A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 181

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ 2028 ОН ХҮРТЭЛ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

Хууль тогтоомжийн тухай хуулийн 7.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүнээс санаачлах хууль тогтоомжийн төсөлд энэ тогтоол хамаарахгүй.

3.Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлд тусгагдаагүй боловч хууль тогтоомжоор зохицуулах зайлшгүй шаардлагатай хууль тогтоомжийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолын биелэлтийг хариуцсан чиглэлийн дагуу зохион байгуулж, баталсан хуваарийг мөрдөж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд, хэрэгжилтийн тайланг нэгтгэн жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд тус тус даалгасугай.

5.Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг Улсын Их Хуралд танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ