- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАСНЫ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 208
Улаанбаатар хот
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАСНЫ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төрийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас (gov.mn)-ыг ашиглалтад оруулж, төрийн байгууллагад цахим хуудас ашиглах эрх үүсгэх, мэдээлэл байршуулах ажлыг үе шаттай зохион байгуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цахим хуудсыг ашиглах заавар, аргачлалыг баталж, мөрдүүлэхийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд даалгасугай.
2.Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг "Нээлттэй мэдээллийн систем (shilen.gov.mn)"-тэй уялдуулах арга хэмжээ авахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд даалгасугай.
3.Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудаст мэдээлэл байршуулах, шинэчлэх үйл ажиллагааг хариуцсан салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд удирдан зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, холбогдох сургалтыг зохион байгуулж, мэргэжил, сургалт, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар (П.Батбаатар)-т тус тус үүрэг болгосугай.
4.Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа төрийн байгууллагын вэбсайтад тавигдах стандартыг шинэчлэн батлуулж, мөрдүүлэх арга хэмжээ авахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Ц.БААТАРХҮҮ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх