A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 164

Улаанбаатар хот

ХУУЛИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 68.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нийслэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор ажлын зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд төрийн албан хаагч, ажилтныг долоо хоногийн ажлын нэг өдөр зайнаас ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд болон бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгож, холбогдох бусад төрийн байгууллагын дарга нарт зөвлөсүгэй.

2.Цаг уурын нөхцөл байдал, улирлын шинжтэй өвчлөлийн дэгдэлт, тухайн ажил, мэргэжлийн онцлог зэрэг хүчин зүйлийг харгалзан хөдөлмөр эрхлэлтийн таатай, уян хатан нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажилтныг зайнаас ажиллах боломжоор хангахыг хувийн өмчийн нийт хуулийн этгээдийн удирдлагад уриалсугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нарт тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, 20 МИНУТЫН ХОТ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Р.ЭРДЭНЭБҮРЭН