A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 

2024 оны 11 сарын 02-ны өдөр

Дугаар 166

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монголын түүх судлалыг дэмжих тухай

Монгол Улс бол нүүдэлчин овог аймгуудын хүчирхэг төрт улсууд, Модун хааны нэгтгэн тохинуулсан Хүннү гүрэн, Их Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улс, тив дэлхийд амар амгаланг тогтоосон Монголын Эзэнт гүрний гал голомт, хүн төрөлхтний түүх, соёлын өнө эртний өлгий нутаг, өнөөгийн дэлхий дахинд оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон орон билээ.

Монголын түүх бол хүн төрөлхтний хөгжил дэвшлийг урагшлуулж, орчин цагийн үнэт зүйлсийн үндэс суурийг тавьсан дэлхий дахины онцгой чухал түүх юм. Энэхүү их түүхээ судлан шинжилж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчууд бидний эрхэм үүрэг мөн.

Монгол үндэстний уг гарвал, төрт ёсны уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв соёл, монголчууд бидний хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, өвөг дээдсийн аугаа их түүх, үйл хэрэг, үзэл санааг судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлс, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:

Нэг. Монголын түүхийг судлах, түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлан таниулах үйл хэргийг эрчимжүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай.

1.1.Монголын түүх судлал, олон улсын монгол судлалыг цогцоор нь дэмжиж, мэргэшсэн судлаач, түүхчдийг төрийн бодлогоор бэлтгэх;

1.2.Нэн эртний үеэс эдүгээ хүртэлх Монголын түүхийг иж бүрэн судлан шинжилж, 30 боть болгон эмхэтгэн хэвлүүлэх, орчуулах, түгээн дэлгэрүүлэх;

1.3.Их Эзэн Чингис хаан, Их Монгол Улс, Монголын Эзэнт Гүрний түүх судлалыг эрчимжүүлж, монголчуудын хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг судлан тодруулж, үнэлэн дүгнэж, олон улсад сурталчлан таниулах;

1.4.Монголын түүх, түүхэн хүмүүсийн намтар, үйл хэргийг гуйвуулах эрсдэлээс хамгаалах, таслан зогсоох;

1.5.Бүх нийтийн түүхийн мэдлэгийг дээшлүүлэх талаар Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх.

Хоёр.Монгол Улсын иргэн бүр эх түүхээ судлан мэдэж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалсугай.

Гурав.Энэхүү зарлигийн хэрэгжилтийн явцыг олон нийтэд тухай бүр мэдээлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр тайлагнаж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай.

МОНГОЛ УЛСЫН

ЕРӨНХИЙЛӨГЧ

МОНГОЛ УЛСЫН

ЕРӨНХИЙ САЙД

 

УХНААГИЙН

ХҮРЭЛСҮХ

ЛУВСАННАМСРАЙН

ОЮУН-ЭРДЭНЭ