- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ХАРЬЯАЛАЛ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 154
Улаанбаатар хот
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ХАРЬЯАЛАЛ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 10.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр "Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, төлөвлөлт" нь Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжсэнтэй холбогдуулан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Анагаах ухааны хүрээлэн, Боловсролын яамны харьяа Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнг тус тус Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд шилжүүлсүгэй.
2.Энэ тогтоолын 1-д заасны дагуу "Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2019 оны 328 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн жагсаалт"-ын 2 дахь заалтын "Харьяалал" баганын "АШУҮИС" гэснийг "Эдийн засаг, хөгжлийн яам" гэж, мөн заалтын "Бүтцийн өөрчлөлтөд хамрагдах хүрээлэн, төв байгууллага" баганын "ЭМЯ-ны" гэснийг "Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн" гэж, 3 дахь заалтын "Харьяалал" баганын "ХААИС" гэснийг "Эдийн засаг, хөгжлийн яам" гэж, 4 дэх заалтын "Эрдэм шинжилгээний байгууллага, төв" баганын "Мал эмнэлгийн хүрээлэн" гэснийг "Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн" гэж, мөн заалтын "Харьяалал" баганын "ХААИС" гэснийг "Эдийн засаг, хөгжлийн яам" гэж, 5 дахь заалтын "Эрдэм шинжилгээний байгууллага, төв" баганын "Ургамал, газар тариалангийн хүрээлэн" гэснийг "Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн" гэж, мөн заалтын "Харьяалал" баганын "ХААИС" гэснийг "Эдийн засаг, хөгжлийн яам" гэж, 19 дэх заалтын "Харьяалал" баганын "БСШУСЯ" гэснийг "Боловсролын яам" гэж, 20 дахь заалтын "Харьяалал" баганын "БСШУСЯ" гэснийг "Эдийн засаг, хөгжлийн яам" гэж, 23 дахь заалтын "Харьяалал" баганын "ХААИС" гэснийг "Эдийн засаг, хөгжлийн яам" гэж тус тус өөрчилсүгэй.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан тогтоолын 1-д заасан эрдэм шинжилгээний байгууллагуудын үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг харьяаллын дагуу балансаас балансад, орон тоо, төсвийн хамт шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Боловсролын сайд П.Наранбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Л.ГАНТӨМӨР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх