A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХҮРГҮҮЛЭХ, ХҮЛЭЭН АВАХ, ТАЙЛАНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Сангийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/205 дугаар тушаалын хавсралт 1 

 

 

САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХҮРГҮҮЛЭХ, ХҮЛЭЭН АВАХ, ТАЙЛАНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ ЖУРАМ

   

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Аж ахуйн нэгж, байгууллага нь санхүүгийн тайлангийн цахим системд нэвтрэх, тайланг хүргүүлэх болон харилцагч санхүүгийн байгууллага тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, цахим архив үүсгэх, түүний аюулгүй байдлыг хангахад энэ журмыг мөрдөнө.

1.2.Аж ахуйн нэгж, байгууллага (цаашид "тайлагнагч байгууллага" гэх)-ын санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүлээн авах, хянах, нэгтгэх үйл ажиллагаанд Улсын бүртгэлийн ерөнхий газрын (ХУР) систем (цаашид "ХУР систем" гэх), цахим татварын (И-Такс) систем (цаашид "И-Такс систем" гэх) болон цахим санхүүгийн тайлангийн (И-Баланс) цахим систем (цаашид "систем" гэх)-ийг тус тус ашиглана.

    ХОЁР.ЦАХИМ СИСТЕМД НЭВТРЭХ, ТАЙЛАН ХҮРГҮҮЛЭХ

2.1.Тайлагнагч байгууллага нь санхүүгийн тайлан (цаашид "тайлан" гэх)-гаа дараах тохиолдолд харилцагч санхүүгийн байгууллагад цахим системээр хүргүүлнэ:

2.1.1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хугацаанд;

2.1.2.тайлагнагч байгууллагыг нийлүүлсэн, нэгтгэсэн, хуваасан, тусгаарласан, татан буугдсан, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн үед;

2.1.3.тайлангийн мэдээлэл системд зөрүүтэй татагдсан, тайлангийн маягт нь шинэчлэгдсэн, тайланд залруулга хийх үед;

2.1.4.Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан үед.

2.2.Тайлагнагч байгууллага нь системд дараах байдлаар нэвтэрнэ. Үүнд:

2.2.1.Улсын бүртгэлийн ерөнхий газрын (ХУР) системд бүртгэлтэй тайлагнагч байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар "Нэвтрэлтийн нэгдсэн систем"-ийн эрхээр цахим системд  нэвтэрнэ.

2.2.2.Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын (ХУР) системд бүртгэлгүй төлөөний газар, улс төрийн нам, сууц өмчлөгчдийн холбоо, үйлдвэрчний эвлэлийн холбоо, үйлдвэрчний эвлэлийн хороо, өрхийн эрүүл мэндийн төв, мэргэжлийн холбоо, мэргэжлийн нэгдсэн холбоо зэрэг тайлагнагч байгууллага нь И-Такс системийн ерөнхий эрхээр системд нэвтэрнэ.

2.3.Тайлагнагч байгууллагын гүйцэтгэх удирдлага системд нэвтэрч байгууллагаа холбоно. Холбох үед гүйцэтгэх удирдлагын мэдээллийг (ХУР) системээс шалгана. Холболт хийгдсэний дараа ерөнхий нягтлан бодогчийг бүртгэнэ.

2.4.Тайлагнагч байгууллагын ерөнхий нягтлан бодогч өөрийн бүртгэлтэй эрхээр системд нэвтэрч байгууллагын ерөнхий болон нэмэлт мэдээллүүдийг шалгаж бүртгэлийг баталгаажуулан хадгална.

2.5.Тайлагнагч байгууллага нь системд нэвтэрч тайлант үеийг үүсгэхдээ (ХУР) системд бүртгэлтэй бол ерөнхий нягтлан бодогчийн эрхээр, харин  И-Такс системд бүртгэлтэй бол ерөнхий эрхээр тус тус нэвтэрч, "тайлангийн тохиргоо шинэчлэх" товчийг дарснаар тайлант үе, тайлангийн мэдээлэл хэсэг идэвхжиж, тухайн тайлан нь үүсгэсэн төлөвт шилжинэ.

2.6.Тайлагнагч байгууллагын үүсгэсэн төлөвт байгаа шилжсэн тайланд "шивэлт эхлүүлэх" товчийг дарж, тайлангийн маягтад тоо, мэдээллийг  оруулснаар шивж буй төлөвт шилжинэ.

2.7.Тайлагнагч байгууллага нь системд шивсэн тайлангаа харилцагч санхүүгийн байгууллагад хүргүүлэхээр "илгээх" товчийг дарсан үед тухайн тайлан нь илгээсэн төлөвт шилжинэ.

2.8.Харилцагч санхүүгийн байгууллагын мэргэжилтэн санхүүгийн тайланг хянаж, хүлээн авсан үед тайлагнагч этгээдийн санхүүгийн тайлан нь баталгаажсан төлөвт шилжинэ.

2.9.Тайлагнагч байгууллагын тайлан нь зөвхөн баталгаажсан төлөвтэй үед тохиолдолд системээс PDF хэлбэрээр татагдана.

2.10.Хэрэв харилцагч санхүүгийн байгууллагаас тайлагнагч байгууллагын тайланг хянаж, алдааг засуулахаар буцаасан, цахим шуудан (и-мэйл хаяг)-гаар мэдэгдэл хүргүүлсэн  үед тухайн тайлан нь буцаагдсан төлөвт шилжинэ.

2.11.Тайлагнагч байгууллага нь буцаагдсан төлөвт шилжсэн тайланг ажлын 5 өдрийн дотор хүсэлтийн түүх гэсэн цонхонд бичигдсэн тэмдэглэлийн дагуу алдааг засан "илгээх" товчийг дарж харилцагч санхүүгийн байгууллагад дахин хүргүүлнэ.

2.12.Тайлагнагч байгууллагын гүйцэтгэх удирдлага нь тайлангийн мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна.

2.13.Тайлагнагч байгууллага нь тайлангаа харилцагч санхүүгийн байгууллагад системээр хүргүүлэхдээ дараах шаардлагыг хангасан байна:

2.13.1.тайлагнагч байгууллага нь санхүүгийн тайлангийн маягтаа зөв сонгосон байх;

2.13.2.санхүүгийн тайлан, тодруулга, мэдээллийг бодитой, үнэн зөв илэрхийлж, бүрэн гүйцэд шивсэн байх;

2.13.3.өмнөх тайлант үеийн санхүүгийн тайлантай уялдаатай байх;

2.13.4.өссөн дүнгээр тайлагнасан байх;

2.13.5.санхүүгийн тайланг хуулийн хугацаанд нь хүргүүлсэн байх;

2.13.6.аудитын хуулийн этгээдээр аудитын гэрээний огноо, дугаар, хүчинтэй хугацааг оруулсан байх.

2.14.Тайлагнагч байгууллагын тайланг харилцагч санхүүгийн байгууллагад хүргүүлэх хуулийн хугацаа нь амралтын өдөр, эсхүл нийтээр тэмдэглэх баярын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр шилжүүлэн тооцно.

2.15.Тайлагнагч байгууллага нь тайлангаа хуулийн хугацаанд хүргүүлээгүй, баталгаажуулаагүй тохиолдолд харилцагч санхүүгийн байгууллагад тайлан шивэх хүсэлтээ үйлдэл цонхны "хүсэлт илгээх" товчийг дарж  илгээнэ.

2.16.Тайлан хүргүүлэх хуулийн хугацаа дууссан үед тайлагнагч байгууллагын тайлан нь үүсгэсэн, шивж буй, буцаагдсан төлөвтэй болбол тус тайланг хүргүүлээгүйд тооцно.

2.17.Тайлагнагч байгууллагыг  нийлүүлсэн, нэгтгэсэн, хуваасан, тусгаарласан болон хувь нийлүүлсэн хөрөнгийн  хэмжээ, тайлангийн маягт өөрчлөгдсөн, татан буугдсан үед шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад тайлангаа  цахим системээр хүргүүлнэ. Тайланг хүргүүлэхдээ тайлагнагч этгээдийн албан хүсэлт, хувьцаа эзэмшигчийн тогтоол, аудитын дүгнэлт зэргийг файлаар хавсаргана.

2.18.Аудитын хуулийн этгээд нь тайлагнагч этгээдтэй аудит хийхээр гэрээ байгуулсан үед гэрээний мэдээлэл /огноо, дугаар, хүчинтэй хугацаа/-ийг, аудит хийж дууссаны дараа дүгнэлтийг тус тус цахим системд оруулна.

ГУРАВ.ХАРИЛЦАГЧ САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА ТАЙЛАНГ ХЯНАХ, ХҮЛЭЭН АВАХ

3.1.Харилцагч санхүүгийн байгууллагын тайланг хянаж, хүлээн авах  үүрэг бүхий албан тушаалтан (цаашид "мэргэжилтэн" гэх) хагас жилийн санхүүгийн тайланг 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн санхүүгийн тайланг 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор  тус тус хянаж, хүлээн авна.

3.2.Мэргэжилтэн нь системд тайлагнагч байгууллагын ирүүлсэн тайланг дараах дарааллаар хянаж хүлээн авна. Үүнд:

3.2.1.тайлагнагч байгууллагын илгээсэн төлөвт байгаа тайланг шийдвэрлэж буй төлөвт шилжүүлнэ;

3.2.2.шийдвэрлэж буй төлөвт байгаа тайлан нь алдаатай болон бүрдүүлэлтийн материал дутуу тохиолдолд буцаагдсан төлөв рүү шилжүүлнэ;

3.2.3.тайланг буцаагдсан төлөвт шилжүүлэхдээ системийн тайлангийн хүсэлтийн мэдээлэл цонхны  хүсэлт шийдвэрлэлт хэсэгт буцаагдсан шалтгаан, холбогдох тэмдэглэлийг оруулна.

3.3.Тайланг буцаасан тухай  мэдэгдлийг тайлагнагч байгууллагын системд бүртгэлтэй цахим шуудан (и-мэйл хаяг)-гийн хаягаар хүргүүлнэ.

3.4.Харилцагч санхүүгийн байгууллагын мэргэжилтэн тайлагнагч байгууллагаар шаардлагыг хангуулан тайланг хянаж, хүлээн авснаар тухайн  тайлан нь баталгаажсан төлөвт шилжинэ.

3.5.Төрийн болон орон нутгийн төрийн өмчит, тэдгээрийн оролцоотой, засгийн газартай бүтээгдэхүүн хуваах, тогтвортой байдлын болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, тусгайлан мэдээлсэн тайлагнагч байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авахдаа журмын хавсралтаар батлагдсан тойрох хуудсанд харилцагч санхүүгийн байгууллагын асуудал хариуцсан бусад газраар хянуулж гарын үсэг зуруулсан байна.

3.6.Хэрэв аудитын хуулийн этгээд нь аудитын гэрээний мэдээллийг оруулаагүй тохиолдолд тайлагнагч байгууллагын хүргүүлсэн тайланг буцаагдсан төлөвт шилжүүлнэ.

3.7.Харилцагч санхүүгийн байгууллага нь цахим шуудангаар мэдээлэл хүргүүлэх зардлыг тухайн жилийн улс, орон нутгийн төсөвт тусгуулсан байна.

3.8.Ажлын ачааллыг харгалзан тайлан хүлээн авах үед нэг мэргэжилтэнд 1000 тайлагнагч байгууллага ногдохоор тооцож, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийг түр ажиллуулж болно. Гэрээт ажилтны хүлээн авсан тайлангийн хариуцлагыг үндсэн орон тооны мэргэжилтэн хариуцах бөгөөд тус ажилтныг мэдээлэл арга зүйгээр ханган ажиллана.

   ДӨРӨВ.САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ЗАЛРУУЛГА ХИЙХ

4.1.Аж ахуйн нэгж, Тайлагнагч байгууллага нь  санхүүгийн тайлангийн залруулгыг 2 төрлөөр хийж болно:

4.1.1.Системд тайлан нь баталгаажсан төлөвтэй үед нэг удаа залруулга хийж болно. Энэ үед цахим системд хүсэлт илгээхгүй шивж буй төлөвт шууд шилжинэ;

4.1.2.Тайлагнагч байгууллага нь харилцагч санхүүгийн байгууллагад хүсэлт илгээж баталгаажсан тайлангаа хүсэлт илгээж залруулга хийнэ.

4.2.Тайлагнагч байгууллага нь тайлангийн залруулгыг журмын 4.1-д зааснаас гадна өөрийн хүсэлтээр системд дараах дарааллын дагуу хийнэ. Үүнд:

4.2.1.аудитын хуулийн этгээд нь системд аудитын дүгнэлтийг оруулсан байх;

4.2.2.системд тайлагнагч байгууллага нь залруулах хүсэлтээ илгээсэн байх;

4.2.3.тайлагнагч байгууллага нь системд аудитын дүгнэлтэд үндэслэн тайланд залруулга хийж, хүргүүлсэн байх.

4.3.Тайлагнагч байгууллага нь тайландаа залруулга хийх эцсийн хугацаа тухайн оны 12 дугаар сарын 01-ний өдөр байна.

4.4.Мэргэжилтэн нь тайлагнагч байгууллагын залруулсан тайланг системд хүргүүлсэн өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор хянаж дараагийн төлөвт шилжүүлнэ.

    ТАВ.ЦАХИМ СИСТЕМ ДЭХ АДМИНЫ ЭРХ, ҮҮРЭГ

5.1.Тайлагнагч байгууллагын тайлангийн цахим мэдээллийн сан бүрдүүлэх үйл явцыг системд "Админ" хэрэгжүүлнэ.

5.2.Системийн мэдээллийн санд үүссэн тайлагнагч байгууллагын тайлангийн мэдээллийг мэдээлэл лавлах сервисээр дамжуулан систем хооронд мэдээлэл солилцох хэлбэрээр олгоно.

5.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн мэдээллийн технологийн хэлтэс (цаашид "СМТХ" гэх)-т журмын 5.5-д заасан этгээд цахим мэдээллийн сангаас систем хооронд мэдээлэл солилцох хүсэлтээ албан бичгээр холбогдох баримтын хамт ирүүлнэ.

5.4."СМТХ" нь журмын 5.5-д заасан этгээдтэй гэрээ байгуулан, тайлангийн холбогдох мэдээллийг тухайн байгууллагад мэдээлэл лавлах сервисээр  дамжуулна.

5.5.Байгууллага нь албан бичигт тайлан харах шаардлага болон хугацааг тусгасан байна. Системд санхүүгийн тайлан харах эрх (цаашид "тайлан харах эрх" гэх)-ийг дараах байгууллагад олгоно. Үүнд:

 5.5.1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн мэдээллийг хүссэн этгээдэд;

 5.5.2.тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага зөвшөөрсөн тохиолдолд хүссэн этгээдэд;

5.5.3.Төрийн байгууллага;

5.5.4.Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага.

5.6.Тайлан харах эрхийг "Админ" нь дараах хугацаагаар олгоно. Үүнд:

5.6.1.журмын 5.5.3-д заасан байгууллагад хугацаагүй;

5.6.2.журмын 5.5.1, 5.5.2, 5.5.4-т заасан байгууллагуудад албан бичигт дурдсан хугацаагаар.

5.7."Админ" нь системд алдаа засварлуулах, тайлангийн маягтаа өөрчлөх, хөгжүүлэлт болон сайжруулалтын саналыг Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газар (цаашид "ГТСМТТ" гэх)-ийн тикет систем рүү тухай бүрд хүргүүлэх ажлыг зохион байгуулна. Тус систем рүү хүсэлтийг дараах алхмаар илгээнэ. Үүнд:

5.7.1.харилцагч санхүүгийн байгууллагын мэргэжилтнээс ирүүлсэн хүсэлтийг "Админ" хянан шалгасны үндсэн дээр тикет системд хүсэлтийг үүсгэнэ;

5.7.2."ГТСМТТ" нь "Админ"-ний тикет системээр ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэнэ.

5.8.Системд "Админ" нь дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:

5.8.1.тайлант үеүдэд цахим системийг нээж, хаах;

5.8.2.тайлагнагч байгууллагын харьяалал, шилжилт хөдөлгөөнийг хийх;

5.8.3.тайлагнагч байгууллагын харьяаллыг "И-Такс" системээс жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор татах;

5.8.4.системд хуулийн этгээд цонхны байгууллагын төлөв хэсэгт тайлагнагч байгууллагын идэвхтэй болон идэвхгүй төлөвийг солих;

5.8.5.системд тайлангийн сунгах хугацааг оруулах;

5.8.6.системд санхүүгийн тайлан, тодруулгын маягтын зураглал болон дансны жагсаалтыг тестийн орчинд боловсруулж, бодит горимд нэвтрүүлэх;

5.8.7.системд санхүүгийн тайлан харах эрхийг бүртгэлжүүлэх.

   ЗУРГАА.САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН НЭГТГЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ

6.1.Санхүүгийн тайланг тайлагнах үүрэг бүхий тайлагнагч байгууллагыг идэвхтэй төлөвт тооцно. Тус төлөвөөс тайлангийн ирцийн мэдээ гаргана.

6.2.Идэвхгүй төлөвт сүүлийн 2 жил санхүүгийн тайлангаа хүргүүлээгүй болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын /ХУР/ системд бүртгэгдсэн боловч үйл ажиллагаа явуулдаггүй тайлагнагч байгууллагыг хамруулна.

6.3.Системд илгээсэн төлөвтэй тайлагнагч байгууллагын тайланд Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгтгэл, дүн шинжилгээг 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хийнэ.

6.4.Харилцагч санхүүгийн байгууллага нь өөрийн харьяаллын тайлагнагч байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайланг нэгтгэн, дүн шинжилгээ хийж болно.

6.5.Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тайланг улсын хэмжээнд нэгтгэн, тайлангийн шинжилгээний хамт удирдлагад танилцуулна.

ДОЛОО.ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

7.1.Санхүүгийн тайлангийн И-Баланс цахим системийн агуулга, бүтэц, хөгжүүлэлт нь мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001:2013 стандартын шаардлагыг хангасан байна. Үүнд:

7.1.1.системд тайлагнагч байгууллагаас хандсан хандалт болон үйлдэл бүр нь хүсэлтийн түүх хэсэгт харагдах бөгөөд он тус бүрээр архивлагдана;

7.1.2.системд тайлангийн нүүр хэсэгт харилцагч санхүүгийн байгууллагын мэргэжилтэн хэзээ тайланг хүлээн авсан мэдээлэл байна,  QR код нь зөвхөн тайлагнагч байгууллагын нэвтрэх эрхтэй этгээдэд хамааралтай байна;

7.1.3.цахим системд баталгаажсан төлөвтэй тайланг хэвлэх боломжтой байх;

7.1.4.системийн ачааллын тестийг хагас жил болон жилийн эцсийн тайлан хүргүүлэхээс өмнө хийж ачааллыг тэнцвэржүүлэх.

НАЙМ."ГААЛЬ, ТАТВАР САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВ" УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ

8.1.Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар (цаашид "НБББГ" гэх), "ГТСМТТ"-тэй жилийн төлөвлөгөөг боловсруулан, тухайн оны 1 дүгээр сард батална.

8.2."ГТСМТТ" нь системийн хэвийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллана.

8.3."НБББГ"-аас ирүүлсэн системийн алдаа, нэмэлт хөгжүүлэлтийг тухай бүрд шийдвэрлэнэ.

8.4."ГТСМТТ" нь системд тайлангийн мэдээллийг солилцоход "СМТХ"-ээр дамжуулан олгоно.

8.5."ГТСМТТ" нь системээс журмын 5.5-д заасан этгээдэд дундын сервисээр дамжуулж буй /ТЕГ, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Үндэсний статистикийн газар гэх мэт гэрээ байгуулсан газрууд/ мэдээллийн аюулгүй байдал болон гэрээний заалтын дагуу мэдээлэл дамжуулах үйл явцыг хариуцна.

8.6.Системтэй холбоотой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас болон иргэнээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэнэ.

ЕС.БУСАД

9.1.Журмын 2.1.1-д заасан хуулийн хугацаанд тайланг системд хүргүүлээгүй тайлагнагч байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн тухайн тайлант үеийн санхүүгийн тайланг хүлээн авна.

9.2.Тайлагнагч байгууллага нь журмын 9.1 дэх заалтын дагуу хариуцлага тооцуулсан нь өмнөх тайлант үеийн санхүүгийн тайланг нь харилцагч санхүүгийн байгууллага хүлээн авах үндэслэл болохгүй.

9.3.Журмыг зөрчсөн тайлагнагч этгээд, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

                                    

  --- о0о ---