- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 163
Улаанбаатар хот
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах хүрээнд харьяа салбар, байгууллагын бичиг хэрэг, шуудангийн зардлыг 50-аас доошгүй хувиар бууруулж, албан ёсны лиценз бүхий баримт бичиг боловсруулах программ хангамж ашиглах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгож, шүүх, прокурор, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад зөвлөсүгэй.
2.Төрийн захиргааны байгууллагын албан хэрэгцээнд ашиглах баримт бичиг боловсруулах программ хангамжийн лицензийг Ерөнхий гэрээгээр худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу нэгдсэн журмаар зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандад, холбогдох зардлыг төсвийн багцдаа тусган санхүүжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт тус тус үүрэг болгосугай.
3.Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг сайжруулах сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх