A

A

A

Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар А/1348

Улаанбаатар хот

НИЙСЛЭЛ ХОТОД АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААР ОЛГОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.7 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 18 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1769 дүгээр албан бичгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1."Нийслэлд автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарт багтаан олгох автотээврийн хэрэгслийн төрөл, ангилал, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, шалгуур үзүүлэлт"-ийг хавсралтаар баталсугай.

2.Энэ захирамжийг холбогдох хууль, журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газар (Д.Амгалан)-т, олон нийтэд шуурхай мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс (Г.Баярцэцэг)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ шалгуур үзүүлэлтийн 3.1.6 болон 3.1.8 дахь заалтыг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4.Энэхүү шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлж ажиллахыг "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ (Ч.Хувьзаяа)-т, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч (Т.Даваадалай)-д даалгасугай.

5.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/1230 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР