- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Засгийн газарт чиглэл өгөх тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 52
Төрийн ордон, Улаанбаатар хот
Засгийн газарт чиглэл өгөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төсөв, санхүү, татварын орчныг боловсронгуй болгож олон улсын стандартад нийцүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олгох, бүртгэх, шилжүүлэх, хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө, тэдгээрийн гүйцэтгэл, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг мэдээллийг агуулсан ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлийн мэдээллийн төрөлжсөн цахим санг бүрдүүлж, улсын бүртгэлийн байгууллага, татварын байгууллагатай харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагааг боловсронгуй болгох;
2/нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх босгын хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
3/улсын төсвийн хөрөнгөөр өмнөх онуудад ажил нь эхэлсэн боловч төсөвт өртөг нь нэмэгдэж байгаа барилга байгууламжийн төсөвт магадлал хийх, аудитын дүгнэлт гаргуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, саналаа 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах.
2.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх, үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглал, менежментийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсад нэр хүнд бүхий хуулийн этгээдтэй хамтран тэдгээрийн засаглалын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, үр дүнг тайлагнах;
2/төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэлийг харгалзан бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах асуудлыг судалж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хуулийн этгээдийг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах;
3/төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах асуудлын талаар холбогдох санал боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
4/Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн мэдээллийг нийтэд мэдээлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох;
5/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх;
6/Төрийн банк болон санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцсэн ногоон хөгжлийг дэмжих тусгайлсан чиг үүргээр шинэчлэн зохион байгуулж, агаар, орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, хөтөлбөр, хэрэглээг урамшуулан дэмжсэн санхүүгийн бүтээгдэхүүний төрөл, хүртээмж, санхүүжилтийг нэмэгдүүлэх.
3.Төсвийн ил тод, үр ашигтай байдал, санхүүгийн хяналт, хариуцлагыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авч, холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг 2025 оны хоёрдугаар улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/"бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр, хураамж" гэсэн тухайн төрийн байгууллагын өөрсдөө хийх боломжгүй, тусгай мэргэшил, ур чадвар шаардагдах, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээг тухайн ажлын төрөл, цар хүрээ, мэргэжлийн ур чадвар, зах зээлийн үнэлгээнд үндэслэн Засгийн газрын санхүүгийн статистик гаргах аргачлал, загварт нийцүүлж, зардлын эдийн засгийн зүйл болон зориулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний ангиллаар нарийвчлан тодорхойлох, цаашид жилийн төсвийн тухай хуулийн тооцооллын хавсралтад нэмэлтээр тусгах;
2/төсвийн төслийг боловсруулахдаа төсвийн ерөнхийлөн захирагчид "бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр, хураамж" болон "бусад зардал" гэсэн зардлын ангиллаар төсөв зарцуулах болсон зайлшгүй шаардлага, гарах үр дүн, үр ашгийг тооцож байх;
3/олон улсын сайн туршлагад үндэслэн гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд хуулиар хязгаарлалт тогтоох, уг зардалд тавих шаардлагыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөнд тусгах, аудитын тайлангаар баталгаажуулах, олон нийтэд нээлттэй мэдээлэх асуудлын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох.
4.Төрийн байгууллагуудын мэдээллийн систем, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын программ хангамж, тоног төхөөрөмжийн худалдан авалт, ашиглалтыг сайжруулах, төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, салбар хоорондын цахимжилтыг нэгдсэн удирдлагаар хангах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/төрийн байгууллагуудад ашиглаж байгаа мэдээллийн систем, программ хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалтын өнөөгийн байдал болон кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдалд аудит хийж тайланг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах.
5.Нийслэл Улаанбаатар хотоос шилжин байрших боломжтой төрийн байгууллагуудыг орон нутаг дахь төрийн болон орон нутгийн өмчийн барилга, байгууламжид байрлуулах, нийслэлд чөлөөлөгдөх барилга байгууламжийн тоо байршил, зориулалтыг судлан жагсаалт гаргаж, Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд холбогдох Байнгын хороонд танилцуулж, шийдвэр гарсны дараа тэднийг худалдах, худалдан авах ажиллагааг зохион байгуулах.
6.Төсвийн зардлыг шууд нэмэгдүүлж, төсвийн тэнцэлд сөргөөр нөлөөлж байгаа хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжуудыг нэгтгэн судалж, 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах.
7.Төсвөөс олгож байгаа бүх төрлийн татаас, урамшууллын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөлд судалгаа, шинжилгээ хийж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, төсвийн ачааллыг бууруулах зорилтуудыг уялдуулах санал боловсруулж, 2025 оны хоёрдугаар улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах.
8.Хууль тогтоомжид зааснаас бусад яамдын чиг үүрэгтэй давхацсан зөвлөл, хороо, комисс, төвүүдийг татан буулгаж, чиг үүргийг холбогдох яамдад шилжүүлэх.
9.Цэвэр эрчим хүч үйлдвэрлэх, хогноос сэргээгдэх эрчим хүч гаргаж авах асуудлыг зохицуулах, ногоон эрчим хүч, эдийн засгийг дэмжих хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх.
10.Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулж, холбогдох хууль тогтоомжийг Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх.
11.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Ц.Даваасүрэн/, Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд тус тус даалгасугай.
12.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх