- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- НИЙСЛЭЛД АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААРЫН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРТ БАГТААН ОЛГОХ АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨРӨЛ, АНГИЛАЛ, ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн
А/1348 дугаар захирамжийн хавсралт
НИЙСЛЭЛД АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААРЫН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРТ БАГТААН ОЛГОХ АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨРӨЛ, АНГИЛАЛ, ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаар орчны бохирдлыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлээс үүдэн нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд тулгарч буй сөрөг нөлөөллийг багасгах зорилготой болно.
1.2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан дээд хязгаарт багтаан нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох автотээврийн хэрэгслийн төрөл, ангилал, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, шалгуур үзүүлэлтийг энэхүү баримт бичгээр тодорхойлно.
1.3.Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгохтой холбогдсон энэ шалгуур үзүүлэлтээр тодорхойлсноос бусад харилцааг Автотээврийн тухай хуулийн 171.2-т заасан "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-аар зохицуулна.
ХОЁР.АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨРӨЛ, АНГИЛАЛ, ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
2.1.Автотээврийн хэрэгслийн төрөл, ангиллыг Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу ойлгох бөгөөд энэхүү шалгуур үзүүлэлт дараах тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгоход дагаж мөрдөнө.
2.1.1.мотоцикл;
2.1.2.механизм;
2.1.3.зүтгүүр;
2.1.4.чиргүүл;
2.1.5.цистерн;
2.1.6.тусгай зориулалт;
2.1.7.автобус;
2.1.8.бүх жин нь 3,5 тонноос дээш ачааны автомашин
("Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-д зааснаар ойлгоно)
2.2.Иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэлийг нийтийн зорчигч тээвэр, төрийн өмчийн, хувийн өмчийн гэж ангилах бөгөөд энэхүү шалгуур үзүүлэлтийг хувийн болон төрийн өмчийн тусгай зориулалтын тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгоход дагаж мөрдөнө.
ГУРАВ.ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
3.1.Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах шаардлагыг хангасан тохиолдолд олгоно:
3.1.1.тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
3.1.2.өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.5, 25.2.1, 25.2.4, 25.2.5-д заасан төлбөрөө барагдуулсан байх;
3.1.3.Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчлийг болон торгох шийтгэлийг барагдуулсан байх;
3.1.4.Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.1 дэх хэсгийн дагуу даатгуулсан байх;
3.1.5.тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь "евро-4" эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
3.1.6.сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;
3.1.7.батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх;
3.1.8.экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх.
3.2.Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно:
3.2.1.хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар нь;
3.2.2.цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл нь бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө байх;
3.2.3.тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн он буюу хамгийн сүүлд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл өмнө нь байх;
3.2.4.зүүн гар талдаа жолооны хүрдтэй бол баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
3.2.5.шалгуур үзүүлэлтийн дагуу эхний сар улсын дугаар авч чадаагүй жагсаалтад байгаа иргэн, хуулийн этгээдийн дараалал нь дараа сарын хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээдийн өмнө байх.
ДӨРӨВ.АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛИЙН ДУГААР ОЛГОХ АРГАЧЛАЛ
4.1.Иргэн, хуулийн этгээд Автотээврийн тухай хуулийн 171.2-т заасан журмын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар авах хүсэлт гаргана.
4.2.Энэ шалгуур үзүүлэлтийн 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авч, сар бүрийн 01-ний өдөр цахим систем ашиглан шинээр эрэмбэлэн, дараалал тогтоон, дарааллын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох бөгөөд энэ үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, ил тод байна.
ТАВ.БУСАД
5.1.Төрийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэхгүй.
5.2.Банк болон банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан тээврийн хэрэгсэл худалдан авсан тохиолдолд эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоно.
--- о0о ---
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх