл бүртгэл хийхээс хууль бусаар татгалзсаны улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ. Харин өмчийн болон гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэсний үр дүнд бүртгэлийг өөрчлөх, хүчингүй болгохтой холбоотой маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаардаг.

Гэвч бодит байдалд хүн, хуулийн этгээдээс улсын бүртгэлийн байгууллагад холбогдуулан бүртгэлийн үйл ажиллагааны талаар, жишээ нь "улсын бүртгэлийг хүчингүй болгуулах"-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга нь иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан буюу иргэний гэрээ, хэлцэл, итгэмжлэл, хуулийн этгээдийн удирдлагын шийдвэрийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой, эсхүл онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх үйл баримт байх нь цөөнгүй.

Иймд шүүхийн процесс хэмнэлттэй байх, шүүхийн шийдвэр нэгдмэл байх, иргэдэд эрх зүйн үр нөлөөтэй хамгаалалтыг түргэн шуурхай үзүүлэх зарчмыг хангах үүднээс захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх улсын бүртгэлтэй холбоотой маргааныг захиргааны байгууллагын "шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын хяналтаар хязгаарлах"-аар тайлбарлав. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг хууль болон холбогдох журмын дагуу явагдсан эсэхийг процедурын хувьд л хянана гэж ойлгоно.

Харин нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллага (захиргаа)-д холбогдуулан бүртгэлийн үйл ажиллагааны талаар маргаж байгаа боловч тухайн маргааныг шийдвэрлэхийн тулд эхэлж иргэний маргааныг хянан шийдвэрлэх шаардлагатай болох нь илэрхий тодорхой байгаа тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эл байдал тогтоогдвол шүүх нэг бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу "Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах", эсхүл (шаардлагатай гэж үзвэл) мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан "эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй" гэсэн үндэслэлээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нь оновчтой.

Түүнчлэн, иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлагдан зөвхөн хувийн эрх зүйн маргааны үйл баримтыг шийдвэрлэж (өмчлөгчөөр тогтоох, маргаан бүхий гэрээ хэлцэл, эрх бүхий этгээдийн шийдвэр хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэх мэт), бүртгэлийн асуудлыг орхигдуулдгаас дахин захиргааны маргаан үүсэх шалтгаан болж байна. Иймд иргэний хэргийн шүүх цаашид бүртгэлийн маргааны үндэс болох хувийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ (үл хөдлөх эд хөрөнгийн бүрэн ба хязгаарлагдмал өмчлөх эрхийн маргаан гэх мэт) нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллагыг хариуцагчаар татсан эсэхээс үл шалтгаалж улсын бүртгэлийн асуудлыг шүүхийн шийдвэр биелүүлэх арга, журмыг тодорхойлохдоо нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна. Ийнхүү шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордохгүй, харин ч эрх зүйн хамгаалалтыг бүрэн үзүүлэх тул агуулгын хувьд "шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн"-д тооцогдохгүй, мөн "нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох" зарчимтай зөрчилдөхгүй юм.

5.1.3.Захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролтой холбоотой маргааны тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 болон 3 дугаар зүйлийн 3.1.3-т хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж болохоор заасан. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д "Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ" гэсний дагуу захиргааны байгууллага өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардаж гаргуулахаар байна.

Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага, албан тушаалтан бол, түүнчлэн захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол нэхэмжлэгч захиргааны байгууллага нь өөрт учирсан хохирлоо гаргуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Тодруулбал, хариуцагчаар татагдсан этгээд өөр ажил, албан тушаалд шилжсэн, ажлаасаа чөлөөлөгдсөн эсэхээс үл хамаарч захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар явуулсан үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцагч-захиргааны байгууллага болно.

Харин хариуцагч нь хувийн эрх зүйн этгээд бол (хүн, хуулийн этгээд) эрх бүхий захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан үндэслэлээр хянан шийдвэрлэнэ.

Түүнчлэн, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээснээр түүнд учирсан хохирлыг төр хариуцан төлсөн тохиолдолд мөн хуулийн 498.5-д заасны дагуу төр өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс (мөрдөгч, прокурор, шүүгч ...) шаардвал иргэний хэргийн шүүх шийдвэрлэнэ. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т "Захиргааны ерөнхий хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй", Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа" гэж заасан тул "захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол"-той холбоотой маргаан гэж үзэхгүй юм.

5.2.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д "Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй", 101 дүгээр зүйлийн 101.2-т "Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна" гэж тус тус заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т "хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх"-ээр заасан байна. Иймд хүн, хуулийн этгээдийн зүгээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо захиргааны журмаар шаардах эрхтэй бөгөөд энэ нь бие даасан нэхэмжлэлийн төрөлд хамаарна.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д "Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ" гэсний "хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол" гэснийг нэгэн зэрэг биелэгдэх хуулийн урьдчилсан нөхцөл гэж тайлбарлахаар байна. Хохирлын хэмжээний талаар талууд хоорондоо санал нийлэхгүй маргасан тохиолдол бүрийг "хохирлын хэмжээний талаар маргаан гарсан" гэж үзэхгүй, энэ нь дангаараа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэл болохгүй.

Дээр тайлбарласнаар хохирол гаргуулах нэхэмжлэл нь бие даасан нэхэмжлэлийн нэг төрөл тул энэ нэхэмжлэлийн хүрээнд захиргааны хэргийн шүүх хохирлын хэмжээг өөрөө шалган тогтоох ба хэрэв захиргааны буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид тодорхой хэмжээний хохирол учирсан нь тогтоогдвол тухайн хохирол болон хохирлын хэмжээний талаар хариуцагч эс зөвшөөрч маргасан эсэхээс үл хамаарч шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтооно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д "хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол" гэснийг нэхэмжлэгч захиргааны хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүйн эсрэг даалгах зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа хохирлын асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй тохиолдлыг ойлгоно.

Дээрх хуулийн зохицуулалт нь нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо захиргааны байгууллагаас гаргуулахаар бие даасан нэхэмжлэлийн төрөл байдлаар шаардах тохиолдолд хамаарахгүй буюу нэхэмжлэгчээс энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлэн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь хязгаарлах үндэслэл болохгүйг анхаарвал зохино.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт,Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4 дэх заалтыгудирдлага болгон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг

ТАЙЛБАРЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1."захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" гэснийг захиргааны хэргийн шүүх хэрэглэхдээ:

1.1.Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтантай холбоотой хөдөлмөрийн маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахгүй.

1.2.Улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын хяналтаар хязгаарлагдах тул хэрэв тухайн маргаан үүсэх үндсэн шалтгаан буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үйл баримт нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино.

1.3.Захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо шаардаж буй тохиолдолд хариуцагч нь хувийн эрх зүйн этгээд (хүн, хуулийн этгээд) бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Харин хариуцагч нь захиргааны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч харьяалан шийдвэрлэнэ.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д "хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол" гэснийг нэхэмжлэгч захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэлдээ тодорхой заагаагүй байхыг ойлгоно.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан "... бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол" гэдгийг иргэний хэргийн шүүх хэрэглэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх заалтын "... аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол ..."-ыг хянан шийдвэрлэхдээ:

3.1.1.Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.3-т заасан төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч (эрх баригч)-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэсэн, өөрчилсөн, дуусгавар болгосон талаарх гомдол иргэний хэргийн шүүхэд харьяалагдахгүй тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

3.1.2.Төрийн үйлчилгээний байгууллагын эрх баригчаас бусад удирдах албан тушаалтан болон ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэсэн, өөрчилсөн, дуусгавар болгосон талаарх гомдлыг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.

3.1.3.Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэсэн, өөрчилсөн, дуусгавар болгосон тухай гомдлыг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.

3.1.4.Хувийн болон холимог өмчийн хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гаргасан гомдлыг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.

4.Тайлбар гарсантай холбогдуулж Улсын дээд шүүхийн 2007 оны 32 дугаар тогтоол хүчингүй болно.

5.Энэ тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ

ИЛТГЭГЧ ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

Н.БАТЧИМЭГ

#_[1]_# Иргэний болон захиргааны зарим хэргийн харьяаллыг зааглан тогтоохтой холбоотой судалгаа, 2021, 2024, ШССМХ