A

A

A

  • Нүүр
  • Тогтоол
  • Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 03

Улаанбаатар хот

Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа, Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Ч.Анар оролцлоо.

Энэхүү хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянан, эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн "Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлтийн тухай" 60 дугаар тогтоолыг хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын иргэн Ч.Анар, Ш.Ербол нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтад цагдаагийн алба хаагчид үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглосон байна.

Үйлдвэрчний эвлэл буюу ажиллагсдын байгууллага нь ажиллагсдын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг хамтын ажиллагаагаар дамжуулан хамгаалах, дээшлүүлэх зорилгоор байгуулагддаг бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн салбарт ажилчид, ажил олгогчдын эвлэлдэн нэгдэх, байгууллага байгуулах болон хамтын гэрээ хэлэлцээр хийх эрхийг олон улсын эрх зүйгээр хамгаалан баталгаажуулсан байдаг. Тухайлбал, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 20, 23 дугаар зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 22 дугаар зүйл, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын 8 дугаар зүйлд тус тус хүн бүрийн үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх эрх, үйлдвэрчний эвлэл байгуулах эрхийг баталгаажуулсан байдаг. Мөн Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай 87 дугаар конвенц, Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай 98 дугаар конвенц, Хөдөөгийн ажиллагсдын байгууллагуудын тухай 141 дүгээр конвенц, 149 дүгээр Зөвлөмж зэргийн хүрээнд нарийвчлан зохицуулсан байдаг.

Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай 87 дугаар конвенцын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэхүү Конвенцоор заасан баталгааг зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллагын хувьд ямар хэмжээгээр хэрэглэж болохыг үндэсний хууль, тогтоомжоор тодорхойлно." гэсэн заалт нь зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллагын хувьд үйлдвэрчний эвлэл байгуулах, алба хаагчид сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх баталгааг хориглосон хэм хэмжээ биш бөгөөд энэ баталгааг эдлэхдээ үйлдвэрчний эвлэл нь жагсаал, цуглаан зохион байгуулах, ажил хаялт зохион байгуулах зэрэг зарим эрх хэмжээг хэрхэн, ямар хэмжээ хязгаартайгаар эдлүүлэх буюу үйлдвэрчний эвлэлийн эрх хэмжээг үндэсний хууль тогтоомжоор тодорхойлохыг зөвшөөрсөн байна. Түүнчлэн дээрх конвенцод заасан иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдэж, үйлдвэрчний эвлэл байгуулах, элсэх, гишүүн болох эрхийн талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад Монгол Улсын иргэд нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй болохыг хуульчлан баталгаажуулсан байна. Мөн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй.", мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Үйлдвэрчний эвлэлийн гишүүн мөн эсэхтэй холбогдуулан иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарлах буюу тэднийг ялгаварлан гадуурхахыг хориглоно." гэж тус тус хуульчилсан байна.

Цагдаагийн албаны тухай хуулиар тухайн салбарт ажиллаж, хөдөлмөрлөж байгаа алба хаагчдын (иргэдийн) эрх хэмжээг тодорхойлохдоо Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхийг хөндөж, хязгаарлахгүйгээр тусгах, Үндсэн хуулийн заалт, хэм хэмжээ бүрд нийцүүлэх талаар Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан. Мөн Монгол Улсын хууль санаачлан боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулсан Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад хуулийн төслийн агуулга нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн байх шаардлагыг хуульчилсан. Гэвч Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтад цагдаагийн алба хаагчид үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглосон нь цагдаагийн албанд ажил хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэдийн Үндсэн хуульд заасан өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн байна.

Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн дээрх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс ... олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ..." гэснийг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэж өгнө үү." гэсэн агуулга бүхий мэдээлэл, гомдлыг ирүүлсэн байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:

"... Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана.", мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно." гэж тодорхойлсон. Иймд Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан юм.

Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай 87 дугаар конвенцын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэхүү Конвенцоор заасан баталгааг зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллагын хувьд ямар хэмжээгээр хэрэглэж болохыг үндэсний хууль, тогтоомжоор тодорхойлно." гэж заасан нь тухайн улсын дотооддоо зэвсэгт хүчин, цагдаагийн алба хаагч үйлдвэрчний эвлэлтэй байх эсэхийг өөрсдийн хууль тогтоомжоор зохицуулж байна. Төрийн албан хаагчийн ажил, мэргэжлийн онцлогтой холбоотой хуулиар тодорхой хязгаарлалт, шалгуур тогтоож болох бөгөөд энэхүү зарчмыг ийнхүү олон улсад нийтээр хүлээн зөвшөөрч байна.

Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтад "... үйлдвэрчний эвлэл ... үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа ..." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс ... олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ..." гэснийг зөрчөөгүй гэж үзэж байна." гэжээ.

Гурав. Уг маргаанд холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссоос ирүүлсэн тайлбарт:

"Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хүн бүр чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхтэй." 2 дахь хэсэгт "Хэнийг ч аливаа эвлэл холбоонд албадан оруулах ёсгүй.", Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хүн бүр бусадтай эвлэлдэн нэгдэх, түүний дотор өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс үйлдвэрчний эвлэл байгуулах буюу түүнд элсэх эрхтэй." гэж тус тус заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ..." гэж заасан бөгөөд тус эрхийг Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын 1991 оны хуулиар баталгаажуулсан.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуульд зааснаас өөр хязгаарлалт хийж болохгүй. ..." гэж заасан нь хүн бүр бусадтай эвлэлдэн нэгдэх эрхтэй боловч дараах гурван нөхцөлийг нэгэн зэрэг хангах тохиолдолд уул эрхэд хязгаарлалт тавихыг зөвшөөрдөг ба хязгаарлалт нь (1) хуулиар тогтоосон байх; (2) үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх; (3) энэ зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон байх шаардлагатай. Эдгээр нөхцөлийн аль нэгийг хангаагүй хязгаарлалт нь тухайн эрхийн зөрчил болно. Мөн Пактын уг заалтад "... Зэвсэгт хүчний болон цагдаагийн бүрэлдэхүүнд багтах этгээдэд энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд хууль ёсны хязгаарлалт тогтооход энэ зүйл саад болохгүй." гэсэн байна. Түүнчлэн Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын 87 дугаар конвенцын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэхүү Конвенцоор заасан баталгааг зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллагын хувьд ямар хэмжээгээр хэрэглэж болохыг үндэсний хууль, тогтоомжоор тодорхойлно.", 2 дахь хэсэгт "Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын дүрмийн 19 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан зарчмын дагуу Байгууллагын аливаа гишүүн энэхүү Конвенцыг соёрхон батлах нь зэвсэгт хүчний болон цагдаагийн байгууллагад энэхүү Конвенцоор заасан баталгааг олгож буй хүчин төгөлдөр холбогдох хууль, шүүхийн байгууллагын шийдвэр, заншил буюу хэлэлцээрийг үл хөндөнө." гэж тус тус заасан.

Цагдаагийн байгууллага нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтад зааснаар төрийн тусгай алба бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, захиргааны хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг дагаж мөрддөг онцлогтой байгууллага юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг эдлүүлэх, жагсаал цуглаан, нийтийн эмх замбараагүй байдал, террорист халдлага, онц болон дайны байдалд олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн байдаг тул эвлэлдэн нэгдэх эрхийн хязгаарлалтыг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн хуулиар тогтоох боломжтой байна.

Гадаад орны туршлагаас үзэхэд цагдаагийн албанд үйлдвэрчний эвлэл байгуулан ажилладаг байна. Тухайлбал, цагдаагийн эвлэл буюу цагдаагийн алба хаагчдын үйлдвэрчний эвлэлийг Дэлхийн нэгдүгээр дайны дараа 1918-1923 оны хооронд амьжиргааны өртөг нэмэгдсэн, цалин буурсан, сэтгэл ханамжгүй байдлаас үүссэн хэд хэдэн удаагийн цагдаа нарын ажил хаялттай холбогдуулан цагдаагийн алба хаагчдыг нийтээр ажил хаях, үндсэн чиг үүргээ алдагдуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор анх Америкийн Нэгдсэн Улсад байгуулж байсан түүхтэй. Одоогийн байдлаар Австрали, Канад, Финланд, Герман, Ирланд, Япон, Швед зэрэг улс цагдаагийн алба хаагчдын үйлдвэрчний эвлэлтэй байна. Мөн Австри, Болгар, Хорват, Герман, Латви, Литва, Молдова, Нидерланд, Польш, Румын, Испани, Украйн Улсын гишүүнчлэл бүхий Европын цагдаагийн алба хаагчдын үйлдвэрчний эвлэл ажилладаг бөгөөд алба хаагчдын цалин хөлс, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтад "... үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх ..."-ыг хориглоно гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ..." гэсэн заалттай бүрэн нийцэхгүй байна. Иймд цагдаагийн алба хаагчийг үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх буюу алба хаагчийн эвлэлдэн нэгдэх эрхийг хориглолгүйгээр тус эрхийг хэрхэн эдлэх талаарх хязгаарлалтыг холбогдох хуульд тусгаж өгөх боломжтой юм. Комисст цагдаагийн алба хаагчийн эвлэлдэн нэгдэх эрхийн талаар гомдол, мэдээлэл ирж байгаагүй болно." гэсэн байна.

Дөрөв. Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэж, 02 дугаар дүгнэлтийг гаргасан болно. Уг дүгнэлтийн үндэслэх хэсэгт:

1.Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналтын эрх зүйн үндсийг тогтоох зорилт бүхий Цагдаагийн албаны тухай хуулийг баталсан бөгөөд тус хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтад цагдаагийн алба хаагч нь аливаа үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, үйл ажиллагааг нь сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглохоор хуульчилсан байна.

Үйлдвэрчний эвлэл нь иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэж үйл ажиллагаа явуулах иргэдийн сайн дурын нэгдэл бөгөөд тэдний үйл ажиллагаа нь ажилчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалах хүрээнд захиргаа, ажил олгогчтой хэлэлцээ хийх, тодорхой шаардлага тавих, хөдөлмөрлөх эрхийг хохироосон шийдвэрийг түдгэлзүүлэх болон өөрчлөх, хүчингүй болгох, цуцлахыг шаардах, шүүх, хөдөлмөрийн маргаан хянан шийдвэрлэх байгууллагад гишүүдийнхээ эрх ашгийг төлөөлөн хамгаалах зэрэг хамтын үйл ажиллагаа зохион байгуулахад чиглэгддэг болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад Монгол Улсын иргэн "... хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, ... эрхтэй. ...", 10 дахь заалтад "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, ...-ын үүднээс ... олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ..." гэж заасан. Үүнээс үзэхэд Цагдаагийн албаны тухай хуулийн дээрх заалтаар цагдаагийн алба хаагчийг үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэхийг хориглосноор тэдний хөдөлмөрлөх эрхээ хамгаалах буюу хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах хүрээнд эвлэлдэн нэгдэх эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болгон хуульчилсан байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад заасан өөрсдийн ашиг сонирхлын үүднээс сайн дураараа эвлэлдэн нэгдэх үндсэн эрхийг зөрчсөн байна.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим болон хүний эрхийн талаарх хэм хэмжээг тусгасан Хоёрдугаар бүлгийн зохицуулалтын дагуу дээрх эрхийг үндэсний буюу нийтийн аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөө, нийгмийн хэв журмыг хамгаалах зорилгын хүрээнд, зөвхөн хуулиар хязгаарлаж болох бөгөөд энэхүү хязгаарлалт нь зорилгодоо нийцсэн буюу тухайн нөхцөлд тохирсон, хэмжээ хэтрээгүй байдлаар хуульчлагдсан байх ёстой. Хэрэв эдгээр нөхцөлийг хангаагүй бол хүний эрхийн зөрчил болох ба Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын холбогдох зохицуулалтаар хэт өргөн хүрээнд энэхүү үндсэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болгон хуульчилсан нь зорилгодоо нийцээгүй, хэмжээ хэтэрсэн буюу тохирсон байх зарчмыг алдагдуулсан гэж үзэхээр байна.

2.Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, аятай нөхцөлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй." гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Хүн бүр эрх ашгаа хамгаалах зорилгоор үйлдвэрчний эвлэл байгуулах буюу үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхтэй." гэж тус тус заасан. Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хүн бүр бусадтай эвлэлдэн нэгдэх, түүний дотор өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс үйлдвэрчний эвлэл байгуулах буюу түүнд элсэх эрхтэй.", 2 дахь хэсэгт "Энэ эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуульд зааснаас өөр хязгаарлалт хийж болохгүй. Зэвсэгт хүчний болон цагдаагийн бүрэлдэхүүнд багтах этгээдэд энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд хууль ёсны хязгаарлалт тогтооход энэ зүйл саад болохгүй.", 3 дахь хэсэгт "Энэ зүйлийн аль ч заалт Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрх чөлөөний тухай Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын 1948 оны конвенцод нэгдэн орсон улсын хувьд түүнд заасан баталгаанд харшлах хууль тогтоомж гаргах буюу хуулийг эдгээр баталгаанд хохирол учруулахаар хэрэглэх эрх үл олгоно." гэж заасан бол Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын 8 дугаар зүйлд эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хүрээнд үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулсан хэм хэмжээг тусгажээ.

Харин дээр дурдсан Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын 1948 оны 87 дугаар конвенцын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэхүү Конвенцоор заасан баталгааг зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллагын хувьд ямар хэмжээгээр хэрэглэж болохыг үндэсний хууль, тогтоомжоор тодорхойлно." гэж заажээ. Мөн тус байгууллагаас хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны өвөрмөц тогтолцоо, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг ухамсарлаж, олон улсын хөдөлмөрийн стандартын дагуу хууль сахиулах байгууллагын алба хаагчийн эрхийг хүндэтгэхийг гишүүн орнуудад уриалсан байна. Үүнээс үзэхэд эдийн засаг, нийгэм, соёлын эрх, тэр дундаа хөдөлмөрлөх эрхээ хамгаалах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах хүрээн дэх цагдаагийн алба хаагчдын эвлэлдэн нэгдэх эрхийг хуульд заасан тодорхой үндэслэлээр, зорилгодоо нийцсэн байдлаар хуулиар хязгаарлаж болохыг олон улсын гэрээ, конвенцоор хүлээн зөвшөөрсөн боловч бүр мөсөн хориглосон хэм хэмжээг дотоодын хууль тогтоомжоор тогтоохыг хүлээн зөвшөөрсөн, дэмжсэн агуулга тусгагдаагүй байна. Энэ хүрээнд гадаадын орнуудын хууль тогтоомжийн харьцуулсан судалгаанаас харахад зарим улсад цагдаагийн байгууллага үйлдвэрчний эвлэлтэй байхыг зөвшөөрдөг байна. Ийнхүү зөвшөөрсөн улс орнууд нь хуулиар тодорхой зохицуулалтыг тусган тухайн үйлдвэрчний эвлэл нь цагдаагийн алба хаагчдын цалин хөлс авах, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах чиглэлээр гол төлөв үйл ажиллагаа явуулахаар заажээ.

Дээр дурдсан үндэслэл, холбогдох эрх зүйн эх сурвалж зэргээс үзэхэд цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хүрээн дэх эвлэлдэн нэгдэх эрхийг шууд хориглох бус, үндэсний буюу нийтийн аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөө, нийгмийн хэв журмыг хамгаалах зорилгоор тодорхой үйл ажиллагааг шаардлагатай үед хязгаарлах үндэслэлийг нарийвчлан хуульчлах нь зүйтэй байгааг тэмдэглэж байна.

Холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтыг судлан үзэхэд цагдаагийн алба хаагчийн эвлэлдэн нэгдэх эрхэд хангалттай хязгаарлалт тогтоосон гэж үзэхээр байна. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар цагдаагийн алба хаагч нь төрийн тусгай албан хаагчид хамаарах бөгөөд тус хуулийн 39 дүгээр зүйл, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн холбогдох заалтаар тэднийг аливаа ажил хаялт болон төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцохыг хориглохоор нарийвчлан тусгасан нь хууль ёсны хязгаарлалт болно." гэсэн байна.

Дүгнэлтийн тогтоох хэсэгт:

1.Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт "Цагдаагийн алба хаагчид ... дараахь зүйлийг хориглоно:" гээд 69.1.8 дахь заалтад "нам, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, улс төрийн үзэл баримтлалыг сурталчлах, дэмжлэг үзүүлэх;" гэж заасны "..., үйлдвэрчний эвлэлийн ..., үйлдвэрчний эвлэлийн ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол ...-ын үүднээс ... олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ..." гэснийг зөрчсөн байна.

2.Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын "нам, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, ..." гэсний "..., үйлдвэрчний эвлэлийн ..." гэснийг, мөн "... нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа ..." гэсний "..., үйлдвэрчний эвлэлийн ..." гэж заасныг тус тус Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай." гэжээ.

Тав. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд 60 дугаар тогтоол гаргасан байна. Үүнд:

"1.Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт "Цагдаагийн алба хаагчид ... дараахь зүйлийг хориглоно:" гээд 69.1.8 дахь заалтад "нам, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, улс төрийн үзэл баримтлалыг сурталчлах, дэмжлэг үзүүлэх;" гэж заасны "..., үйлдвэрчний эвлэлийн ..., үйлдвэрчний эвлэлийн ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол ...-ын үүднээс ... олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ..." гэснийг зөрчсөн байна." гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. " гэсэн байна.

Зургаа. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:

"... Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана.", мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно." гэж тодорхойлсон. Иймд Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан юм.

Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай 87 дугаар конвенцын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэхүү Конвенцоор заасан баталгааг зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллагын хувьд ямар хэмжээгээр хэрэглэж болохыг үндэсний хууль, тогтоомжоор тодорхойлно." гэж заасан нь тухайн улсын дотооддоо зэвсэгт хүчин, цагдаагийн алба хаагч үйлдвэрчний эвлэлтэй байх эсэхийг өөрсдийн хууль тогтоомжоор зохицуулж байна. Төрийн албан хаагчийн ажил, мэргэжлийн онцлогтой холбоотой хуулиар тодорхой хязгаарлалт, шалгуур тогтоож болох бөгөөд энэхүү зарчмыг ийнхүү олон улсад нийтээр хүлээн зөвшөөрч байна.

Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтад "... үйлдвэрчний эвлэл ... үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа ..." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс ... олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ..." гэснийг зөрчөөгүй гэж үзэж байна." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1.Монгол Улсын Үндсэн хууль (цаашид "Үндсэн хууль" гэх)-ийн Оршилд "Монголын ард түмэн бид: ... хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, ... эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. ..." гэж тунхаглан, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно;" гэж иргэний эвлэлдэн нэгдэх үндсэн эрхийг баталгаажуулжээ.

2.Эвлэлдэн нэгдэх эрх нь улс төр, шашин, үзэл суртал, эдийн засаг, нийгэм, спорт, соёл, мэргэжлийн зэрэг нийтлэг зорилгодоо хүрэх, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд бусадтай хамтрах гэсэн хүний суурь эрхийг хүлээн зөвшөөрч буйн илрэл юм. Үзэл бодлоо бусадтай хуваалцах, үүний үндсэн дээр бусадтай эвлэлдэн нэгдэх баталгаагаар хангагдаагүй бол хувь хүн үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөгөө бүрэн хэрэгжүүлж чадахгүй. Эвлэлдэн нэгдэх эрх нь иргэн өөрийн үзэл бодол, ашиг сонирхлын үндсэн дээр сонголт хийх, хувь хүнийхээ хувьд хөгжих боломжийг олгодог тул ардчилсан нийгмийн салшгүй шинж болсон ургалч үзлийг хөхиүлэн дэмждэг.

3."Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах" нь эвлэлдэн нэгдэх эрхийн суурь ойлголт (гэвч эвлэлдэн нэгдэх эрх нь эдгээр байгууллага байгуулах эрхээр хязгаарлагдахгүй өргөн агуулгатай). Бусдын туслалцаа, хамтын ажиллагаагүй бол иргэн зөвхөн хувийн эрхээ хэрэгжүүлэх замаар зорилгоо бүрэн биелүүлэх боломжгүй. Мөн эвлэлдэн нэгдэх эрх нь ашиг сонирхол давхацсан эсхүл зөрчилдсөн тохиолдолд эрх мэдэл, хүч чадлын хувьд тэнцүү харилцах боломжийг иргэнд олгодог.

4.Эвлэлдэн нэгдэх эрх нь сайн дурын үндсэн дээр хэрэгждэг бөгөөд энэ нь бүлгийн гэхээс илүү хувь хүний эрх юм. Тиймээс иргэд эвлэлдэн нэгдэж байгууллага байгуулснаар уг эрхээ хэрэгжүүлж дуусгавар болсон хэрэг биш. Тухайлбал, нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, түүнд элсэх, түүнээс гарах зэрэг эрх нь эвлэлдэн нэгдэх хүрээнд багтана. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжлийн шаардлагыг хангах үүднээс мэргэжлийн холбоонд нэгдсэнээс бусад тохиолдолд хэнийг ч аль нэг нам, олон нийтийн бусад байгууллагад албадан нэгдүүлэхийг шаардаж болохгүй.

5.Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад "... Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. ... Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно;" гэж эвлэлдэн нэгдэх үндсэн эрхийг хязгаарлахтай холбоотой нэмэлт нөхцөлийг тусгажээ. Дээрх заалтад баталгаажуулсан олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх нь ажилтан ашиг сонирхлоо хамгаалах, дэмжих үүднээс үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхийг багтаана.

Эвлэлдэн нэгдэх эрх нь үйлдвэрчний эвлэлийн гишүүний хувьд эдлэх тодорхой баталгааг шаарддаг. Тодруулбал, иргэн үйлдвэрчний эвлэл байгуулах эсхүл түүнд элсэх позитив эрхтэй төдийгүй түүнд элсэхгүй байх, тус эвлэлээс гарах негатив эрхтэй.

6.Иргэд хөдөлмөрлөхтэй холбоотой эрх, эдийн засгийн ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор үйлдвэрчний эвлэл, төрийн бус байгууллага байгуулах, тэдгээрт гишүүнээр элсэх зэргээр эвлэлдэн нэгдэж зохион байгуулалтад орох нь хөдөлмөрийн харилцааны суурь эрхэд хамаарна. Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, эрх бүхий байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргах, ажил хаях зэрэг арга замаар гишүүдийнхээ эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх нь үйлдвэрчний эвлэлийн үндсэн чиг үүрэг билээ. Тодруулбал, үйлдвэрчний эвлэл нь иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэж үйл ажиллагаа явуулах иргэдийн сайн дурын нэгдэл бөгөөд тэдний үйл ажиллагаа нь ажилчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалах хүрээнд захиргаа, ажил олгогчтой хэлэлцээ хийх, тодорхой шаардлага тавих, хөдөлмөрлөх эрхийг хохироосон шийдвэрийг түдгэлзүүлэх болон өөрчлөх, хүчингүй болгох, цуцлахыг шаардах, шүүх, хөдөлмөрийн маргаан хянан шийдвэрлэх байгууллагад гишүүдийнхээ эрх ашгийг төлөөлөн хамгаалах зэрэг хамтын үйл ажиллагаа зохион байгуулахад чиглэгддэг болно. (Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлт) Эндээс үзвэл, үйлдвэрчний эвлэл нь тухайн байгууллагын гишүүдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар байна.

7.Үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрх нь үйлдвэрчний эвлэлийнхээ дүрмийг батлах, өөрсдийн төлөөлөгчөө сонгох, дотоод захиргааны удирдлагаа хэрэгжүүлэх, бусад үйлдвэрчний эвлэлтэй хамтарч холбоо байгуулах, олон улсын үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдэлд гишүүнээр элсэх зэрэг эрхийг багтаана. Үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрх нь негатив болон позитив үүрэг үүсгэдэг. Нэг талаас, хууль тогтоомж, эрх зүйн бусад акт нь ажилтнууд холбогдох үйлдвэрчний эвлэлээ байгуулах, түүнд элсэх эсхүл түүнээс гарахад саад болж болохгүй. Нөгөө талаас, ажил олгогч үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохоос хамгаалах зэргээр ажилчин энэ эрхээ хэрэгжүүлэх баталгааг төрөөс хууль тогтоомжийн болон бусад арга хэрэгслээр бүрдүүлэх үүрэгтэй.

8.Цагдаагийн тухай хууль тогтоомжид эвлэлдэн нэгдэх эрхийн хязгаарлалтыг зохицуулж ирсэн байдлыг түүхчлэн судлан үзэхэд 2017 оны Цагдаагийн албаны тухай хуулиас өмнө нь үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг шууд хориглосон зохицуулалт хуульчлагдаагүй байжээ. Тухайлбал, 1993 оны Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хууль (энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон)-ийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Цагдаагийн алба хаагч улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулдаг эвсэл, холбооны гишүүн байх, цагдаагийн бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, эвсэл, холбооны улс төрийн үзэл баримтлалыг сурталчлахыг хориглоно." гэж зөвхөн улс төрийн үйл ажиллагаа, үзэл баримтлалтай холбоотой хориглолт хийхийн зэрэгцээ мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Цагдаагийн байгууллагад ажил хаяхыг хориглоно." гэж заажээ. Харин 2013 оны Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ (энэ хуулийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон)-д цагдаагийн алба хаагчийн эвлэлдэн нэгдэх эрх, үүний дотор үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхийг хязгаарласан зохицуулалтыг тусгаагүй байжээ.

9.Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.10 дахь заалтад цагдаагийн алба хаагч нь "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилогдсон ажилд очихгүй байх, ажил хаях, албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох;", Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.7 дахь заалтад төрийн албан хаагч нь "ажил хаялт болон төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох;"-ыг тус тус хоригложээ. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт "Батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам сахиулах зэрэг хүн амд нэн шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг байгууллагын ажилтан, албан хаагч эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ байгуулахыг санаачлах эрхтэй боловч ажил хаялт санаачлах, зохион байгуулах, түүнд оролцохыг хориглоно. ..." гэж хуульчилсан. Үүнээс үзэхэд Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлтийн үндэслэл хэсэгт "... Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар цагдаагийн алба хаагч нь төрийн тусгай албан хаагчид хамаарах бөгөөд тус хуулийн 39 дүгээр зүйл, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн холбогдох заалтаар тэднийг аливаа ажил хаялт болон төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцохыг хориглохоор нарийвчлан тусгасан нь хууль ёсны хязгаарлалт болно." гэсэн нь үндэслэлтэй байна.

10.Монгол Улсад туйлын эрхээс бусад үндсэн эрхийг хязгаарлаж болох ч уул хязгаарлалт нь хуульд тодорхой заасан, тохирсон байх зэрэг нөхцөлийг хангахыг Үндсэн хуулиар шаардана. (Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлт) Эвлэлдэн нэгдэх эрх нь ямар ч тохиолдолд хязгаарлагдах ёсгүй туйлын эрх биш учраас түүнд тавих хязгаарлалт нь эдгээр нөхцөлийг хангасан байх бөгөөд нэг нөхцөлийг нь хангаагүй бол тухайн хязгаарлалт үндсэн эрхийг зөрчсөн гэх үндэслэл болно. Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтаар үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглосон нь иргэний Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад заасан эвлэлдэн нэгдэх эрх, үүний дотор үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхийг хязгаарласан шинжтэй байх тул үндсэн эрхийн хязгаарлалтад тавих нөхцөлийг хангасан эсэхийг нягтлах нь зүйтэй байна:

10.1.Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг болж, эрх зүйт төрийн үнэт зүйлийг хамгаалж бэхжүүлдэг. Хууль дээдлэх ёс нь үндсэн эрхийг хуулиас гадуур хязгаарлахыг хориглох бөгөөд үндсэн эрхэд тавих хязгаарлалтыг парламентаас баталсан хуульд хэлбэрийн хувьд тусгаснаар энэ зарчим хангагдахгүй, харин түүний үндэслэл, журмыг тодорхой хуульчлах буюу эрх зүйн тодорхой байдлыг хангах шаардлагатай. (Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлт)

10.2.Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтаар цагдаагийн алба хаагчийг үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглосон нь түүний эвлэлдэн нэгдэх эрхийг, ялангуяа үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхийг бүхэлд нь үгүйсгэсэн шинжтэй байх бөгөөд тус зохицуулалт нь хэлбэрийн хувьд нэг мөр ойлгогдож, түүний үндэслэл, журам тодорхой гэж үзэхээр байх тул эрх зүйн тодорхой байдал хангагдсан байна.

10.3.Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тусгасан хууль дээдлэх болон шударга ёсны зарчмын дагуу үндсэн эрхэд тавих хязгаарлалт тохирсон байх шаардлагатай бөгөөд энэ шаардлага нь үндсэн эрхийг дур мэдэн хязгаарласан эсэхийг тогтооход хэрэглэгдэнэ. Тохирсон байх зарчмын дагуу үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх гэсэн шалгуур тавигддаг. (Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлт) Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалт нь тохирсон байх зарчмын гурван шалгуурыг хангаж байх шаардлагатай.

10.3.1.Үндсэн эрхийн хязгаарлалт нь Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хууль ёсны зорилготой байх бөгөөд уг хязгаарлалт болон зорилго нь хоорондоо уялдаатай байна. Хязгаарлалт нь хууль ёсны зорилгыг хэрэгжүүлэхэд үйлчлэх буюу чиглэсэн байхыг уялдаатай байх зарчим шаардана. Цагдаагийн байгууллага нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйл болон 13 дугаар зүйлд зааснаар төрийн тусгай алба мөн. Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтад цагдаагийн алба хаагчийг үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглосон нь уг хуулийн 4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгыг хэрэгжүүлэхэд үйлчлэхээр байх бөгөөд эдгээр нь Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1, Арван есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалтад тус тус заасны дагуу хууль ёсны зорилго гэж үзэхээр байна.

10.3.2.Үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд зайлшгүй байна. Зорилгод хүрэхийн тулд авч болох боломжит, үр дүнтэй арга хэмжээнүүдээс ижил үр дүнтэй боловч үндсэн эрхэд хамгийн бага халдсан арга хэмжээг нь сонгохыг энэ зарчим шаардана. Мөн зорилгын үүднээс үндсэн эрхийг хэт өргөн хүрээнд хязгаарлах, үндсэн эрхийн хэрэгжилтийг аль нэг албан тушаалтны үзэмж, дур мэдлээс хэт хамааралтай болгохоос татгалзах бөгөөд хязгаарлалт нь үндсэн эрхийн цөмийг үгүйсгээгүй байх, хуулийн талаарх өөр өөр тайлбаруудаас үндсэн эрхэд илүү нийцсэнийг нь хэрэглэх зэрэг агуулга үүнд хамаарна.

10.3.3.Хөдөлмөрийн харилцаанд эвлэлдэн нэгдэх эрх нь олон нийтийн байгууллагад нэгдэх, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, ажил хаях гэсэн гурван эрхийн хэмжигдэхүүнтэй бөгөөд эдгээр нь цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийг баталгаатай эдлүүлэх суурь нөхцөл болдог. Дагнасан судалгаанаас үзэхэд хөдөлмөрийн харилцаанд эвлэлдэн нэгдэх эрхийн хэмжигдэхүүн болсон эрхүүдээс алийг нь хэрхэн хангаснаар нь гурван загвар байх боломжтой байна. Эхнийх нь цагдаагийн алба хаагчийн үйлдвэрчний эвлэлд нэгдэх, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, ажил хаях эрхийг бүхэлд нь үгүйсгэсэн хаалттай загвар. Хоёр дахь нь цагдаагийн алба хаагчдын ажил хаях эрхийг үгүйсгэх ч үйлдвэрчний эвлэлд нэгдэх, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах зэрэг эрхийг хангадаг хагас нээлттэй загвар. Гурав дахь нь хөдөлмөрийн харилцаа дахь эвлэлдэн нэгдэх эрхийг бүхэлд нь буюу олон нийтийн байгууллагад нэгдэх, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, ажил хаях эрхийг хангадаг нээлттэй загвар болно.

10.3.4.Монгол Улсын хууль тогтоомжоор цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрийн харилцаанд эвлэлдэн нэгдэх эрхийг үндсэндээ үгүйсгэсэн шинжтэй байна. Нэгд, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтад цагдаагийн алба хаагчийг үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглосон нь түүний үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхийг бүхэлд нь үгүйсгэсэн гэж үзэхээр байна. Хоёрт, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа ... нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтална." гэж заасны дагуу цагдаагийн алба нь босоо тогтолцоо бүхий удирдлагын зарчмыг хэрэгжүүлэгч байгууллага учраас бодит байдал дээр цагдаагийн алба хаагчид бие даан хөдөлмөрийн асуудлыг шийдвэрлэх, тодруулбал хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах зэргээр ажил олгогчтой эрх тэгш харилцах боломж хязгаарлагдмал байна. Гуравт, ажил хаях зэрэг үйл ажиллагааг цагдаагийн алба хаагчид хориглож хуульчилсан байна. Тодруулбал, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.10 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.7 дахь заалтаар ажил хаялтад оролцохыг хоригложээ.

10.3.5.Нэгэнт холбогдох хууль тогтоомжоор хөдөлмөрлөх харилцааны хүрээнд үйлдвэрчний эвлэлд нэгдэх, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, ажил хаях эрхийг хориглосон байх тул эвлэлдэн нэгдэх үндсэн эрхэд хамгийн бага халдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Харьцуулсан судалгаагаар хаалттай загвар болон хагас нээлттэй загвар хоёрын аль аль нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгыг хэрэгжүүлэхэд адилхан үйлчилж байгааг харуулж байна. Иймээс хагас нээлттэй загвар нь хөдөлмөрийн эрхийн хүрээн дэх эвлэлдэн нэгдэх эрхэд хамгийн бага халдсан учраас зайлшгүй байх зарчмын дагуу Үндсэн хуульд илүү нийцнэ. Иймд тус маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлтэд "Дээр дурдсан үндэслэл, холбогдох эрх зүйн эх сурвалж зэргээс үзэхэд цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хүрээн дэх эвлэлдэн нэгдэх эрхийг шууд хориглох бус, үндэсний буюу нийтийн аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөө, нийгмийн хэв журмыг хамгаалах зорилгоор тодорхой үйл ажиллагааг шаардлагатай үед хязгаарлах үндэслэлийг нарийвчлан хуульчлах нь зүйтэй байгааг тэмдэглэж байна." гэсэн нь үндэслэлтэй байна.

10.3.6.Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... эрх чөлөө, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасан. Эрх чөлөөний үндсэн зарчим нь үндсэн эрхийг аль болох эдлүүлэх, үндсэн эрхийг зайлшгүй тохиолдолд хязгаарлаж болох ч тэрхүү хязгаарлалт нь тухайн эрхийг бүхэлд нь үгүйсгэхгүй байхыг шаарддаг. Энэ ч утгаараа Үндсэн хуулийн түвшинд эвлэлдэн нэгдэх, үүний дотор үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхийг хязгаарлаж болох ч тус эрхийн цөмийг үгүйсгэхийг хориглож байгааг дурдах нь зүйтэй. Гэвч Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалт цагдаагийн алба хаагчийн эвлэлдэн нэгдэх эрхийг бүхэлд нь хязгаарлаагүй ч уул эрхийн үндсэн хэсэг болох үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхийн цөмийг үгүйсгэсэн байна.

10.3.7.Хууль ёсны зорилгыг хангаснаар хүрэх үр дүн болон хөндөгдөж байгаа эрхийг хэрэгжүүлэх шаардлага хоорондын тэнцвэрийг хангана. Тодруулбал, үндсэн эрхийг хязгаарласнаар хангагдах ашиг сонирхол нь халдаж буй эрхийг хамгаалах ашиг сонирхлоос дээгүүр байвал тухайн хязгаарлалтыг хууль дээдлэх ёсны үүднээс зөвтгөх боломжтой. Харин зорилгод хүрэх цорын ганц арга нь хэт өндөр үнээр хэрэгжих тохиолдолд тухайн аргыг хууль ёсны байсан ч ашиглаж болохгүй. (Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлт)

10.3.8.Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтаар цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрийн харилцаанд үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхийг бүхэлд нь үгүйсгэхийн ач холбогдол нь тухайн үгүйсгэж буй эрхийн хамгаалалтаас илүү дээгүүр гэж үзэх үндэслэлгүй тул тэнцвэрийн зарчим хангагдаагүй байна. Тодруулбал, үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрх нь иргэний эвлэлдэн нэгдэх эрхийн чухал хэсгийн хувьд өөрөө үнэ цэнтэй төдийгүй хөдөлмөрлөхтэй холбоотой эрх, эдийн засгийн ашиг сонирхлоо хамтран хамгаалахад чухал үүрэгтэй. Үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхийг бүхэлд нь хориглосноор уг эрхийн дагуу хамгаалагдах иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх үр дагавартай байна.

11.Зэвсэгт хүчин болон цагдаагийн байгууллага нь зорилго болон зохион байгуулалтын хувьд ялгаатай учраас тэдгээрийн алба хаагчдын чиг үүрэг, эдлэх эрх ч мөн харилцан адилгүй онцлогтой байна. Зарчмын хувьд цагдаагийн байгууллагын зохион байгуулалт нь хэдийгээр нэгдсэн удирдлагатай боловч зэвсэгт хүчин, цэргийн алба хаагчтай харьцуулахад илүү иргэнлэг шинжтэй үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, цагдаагийн бүрэлдэхүүнд олон нийтийн цагдаа, замын цагдаа зэрэг алба багтахаас гадна өөрийн харьяаллын хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Харин зэвсэгт хүчний хувьд улсын батлан хамгаалах чиг үүргийг гүйцэтгэдэг болохын хувьд улсын агаарын хилийг хамгаалах, цэргийн дайралт, дайнаас хамгаалах зэргээр улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг тул нэгдмэл, төвлөрсөн удирдлага хэрэгждэг.

12.Монгол Улсын хувьд ч мөн цагдаа болон зэвсэгт хүчний байгууллагыг ялгаатай зорилго, чиг үүрэгтэйгээр зарчмын хувьд өөр байхаар зохицуулсан. Тодруулбал, зэвсэгт хүчний байгуулалт нь зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, зэвсэглэл нь түүний тайван цагт болон дайны байдлын үед гүйцэтгэх үүрэгт зохицсон байх; зэвсэгт хүчин үүргээ биелүүлэхэд байнга бэлэн байх; төвлөрүүлэн удирдах, нэгтгэн захирах; зэвсэгт хүчин нэгдмэл байх зэрэг онцлог зарчимд тулгуурладаг. (Зэвсэгт хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг) Мөн Зэвсэгт хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Монгол Улсын зэвсэгт хүчин нь улсыг цэргийн хүч, хэрэгслээр батлан хамгаалах зорилго бүхий төрийн цэргийн байгууллага мөн.", тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "Зэвсэгт хүчний үндсэн чиг үүрэг нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс өөрийгөө хамгаалах явдал мөн." гэж зэвсэгт хүчний чиг үүрэг, зорилгыг хуульчилжээ. Түүнчлэн Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад "цэргийн алба" гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг ойлгоно гэж заасан байна. Иймд зэвсэгт хүчний буюу төрийн цэргийн байгууллагын алба хаагчийн хувьд цагдаагийн алба хаагчаас ялгаатай чиг үүрэг хэрэгжүүлдэг тул эвлэлдэн нэгдэх эрх, үүний дотор үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхийг нь улсыг батлан хамгаалах зорилгын хүрээнд хязгаарлах боломжтой.

13.Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд заасны дагуу Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж, соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөнө. Иймд Монгол Улс Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал /цаашид "Тунхаглал" гэх/-ыг олон улсын эрх зүйн заншлын хувьд нь нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчим гэж үзэж баримтлах бөгөөд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт болон Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактаар хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ. (Үндсэн хуулийн цэцийн 1993 оны 02, 1993 оны 03 дугаар тогтоол зэрэг)

14.Эвлэлдэн нэгдэх, үйлдвэрчний эвлэлд элсэх эрхийг Тунхаглалын 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хүн бүр чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхтэй.", 23 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Хүн бүр эрх ашгаа хамгаалах зорилгоор үйлдвэрчний эвлэл байгуулах буюу үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхтэй." гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хүн бүр бусадтай эвлэлдэн нэгдэх, түүний дотор өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс үйлдвэрчний эвлэл байгуулах буюу түүнд элсэх эрхтэй." гэж, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэхүү Пактад оролцогч улсууд дор дурдсан эрхийг хангах үүрэгтэй:" гээд (а)-д "хүн бүр эдийн засаг, нийгмийн ашиг сонирхлоо хамгаалах, хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрчний эвлэл байгуулах, журмыг нь сахих үндсэн дээр сонгосон байгууллагадаа элсэн орох эрхтэй. ..." гэж тус тус баталгаажуулжээ.

15.Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах ... [эрх ашгийг хангахад зайлшгүй,] хуульд зааснаас өөр хязгаарлалт хийж болохгүй. ..." гэж, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэхүү Пактад оролцогч улсууд дор дурдсан эрхийг хангах үүрэгтэй:" гээд (а)-д "... Дээр дурдсан эрхийг эдлэхэд хуульд заасан буюу ардчилсан нийгэмд шаардагдах үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах ... [ашиг сонирхлыг хангахад зайлшгүйгээс] бусад ямарваа хязгаарлалт тогтоохыг хориглоно;" гэж эвлэлдэн нэгдэх эрхэд хязгаарлалт тогтоох нөхцөлийг тухайлан тогтоожээ. Эдгээр Пактын монгол орчуулгад хууль ёсны зорилгод хүрэхэд "зайлшгүй байх" нөхцөл орхигдсон байх тул үүнийг эвлэлдэн нэгдэх эрхийн хязгаарлалтад тавих нөхцөлд оруулж тооцох нь зүйтэй. Иймээс эвлэлдэн нэгдэх, үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхэд тавих хязгаарлалт нь (1) хуулиар тодорхой тогтоосон байх; (2) үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах гэсэн хууль ёсны аль нэг ашиг сонирхлыг хангах зорилготой; (3) эдгээр зорилгыг хангахад зайлшгүй байх нөхцөлийг хангасан байхыг олон улсын эрх зүй шаардаж байна.

16.Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... Зэвсэгт хүчний болон цагдаагийн бүрэлдэхүүнд багтах этгээдэд энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд хууль ёсны хязгаарлалт тогтооход энэ зүйл саад болохгүй." гэж, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ зүйлийн заалт нь зэвсэгт хүчин, цагдаагийн газар, төрийн захиргааны бүрэлдэхүүнд орсон этгээдээс энэ эрхийг эдлэхэд нь хууль ёсны хязгаарлалт тогтооход саад болохгүй." гэж, Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын 87 дугаар конвенцын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэхүү Конвенцоор заасан баталгааг зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллагын хувьд ямар хэмжээгээр хэрэглэж болохыг үндэсний хууль, тогтоомжоор тодорхойлно.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын дүрмийн 19 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан зарчмын дагуу Байгууллагын аливаа гишүүн энэхүү Конвенцыг соёрхон батлах нь зэвсэгт хүчний болон цагдаагийн байгууллагад энэхүү Конвенцоор заасан баталгааг олгож буй хүчин төгөлдөр холбогдох хууль, шүүхийн байгууллагын шийдвэр, заншил буюу хэлэлцээрийг үл хөндөнө." гэж зохицуулжээ. Иймд зэвсэгт хүчин, цагдаагийн алба хаагчийн эвлэлдэн нэгдэх, үүний дотор үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхийг эдгээр олон улсын гэрээнд нийцүүлэн хязгаарлаж зохицуулах нь олон улсын эрх зүйн үүднээс нээлттэй байна.

17.Иймд тус маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлтэд "эдийн засаг, нийгэм, соёлын эрх, тэр дундаа хөдөлмөрлөх эрхээ хамгаалах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах хүрээн дэх цагдаагийн алба хаагчдын эвлэлдэн нэгдэх эрхийг хуульд заасан тодорхой үндэслэлээр зорилгодоо нийцсэн байдлаар хуулиар хязгаарлаж болохыг олон улсын гэрээ, конвенцоор хүлээн зөвшөөрсөн боловч бүр мөсөн хориглосон хэм хэмжээг дотоодын хууль тогтоомжоор тогтоохыг хүлээн зөвшөөрсөн, дэмжсэн агуулга тусгагдаагүй байна." гэсэн нь үндэслэлтэй байна.

18.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана." гэж заасан. Харин Улсын Их Хурал 2024 оны 60 дугаар тогтоол гаргахдаа Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн үндэслэлээ тусгаагүй байна.

19.Иймд Үндсэн хуулийн цэц тухайн маргааныг дахин хянан шийдвэрлэхдээ уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлийг Их суудлын хуралдаанаар хянаж үзэх боломжгүй байна. Улсын Их Хурал цаашид Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээ тогтоолдоо заавал тусгах үүрэгтэйг тэмдэглэх нь зүйтэй. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх журмыг боловсронгуй болгох шаардлагатай байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ нь:

1.Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт "Цагдаагийн алба хаагчид ... дараахь зүйлийг хориглоно:" гээд 69.1.8 дахь заалтад "нам, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, улс төрийн үзэл баримтлалыг сурталчлах, дэмжлэг үзүүлэх;" гэж заасны "..., үйлдвэрчний эвлэлийн ..., үйлдвэрчний эвлэлийн ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол ...-ын үүднээс ... олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ..." гэснийг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

2.Монгол Улсын Их Хурлын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн "Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлтийн тухай" 60 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Г.БАЯСГАЛАН

ГИШҮҮД

Ж.ЭРДЭНЭБУЛГАН

Д.ГАНГАБААТАР

Л.ӨЛЗИЙСАЙХАН

О.МӨНХСАЙХАН Э.ЭНХТУЯА

Ц.ЦОЛМОН

Б.БОЛДБААТАР

Р.БАТРАГЧАА