A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 193

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Агаарын навигаци, нисэх буудал, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ болон аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх "Иргэний нисэхийн үндэсний төв" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулсугай.

2."Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг тогтоосугай.

3."Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Ч.Мөнхтуяа) тус тус даалгасугай.

4.Агаарын навигаци, нисэх буудал, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд хөрөнгө, холбогдох баримтыг Иргэний нисэхийн ерөнхий газрын балансаас "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн балансад шилжүүлэх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Иргэний нисэхийн ерөнхий газар (Ч.Мөнхтуяа), Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай" Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 129 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

6.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН

Хянасан:

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН

ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА

Н.УЧРАЛ