- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- "БАНК БУС САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 556
Улаанбаатар хот
"БАНК БУС САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 160 дугаар тогтоолоор баталсан "Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам"-д доор дурдсан агуулга бүхий 2.1.6, 3.15, 3.15.1, 3.15.2, 3.16 дахь хэсэг, заалтыг тус тус нэмсүгэй:
"2.1.6.Байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийн бодлогыг баримталдаг байх;
3.15.Банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлд өр, орлогын харьцааг тооцохдоо Монголбанкнаас баталсан "Өр, орлогын харьцаа тооцох аргачлал"-ыг мөрдөх ба дараах өр, орлогын болон зээл, үнэлгээний зохистой харьцааг хангасан байна:
3.15.1.хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцаа 70 хувиас хэтрэхгүй;
3.15.2.суудлын автомашин барьцаалсан хэрэглээний зээл, үнэлгээний харьцаа 70 хувиас хэтрэхгүй.
3.16.Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс баталсан "Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи"-ийн ангилалд хамаарах банк бус санхүүгийн байгууллагаас олгох ногоон зээлд энэ журмын 3.15 дахь хэсэг хамаарахгүй.
2.Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 160 дугаар тогтоолоор баталсан "Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам"-ын 4.3дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
"4.3.Банк бус санхүүгийн байгууллага харилцагчийн зээлийн эрхийг тооцоолж финтек зээлийн гэрээ байгуулсан даруй зээлийн шугам хэлбэрээр мэдээллийг энэхүү журмын 3.9-т заасны дагуу Зээлийн мэдээллийн санд мэдээлнэ."
3.Мөн журмын 4.4.2 дахь заалтын "2,500,000,000 (хоёр тэрбум таван зуун сая)" гэснийг "5,000,000,000 (таван тэрбум)" гэж өөрчилсүгэй.
4.Энэ тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 527 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
