- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Үндсэн хуулиа дээдлэн залах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 43
Төрийн ордон, Улаанбаатар хот
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Улсын үндэс тулгуурыг тогтоон, Үндсэн хуульт тусгаар улсыг тунхаглан зарласан анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж;
Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталсан ардчилсан шинэ Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, нийт байгууллага, иргэний үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх, "Мэдэгтүн, сахигтун!" гэж даяар олноо зарлан тунхагласныг сахин биелүүлэх зорилгын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтоосугай:
1.Төрийн бүх байгууллага, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулиа дээдлэн залсугай.
2.Иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр Үндсэн хуулиа дээдлэн залахыг уриалсугай.
3.Үндсэн хуулийн агуулга, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх түвшний боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгасугай.
4.Үндсэн хуулийн агуулга, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулах, сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалсугай.
5.Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга (Б.Баасандорж)-д даалгасугай.
6.Энэ тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A