- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 185
Улаанбаатар хот
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр дэх "Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааны хүрээнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийг хариуцан хэрэгжүүлэх "Зэс боловсруулах цогцолбор" хязгаарлагдмал хариуцлагатай компанийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулсугай.
(Энэ заалтад Засгийн газрын 2025 оны 154 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
2."Зэс боловсруулах цогцолбор" ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг тогтоосугай.
(Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 154 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
3."Зэс боловсруулах цогцолбор" ХХК-ийн дүрмийг баталж, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ш.Мөнхцэрэн)-д үүрэг болгосугай.
(Энэ заалтад Засгийн газрын 2025 оны 154 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
4."Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Үйлдвэрлэл, технологийн парк төслийн нэгжийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих чиг үүрэг, орон тоо, дэд бүтцийг холбогдох баримт бичгийн хамт "Зэс боловсруулах цогцолбор" ХХК-д шилжүүлэх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг "Эрдэнэс Монгол" ХХК (С.Наранцогт), "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ (Г.Ёндон)-т даалгасугай.
5."Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж, 2025 оны IV улиралд багтаан бүрэн ашиглалтад оруулах арга хэмжээ авахыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ш.Мөнхцэрэн), "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ (Г.Ёндон)-т даалгасугай.
6.Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барьж байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, дүнг 2025 оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ш.Мөнхцэрэн), "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ (Г.Ёндон)-т даалгасугай.
7.Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан аж үйлдвэржилтийн төслүүдийн бэлтгэл хангах хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч, хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, "Эрдэнэс Монгол" ХХК (С.Наранцогт)-д даалгасугай
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх