- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2023 оны 364 дүгээр тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 206
Улаанбаатар хот
ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 211.3, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 28.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрэм, сан бүрдүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулах журмыг батлах тухай" Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 364 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрэм"-ийн 3.3, 4.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/"3.3 дахь заалт:
3.3.Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харилцаа холбооны бодлого зохицуулалтын асуудал хариуцсан нэгж хариуцан зохион байгуулах бөгөөд дараах чиг үүргийг гүйцэтгэнэ:
3.3.1.Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.1-д заасан чиглэлийн хүрээнд сангийн хөрөнгөөр тухайн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ тус бүрийн санхүүжилтийн хэмжээг тусгасан төлөвлөгөө, төсвийн төслийг Хяналтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх;
3.3.2.батлагдсан төлөвлөгөө, төсвийн хүрээнд өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтын ажиллагааг зохион байгуулах;
3.3.3.сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний биелэлтэд хяналт тавих;
3.3.4.Хяналтын зөвлөлийн хуралдааныг зохион байгуулж, Хяналтын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах;
3.3.5.сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг үнэлж, хэрэгжилтийн тайлан гаргах, Хяналтын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх;
3.3.6.сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний мэдээллийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.2-т заасны дагуу олон нийтэд тайлагнаж, мэдээллийг тухай бүр шинэчлэх;
3.3.7.санг төлөөлж бусад байгууллагатай харилцах ажлыг зохион байгуулж, сангийн удирдлагад дэмжлэг үзүүлэх;
3.3.8.шаардлагатай тохиолдолд төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалт, гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллага, хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулах."
2/"4.2 дахь заалт:
4.2.Хяналтын зөвлөл нь дарга, гишүүд, нарийн бичгийн даргатай байна. Сангийн дарга Хяналтын зөвлөлийн гишүүнийг доор дурдсан байгууллагын санал болгосноор 3 жилийн хугацаатай томилж, чөлөөлнө:
4.2.1.харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл 2;
4.2.2.боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл 1;
4.2.3.соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл 1;
4.2.4.оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл 1;
4.2.5.гэр бүл, хүүхдийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл 1;
4.2.6.Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөл 1;
4.2.7.радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл 1;
4.2.8.өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн төлөөлөл 1;
4.2.9.арилжааны телевизүүдийн төлөөлөл 1;
4.2.10.орон нутгийн телевизүүдийн төлөөлөл 1;
4.2.11.олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл 1;
4.2.12.радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл 1."
2.Мөн дүрмийн 3.1 дэх заалтын "цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн" гэснийг "харилцаа холбооны асуудал эрхэлсэн" гэж, 4.1 дэх заалтын "11" гэснийг "13" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Ц.БААТАРХҮҮ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх