- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 42
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө"-г хавсралтаар баталсугай.
2.Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Байнгын, дэд хороодын саналыг харгалзан жил бүр баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо (Ж.Бат-Эрдэнэ)-нд даалгасугай.
3.Эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах бүх үе шатанд Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний зорилго, зорилтыг шалгуур болгон хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалахад дүн шинжилгээ хийн үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодод үүрэг болгосугай.
4.Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга (Б.Баасандорж)-д даалгасугай:
1/Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд тусгасан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах арга хэмжээний зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгуулах;
2/Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд жил тутам мониторинг, хоёр жил тутамд үр нөлөөний үнэлгээ хийж Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо (Ж.Бат-Эрдэнэ)-нд танилцуулах.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
