A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ДҮРЭМ
Бүлэг: 1979

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаар тушаалын хавсралт

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ

 

Барилгын үйлдвэрлэлийн ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДал, эрүүл ахуйн ДҮРЭМ

Regulations on Occupational Safety and Health in Construction

 

  1. Хамрах хүрээ
    1.    Энэхүү барилгын норм ба дүрмийг  барилгын үйл ажиллагаанд оролцогч  хөрөнгө оруулагч, захиалагч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч гүйцэтгэгч иргэн, хуулийн этгээд заавал дагаж мөрдөнө.  
    2.    Барилгын үйл ажиллагаанд оролцогч, хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, иргэн, хуулийн этгээд нь энэхүү норм дүрмээр тогтоосон шаардлагын зэрэгцээ энд заагаагүй нэр төрлийн ажил гүйцэтгэхэд тухайн ажлын онцлогт нийцүүлэн боловсруулж эрх бүхий байгууллагаас баталсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг дагаж мөрдөнө.  
  2. Норматив Эшлэл

Энэхүү норм ба дүрэмд эшлэл татсан норматив баримт бичгийн жагсаалтыг 7 дугаар хавсралтаас  үзнэ.  

  1. НЭР ТОМЬЁО, ТОДОРХОЙЛОЛТ

   Энэхүү норм ба дүрэмд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай", "Хөдөлмөрийн тухай", "Барилгын тухай", "Галын аюулгүй байдлын тухай", "Эрүүл ахуйн тухай", "Гамшгаас хамгаалах тухай" хууль, "Техникийн зохицуулалт", ХАБЭА-н олон улсын ба үндэсний стандартууд, барилгын норм ба дүрэм (БНбД), Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын 138, 155, 167 дугаар конвенцод заасан нэр томьёо ба тодорхойлолтыг хэрэглэсэн.

  1. Ерөнхий зүйл
    1.    Барилгын үйл ажиллагаанд оролцогч хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, иргэн, хуулийн этгээд нь барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагуудыг ханган биелүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хяналт тавих, улмаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог бүрдүүлэх, байгууллагын ажилтны эрүүл мэнд, амь насыг хамгаалах, түүнчлэн нийтийн болон гуравдагч этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхлыг хамгаалахад дараах хууль тогтоомж, стандарт, норм, нормативын баримт бичгийг мөрдөнө. Энэ норм дүрмээс гадна:

-   Монгол Улсын "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай", "Барилгын тухай" хууль болон, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенциуд, тэдгээрийн зөвлөмжүүд, ба бусад холбогдох хуулиуд;

-   Үндэсний ба Олон улсын стандартын байгууллагын хүчин төгөлдөр стандартууд, тэдгээрийн шаардлагад нийцүүлэн боловсруулсан баримт бичиг;

-   Барилгын үйл ажиллагааг зохицуулж буй норм, нормативын баримт бичгүүд;

-   Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, үйл ажиллагаандаа мөрдөж буй аж ахуйн нэгж, байгууллагын дотоод дүрэм, журам, заавар, бусад баримт бичиг.

4.2.      Барилгын ажил эхлэхийн өмнө хөрөнгө оруулагч, захиалагч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгчид нь хамтран "Барилгын ажлыг гүйцэтгэх үед үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээний хамтарсан төлөвлөгөө"-г 1 дүгээр хавсралтын дагуу боловсруулан мөрдөнө. Энэхүү төлөвлөгөө нь ажил гүйцэтгэх гэрээний гол хавсралт бөгөөд уг төлөвлөгөөг захиалагч, ерөнхий гүйцэтгэгч байгууллагын захирлууд батална.

4.3.      Энэхүү төлөвлөгөөний арга хэмжээ тус бүрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын төсвийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон  барилгын төсөв зохиох дүрмийн дагуу тооцож, хөрөнгө оруулагч, захиалагч талаас төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч талын гэрээт ажлын төлбөрт нэмэлтээр тусган санхүүжүүлж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллана. Хэрэв захиалагч болон төсөл хэрэгжүүлэгч, ерөнхий гүйцэтгэгч нь тухайн төсөлд туслан гүйцэтгэгч хуулийн этгээдтэй хамтран ажилласан тохиолдолд мөн адил хамаарна.

4.4.      Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан төсөлд оролцогчид нь төслийн талбай болон үйлдвэрлэлийн орчинд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор барилгын ажлыг эхлүүлэхдээ 3 дугаар хавсралт заасан шаардагдах баримт бичгийн бүрдлийг хангасан байна.  

4.5.      "Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт" БНбД12-01-09 норм дүрэмд  зааснаар барилгын үйлдвэрлэлийн технологи зохион байгуулалтын баримт бичгүүдийг "Барилгын үйлдвэрлэлийн технологи зохион байгуулалтын баримт бичиг боловсруулах заавар" БД12-104-11-ын дагуу боловсруулж, эдгээр баримт бичигт барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагуудыг тусгаж, төсөл хэрэгжүүлэгч талууд ажил эхлэхийн өмнө харилцан зөвшилцөж, баталгаажуулна.

4.6.      Төсөл хэрэгжүүлэгч талууд ажил гүйцэтгэх, бэлтгэн нийлүүлэх, түрээсийн ба бусад ажил үйлчилгээний гэрээндээ  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хүлээх үүргийг хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль, тогтоомжид нийцүүлэн тусгайлан тодорхойлсон байна. Төсөл хэрэгжүүлэгч талууд нь энэхүү норм ба дүрмийн шаардлагыг зөрчвөл хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

4.7.      Энэхүү дүрмийн 1 болон 3 дугаар хавсралтад заасан  холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлснээр барилгын ажил эхлүүлэх бэлтгэл ажил хангагдана.

4.8.      Барилга, объект, үйлдвэрлэл, ариун цэвэр, ахуй үйлчилгээний барилга байгууламж, барилгын талбай, ажлын хэсэг, ажлын байр нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байна.  Бэлтгэл ажлууд нь барилгын ажил эхлэхээс өмнө бүрэн хийгдэж дууссан байна.

4.9.      Захиалагч, гүйцэтгэгч талуудын хооронд энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын дагуу барилгын үе шатны ажлыг эхлүүлэх акт, барилгын талбайн гадна, дотор бэлтгэл ажлын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн эсэхийг дүгнэсэн актыг үйлдэнэ.

4.10.  Барилгын ажил эхлүүлэх бэлтгэл ажлаа хангасан төсөл хэрэгжүүлэгч, захиалагч, гүйцэтгэгчид нь харьяа нутаг дэвсгэрийн барилга байгууламжийн техникийн улсын хяналтыг хэрэгжүүлэгч барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр мэдэгдэнэ.

4.11.  Төслийн явцын хяналтыг барилга байгууламжийн техникийн улсын хяналтыг хэрэгжүүлэгч барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

4.12.  Гэрээт ажил дуусгавар болоход хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгчид нь  хамтран "Барилгын ажлыг гүйцэтгэх үед үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээний хамтарсан төлөвлөгөө"-ний биелэлтийг дүгнэж, 2 дугаар хавсралтын дагуу тайлагнаж, үр дүнг тооцон гэрээг дүгнэнэ.

4.13.  Насанд хүрээгүй хүмүүс, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хязгаарлалтыг хүчинтэй эрх зүйн актыг үндэслэн тогтоож, хууль тогтоомжоор заасан хязгаарлалтыг мөрдлөг болгоно.

4.14.  Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчийг үйлдвэрлэлийн орчинд дагалдуулан сургах, ур чадвар эзэмшүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон, байгаль орчинд ээлтэй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан орчныг бүрдүүлнэ.

4.15.  Тухайн орон нутаг, бүс нутгийн байгаль цаг уурын онцлогоос хамаарч салхины хурд нэмэгдэх, хэт халах, хэт хүйтрэх, цочир хүйтрэх, газар хөдлөлт, гал түймэр, үер, хүн, малын гоц халдварт өвчин гарч онцгой байдал тогтоосон үед барилгын ажил гүйцэтгэх, үргэлжлүүлэх үйл ажиллагааг тухайн орон нутгийн төрийн захиргааны байгууллага, эсвэл онцгой байдлын байгууллагын шийдвэрээр зохицуулна.

  1. Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ерөнхий шаардлага
    1. Үйлдвэрлэлийн орчинд тавигдах шаардлага
      1. Барилгын үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх орчин нь нийтийн эзэмшлийн талбай болон автозам, төмөр зам, далан суваг, орон сууц, албан байгууллага зэрэг барилга байгууламжуудаас тусгаарлагдсан стандартын шаардлага хангасан хамгаалалтын түр хашаатай байна.
      2. Барилгын талбай руу орох хаалганы дэргэд талбайн доторх зам, материал хийц хэсэг, бүтээцийг хураах газрыг заасан орц, гарц, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, цахилгаан усан хангамжийн объектын тойм зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ зэргийг тусгасан мэдээллийн самбарыг заавал байрлуулсан байна.
      3. Барилгын талбай доторх автомашины зам нь "Монгол улсын авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм", авто замын норм стандарт, шаардлагад нийцсэн, замын хөдөлгөөнийг зохицуулсан зохих тэмдгүүдийг байрлуулсан байна.
      4. Төслийн талбай дээр барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зураг, төслийн удирдлагын байр, ахуйн байр, хооллох байр, эмнэлгийн байр, орох, гарах гарц, хориотой бүс, цугларах талбай, материал бэлдэц хураах талбай, хогийн болон тамхины цэг, барилгын хог хаягдлыг ангилах цэг, машины зогсоол, тэмдэг тэмдэглэгээг эмх цэгцтэй байрлуулсан байна.  
      5. Барилгын ажлын талбайн харуул хамгаалалт, холбоо дохиоллын системийг шаардлагын хэмжээнд суурилуулж, үйлдвэрлэлийн талбайд ажил гүйцэтгэх эрх бүхий ажилтнуудыг бүртгэх мэдээллийн систем нэвтрүүлж, зөвшөөрөл бүхий ажилтан нэвтрэх тогтолцоог бүрдүүлсэн байна. Алс зайтай байрласан байр, талбай, хэсэг, ажлын байрыг найдвартай ажиллагаа бүхий холбоо, мэдээллийн хэрэгслээр хангасан байна.
      6. Хэт халуун эсвэл хүйтэн, салхитай, хур тунадастай шороо тоостой задгай газар, халаалтгүй ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг эрүүл ахуйн болон халдвар хамгааллын шаардлага хангасан түр амрах, дулаацах ахуйн байраар заавал хангана.
      7. Төслийн талбай бүр төслийн ажлын үргэлжлэх хугацаа болон ажилтны тооноос хамаарч дараах хэрэгслээр хангагдсан байна. Үүнд:

-  Эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усны хангамж;

-  хоол үйлдвэрлэлийн газар;

-  сургалт, зааварчилгаа явуулах байр;

-  ариун цэврийн болон угаалгын өрөө, (эрэгтэй, эмэгтэй тусдаа өрөөгөөр хангагдсан байх);

-  хувцас солих болон хадгалах хэрэгсэл;

-  ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг угааж цэвэрлэх, ариутгах угаалгын өрөө, тоног төхөөрөмж;

-  стандартын шаардлагад нийцсэн, байгаль орчинд бохирдолгүй  ариун цэврийн байгууламж, бохирын худаг. 

5.1.8       Үйлдвэрлэлийн талбай, нэгжийн ажлын байр, зам талбай, орц, гарцыг шөнийн цагт зохих стандартын шаардлагад нийцүүлэн гэрэлтүүлсэн байна. Гэрэлтүүлэг нь ажилтнуудын эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрэн хангахуйц, бүх талбайг жигд, нүд гялбахгүйгээр тод гэрэлтүүлж байх ёстой. Гэрэлтүүлэггүй газар ажил гүйцэтгэхийг хориглоно.

5.1.9       Оршин суугчид олноор суурьшсан нутаг дэвсгэр буюу төсөл хэрэгжүүлж буй үйлдвэрлэлийн орчинд хүнхээл, нүх, суваг, шуудуу ухах зэрэг газар шорооны ажил гүйцэтгэхдээ хүмүүсийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй газруудад тухайн байршлын онцлогт нийцүүлсэн хаалт, хамгаалалт хийнэ. Нүх, суваг, шудуу дээгүүр хөндлөн гарах газруудад 0.15м зузаан үргэлж тавцантай, тавцангаасаа 0.5м өндөрт нэмэлт хаалттай, хоёр талдаа 1.1м–ээс багагүй өндөр хашлагатай, 1м–ээс багагүй өргөн гүүрэн гарц байрлуулж өгнө.

5.1.10  Ажлын байр хүртэлх (ажлын байранд байх) гарц нь дараах шаардлагыг  хангасан байна. Үүнд:

-   Ажлын байр хүртэлх (ажлын байранд байх) замын өргөн 0.6м–ээс багагүй, өндөр нь 1.5м–ээс намгүй байна.

-   5м–ээс дээш өндөрт байрлах ажлын байр руу ажилтнуудын өгсөх, уруудахад зориулагдсан шат буюу бариул нь уналтаас хамгаалах бүсний аргамжааг бэхлэх тоноглолтой байна.

5.1.11  1.5 м–ээс дээш өндөрт барилгын бүх төрлийн угсралт, буулгалт, дээврийн ажил гүйцэтгэхэд өндрөөс унаж болзошгүй бүсийн ирмэгээс 2м–ээс багагүй зайтайгаар ажлын байр болон тэрхүү ирмэг рүү хүрэх замыг хамгаалах хаалтаар тусгаарлан хашна. Тусгаарлах хаалт, хашилт дээр анхааруулах, хориглох, сануулах, заах санамж тэмдэг байрлуулсан байна.

5.1.12  Хучилтын түвшинд нэг талын ханаас 0.7м–ээс багагүй зайтай нүх болон нүх рүү унаж бэртэх эрсдэлтэй орчинд түүнийг хааж хамгаална.

5.1.13  Хамгаалалтын хаалт, хашлагыг хэрэглэх боломжгүй үед ажил гүйцэтгэх зөвшөөрлийг үндэслэн уналтаас хамгаалах хэрэгсэл–өндрийн бүсийг ашиглан ажил гүйцэтгэхийг зөвшөөрнө. Барилгын дээврийн налуу 20°–аас их нөхцөлд ажилтныг уналтаас хамгаалах бүс хэрэглүүлж ажиллуулна. Уналтаас хамгаалах бүсийг бэхлэх үл хөдлөх цэгийг ажил удирдаж буй инженер–техникийн ажилтан тогтоон, зааж өгсөн байна.

5.1.14  Ажлын байр нь давхар хоорондын хучилт дээр байрлаж байгаа үед тэнд хураалттай материал, ашиглаж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон ажилтнуудын жингийн хучилтад үзүүлэх нийлбэр ачаалал нь барилгын даацын бүтээцийн бодит байдлыг тооцож зураг төсөлд урьдчилан заасан тооцоот ачааллаас хэтрэхгүй байна.

5.1.15  Өндөрт ажил гүйцэтгэж байгаа үед барилгын бүх талд хамгаалалтын тор татаж барилгыг битүүлэн хаах ба барилгын доод хэсэгт аюултай бүсийг тооцож тусгаарлалт хийсэн байна. Барилгын өндрийн 2–3 давхар тутамд уналтаас хамгаалах зориулалттай 3.5м–ээс багагүй өргөнтэй хамгаалалтын төхөөрөмж (дэвсгэр, банз, тор, саравч, хамгаалалтын хүрээ) угсарч байрлуулна.

5.1.16  20°–аас дээш налуутай дээвэр, түүнчлэн ажилтнуудын биеийн жинг тооцоогүй үед хучилттай дээвэр дээр ажил гүйцэтгэж байгаа ажилтнуудад зориулж хөл тулах хөндлөвчтэй, 0.3м–ээс багагүй өргөн шатыг хөдөлгөөнгүй бэхэлж байрлуулна. Аюулаас сэргийлэх шаардлагатай байгууламжийн өндөр, налуу нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм дүрэмд заасан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд ажилтан болон багаж хэрэгсэл, бусад зүйл, эд материал унахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. 

5.1.17  Гаднаас удирдан ажиллуулах зориулалттай тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа үед оператортай холбогдож ажиллах холбооны хэрэгсэл, тоноглолоор бүрэн хангасан байна. Алсаас төхөөрөмжийг залгаж, хөдөлгөхдөө урьдчилан сануулах дуут болон гэрлэн дохиог өгч, тоног төхөөрөмжийн үйлчилгээний байрнаас залгаж болох тухай хариу дохио хүлээж авсны дараа залгана. Дохионы хэрэгсэл (хонх, гэрэл, дуут дохио)-үүд нь механик гэмтлээс хамгаалагдсан, ашиглаж буй ажилтнуудын ажлын бүсэд найдвартай сонсогдох ба үзэгдэх орчинд байрласан байна.

5.1.18  Ажлын аюулын дүн шинжилгээгээр үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн нөлөөлөл бүхий бүсийг тогтоож, хаалт, хамгаалалтаар тусгаарлан, анхааруулах, сануулах, хориглох  дохио тэмдэг, санамжийг байрлуулна.

5.1.19  Аюултай хүчин зүйлийн нөлөөлөл тохиолдож болзошгүй бүсэд дараах ажлын байрууд болон үйлдвэрлэлийн орчинд гүйцэтгэж буй ажил үүргүүд хамаарна. Үүнд:

-       барьж байгаа барилга, байгууламжийн үйл ажиллагааны талбай, гадна орчин;

-       цахилгаан тоног төхөөрөмжийн хаалт, хамгаалалт, тусгаарлалтгүй хэсэг;

-       цахилгаан шугам сүлжээний хамгаалалтын бүсэд барилгын ажил гүйцэтгэх, машин механизм, тоног төхөөрөмж ажиллуулах, суурилуулах явцад цахилгаан гүйдэлд нэрвэгдэж болзошгүй газар;

-       1.5 м ба түүнээс дээш өндөрт байрлаж буй хамгаалалтгүй ажлын байрууд;

-       эд зүйл дээрээс унаж болзошгүй газар;

-       хязгаарлагдмал орчинд хийгдэж буй төрөл бүрийн ажлууд;

-       өндөр хэмийн ажлууд;

-       шат угсрах, буулгах ажлууд;

-       өргөх, зөөх механизмыг угсрах, буулгах ажлууд, тэдгээрийг ашиглах ажлууд;

-       цахилгаан шатны хонгил, салхивч, агааржуулалтын нүх зэрэг хүн унах эрсдэлтэй хэсгүүд;

-       суурь, далангийн газар шорооны ажлууд;

-       гадна шугам хоолойн угсралтын ажлууд;

-       хөдөлгөөнтэй машин, механизмаар гүйцэтгэх ажлууд;

-       нэг үе шатны ажил дахь хийц хэсэг, бүтээц, тоног төхөөрөмжийг угсрах (задлах, буулгах) ажил хийгдэж байгаа барилга, байгууламжийн давхрууд;

-       машин механизм, тоног төхөөрөмж, тэдгээрийн эргэлдэх, буцах давших хөдөлгөөнтэй эд ангийн шилжилтийн бүсүүд;

-       кран, өргөх төхөөрөмжөөр ачаа өргөх, зөөх, тээвэрлэх, шилжүүлж байгаа орчны газрууд;

-       хийц бүтээц хураасан эд зүйлс нурж болзошгүй газар;

-       шаардлагатай бусад газар

5.1.20  Үйлдвэрлэлийн хортой хүчин зүйлсийн нөлөөлөлд өртөж болзошгүй бүсэд дараах ажлын байрууд болон үйлдвэрлэлийн орчинд гүйцэтгэж буй ажил үүргүүд хамаарна. Үүнд:

-       ажил явагдаж байгаа бүсийн агаар дахь хорт бодисын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их байж болох ажлын байр, орчин;

-       газар ухах болон тэсэлгээний ажил хийх газар;

-       гал түймэр гарах, тэсэрч дэлбэрч болзошгүй  эд материал суурилуулсан, хадгалсан, эсвэл тэдгээрээр ажил гүйцэтгэх газар;

-       ажил гүйцэтгэх хязгаарлагдмал орчин;

-       химийн болон шатах, тослох материалын хаягдал, үлдэц хадгалах газар;

-       шаардлагатай бусад газар.

5.1.21  Үйлдвэрлэлийн аюултай болон хортой хүчин зүйлсийн нөлөөлөлд өртөж болзошгүй ажлын байрууд болон үйлдвэрлэлийн орчинд гүйцэтгэж буй ажил үүргүүдийг дээрх жагсаалтаар хязгаарлахгүй.

5.1.22  Үйлдвэрлэлийн аюултай болон хортой хүчин  зүйлсийн нөлөөлөлд өртөж болзошгүй ажлын байранд ажил гүйцэтгэх ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг баталгаажуулсны дараа ажил гүйцэтгэх зөвшөөрлийг олгоно.

5.1.23  Дээрх зөвшөөрлийг Хавсралт 5-ын дагуу төслийн захиалагч, төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч, хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтны тушаалаар томилогдсон ажил удирдан гүйцэтгэх (барилгын талбай, төслийн гүйцэтгэгчийн инженер техникийн ажилтан, тухайн ажлыг хариуцсан ахлагч) ажилтан байна.  

5.1.24  Дээрх ажлыг эхлэхийн өмнө ажил удирдан гүйцэтгэгч нь ажилтнуудад аюулгүй ажиллагааны заавартай танилцуулж, ажил үүргийг гүйцэтгэхэд мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч, зааварчилгаа өгсөн, авсан ажилтнууд харилцан гарын үсэг зурж баталгаажуулна.

5.1.25  Ажлын онцлогтой холбоотойгоор үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн үйлчлэлд ажиллаж байгаа ажилтнуудад аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдах ба энэхүү ажлыг зөвхөн мэргэжлийн ур чадвар эзэмшсэн, эрүүл мэндийн хувьд тэнцэх, нэгээс доошгүй жилийн ажлын дадлага туршлагатай, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдан шалгалт өгч тэнцсэн, холбогдох мэргэжлийн үнэмлэхтэй 18–аас дээш настай ажилтныг ажиллуулна.

5.1.26  Анх удаагаа үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөлөл бүхий ажлын байранд ажиллахаар ажил гүйцэтгэх зөвшөөрөл авсан ажилтныг аж ахуйн нэгж, байгууллагын эрх бүхий албан тушаалтны тушаалаар томилогдсон туршлагатай ажилтны байнгын хяналтын дор 3 сар хүртэлх хугацаанд дагалдуулан ажиллуулж дадлагажуулна.

5.2    Үйлдвэрлэлийн үндсэн болон суурин тоног төхөөрөмж, хэрэгслийг хамтран эзэмших, ашиглахад тавих шаардлага.

5.2.1       Барилгын ажлын талбайд хэрэглэгдэж буй бүх төрлийн машин механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байна.

5.2.2       Машин механизм, тоног төхөөрөмж, цахилгаан ба хийн хөтлүүр бүхий гар багаж, технологийн тоноглолын ашиглалтыг  ажил эхлэхээс өмнө аюулгүй зөв зохион байгуулсан байна.  

5.2.3       Төслийн захиалагч, гүйцэтгэгч нь барилгын ажил эхлэхээс өмнө барилгын ажлын талбай руу татаж оруулсан цахилгаан дамжуулах агаарын ба кабель шугам, суурилуулсан цахилгаан тоноглолууд, барилгын төрөл бүрийн машин, механизм, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд саад болохгүй байх нөхцөлийг хангасан байна.

5.2.4       Барилгын машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, тэдгээрийн бүрдэл хэсэг (операторын ажиллах байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл), техникийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагаа, ашиглалтын аюулгүй байдлыг тухайн эд хөрөнгийг эзэмшигч, ашиглагч байгууллага, харин тэдгээрийг түр хэрэглүүлэх (түрээс)–ээр шилжүүлсэн үед түрээслэгч байгууллага (хувь хүн) хариуцна. 

5.2.5       Машин, механизм, тоног төхөөрөмжийг эзэмшигч ба ашиглагч нь тэдгээрийг ажиллуулах, техникийн үйлчилгээ, засвар хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттой байна.

5.2.6       Машин, механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа эрх бүхий хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байна.

5.2.7       Машин механизм, тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, засвар, тохируулгыг техникийн баримт бичигт заасан хугацаанд тогтмол хийж, баримтжуулна. 

5.2.8       Машин механизм, тоног төхөөрөмжийг бусдад шилжүүлэхдээ ашиглалтын паспорт, гэрчилгээний хамт шилжүүлнэ.

5.2.9       Машин, тоног төхөөрөмж, үйлдвэрийн барилга, байгууламжийг ашиглах, ажлын байрыг зохион байгуулахдаа ажилтнуудад үзүүлэх хортой нөлөөлөл болон дууны хэт ихэссэн түвшинг бууруулах, арилгах дараах аргуудыг хэрэглэвэл зохино. Үүнд:

-   тоног төхөөрөмж, техникийн хэрэгсэл (машины дуу үүсгэгч эх үүсвэрийн дууг багасгах, ажлын байранд дууны даралтын төвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс илүүгүй байх технологи арга ажиллагааг хэрэглэх г.м)

-   барилгын норм ба дүрмийн дагуу дуу авианы хэмжээг тогтоосон түвшинд барих арга хэмжээг авах;

-   дуу чимээ ихтэй машин, төхөөрөмжүүдийг алсаас удирдах, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангах;

-   зохион байгуулалтын арга хэмжээ (ажил, амралтын зохистой горимыг тогтоон мөрдөх, дуу чимээтэй нөхцөлд байх хугацааг богиносгох, эмчилгээ, сувилгаа болон бусад арга хэмжээ) авах.

5.2.10       Дууны төвшин 85 децибелээс дээш байх ажлын бүсэд анхааруулах, хориглох, сануулах, санамж, тэмдэг байрлуулсан байна.  Эдгээр бүсэд нэг бүрийн хамгаалах хэрэгсэлгүйгээр ажиллахыг хориглоно.

5.2.11       Дууны даралтын төвшин өндөр, 135 децибелээс дээш байгаа бүсэд ажиллахыг хориглоно.

5.2.12       Доргион, чичиргээ үүсгэгч үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь MNS 6770:2019, MNS 6769:2019 стандартын шаардлагыг хангасан байвал зохино.

5.2.13       Доргион чичиргээнээс ажилтанд үзүүлэх хортой нөлөөллийг арилгахын тулд дараах арга хэмжээг авбал зохино. Үүнд:

-       хийц, бүтээцийн болон технологийн арга хэмжээгээр доргион чичиргээг үүсгэгч эх үүсвэрийг бууруулах;

-       доргион чичиргээ тархах замд тусгаарлах, шингээх хэрэгслүүд тавьж багасгах;

-       ажлын байранд доргилтын долгион дамжих нөхцөлийг арилгах алсын удирдлага нэвтрүүлэх;

5.3    Барилгын үйлдвэрлэлийн талбайн цахилгааны аюулгүй байдалд тавих шаардлага

5.3.1       Цахилгааны тоног төхөөрөмж нь удирдлага, дохиолол, хаалт, хамгаалалттай, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгслээр бүрэн тоноглогдсон байна.

5.3.2       Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг хангаж, тэдгээрийг зураг төслийн дагуу угсарч, газардуулга, газардуулгын даацын баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, хянан баталгаажуулсан байна.

5.3.3       Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд тавигдах дээрх шаардлагыг хангаагүй машин, механизм, тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно.

5.3.4       Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг уг ажлыг гүйцэтгэж буй байгууллага (хувь хүн) бүрэн хариуцна.

5.3.5       Цахилгаан техник, технологийн тоног төхөөрөмжийг ажиллуулагчид нь цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг мөрдөнө. "Цахилгаан тоноглолын ашиглалт, үйлчилгээг "Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын дүрэм", "Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын аюулгүй ажиллагааны дүрэм", "Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм", "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм", "Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм"-ийн шаардлагын дагуу гүйцэтгэнэ.

5.3.6       Үйлдвэрлэлийн талбай дахь цахилгаан эрчим хүчний байнгын ба түр сүлжээний техникийн үйлчилгээг цахилгааны аюулгүй ажиллагааны зохих мэргэжлийн зэрэг бүхий ажилтнууд болон эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж (байгууллага)–ээр гүйцэтгүүлнэ.

5.3.7       Цахилгаан шугам сүлжээ, цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын ажилд ашиглагдаж байгаа хэмжилтийн багаж хэрэгсэл, ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл (малгай, бээлий, углааш, дөрөө, бүс г.м)–үүд туршилтад хамрагдаж баталгаажуулагдсан байна.

5.3.8       Барьж буй барилгын 1000В хүртэлх хүчдэлийн цахилгаан хангамжид ашиглагдах цахилгааны самбар, түр тэжээлийн кабель нь тусгаарлалт сайтай, эсвэл тулгуур дээгүүр дамнуулан байрлуулах буюу кабелийн таталт, механик бат бэхийг тооцоолсон, газар, шалны түвшнээс дээш, доор зааснаас багагүй өндөрт байрлуулна. Үүнд:

  1. Гарцын дээгүүр – 3.5м
  2. Автомашины зам дээгүүр – 6.0м
  3. Ажлын байрны дээгүүр – 2.5м
  1.    Шаардлагатай газарт аюул ослоос урьдчилан сэргийлэх санамж тэмдгийг байрлуулбал зохино.
  2. Ерөнхий гэрэлтүүлгийн 127В ба 220В хүчдэлийн гэрэлтүүлэгчийг шал, шат, вандангийн төвшнөөс 2.5м–ээс багагүй өндөрт байрлуулбал зохино. Гэрэлтүүлэгчийг 2.5м–ээс бага өндөрт байрлуулах нөхцөлд тусгай хийцийн гэрэлтүүлэгч хэрэглэх, эсвэл 42В–оос илүүгүй хүчдэл ашиглана. 42В хүртэлх хүчдэлийн гэрэлтүүлэгчийг тогтмол гүйдлийн батарей, машины хувьсгуур буюу бууруулагч трансформатораас тэжээхээр гүйцэтгэж болно. Дээр дурдсан нөхцөлүүдэд автотрансформатор, дроселль (индукцийн ороомог), хувьсгуур (реостат) хэрэглэхийг хориглоно. Бууруулагч трансформаторын эх бие, хоёрдогч ороомгийг газардуулсан байна. Гар чийдэнг орлуулан суурин гэрэлтүүлэгч хэрэглэхийг хориглоно. Зөвхөн үйлдвэрийн аргаар бэлтгэгдсэн зориулалтын гар чийдэн, гэрэлтүүлэгч хэрэглэнэ.
  3. Ил задгай буюу чийглэг орчинд ашиглах залгуур, унтраалга болон угсралтын бусад цахилгаан хэрэгсэл нь үйлдвэрлэгч орныхоо стандартын шаардлагын дагуу хамгаалалттайгаар хийгдсэн байна. Үйлдвэрлэлийн талбайд стандартын шаардлага хангахгүй, зориулалтын бус цахилгаан дамжуулах кабель шугам хэрэглэсэн, тусгаарлагч гэмтсэн, муфт (холбох хэрэгсэл) хийгдээгүй, өөр төрлийн, судлын хөндлөн огтлол, судлын металл нь ялгаатай кабелиудыг хооронд нь залгаж хэрэглэхийг хориглоно.
  4. Цахилгааны самбар, тэдгээрийн тоноглолуудыг гаднын хүн дур мэдэн ашиглах, ажиллуулахыг хориглож урьдчилан сэргийлэх, арга хэмжээг авна. Залгах төхөөрөмжийн цахилгаан гүйдэл, ачааллыг хэтрүүлэхийг хориглоно.
  5. Хуваарилах самбар, залгуурууд нь цоожтой, зориулалтын бусаар залгах, салгах боломжийг хязгаарласан байна. Хуваарилах самбар дээр цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэх анхааруулах, хориглох санамж, тэмдэг байрлуулахын зэрэгцээ мөнхүү самбарыг хариуцагч цахилгаан техникийн ажилтны овог нэр, албан тушаал, гар утасны дугаарыг бичсэн байна.
  6. Тасалгааны гадна ба дотор ашиглах гар багаж зэрэг зөөврийн цахилгаан төхөөрөмж нь 20А хүртэлх гүйдлийн залгууртай, 30А–аас илүүгүй гүйдэлд тооцоологдсон хамгаалалтын салгах төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Эсхүл залгуур тус бүр нь 42В–оос илүүгүй хоёрдогч ороомгийн хүчдэлтэй хуваарилагч трансформатораас тэжээгдэж байвал зохино.
  7.  42В хүртэлх хүчдэлтэй сүлжээнд ашиглах залгуур нь 42В-оос илүү хүчдэлд ажиллах залгуурын хийцээс бүтцийн хувьд ялгаатай байна.
  8. Барилгын металл шат, ажлын байрны металл хайс, хашлага, цахилгаан дамжуулах кабель шугамыг хөндийрүүлэх ивүүр, ховил, цахилгаан хөтлүүр бүхий тээврийн хэрэгсэл, цамхагт өргүүрийн зам төмөр, тоног төхөөрөмжийн эх бие, цахилгаанаар ажиллах машин, механизмууд нь цахилгаан байгууламжийн дүрмийн дагуу газардуулгын байгууламжид холбогдсон байна.
  9. Цахилгаан тоноглолын гүйдэл хүлээн авагч хэсгүүд нь тусгаарлагдсан, хайс хашлагаар хашигдсан байх буюу тохиолдлоор тэдгээрт шүргэх, хүрэх боломжгүйгээр хамгаалагдсан байна.
  10. Барилгын талбайн цахилгаан шугам сүлжээ болон цахилгаан тоноглолыг хэт ачааллын гүйдлээс хамгаалах гал хамгаалагч буюу автомат салгуураар тоноглосон байна.
  11. Цахилгаан тоноглолоор ажил гүйцэтгэж буй барилгын аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд аюулгүй ажиллагааны ба мэргэжлийн мэдлэг, ур чадварын ээлжит сургалтад хамрагдаж шалгалт өгч тэнцсэн байна. Тухайн ажлыг гүйцэтгэж байгаа ажилтны аюулгүй байдлыг хангах зорилгоор цоожлох, пайзлах (хаягжуулах) журмыг баталж мөрдүүлнэ.
  1.  Даралтат сав, шугам хоолойд тавигдах шаардлага
    1.    Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талбай болон ажлын байранд ашиглагдаж буй даралтат сав, шугам хоолойд зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, холбогдох байгууллагаас ашиглах зөвшөөрөл авсан байна.
    2.    Даралтат сав, шугам хоолойг зориулалтын ялгагдах таних тэмдэг, ослоос урьдчилан сэргийлэх дохиоллын болон хамгаалалтын хэрэгслээр тоноглосон байна.
    3.    Ашиглагч нь даралтат савны бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангаж, тогтоосон журмын дагуу шалгалт өгсөн мэргэжилтнүүдээс даралтат савны бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтан ба даралтат савны ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих ажилтныг тушаалаар томилж, албан тушаалын заавар боловсруулж, баталсан байна.
    4.    Даралтат савыг хариуцаж ажиллуулах үүрэг бүхий ажилчид нь даралтат сав ажиллуулах сургалтад хамрагдсан, мэргэжлийн үнэмлэхтэй байх бөгөөд тогтоосон журмын дагуу өөрсдийн хариуцсан тоноглолдоо нягт нямбай үзлэг үйлчилгээ хийх, улмаар хаалт арматур, хянах хэмжих хэрэгсэл, хамгаалах хавхлаг, хориг төхөөрөмж зэргийг шалгах замаар даралтат савны бүрэн бүтэн байдлыг хангуулна.
    5.    Үзлэг үйлчилгээ, шалгалт хийсэн үр дүнг ээлжийн ажиллагааны дэвтэрт бичиж, ажилчдыг холбогдох заавраар хангасан байна.
    6.    Хийтэй баллонуудыг тусгай байранд халаалтын радиатор болон дулаацуулгын бусад хэрэгсэл, зуухнаас 1 м-ээс багагүй зайд, ил гал бүхий үүсгүүрээс 5 м-ээс багагүй зайд тус тус байрлуулсан байна. Эсвэл задгай агаарт агаарын чийг, нарны гэрлээс хамгаалсан орчинд анхааруулах дохио, санамж тэмдэг бүхий хаалт хашлагатай орчинд хадгална.
    7.    Хүчилтөрөгчтэй ба шатамхай хийтэй баллонуудыг нэг байранд хамт хадгалахыг хориглоно.
  2. Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодистой харьцахад тавих шаардлага
    1.    Барилгын ажил болон барилгын үйл ажиллагаанд оролцогч захиалагч, гүйцэтгэгч нь  химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодис, түүний нөлөөллөөс ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
    2.    Ажлын бүсийн агаарын найрлага дахь хортой бодисын болон тоосны агуулгын зөвшөөрөгдөх дээд хязгаар, ажлын байран дахь дуу чимээ, доргионы хэмжээ нь MNS 4990:2015, MNS 6658:2017, MNS 6768:2019, MNS 6770:2019, MNS 6769:2019 стандартуудад тогтоогдсон хэм хэмжээ, шаардлагад нийцсэн байна.
    3.    Барилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа тухайн төсөл, барилгын объектын ажлын байранд үүсэж болох хортой хүчин зүйлүүдийн нөлөөллийг сайтар судлан, ажлын байр, орчны эрүүл ахуйн байдалд байнгын хяналт тавьж, эрүүл ахуйн стандарт, нормыг мөрдлөг болгоно.
    4.    Хорт хий ялгарч болзошгүй хязгаарлагдмал орчин (тухайлбал, битүү сав, худаг, суваг, шуудуу, ухсан нүх г.м)–д ажил гүйцэтгэхийн өмнө орчны агаарын хэмжилтийг заавал хийнэ.
    5.    Хорт хий ялгарсан ажлын байранд ажил гүйцэтгэхийг шуурхай хориглон зогсоож, ажлын байранд агаар сэлгэлт хийж, агаарын найрлагыг хэмжиж хорт хийн хэмжээ зөвшөөрөгдөх хязгаарт буй эсэхийг тогтоон нотолсны дараа ажилчдыг шаардлагатай нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангасан нөхцөлд ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхийг зөвшөөрнө.
    6.    Хий ялгарч болзошгүй ажлын байранд ажиллаж буй ажилтнуудыг хамгаалах хэрэгсэл (хорт хийн баг, агаарын хангамжтай амьсгал хамгаалах хэрэгсэл, хор хэмжих болон мэдрэгч төхөөрөмж, өөрийгөө аврах хэрэгсэл)–ээр хангасан байна.
    7.    Ажиллагааныхаа явцад хортой хий, уур, тоос ялгаруулдаг тоног төхөөрөмж нь хорноос хамгаалах тоноглолынхоо хамт иж бүрнээрээ нийлүүлэгдсэн байна. Хаалт хамгаалалтыг үйлдвэрийн хаягдлыг механикжсан аргаар зайлуулах тоос сорох системд холбох боломжтойгоор гүйцэтгэнэ.
    8.    Нийлэг (органик биополимер, хуванцар пластик, полимер) материал, эдлэлийг ашиглахдаа тэдгээрийн паспорт, таних тэмдэг, савны гаднах санамжтай танилцсан байна. Импортын нийлэг материал, эдлэхүүнийг, тэдгээрийг хэрэглэх заавар, журам нь тогтоосон журмаар батлагдаж, холбогдох хяналтын байгууллагаас зөвшөөрсөн нөхцөлд хэрэглэнэ.
    9.    Тогтоосон журмын дагуу батлагдсан заавартай танилцахгүйгээр тэсрэх аюултай, хортой шинж чанартай нийлэг материал, эдлэхүүнийг ашиглахыг хориглоно.
    10. Тусгаарлалт болон засал чимэглэлийн ажилд тэсрэх аюултай, хортой бодис хэрэглэхийг хориглоно.
    11. Хортой, тэсрэх аюултай уусгагч агуулсан материалыг битүүмжлэл бүхий таглаатай саванд хадгална. Хүнсний саванд хадгалахыг хориглоно.
  3. Тоосжилт болон хорт хийн өртөлтөөс хамгаалахад тавих шаардлага

5.6.1 Тоос ялгаруулдаг үйлдвэрийн байр, өрөө, тасалгааны хана, тааз, шалны гадаргуу нь өөгүй тэгш, толигор байх шаардлагатай ба тоосыг тогтмол цэвэрлэнэ.  

5.6.2 Үйлдвэрлэлийн болон ажлын байрны тоосыг MNS 6658:2017 стандартад заасанчлан тоосны өртөлтөөс ажилтныг хамгаалахад тавих ерөнхий шаардлагад нийцүүлэн тоос зайлуулах төв систем, тоос цэвэрлэх зөөврийн машин, мөн тоосжилт дахин үүсэхээс хамгаалсан аргуудаар цэвэрлэнэ.

5.6.3 Байнгын тоосорхог материалтай харьцах өрөө, тасалгаа, тэдгээр материалыг бутлах, нунтаглах, тээрэмдэх болон шигших машин, төхөөрөмжийн дэргэдэх ажлын байрууд нь тоос соруулах, агааржуулах, салхижуулах системээр хангагдсан байна.

5.6.4 Шохой, цемент, гөлтгөнө болон бусад тоосжилт үүсгэгч материал боловсруулах төхөөрөмжийн механизм, тэжээгүүр, хаалтуудын удирдлагыг тусгаар байршилтай төвөөс гүйцэтгэхээр зохион байгуулсан байна.

5.6.5 Гагнуурын ажил байнга гүйцэтгэх ажлын байрыг агааржуулах төхөөрөмж,  унтраах багаж хэрэгслээр хангасан байна.

5.6.6 Битүү байр саванд болон бүтээцийн хөндийд цахилгаан, хийн гагнуурын ажил гүйцэтгэх үед ажлын байрыг агааржуулагчаар тоноглосон байна.  Шингэрүүлсэн хий (пропан, бутан, аргон), нүүрсхүчлийн хий хэрэглэн хийх гагнуурын ажлыг зөвхөн агааржуулалтын соролт дор гүйцэтгэнэ.

5.6.7 Хязгаарлагдмал орчинд цахилгаан ба хийн гагнуурын ажлыг нэгэн зэрэг гүйцэтгэхийг хориглоно. Бага эзлэхүүнтэй, салхижуулалт муутай өрөө, тасалгаа, хязгаарлагдмал орчинд гагнуур хийх үед нүд, амьсгалын эрхтнийг хамгаалах нэг бүрийн хэрэгсэл заавал хэрэглэнэ.

5.6.8 Хязгаарлагдмал орчинд хийн гагнуур хийх үед бензин–зүсэгч хэрэглэхийг хориглоно.

5.6.9 Ган торх, саван дотор гагнуурын ажил гүйцэтгэх үед гадна суурилагдсан гэрэлтүүлэгч буюу 12В-оос илүүгүй хүчдэлийн зөөврийн гэрэлтүүлэгч ашиглана.

5.6.10 Гагнуурын трансформатор, ацетилин генератор, шингэрүүлсэн хийтэй баллоныг гагнуур хийж буй битүү савны гадна байрлуулна.

5.7         Галын аюулгүй байдлын шаардлага.

5.7.1  Монгол Улсын "Галын аюулгүй байдлын тухай" хууль, "Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалт", "Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм"-ийн ерөнхий шаардлагын дагуу барилгын үйлдвэрлэлд оролцогчид галын аюулгүй байдлыг хангана.

5.7.2  Барилгын ажилд оролцогч төсөл хэрэгжүүлэгч, аж ахуйн нэгжүүд нь барилгын үйлдвэрлэлийн орчинд хэрэглэгдэх тэсэрч шатах болон галын аюултай орчныг тодорхойлон аюултай бүсийг тогтоож тэмдэг тэмдэглэгээг байршуулна.

5.7.3  Аж ахуйн нэгж, байгууллага болон төсөл хэрэгжүүлэгч нь харьяа нутаг дэвсгэрийн Онцгой байдлын байгууллагаар галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулж, галын аюулгүй байдлыг хангах журам, хариуцах бүлэг ажилтнуудыг томилон, сургаж дадлагажуулан, улмаар мэргэшүүлж, галын аюулгүй байдлын булан, багаж, тоног төхөөрөмжөөр ханган, тэдгээрийг байнга шинэчлэн ажиллана.

5.7.4       Барилгын ажилд хэрэглэгддэг шатах, тослох материал, химийн нэмэлт, будаг, лак, хялбар шатах барилгын материал, хийц, бүтээцүүдийг агуулах, хадгалах, хураахдаа галын аюулгүй байдлын норм дүрэм, стандарт, журмыг баримтлан үйл ажиллагаандаа мөрдөнө.

5.7.5       Хялбар шатах, халалтаас өөрөө дөл гарган шатах, бусад галын аюултай материалын агуулах, түүний ойролцоо тамхи татахыг хориглоно.

5.7.6       Үйлдвэрлэлийн ажлын байр, нэгж, төслийн талбайд хялбар шатдаг гал дэмжигч модон материал, эдлэхүүн, хуванцар эдлэхүүн, хавтан, химийн нэмэлт, засал чимэглэлийн материалуудыг ангилан хадгалах горимыг тогтоож, шатах аюултай бодис, материалуудыг битүү агуулах, чингэлэгт хадгална. Талбайд галын аюултай ба тэсэрч дэлбэрэх материалыг ил задгайгаар хадгалахыг хориглоно.

5.7.7  Гал эсэргүүцэх багаж, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлийн талбай, нэгж, ажлын байр бүрд бэлэн байлгаж, тэдгээрийн бүрэн, бүтэн байдал, найдвартай ажиллагааг тогтмол давтамжтай шалгаж ханган, тэдгээрт хүрэх зам, талбайд элдэв бараа, материал хурааж орхилгүй ямагт чөлөөтэй байлгахын зэрэгцээ зохих таних тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан байна.

5.7.8  Цавуу, будаг, түрхлэг, бусад материалыг бэлтгэх, хэрэглэх, тэсрэх аюултай, хортой бодис ялгаруулах ажлын байранд ил гал, оч, дөл гаргахыг хориглоно. Ийм ажлын байр агаар сэлгэлттэй байх шаардлагатай ба цахилгаан тоноглол нь тэсрэлтийн аюулгүй байдлыг хангах хуягласан, битүүмжилсэн хийцтэй, цахилгааны статик цэнэг хуримтлах боломжийг бүрэн хаах арга хэмжээг авсан байна. Дээрх ажлын байруудад галын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор анхааруулах, хориглох, сануулах, заавал мөрдүүлэх санамж, тэмдэг байрлуулна.

5.7.9  Тэсрэх, галын аюултай ажлын байрыг гал унтраах анхан шатны болон болзошгүй аюулыг шуурхай мэдээлэх хяналтын хэрэгсэл, багаж тоноглолоор иж бүрэн хангаж, ажлын бэлэн байдалд байлгана.

5.8     Хязгаарлагдмал орчинд тавигдах шаардлага 

5.8.1  Аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн эзэмшлийн болон түр ашиглах барилга байгууламж, дэд бүтцэд эрсдэлийн үнэлгээ хийж хязгаарлагдмал орчныг тодорхойлох ба "Хязгаарлагдмал орчны аюулгүй ажиллагааны заавар" (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны 2021 оны 6–р сарын 29–ний 02 тоот тогтоол)–ыг мөрдөн үйл ажиллагаагаа явуулна.

5.8.2  "Хязгаарлагдмал орчин гэж" Хүн байнга ажиллахад зориулагдаагүй, орц, гарц нь чөлөөтэй бус, агаар сэлгэлт хангалтгүй хагас эсвэл бүтэн хаалттай орчныг хэлнэ. Хязгаарлагдмал орчинд цонх агааржуулалтгүй тасалгаа, шингэн болон хуурай материал хадгалах нөөцлүүр сав, дулаан, хий, ус, бохир дамжуулах шугам хоолойн худаг, тогоо, шугам, утаа, агаар дамжуулах яндан хоолой, халаалтын зуух, нүүрснээс хий ялгах зуух, баяжуулах үйлдвэрийн болон уурхайн томоохон төхөөрөмжүүдийн хоолой хийцүүд, төмөрлөгийн үйлдвэрийн шанага, зуух хийцүүд, цахилгааны өвөрмөц хийцтэй цуглуулга хайрцаг, бусад төрлийн хагас эсвэл бүтэн хаалттай орчин хамаарна. Хязгаарлагдмал орчин нь дараах аюултай нөхцөлийг үүсгэдэг. Үүнд:

5.8.2.1     Ажилтан гал, утааны угаар, тэсэрч дэлбэрэх аюултай, хортой химийн бодисын хий, уур, даралттай хий, дулааны цохилт, тоосонцрын хордлогод өртөх;

5.8.2.2     Хүн хэвийн амьсгалахад сөргөөр нөлөөлөх эсвэл агааржуулалт хангалтгүйн улмаас амьсгалын дутагдалд хүргэх, гэнэтийн хийн ялгаралд хордох;

5.8.2.3     Ажилтныг ажиллах үед живэх, төхөөрөмж сорох, дарагдах, хавчигдах аюултай эрсдэл үүсэх;

5.8.2.4     Хэт хүйтэн орчинд осгох, хөлдөх эрсдэл үүсэх;

5.8.3  Агааржуулалтгүй тасалгаа, шингэн болон хуурай материал хадгалах нөөцлүүр сав, дулаан, хий, ус, бохир дамжуулах шугам хоолойн худаг,  (траншей), тогоо, шугам, утаа, агаар дамжуулах яндан хоолой, халаалтын зуух, цахилгааны өвөрмөц хийцтэй цуглуулга хайрцаг, бусад төрлийн хагас эсвэл бүтэн хаалттай орчинд барилгын ажил гүйцэтгэх хязгаарлагдмал орчны бүртгэл хөтлөн, тэмдэг тэмдэглэгээг байрлуулсан байна.

5.8.4  Хязгаарлагдмал орчинд ажиллах шаардлага гарсан үед аюулгүй ажиллагааг удирдах эрх бүхий ажилтан, ХАБЭА-н ажилтан, ахлах ажилтан, нэвтрэгч ажилтан, хянагч ажилтныг томилон мэргэшүүлэх сургалтад хамруулан ажиллуулна.

5.8.5  Хязгаарлагдмал орчинд ажил гүйцэтгэх тохиолдолд урьдчилан эрсдэлийн үнэлгээг хийж, аюулыг арилгасны дараа, хязгаарлагдмал орчинд нэвтрэх зөвшөөрлийг  эрх бүхий ажилтан бичгээр олгоно.

5.8.6  Коллекторт (цуглуулах худаг) ажил гүйцэтгэх үед ажил гүйцэтгэгч нь нээлттэй хоёр худгийн голд байхаар тооцож, хамгийн ойрхон 2 худгийн тагийг заавал нээлттэй байлгах ба хоёроос доошгүй хүн ажиллана.

5.9    Эрүүл мэндийн үзлэг

5.9.1  Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу ажилтныг ажилд орохын өмнө эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт, ажилд орсны дараа хугацаат үзлэгт тогтмол хамруулсан байна.

5.9.2  Ажил мэргэжлээс хамааран эрүүл мэндийн үзлэгт хамруулах жагсаалтыг харгалзан нэмэлт үзлэг, шинжилгээнд хамруулсан байна.

5.9.3  Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний дүгнэлтийг ажилтны хувийн хэрэгт хадгалсан байна. 

5.10    Ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлд тавигдах шаардлага

5.10.1  Төсөлд оролцогч нар нь гэрээгээр гүйцэтгэж буй ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг үндэсний стандарт, эсвэл түүнд нийцүүлэн боловсруулж баталсан байгууллагын дотоод журмын дагуу өөр өөрсдийн байгууллагын ажилтанд олгосон байна.

5.10.2  Төслийн оролцогч хуулийн этгээдийн ажил олгогч тус бүр нь ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн нэр төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж, чанар, зохистой хэрэглээнд нь хяналт тавина.

5.10.3  Барилгын төсөл хэрэгжүүлэх үйлдвэрлэлийн орчинд гүйцэтгэх ажил үүргийн онцлогоос хамааруулан дараах нэг бүрийн хамгаалах хэрэгслүүдээс сонгон, ажилтанд олгосон байна. Үүнд:

-       толгой хамгаалах хэрэгсэл;

-       нүүр хамгаалах хэрэгсэл;

-       нүд хамгаалах хэрэгсэл;

-       хөл хамгаалах хэрэгсэл;

-       амьсгалын эрхтэн хамгаалах хэрэгсэл;

-       сонсголын эрхтэн хамгаалах хэрэгсэл;

-       арьс салст хамгаалах хэрэгсэл;

-       өндрөөс хамгаалах хэрэгсэл;

-       эрхтэн тус бүрийг тусгайлан хамгаалах хэрэгсэл.

5.10.4  Төслийн захиалагч нь төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын төсөвт ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн болон тэдгээрийг угааж цэвэрлэхэд шаардагдах зардлын төсвийг тооцоолсон байх ба гүйцэтгэгч талд энэхүү   шаардагдах зардлыг олгосон байна.

5.10.5  Барилгын ажлын талбайд ажиллаж байгаа бүх хүмүүс нь хамгаалалтын дуулга малгай өмсөнө. Хамгаалалтын дуулга малгай, бусад шаардагдах нэг бүрийн хамгаалах хэрэгсэлгүйгээр ажилд гарахыг хориглоно.

5.11         Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт,     зааварчилгаанд тавигдах шаардлага

5.11.1 Төслийн удирдагч болон захиалагч, гүйцэтгэгч талыг төлөөлөн төслийг удирдан зохион байгуулж, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж буй эрх бүхий албан тушаалтан нь хууль тогтоомжид зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох ажил олгогч, удирдах ажилтны сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна.  

 5.11.2 Төслийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч нийт ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  сургалтад хамруулж, шалгалт авч мэдлэгийн түвшинг нь үнэлсэн байна.

    5.11.3 Эрсдэлтэй ажлын байрны болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тусгай сургалтыг тухайн сургалтын чиглэлээр ХАБЭА-н сургалтад хамрагдсан, энэ чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, эрх бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургагч багшийг оролцуулан зохион байгуулна. Эсвэл энэ төрлөөр сургалт зохион байгуулах эрх бүхий сургалтын байгууллагатай хамтран сургалтыг зохион байгуулж болно. Сургалтын төгсгөлд хөтөлбөрийн хүрээнд олж авсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг шалгах комисс томилон, тухайн эрсдэлтэй ажил үүргийг гүйцэтгүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

5.11.4 Захиалагч болон төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч талуудын "Ажил гүйцэтгэх гэрээ"-ээр тохиролцсон гэрээний төлбөрт төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч талын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулахтай холбоотой зардал тусгагдсан байна.

5.11.5 Зохих түвшнийг хангаагүй, сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй, зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

5.11.6 Төслийн талбайд шинээр ирж байгаа ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж болон тухайн төслийн хэмжээнд тавигдаж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  шаардлага, стандартын талаар ойлголтыг өгөх урьдчилсан зааварчилгааг төслийн захиалагч болон төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч талын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан нэгжээс тусгайлан тоноглосон анги танхимд өгсөн байна.

5.11.7 Урьдчилсан зааварчилгаа авсан ажилтныг тухайн ажилтныг ажилд авсан гүйцэтгэгч талын удирдах, эсвэл уг ажлыг хариуцсан ажлын байрны удирдах ажилтан, инженер техникийн ажилтанд хүлээлгэн өгч, дотогш төслийн талбайд нэвтрүүлнэ.

5.11.8 Урьдчилсан зааварчилгаа авсан ажилтныг хүлээн авсан төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч талын тухайн ажилтны ажиллах ажлын байрны удирдах ажилтан, нэгжийн дарга, эсхүл эрх бүхий албан тушаалтан нь тухайн ажилтны гүйцэтгэх ажлын онцлог, ажлын явцад үүсэж болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, шаардлагын талаар ажлын байрны зааварчилгааг өгнө.

5.11.9 Урьдчилсан болон анхан шатны ажлын байрны зааварчилгаа авсан ажилтанд тухайн төслийн талбайд ажиллах зөвшөөрлийг өгч, төслийн нийт ажилтны бүртгэлд оруулахаар нэвтрэх цэгт нэрийг нь хүргүүлнэ.

5.11.10 Ажлын байран дах өдөр тутмын зааварчилгааг тухайн ажилтныг хариуцан ажилладаг ажлын байрны удирдагч, өдөр тутмын ажил үүргийг нь хуваарилдаг албан тушаалтан өдөр болгон өгч ажиллана.

5.11.11 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй, зааварчилга аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

5.11.12 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ээлжит бус давтан зааварчилгааг нийт ажилтанд ослоос урьдчилан сэргийлэх, шинэ ажил эхлэх, шинэ техник, технологи нэвтрэх, шинэ дүрэм, журам, заавар батлагдах тухай бүрд өгнө.

5.11.13 Эрсдэлийн үнэлгээгээр тогтоогдсон үйлдвэрлэлийн аюултай болон хортой хүчин зүйлсийн нөлөөлөлд өртөж болзошгүй ажлын байруудад ажил үүрэг гүйцэтгэх ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг баталгаажуулсны дараа ажил гүйцэтгэх зөвшөөрлийг олгоно.

5.11.14 Ажил гүйцэтгэх зөвшөөрлийг төслийн захиалагч, гүйцэтгэгч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтны тушаалаар томилогдсон ажил удирдан гүйцэтгэгч (инженер - техникийн ажилтан, барилгын талбайн даамал, хэсэг хариуцсан ахлагч г.м) олгоно.

5.11.15 Ажил эхлэхийн өмнө ажил удирдан гүйцэтгэгч нь ажилтнуудыг аюулгүй ажиллагааны арга хэмжээтэй заавал танилцуулж, ажил үүргийг  гүйцэтгэхэд мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, зааварчилгаа өгсөн ба зааварчилгаа авсан ажилтнууд харилцан гарын үсэг зурж баталгаажуулна.

5.11.16 Ажил гүйцэтгэх зөвшөөрөлд уг ажлыг хийж дуусгах хугацааг заана. Ажил гүйцэтгэх явцад зөвшөөрөлд урьдчилан заагаагүй аюултай буюу хортой хүчин зүйлс илэрсэн тохиолдолд ажлыг зогсоож удирдах ажилтанд мэдэгдэж, аюулыг арилгасны дараа ажлыг үргэлжлүүлнэ.

5.11.17 Ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгосон албан тушаалтан нь хууль тогтоомжоор хүлээсэн үүргийнхээ дагуу хяналт тавина.

5.12         Үйлдвэрлэлийн талбайд дадлага хийхэд тавигдах шаардлага

5.12.1 Мэргэжлийн боловсрол сургалтын төв, политехник коллеж, их, дээд сургуулийн оюутнууд танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх, гэрээгээр ажил гүйцэтгэх үед дараах асуудлыг шийдвэрлэнэ. Үүнд:

1. Үйлдвэрлэлийн дадлагажуулагч, дагалдуулагч багшийг туршлагатай ажилтнуудаасаа сонгон бэлтгүүлж, улмаар томилно.

2. Сургуулийн зүгээс ирүүлсэн дадлагын удирдамж, хөтөлбөрийг үндэслэн хөтөлбөрийн агуулгыг зөвшилцөн баталж, дадлагын гэрээ байгуулсан байна.

3. Ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр сургуультай нь харилцан зөвшилцөн хангасан байна.

4. Сургалтын байгууллагаас дадлагыг удирдах мэргэжлийн багшийг томилон ажиллуулна.

6. БАРИЛГЫН төсЛИЙН ТАЛБАЙН хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны зохион байгуулалт

6.1.      Төсөлд оролцогчид нь хууль тогтоомжоор тогтоосон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн, нэгдмэл зорилгыг хэрэгжүүлнэ.

6.2.      Энэхүү дүрмийн Хавсралт 1-д заасан "Барилгын ажлыг гүйцэтгэх үед үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээний хамтарсан төлөвлөгөө"-г хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын төсвийг дараах чиглэлээр хуваарилж, Хавсралт 2-д тайлагнасан байна.  Үүнд:

-   ХАБЭА–н сургалт, сурталчилгаа;

-   ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт хамруулах;

-   ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангах;

-   ажлын байр, үйлдвэрлэлийн орчны аюул, эрсдэлгүй байдлыг хангах;

-   ХАБЭА–н бүтэц, ажилтан, зөвлөлийн чиг үүрэгт хамаарах үйл ажиллагаа;

-   ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах;

-   ХАБЭА–н урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээ.

6.3.      Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нэгжээс өдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуульд заасан хэмжээнээс доошгүй хувиар төлөвлөж баталсан төсөв зардлыг зарцуулах үүргийг хэрэгжүүлэх ба төслийн удирдагч, захирал, санхүүгийн албаны /газар, хэлтэс/ зүгээс зардлыг хасах, зориулалтын бус зүйлд зарцуулахыг хориглоно.

6.4.      Барилгын ажил эхлэхийн өмнө технологийн процессын зураглалын дагуу   барилгын ажлын талбай, түүний гаднах орчинд гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлийн үнэлгээг үндэсний болон олон улсын хэмжээнд хүчин төгөлдөр ашиглаж буй аргачлалуудаас сонгон авч, дараах нөхцөлд хийнэ.

6.4.1.    Барилгын үе шатны ажил эхлэхийн өмнө ажилбар бүрт

6.4.2.    Дотоод хяналтаар зөрчил илэрсэн тухай бүрт

6.4.3.    Туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээт ажил эхлэх бүрт

6.4.4.    Техник тоног төхөөрөмж, материал, шинэчлэгдэх бүрт

6.4.5.    Шинэ технологи нэвтрэх бүрт

6.4.6.    Осол, эрсдэл үүссэн тохиолдол бүрт

6.5.      Эрсдэлийн үнэлгээг захиалагч болон төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч талын инженер техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн алба, ажилтан хариуцан, ажлыг гардан гүйцэтгэх холбогдох ажилтнуудыг оролцуулан, ажлын аюулын шинжилгээнд үндэслэн хийж гүйцэтгэнэ.  

6.6.      Барилгын ажил гүйцэтгэгч нь ажлын байрны эрсдэлийн үнэлгээний залруулах арга хэмжээнүүдэд тулгуурлан ажлыг аюулгүй гүйцэтгэхэд мөрдөх зааврыг боловсруулж ажлын байр бүрт нүдэнд харагдахуйц үзүүлэн хэлбэрээр хэвлүүлэн байршуулсан байна.

6.7.      Ажлыг аюулгүй гүйцэтгэх зааврыг А6 форматаар хэвлэн ажилтан бүрийн гарт олгоно. Энэ нь ажилтны ажлын хувцасны энгэрийн халаасанд багтах хэмжээтэй байна. Мөн нийт ажилтныг бие даан судлах, мэдлэгээ дээшлүүлэх, улмаар эрүүл, аюулгүй–зөв ажиллах арга барилд дадаж төлөвшүүлэх зорилгоор барилгын ажилд заавал дагаж мөрдөх хууль, дүрэм, журам, заавар, олон улсын ба үндэсний стандарт, мөн дотоод стандарт, технологийн карт зэрэг албан баримт бичгүүдийн санг бүрдүүлнэ. Энэхүү сан нь цахим байж болно.

6.8.      Төслийн хүрээнд барилгын үйл ажиллагаанд оролцогчид нь барилга, байгууламж, явган хүний зам талбай, ногоон байгууламж барих, шинэчлэх, өргөтгөх, засварлах, тоноглох, буулгахад үүсэх хог хаягдал, мөн барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарсан хог хаягдлыг бүрэн цэвэрлэж, талбайг чөлөөлж, эмх цэгцийг ханган ажиллана.

6.9.      Барилгын ажилд оролцогч захиалагч, гүйцэтгэгч нь барилга угсралт, засвар, өргөтгөл, буулгалтын ажил гүйцэтгэх, барилгын материал хийц бүтээцийг үйлдвэрлэх, татан авах, зөөж тээвэрлэх, ачих, буулгах, хураах, өндөрт хийгдэх бүх төрлийн ажил, газар шорооны ажлыг гүйцэтгэх, газрын гүн, хязгаарлагдмал орчинд аливаа ажлыг гүйцэтгэх үед үүсэж болзошгүй аюул ба эрсдэл, гал түймэр, газар хөдлөлт, үер зэрэг гамшгийн үед нийт ажилтан, бусад хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж батлан хэрэгжүүлнэ.

6.10.  Барилгын ажилд оролцогч захиалагч, гүйцэтгэгч нь барилгын талбай, ажлын байрыг хаалт, хамгаалалт, хязгаарлалт, санамж, дохио тэмдэг зэрэг нийтийн хамгаалах хэрэгслээр бүрэн тоноглох ба анхны тусламжийн хэрэгсэл, эмийн сан, галын дохиолол, галын аврах гарц, орцын зураглал, гал унтраагуурыг ил харагдахуйц газарт байрлуулан, тэдгээрт хүрэх зам гарцыг элдэв материал, ачаа бараа хурааж таглалгүй байнгын чөлөөтэй байлгана. Эдгээрийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хариуцагчийг томилон ажиллуулна.

6.11.  Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөрөг үйлдэл үзүүлэх магадлалтай, нэвтрэх баримт бичиггүй, ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл бүрэн бус хэрэглэсэн хүмүүсийг нэвтрүүлэхийг хориглоно. Тухайн үйлдвэрлэлийн талбайд ажиллах ажилтны ажлын хуваарь, нэрсийг харуул хамгаалалтын ажилтанд өгч өөрчлөлт орсон цаг тухайд шинэчилнэ.

  1. БАРИЛГЫН төсөлд оролцогч талуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны харилцааны зохицуулалт
    1.    Төслийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагуудыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг барилгын үйл ажиллагаанд оролцогч төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын дарга, захирал (эзэн) шууд хариуцна.
      1. Барилгын ажил эхлэхийн өмнө захиалагч, гүйцэтгэгчид хамтран "Барилгын ажлыг гүйцэтгэх үед үүсэх ХАБЭА–н эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хамтарсан төлөвлөгөө"–г боловсруулан мөрдөнө. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд гарах зардлыг Монгол улсын ХАБЭА–н тухай хуулийн 26.2 дахь, барилгын төсөв зохиох дүрмийн холбогдох заалтыг үндэслэн тооцно. Энэхүү төлөвлөгөө нь ажил гүйцэтгэх гэрээний гол хавсралт байна. Төлөвлөгөө дараах агуулгатай байна. Үүнд:

-  ХАБЭА–н бодлого, зорилго, зорилт

-  ХЭМАБ–н бизнес төлөвлөгөө, төсөв

-  Төслийн талбайд ХЭМАБ–ын шаардлага хангуулах нийтлэг дүрэм

-  Төслийн багийн удирдлага зохион байгуулалтын бүтэц

-  Төсөлд ажиллах албан тушаалтан, ажилтнуудын мэдээлэл, ХАБЭА–н ажил үүргийн хуваарилалт

-  Тусгай мэргэжлийн ажилтнуудын мэдээлэл

-  ХАБЭА–н Хяналтын зохион байгуулалтын графикт төлөвлөгөө

-  Төслийн талбайн ХАБЭА–н чиглүүлэх сургалт

-  ХАБЭА–н сургалт, зааварчилгааны графикт төлөвлөгөө

-  Төслийн ХАБЭА–н эрсдэлийн үнэлгээ, урьдчилан сэргийлэх – залруулах арга хэмжээний зохион байгуулалт

-  Төслийн ноцтой эрсдэлтэй ажил, урьдчилан сэргийлэх – залруулах арга хэмжээний зохион байгуулалт

-  Уналтаас хамгаалах төлөвлөгөө

-  Хязгаарлагдмал орчны аюулгүй ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөө;

-  Өндөр хэмийн ажил, гал түймрээс урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөө

-  Химийн аюултай бодис, материалыг аюулгүй ашиглах, хянах төлөвлөгөө

-  Онцгой байдлын үеийн хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө

-  Байгаль орчныг хамгаалах, хог хаягдлын менежмент

-  Анхны тусламжийн зохион байгуулалт.

7.1.2.Барилгын ажил эхлэхийн өмнө дараах ажлуудыг гүйцэтгэгч тал хийж гүйцэтгэн баримтжуулалтыг төлөвлөгөөнд хавсаргаснаар төлөвлөгөөг хүчин төгөлдөр,  ажил эхлэхэд бэлтгэлийг хангагдсан гэж захиалагч, гүйцэтгэгч талууд үзнэ. Үүнд:

-   Нийт ажилтны эрүүл мэндийн хугацаат үзлэг;

-   Нийт ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал;

-   Нийт ажилтны ХАБЭА–н сургалт;

-   Нийт ажилтны ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийн хангалт;

-  Машин, механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн техникийн байдалд хийсэн дүгнэлт;

-   Тусгай мэргэжлийн үнэмлэх шаарддаг ажилтнуудын (механизмын оператор, оосорлогч–дохиочин, цахилгаанчин г.м) мэргэжлийн үнэмлэхийн сунгалт. Төслийн ХАБЭА–н ажилтан, инженер – техникийн ажилтан, тусгай мэргэжлийн үнэмлэх шаарддаг ажилтнуудын мэргэжлийн диплом, сертификат, үнэмлэхийн хуулбар.

7.2.  Захиалагч, хөрөнгө оруулагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төслийн ажлын үргэлжлэх хугацаа, төсөлд оролцогч байгууллага, тооноос хамааруулан ХАБЭА-н албыг байгуулан төсөлд оролцогч талуудын ХАБЭА-н үйл ажиллагааг уялдан зохицуулж хяналт тавьж аюул, осолгүй ажиллуулах үйл ажиллагааг хариуцан ажиллана.  

7.3.  Төслийн ерөнхий гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх төлөвлөгөө, графикт тусгасан үе шатны ажил эхлэх бүрт төсөлд оролцогч туслан гүйцэтгэгчидтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа тухайн ажлын ХАБЭА-н зохион байгуулалтын төлөвлөгөө, зураглал, эрсдэлийн үнэлгээг хийлгэж, машин механизм, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангуулан ХАБЭА-н бэлтгэл ажлыг дуусган захиалагчийн хяналтын холбогдох ажилтантай зөвшилцсөний дараа ажлыг эхлүүлнэ.

7.4.  Барилгын үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэдэг захиалагч, гүйцэтгэгч хуулийн этгээд, төсөл хэрэгжүүлэгчид нь барилга байгууламжийн төвөгшил, байгууллагын цар хүрээ, туршлагаас үл хамааран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтантай байна.

7.5.  Гүйцэтгэгч тал нь 100-аас дээш тооны ажилтныг барилгын талбайд ажиллуулах тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хоёроос доошгүй ажилтантай баг /нэгж/ ажиллуулна.

7.6.  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн баг, түүнд харьяалагдах ажилтнууд нь  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албан ёсны сургалтаар  бэлтгэгдсэн, барилгын аюулгүй ажиллагаа, эрсдэлийн менежмент, өндрийн ажил, хязгаарлагдмал орчны ажил, өндөр хэмийн ажил, даралтат сав, шугам хоолойн ажил, өргөх, зөөх машин, механизмын ажил, тэдгээрийг аюулгүй гүйцэтгэх арга зүйн талаар мэргэшсэн байна.

7.7.  Барилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцогч талууд нь тухайн төслийн хүрээнд гүйцэтгэх ажлын нэр төрөл, ажлын байрны жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг урьдчилан боловсруулан баталж, улмаар ХАБЭА–н талаар ажилтан бүрийн эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон баталж мөрдүүлнэ.

7.8.  Барилгын төсөлд оролцогчид нь "Барилгын төсөлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг зохион байгуулах заавар" УББ 12-205-17 дүрмийг үндэслэн төслийн хүрээний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны үйл ажиллагааг зохион байгуулан  ажиллана.

7.9.  Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдогч тал хариуцлагыг хүлээнэ.

  1. Барилгын үйлдвэрлэлд хэрэглэгдэх багаж, тоног Төхөөрөмжийг турших, ашиглах аюулгүй ажиллагааны шаардлага
    1. Барилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцогч төсөл хэрэгжүүлэгч, аж ахуйн нэгж байгууллага нь багаж, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах үйл  ажиллагааны журмыг боловсруулан мөрдөж ажиллана.
    2. Барилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагдах гар болон цахилгаан гар багаж, тоног төхөөрөмжийг (цахилгаан өрөм, хөрөө, харуул, хадагч, тавлагч, таслагч, хийн буу, лантуу, нягтруулагч, доргиулагч г.м.) ашиглан ажил гүйцэтгэх үед мөрдөх аюулгүй ажиллагааны зааврыг боловсруулна. Зааврыг боловсруулахдаа дараах бичиг баримтыг үндэслэл болгоно. Үүнд:

-          багаж, тоног төхөөрөмжүүдийг нэр төрөл, маркаар нь ангилсан бүртгэл жагсаалт гаргана;

-          багаж, тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад үйлдвэрлэгч байгууллагаас нь дагалдуулан ирүүлсэн ашиглалтын баримт бичиг, тоног төхөөрөмжийн техникийн паспорт;

-          багаж, тоног төхөөрөмжийг ашиглах үед үүсэх эрсдэлийн үнэлгээ;

-          хууль, тогтоомжийн шаардлагууд.

8.3.      Гар болон цахилгаан багажийг ашиглан ажил гүйцэтгэхдээ дараах аюулгүй байдлын шаардлагыг хангана. Үүнд:

-         гар болон цахилгаан гар багаж, тоног төхөөрөмж нь бүртгэлтэй, хувийн дугаартай байх ба түүний ашиглалтын ба техникийн байдал, эвдрэл, түүнд хийсэн техникийн үйлчилгээ, засварын талаар техникийн ашиглалтын паспорт нээн хөтөлж эрсдэлийг үнэлэн хавсаргана.

-          гар болон цахилгаан гар багаж, тоног төхөөрөмжийг олгох, ашиглах, засварлах, бүртгэх, актлах дотоод журамтай байна.

-          гар болон цахилгаан багаж, тоног төхөөрөмжөөр ажил гүйцэтгэх ажилтныг аюулгүй–зөв ажиллах арга барилд сургаж дадлагажуулсан байхын зэрэгцээ аюулгүй ажиллах нөхцөлийг нь хангах.

-          ажил гүйцэтгэхийн өмнө багаж, тоног төхөөрөмжид техникийн үзлэг хийж, техникийн байдлыг тодорхойлон, улмаар эрсдэлийг үнэлэн, аюулыг арилгах, бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хангасны дараа ажлаа гүйцэтгэж эхэлнэ.

8.4.           Цахилгаан болон даралттай хийгээр ажилладаг гар багажийг ашиглахдаа дараах аюулгүй ажиллагааны шаардлагыг хангана.

8.4.1.    Багажийг ажиллуулахын өмнө түүнд техникийн үзлэг хийж, техникийн байдлыг тодорхойлон, улмаар эрсдэлийг үнэлэн, аюулыг арилган, бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хангаж ажилд бэлтгэнэ. Ажил эхлэхийн өмнө ажил гүйцэтгэх ажилтанд ажлыг гүйцэтгэх үед мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгнө.

8.4.2.    Ажлын явцад тосолгоо үйлчилгээ хийх, эд ангийг солихдоо аюулгүй ажиллах нөхцөлийг хангаж заавал тэжээлээс салгасан, хөргөсөн байна.

8.4.3.    Багаж, тоног төхөөрөмжөөр өндөрт ажил гүйцэтгэх ажилтанд өндрийн аюулгүй ажиллагааны бүхий л шаардлагыг хангуулж, ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг заавал хэрэглүүлж хяналт тавина.

8.4.4.    Цахилгаанаар ажилладаг гар багаж, тоног төхөөрөмж ашиглах үед цахилгааны аюулгүй байдлыг бүхий л талаар хангаж, ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг заавал хэрэглүүлж хяналт тавина.

8.4.5.    Хийн даралтаар ажилладаг багажаар ажил гүйцэтгэх ажилтныг аюулгүй ажиллах арга барилд сургаж дадлагажуулан мэргэжил эзэмшүүлсэн байна.

8.4.6.    Хийн даралтаар ажилладаг багажаар ажил гүйцэтгэх үед техникийн саатал гарвал багажийг шуурхай унтрааж үзлэг хийх бөгөөд хийн хоолойд үлдэгдэл агаар байгаа үед задлах, эд ангийг солихыг хориглоно. Шаардлага хангахгүй бол засварт шилжүүлнэ.

8.4.7.    Ажил гүйцэтгэгч ажилтан нь даралттай хий дамжуулах шугам хоолойн даралт нь багажийн даралттай тохирч байгаа эсэхэд байнга хяналт тавина.

8.5.      Багаж, тоног төхөөрөмжийг ашиглах үед дуу чимээ, доргион, тоосжилт, утааны түвшин нь операторын ажлын байр болон ажлын бүсэд нормоор тогтоосон хэмжээнээс илүүгүй, харин гэрэлтүүлгийн түвшин нормоор тогтоосон доод хэмжээнээс багагүй байна.

8.6.      Тоног төхөөрөмжийг задлах, засварлах, угсрах ажлыг үйлдвэрлэгчээс дагалдан ирсэн ашиглалтын зааврын дагуу гүйцэтгэж, холбогдох албан тушаалтны удирдлагын дор, мэргэжилтэй ажилчид гүйцэтгэнэ.

8.7.      Засварын ажил гүйцэтгэх ажлын бүс нь хайс, хашлагаар хязгаарлагдсан, аюул ослоос урьдчилан сэргийлж санамж, тэмдгүүдийг байрлуулсан байна.

8.8.      Машин, тоног төхөөрөмжийн паспортад заасан хэмжээнээс илүү хурдтай салхи, агаарын хэт халалт, хөрөлт, аадар бороо, цасан шуурга, манан, мөстлөгийн үед задгай орчинд машин тоног төхөөрөмжийн угсралт, засварын ажил гүйцэтгэхийг хориглоно.

8.9.      Машин, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлийн талбайд байрлуулахын өмнө уг ажлыг мэргэжлийн түвшинд удирдан гүйцэтгэгч албан тушаалтныг томилно.

8.10.  Тоног төхөөрөмжийн оператор нь ажил эхлэхийн өмнө гүйцэтгэх ажлынхаа технологийн карт, ажлын дараалал, гүйцэтгэх аргыг маш тодорхой ойлгож, мэдсэн байна. Хэрэв ажил гүйцэтгэх явцад эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөөлөх хүчин зүйл үүсвэл ажлыг шуурхай зогсоож удирдах ажилтандаа мэдэгдэн улмаар аюулыг арилгасны дараа удирдах ажилтныхаа шийдвэрээр ажлаа үргэлжлүүлж болно.

8.11.  Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, бусад механикжуулалтын хэрэгслийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хангахын тулд үйлдвэрлэгчээс ирүүлсэн ашиглалтын баримт бичигт заасан үечлэлийн дагуу техникийн үйлчилгээ, засварыг мэргэжлийн байгууллага, ажилтнаар чанартай гүйцэтгүүлэхийн зэрэгцээ эвдрэл, гэмтэл, саатлын бүртгэл судалгааг хөтөлнө. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, засварыг хийхдээ тэдгээрийг бүрэн зогсоож, хөдөлгүүрийг унтрааж, хөдөлгүүр тохиолдлоор асах, өнхрөх эд ангиуд нь хөдөлгөөнд орох боломжийг бүрэн арилгаж, шингэн ба хийн шахуургын системийн даралтыг буулгасан байна.

8.12.  Техникийн үйлчилгээ, засвар хийх үед өөрийн жингийн үйлчлэлээр унах, шилжиж болзошгүй эд ангийг механик аргаар хөдөлгөөнгүй болгох бэхэлгээ, хориг түгжээг хийхийн хамт өөрөө шилжих боломжийг нь хааж хамгаалах тулгуур хийнэ.

8.13.  Цахилгаан хөдөлгүүртэй машин төхөөрөмжид техникийн үйлчилгээ, засвар хийх үед "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх журам"–д заасны дагуу тохиолдлоор хүчдэл өгөгдөх, залгагдах боломжийг гаргахгүй байх арга хэмжээг авсан байна.

8.14.  Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн техникийн үйлчилгээ, урсгал засварыг хийх ажлын байр нь бүрэн бүтэн, найдвартай ажиллагаатай засварын багаж, тоног төхөөрөмж, ачаа өргөх, зөөх болон гал унтраах хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон байна.

8.15.  Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд засвар хийж дууссаны дараа туршилт, тохируулга хийх, залгах, ажиллуулахыг зөвхөн тоног төхөөрөмжийн ашиглалтыг хариуцахаар томилогдон ажиллаж буй эрх бүхий ажилтан гүйцэтгэнэ. 

8.16.  15кг–аас дээш масстай технологийн багаж хэрэгсэл, эд анги суурилуулсан технологийн тоног төхөөрөмжид техникийн үйлчилгээ, засвар хийхдээ зохих өргөх төхөөрөмжийг ашиглан эд анги, технологийн багаж хэрэгслийг суурилуулах, салгах ажлыг гүйцэтгэнэ.

8.17.  Технологийн тоног төхөөрөмжийг угсрах, ашиглах үед төхөөрөмжийн аюултай бүсийг хашлагаар хаших, тусгаарлах, эсвэл ажилчдыг үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлд өртөхөөс сэргийлсэн зориулалт бүхий тоноглолтой байна.

8.18.  Технологийн тоног төхөөрөмжийг асаах, унтраах, зогсоох үйлдлийг ажлын байрнаас шууд удирдах боломжтой байхаар хийж, тоног төхөөрөмж, механизмыг өөрөө асахаас урьдчилан сэргийлнэ.

Ашиглаж буй технологийн тоног төхөөрөмжийн удирдлагын хэсэг нь (товчлуур, удирдлага) ажилтан ашиглахад тохиромжтой, нэг дор төвлөрөн байрласан,  түүний нэр зориулалт тайлбарыг монгол хэлээр тодорхой, тод бичиж байрлуулсан байна

8.19.  Өргөх байгууламж, кран, лифт, өргүүр, бетон цутгагч төхөөрөмжийг ашиглах, угсрах ажлыг гүйцэтгэхдээ тухайн төхөөрөмжийн ашиглалтын дүрэм, зааврын дагуу ажлыг гүйцэтгэнэ.

  1. Барилгын үйлдвэрлэлд ашиглагдах суурин тоног төхөөрөмжийг ашиглах үеийн аюулгүй ажиллагаа
    1.    Барилга байгууламжийг ашиглалтад оруулахдаа тэнд суурилагдсан тоног төхөөрөмжийг хамруулан, тогтоосон журмын дагуу ашиглалтад оруулна.
    2.    Барилгын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж нь барилгын үйлдвэрлэл болон талбайд тоног төхөөрөмж, машин механизмыг суурилуулахдаа угсралтын зураг төслийг, эрх бүхий зураг төсөл зохиогч байгууллагаар хийлгэж, ажлыг гүйцэтгэн, туршилт тохируулга хийж ашиглалтад хүлээн авах комисс томилон акт үйлдэн  аюулгүй ажиллагааны дүрэм журамд нийцүүлэн хүлээн авч ашиглалтад оруулна.
    1.    Суурин ажиллагаатай барилгын машин тоног төхөөрөмжийг зураг төслийн дагуу угсрах ба үйлдвэрлэлийн байрны доторх байвал зохих зайн хэмжээ нь дор дурдсанаас багагүй байна. Үүнд:

-       Төв хэсгийн зай 1.5м;

-       тоног төхөөрөмж хоорондын зай 1.2м;

-       үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж хоорондын зай 1м;

-       тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд зориулагдсан зай 0.8м

-       бараа материал, тоног төхөөрөмжийн оврын хэмжээнээс хамааруулан байр талбайн зай хэмжээг тогтоон, эргономикийн шаардлагыг хангуулна.

-       Ажлын байрны явган зорчих хэсэг нь дор дурдсанаас багагүй хэмжээтэй байна.

  • Суурилагдсан тоног төхөөрөмжүүдийн нэг талд байрлалтай нөхцөлд ажлын байрны дэргэдэх явган зорчих хэсгийн өргөнийг 0.75м–ээс багагүй байна.  
  • Суурилагдсан тоног төхөөрөмжүүдийн дундуур нь явахаар байрлалтай нөхцөлд явган зорчих хэсгийн өргөнийг 1.5м–ээс багагүй байхаар тооцож зохион байгуулна.
  1.    Ажиллах үедээ тоос үүсгэдэг төхөөрөмж (бутлах, нунтаглах, холигч г.м)-д тоосыг сорж агаарыг зайлуулах төхөөрөмжтэй байна.
  2.    Суурин тоног төхөөрөмжийн хөдөлгөөнт хэсэгт байнгын суурин болон, салгаж угсардаг хаалт хамгаалалтыг тухайн төхөөрөмжийн онцлогт тохируулан хийж таних тэмдэг, тэмдэглэгээ байрлуулна.
  3.    Тоног төхөөрөмжийн цахилгааны аюулгүй байдлыг сайтар хангаж холбогдох дүрмийг мөрдөн ажиллана.
  4.    Цахилгаан тэжээлийн эх үүсвэрийг хаалт, хамгаалалтаар тусгаарлан, цоожлох, пайзлах (хаягжуулах) журам боловсруулан мөрдөж, анхааруулах, сануулах, хориглох, заах дохио тэмдэг, санамжийг байрлуулна.
  5.    Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн цахилгаан гүйдэл дамжуулах эд анги, газардуулгыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг хангуулна.
  6.    Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн цахилгааны холболтын схемд цахилгааны бүх хэлхээг тэжээлийн шугамаас төвлөрүүлэн салгах төхөөрөмж байрлуулахаар төлөвлөнө.  
  7. Хэд хэдэн машин, тоног төхөөрөмжийг хамтран ажиллуулах ажилтнууд машиныг ажиллуулах урьдчилан сэргийлэх дохиоллын системээр хангагдсан байна.
  8. Алсын удирдлагатай машин, төхөөрөмжийг ажиллуулж эхлэхдээ урьдчилан  сануулах дуут болон гэрлэн дохио өгч, аюулгүй байдлыг хянаж шалгасны дараа залгадаг байхаар журамлана.
  9. Дохионы хэрэгсэл (хонх, гэрэл, дуут дохио)-үүд нь механик гэмтлээс хамгаалагдсан, үйлдвэрлэлийн ажлын бүсэд найдвартай сонсогдох ба үзэгдэх орчинд байрласан байна.
  10. Бутлуурын төхөөрөмжид бутлагдах биет гацсан тохиолдолд түүний гацааг гаргах, гаргаж авахад зориулагдсан тоног хэрэгсэл (дэгээ, хавчаар г.м) болон хамгаалалтын нүдний шилээр ажлын байранд ажиллах ажилтныг (оператор) нь хангасан байна.
  11. Бутлуур болон тэжээгүүрийн орчинд  техникийн үйлчилгээ, засвар хийх талбай бэлтгэх  ба талбай нь дор дурдсан хэмжээтэй байна.

-       Тасалгааны шалнаас тааз хүртэлх өндөр 2,0м-ээс багагүй.

-       Талбайн өргөн 1,0м-ээс багагүй.

-       Талбайн эргэн тойрны хашлаганы өндөр 1,1м-ээс багагүй.

9.15.  Бункерийн (нунтаг материал хадгалах сав) хяналтын цонхны нээлхий нь цоож, түгжээтэй, түлхүүрийг ажил гүйцэтгэх хэсгийн ахлагч хадгална.

9.16.  Бункерийн (нунтаг материал хадгалах сав) хананд материал наалдаж овоорох, хөлдөхөөс урьдчилан сэргийлэх төхөөрөмж (цахилгаан доргиур, уурын болон цахилгаан халаагуур, хийн үлээгүүр г.м) хэрэглэж болно. Бункерийн засвар, цэвэрлэгээ, үйлчилгээг хийхдээ хязгаарлагдмал орчны аюулгүй ажиллагааны журмыг мөрдөнө.

Бункерийн амыг 20х20 см-ээс илүүгүй нүх бүхий тороор хаасан байх ба том ширхэгтэй материалыг гар багажаар бункерийн торон дээр цохиж, бутлахыг хориглоно. Бутлуурыг ажиллаж байх үед бутлагдаж байгаа материал бөөгнөрөх, гацах үед бутлуурыг зогсоолгүйгээр том хэсгийг гараар болон багажаар авах, цохихыг хориглоно. Ийм үед бутлуурыг заавал зогсоож заавал тусгаарлалт хийсний дараа үйлчилгээг хийнэ. 

9.17.  Дараалан суурилагдсан, нэг зэрэг ажиллах, тасралтгүй ажиллагаатай тээврийн хэрэгсэл (туузан зөөгүүр)-ээс бүрдсэн, технологийн шугам дараах хамгаалалт, дохиоллоор хангагдсан байна. Үүнд:

а) Удирдлагын бүх цэг, салбаруудад хоёр талын дохиололтой; 

б) Технологийн шугамын аль нэг туузан зөөгүүр зогсоход бусад нь автоматаар зогсдог удирдлагатай байна.

10. Барилгын материал хийц, бүтээцийн хадгалалт, ТЭЭВЭРЛЭЛТ хог хаягдлын аюулгүй ажиллагаанд тавигдах шаардлага

10.1         Барилгын үйлдвэрлэлд хэрэглэх барилгын материал хийц, бүтээцийг тээвэрлэх үеийн аюулгүй ажиллагааны шаардлага

10.1.1  Барилгын үйлдвэрлэлд тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэхэд энэхүү норм дүрмийн шаардлагаас гадна Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй ажиллагааны заавар, журмын шаардлагыг мөрдөнө.

10.1.2  Үйлдвэрлэлийн талбайд тээврийн хэрэгслийн зорчих замын схемийг талбайн зохион байгуулалтын зурагт тусгаж, үйлдвэрлэлийн талбайд нийтэд ил харагдахуйцаар байрлуулсан байна.  

10.1.3  Авто тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэхэд дараах шаардлагуудыг хангасан байна.

10.1.4  Битүү зогсоолд дотоод шаталтын хөдөлгүүртэй машиныг асаалттай нь тавих, орхихыг хориглоно.

10.1.5  Тээврийн хэрэгсэлд зорчигч суулгах (буулгах) хэсэгт хүмүүсийн аюулгүй байдлыг хангасан, тусгайлсан гишгүүр, тавцан, тоноглол хийсэн байна. Тээврийн хэрэгслийн жолооч нь хөдөлгөөнд оролцохын өмнө хүмүүс бүрэн сууж байрлалаа зөв эзэлсэн эсэх аюулгүй байдлыг хангасан эсэхийг нягталсны дараа, хөдөлгөөн эхлэх тухай урьдчилан мэдэгдсэн байх үүрэгтэй.

10.1.6  Ажил гүйцэтгэх бүсэд автомашиныг ухрааж тавихдаа жолооч нь орчны аюулгүй байдлыг сайтар анхаарч ажиллана. 

10.1.7  Нийтийн зориулалтын авто замаар овор ихтэй, хүнд жинтэй ачааг тээвэрлэхдээ, замын хөдөлгөөнийг зохицуулах байгууллагатай зохих ёсоор зөвшилцөж, авто тээврийн хэрэгслээр овор ихтэй, урт, хүнд жинтэй ачаа тээвэрлэх тухай стандартын (MNS 5345:2011) шаардлагыг мөрдвөл зохино.

10.1.8  Автомашины тэвшний өргөнөөс илүү гарах хэмжээтэй ачааг тээвэрлэхдээ тэвшний өргөнд хоёр тийш адил хэмжээтэй илүү гарган ачсан байна.

10.1.9  Ширхэгийн болон нунтаг материалыг автомашинд ачихад дараах шаардлагыг хэрэгжүүлнэ:

-         Ширхэгийн болон нунтаг материалыг машины тэвшний талбайд жигд тараасан байна;

-         тэвшний өндрөөс илүү гарган өрсөн ширхэгийн материалыг бэхэлсэн  байна;

-          хайрцаг, савтай буюу бусад адилтгах ширхэгийн материалыг тэвшний шалан дээгүүр хөдөлгөөн дунд шилжих боломжгүйгээр, өөр хооронд нь нягт тулган өрж, хураасан байна.

10.1.10       Аюултай ачааг автомашинаар тээвэрлэхэд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм, MNS4978:2017 стандартын шаардлагыг мөрдөнө.

10.1.11       Баллонтой шахсан хий тээвэрлэх автомашин нь тэдгээрийг дэрлүүлэн байрлуулахад зориулагдсан, баллоны голчид таарсан зөөлөн жийрэг бүхий ухлаадастай, тусгай тавиураар тоноглогдсон байна. Тээвэрлэлтийн үед баллон нь хамгаалалтын тагтай байвал зохино. Халууны улиралд баллоныг элдэв тосон толбогүй бүтээлгээр бүтээсэн байх шаардлагатай. Баллон тээвэрлэж байгаа машины тэвшин дээр хүн суулгахыг хориглоно.

10.1.12       Тэсрэх, дэлбэрэх, цацраг идэвхт, идэмхий, хурдан шатаж авалцах магадлалтай болон бусад аюултай ачаа, эдгээр ачааны хоргүйжүүлсэн сав, баглаа боодлыг холбогдох стандарт, зааврын дагуу тээвэрлэнэ.

10.1.13       Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед ачаа унах, тэвшин дээр гулгах, шилжихээс хамгаалах зорилгоор ачааг тогтвортой, зөв байрлуулна.

10.1.14       Ачааг тээврийн хэрэгсэлд ачихдаа хонгил, гүүр, нүхэн гарц, замын бартаа, саад зэрэг нөхцөлийг харгалзан эрсдэлийг тооцон тээвэрлэх ачаа ба тээврийн хэрэгслийн овор, даацыг оновчтой сонгон зохион байгуулна.

10.1.15       Ачиж, буулгах ажилд хэрэглэх тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үзүүлэлт нь ачиж, зөөвөрлөж байгаа ачааны шинж чанартай дүйцэж байвал зохино.

10.1.16       Үйлдвэрлэлийн талбайн тээврийн хэрэгсэл явах замд "Орц", Гарц", "Эргэлт"-ийг заасан замын тэмдгийг зохих байранд нь, үзэгдэхүйцээр хийж тавьсан байна. Өгсөх, уруудах хэсэгт өвлийн улиралд замын цас, мөсийг байнга цэвэрлэж, элс цацаж аюулгүй байдлыг хангана.

10.1.17       Шилэн савтай ачааг зөөвөрлөхөд цохилт, доргилтоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

10.1.18       Баллоныг тусгай зориулалтын дамнуурга буюу тэргэнцрээр, харин шилэн савтай хүчил, шүлт болон бусад аюултай шингэнийг сүлжмэл сагсанд хийж зөөвөрлөх буюу тээвэрлэнэ. Эдгээр ачааг өндөрт өргөхдөө тусгай зориулалтын чингэлэг хэрэглэвэл зохино. Гар аргаар өргөхийг хориглоно.

10.1.19       Шахсан хийтэй баллон, торхтой карбид кальци, тэрчлэн шилэн савтай материалыг шилжүүлэх, зөөх үед цохилт, доргилтоос хамгаалах арга хэмжээ авсан байх шаардлагатай. Хүчилтөрөгчийн баллоныг хурдан шатах шингэн, тостой хамт зөөвөрлөх, тээвэрлэхийг хориглоно.

10.1.20       Ширхэгийн хүнд материал, хайрцгийг шилжүүлэн тавихдаа тусгай хөшүүрэг болон бусад хэрэгсэл ашиглана.

10.1.21       Өнхрөгч ачаа (дамартай кабель, утас, татлага г.м)-г ачиж, буулгах үйлдлийг механикжсан аргаар гүйцэтгэнэ. Онцгой тохиолдолд налуу талбай ашиглах буюу гуалин, шургааг хэрэглэн дээд талаас нь татлагаар барин сааруулах замаар өнхрүүлэн буулгаж болно. Энэ үед ажилчид өргөж байгаа буюу буулгаж байгаа ачаанаас хол хөндий байна.

10.1.22       Дулаалгын хөөсөн полистрол, полиуретан, конкревол, сэндвич хавтанг тээвэрлэх, ачиж буулгахад эвдрэл, гэмтлээс хамгаалж хөдөлгөөний чиглэлийн дагуу хэвтээгээр нь байрлуулж унах, савлах, гулсахаас урьдчилан сэргийлж, зориулалтын булан жийрэг хэрэглэнэ. 

10.1.23       Дээрх төрлийн хавтангууд нь хөнгөн, овор ихтэй тул, тээвэрлэхдээ "Овор ихтэй ачааны тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага" MNS 5345:2011 стандартын шаардлагыг хангасан байна.

10.1.24  Тасралтгүй ажиллагаа бүхий туузан зөөгүүр хэрэглэн ачиж, буулгах ажил гүйцэтгэхэд дараах шаардлагыг ханган ажиллана. Үүнд:

-          Туузан зөөгүүрийн ажлын тоног, хэрэгслийг жигд тогтвортой байдлаар ачаалахаар ачааг хуваарилан өгөх;

-          туузан зөөгүүрт ачааг өгөх, түүнээс ачааг буулгах үйл ажиллагааг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар гүйцэтгэдэг байх.

10.1.25  Туузан зөөгүүрийг ажиллаж байх явцад дараах үйлдлийг хориглоно.

-          хөтлөгч бул дээр хий эргэх саатлыг арилгах зорилгоор тууз, хөтлөгч булны хооронд элс, шавар, давирхай, битум, бусад материал цацах;

-          тулгуур өнхрөвчүүд, хөтлөгч болон чангалах булыг цэвэрлэх;

-          тулгуур өнхрөвчийг шилжүүлэн тавих, зөөгүүрийн туузыг гараар тэгшлэх, чангалахыг тус тус хориглоно.

Дээр заагдсан ажлыг гүйцэтгэх бол зөөгүүрийг тэжээлээс салган бүрэн зогсоож, ерөнхий залгуурыг салган, удирдлагын шүүгээг хаан түгжиж, дээр нь  "Залгаж болохгүй. Хүмүүс ажиллаж байна" гэсэн хориглох тэмдгийг MNS4643:1998 стандартын шаардлагын дагуу зүүсэн нөхцөлд гүйцэтгэнэ.

10.1.26. Туузан зөөгүүрийг асгаасаар дарагдаж, хөдлөх боломжгүй болсон буюу дараах гэмтэл, саатал гарсан үед залгахыг хориглоно. Үүнд:

-          хөтлөгч, чангалагч ба төгсгөлийн булны хаалт хашлага байхгүй байх;

-          тэжээлээс салгах хэрэгсэл гэмтэлтэй байх;

-          цахилгаан төхөөрөмжийн газардуулга, кабелийн бүрээс, туузан зөөгүүрийн арал гэмтэлтэй үед залгахыг хориглоно.

10.1.27. Ачааг гараар ачаалж, буулгах нөхцөлд туузан зөөгүүрийн хөдөлгөөний хурд 0.5 м/с-ээс ихгүй байх. Харин ачааны хүндийн масс 5 кг ба түүнээс илүү байх нөхцөлд 0.3 м/с байна.

10.1.28. Тээвэрлэж байгаа түүхий эдийн асгарах, гоожих, үйлдвэрлэлийн байранд тоосжилт үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд шурган зөөгүүрийн таг ба цоргонууд зай завсаргүй нягт угсрагдсан байна.

10.1.29. Шурган зөөгүүрийг ажиллаж байх үед хориглох зүйлс:

-          бүрэн зогсоож, залгагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаас өмнө шурган зөөгүүрийн нээлхийг сөхөх, дээгүүр нь явах;  

-          тээвэрлэж байгаа материалд тохиолдлоор орсон элдэв зүйлсийг чихэх, түлхэх, лабораторийн туршилтын дээж авах;

-          шураг гадна бүрээсэнд хавирах, бүрэн бус нээлхий, хангалттай бус битүүмжлэлтэй шурган зөөгүүрийг ашиглах.

10.1.30. Дүүжин тэргэнцэр, түлхэгч зөөгүүрээр тээвэрлэх явцад материал эдлэхүүн унахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна. Зөөгүүр нь хэт ачаалагдсан үед хөтлүүрийг шуурхай салгах төхөөрөмжөөр тоноглосон байна. Шинээр угсарсан буюу их засвар хийгдсэн туузан зөөгүүрийг ашиглалтад оруулахын өмнө татах, дүүжин байгууламжуудыг ажлын ачааллаас 2 дахин илүү ачаагаар 15 минутын турш сорьж, туршсан байна.

10.2               Барилгын материал, хийц бүтээц, тоног төхөөрөмжийн эд ангийг талбайд хурааж хадгалахад тавигдах аюулгүй ажиллагааны шаардлага

10.2.1.     Энэхүү норм ба дүрэм болон "Хөдөлмөрийн аюулгүй байдал, Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага" MNS 5079:2001 стандартын шаардлагын дагуу агуулахад хадгалах сэлбэг, хийц бүтээц, материалыг өөрөө шилжих, суух, нурах, гулсах, өнхрөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, тэгшлэн зассан талбайд материалыг хурааж  хадгална. Материал агуулах талбай нь гадаргуугийн уснаас хамгаалагдсан байна. Материал эдлэхүүнийг нягтруулаагүй хөрсөн дээр хураах, хадгалахыг хориглоно.

10.2.2.          Материалыг хадгалах, агуулах, тээврийн хэрэгслийн зам засах, цахилгаан, холбооны агаарын шугамын тулгуур суулгах ажлыг бэхэлгээгүй ухсан хүнхээл, сувгийн хөрсний нуралтын налуугийн хязгаарын гадна гүйцэтгэх ба харин тэдгээрийг бэхэлсэн, налалтын тогтворжилтыг бэхэлгээний шаардлагын дагуу урьдчилан шалгасан, динамик ачааллын тооцоогоор баталгаажуулсан нөхцөлд бэхэлгээтэйгээр ухсан хүнхээл, сувгийн нуралтын налуугийн хязгаарт байрлуулахыг зөвшөөрнө.

10.2.3.          Барилгын талбай, ажлын байранд материал, эдлэхүүн, бүтээц, хийц хэсэг, тоног төхөөрөмжийг дараах байдлаар хадгалж, байрлуулна. Поддон (тавиур), тавиур дээр багцлан өрсөн тоосгыг хоёроос илүүгүй үеэр давхарлан, чингэлэгтэй тоосгыг нэг үеэр, чингэлэггүй 1,7м-ээс илүүгүй өндрөөр давхарлан хурааж хадгална.

Суурь, зоорийн ханын гулдмайг дэр мод, ивүүр хэрэглэн 2,6м-ээс илүүгүй өндрөөр давхарлан хурааж байрлуулна.

Ханын хавтанг зориулалтын кассет (зориулалтын тавиур) буюу пирамид ашиглан налуулж, ташуулан хураах ба харин тасалгааны хамар ханын жижиг хавтанг эгц босоо байдлаар тусгаарлагч тавцан бэлтгэж хураана.

Ханын гулдмайг дэр мод, эвүүр хэрэглэн хоёр үеэр давхарлан хураана.

Хучилтын хавтанг дэр ба эвүүр хэрэглэн 2,5м-ээс илүүгүй өндөртэйгөөр давхарлан хурааж хадгална.

Дам нуруу, баганыг дэр, эвүүр хэрэглэн 2м-ээс илүүгүй өндөртэйгөөр давхарлан хураана.

Гуалин, балкныг эгнээний хооронд дэр хэрэглэн 1,5м-ээс илүүгүй өндөртэйгөөр давхарлан хурааж байрлуулах ба өнхрөхөөс хамгаалсан эвүүр хэрэглэнэ. Хураалгын өргөн нь өндрийн хэмжээнээс бага байхыг хориглоно.

Зүсмэл материалыг ердийн эгнээгээр хурааж хадгалах нөхцөлд хураалгын өндөр нь өргөний хагасаас илүүгүй байна. Харин үүрлэн (торлон) хураах өндөр нь хураалгын өргөнөөс илүүгүй байна.  

Арматур, ган цувимлыг тавиур дээр 1,5м-ээс илүүгүй өндөртэйгөөр хурааж хадгална.

Сантехник, агааржуулалтын хоолойг дэр, хавчуурга ашиглан 2м-ээс ихгүй өндөртэйгөөр хурааж хадгална.

Овор том,  масс ихтэй тоног төхөөрөмж, тэдгээрийн эд ангийг дэр хэрэглэн нэг үеэр байрлуулна.

Хайрцагтай шил, хуйлмал материалыг дэр хэрэглэн босоогоор нэг эгнээгээр хураана.

Хар төмөрлөгийн цувимал (гөлмөн төмөр, швеллер, двутавр, сортын ган, катанга)-ыг дэр, хавчуурга хэрэглэн 1,5м хүртэл өндөртэйгөөр давхарлан хураана.

300мм хүртэлх голчтой янданг дэр, төгсгөвчийн тулгуур хэрэглэн 3м хүртэл өндөртэйгөөр давхарлан хураана.

Бусад материал, бүтээц, хийц хэсэг, төрөл бүрийн хуурай хийцлэлийн хавтан, эдлэхүүнийг тэдгээрийн стандарт, техникийн шаардлагад зааснаар хурааж хадгална.   

10.2.4.     Агуулахад хураасан материал (тавиурууд)-ын хооронд 1м-ээс багагүй хүн явах зай үлдээх ба тээврийн хэрэгсэл, ачих-буулгах механизмын овор хэмжээнээс хамааруулан явах замын өргөнийг тогтооно. Материал, бүтээц, эдлэхүүнийг хашаа, мод, барилга, түр байгууламжид налуулан байрлуулахыг хориглоно.   

10.2.5.     Дулаан тусгаарлалтын зориулалтаар шүршдэг полиуретан хөөс хэрэглэж байгаа тохиолдолд MNS ISO 8873-1:2015, MNS ISO 8873-2:2015, MNS ISO 8873-3:2015 гэсэн 3 бүлэг стандартыг сайтар судлан хадгалахтай холбоотой заалтыг хэрэгжүүлнэ.

10.2.6.     Барилгын дулаалгад хэрэглэх дулаалгын полистирол ба сендвич хавтанг ус, чийгнээс хамгаалсан битүү агуулах, сарай, бетондсон болон хөрсний хамгаалалт хийсэн талбайд 2м-ээс илүүгүй өндөртэй 2м тутамд эвээс хийж булангийн эмтрэл, хугаралтаас хамгаалсан байдлаар хураах буюу галын аюулаас хамгаалах орчин нөхцөлийг бүрдүүлж, гал унтраах багаж хэрэгслийг бүрдүүлсэн, анхааруулах санамж байрлуулсан байна.

10.2.7.     Хөөсөн хатуу полиуретад хэрэглэх түүхий эдийг 160-270С-н температуртай агуулахад өөрийн савтай нь сайтар таглан хадгална. Хүнсний зүйл, шатах тослох материал, химийн урвалж бодистой хамт хадгалахыг хориглоно.

10.2.8.     Хөөсөн хатуу полиуретан гулдмайг 36 хүртэл ширхэгээр 1 багц болгон 200Н-аас багагүй хүчинд тасрах туузаар боож  2-с илүүгүй үеэр давхарлан хурааж хадгална. Гаднын элдэв зүйлээр бохирдох, галын оч дөл үсрэх, механикаар гэмтэх нөхцөл үүсэхгүйгээр хадгална. Мөн барилгын дулаалгын зориулалтаар үйлдвэрлэгдсэн хөөсөн хатуу полиуретан олон үет дулаалга, бүрээсэнд хэрэглэх полиуретан материалыг ус, чийг, галын аюул, механик гэмтлээс хамгаалан хадгална.

10.2.9.     Эрдэс хөвөнг механик гэмтэл, ус чийгийн нягтралаас урьдчилан сэргийлж, хэмжээ, маркаар нь төрөлжүүлэн битүү агуулах буюу саравчинд 2,5м-ээс өндөргүйгээр хурааж хадгална.

10.2.10.  Автоклавын болон автоклавын бус сийрмэг бетон гулдмайг зориулалт, төрлөөр нь ангилан бетондсон болон ус, чийгний хамгаалалт хийсэн талбайд 4-с илүүгүй үеэр 2,4 метрээс өндөргүйгээр давхарлан өрж хадгална.

10.2.11.  Барилгын ажилд хэрэглэх хуурай хольц, замаск, цавууг, зориулалтаар нь ангилан, хуурай, сэрүүн чийггүй орчинд битүү агуулах бетондсон талбай, модон улавчинд хурааж хадгална. Поддон (тавиур) шалнаас 0,1-0,15м хананаас 0,6м зайтай байх бөгөөд дээш нь 1,8м-2,0м хүртэл өндөрлөн хурааж хадгална. Мөн зориулалтын чингэлэгт хадгалж болно.

10.2.12. Цементийг хадгалах, тээвэрлэхэд MNS 3091:2008 стандартыг мөрдөнө.

-       Барилгын хуванцар (PVC) цонх, хаалга MNS 5830:2007

-       Барилгын цонх MNS 5802:2007

-       Наамал шилэн багц MNS 4753:2011

-       Цонх хаалганы повил хлорид (PVC) хэлбэржүүлсэн цувимал багцлах, тээвэрлэх эзлэхүүн, хадгалах MNS 5874:2008

-       Ус дамжуулахад зориулсан полиэтилен хоолой (PE) ерөнхий шаардлага MNS ISO 4427:2007

-       Халуун ба хүйтэн ус дамжуулах хуванцар хоолойн систем (полипротилен РР) MNS ISO 15874-2:2007 техникийн шаардлагын стандартуудад заасан хадгалах, хураах шаардлагыг мөрдөнө. 

10.3.  Ачааг гараар ачиж, буулгах ажлыг гүйцэтгэхэд                                   тавигдах аюулгүй ажиллагааны шаардлага

10.3.1.     Барилгын үйлдвэрлэлд ачааг ачих, буулгах ажилд энэхүү норм ба дүрмийн зэрэгцээ  MNS 5079:2001 ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлагыг мөрдөнө.

10.3.2.     Барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зурагт тухайн үйлдвэрлэл, төслийн талбайд ачааг ачих, буулгах, хадгалах, хураах, талбайн агуулахын байрлалыг урьдчилан төлөвлөн зохион байгуулж аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байна.

10.3.3.     Үйлдвэрийн орчин болон ачаа ачих, буулгах талбайн орох, гарах замд автомашины хөдөлгөөнийг зохицуулах замын ерөнхий заалт, тэмдэг, тэмдэглэгээг хийж байрлуулсан байна.

10.3.4.     Ачааг буулгах талбай, агуулах, өрөө тасалгааны гэрэлтүүлэг нь холбогдох стандартын шаардлагыг хангасан байна.

10.3.5.     Ачиж, буулгах ажлын талбай нь 1:10-аас илүүгүй налуутай тэгш гадаргуутай байх ба хэмжээ, гадаргуун хучилт нь ажил гүйцэтгэх төсөлд заагдсаны дагуу хийгдсэн байна.

10.3.6.     Барилгын материал, хийц бүтээц, ширхэгийн ба баглаа боодол, торхон савлагаатай материалыг ачиж буулгахад автомашины бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, авто машины даацыг хэтрүүлэлгүй, дугуйн хязгаарлалт, дохионы тэмдэг тэмдэглэгээг байрлуулан, ачаа ачих, буулгах, аюулгүй ажиллагааг хариуцагч, ахлах ажилтныг томилон аюулгүй ажиллагааг хариуцагч, ахлах ажилтныг томилон ажлыг аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг ханган ажиллана.

10.3.7.     Ачаа ачиж, буулгах талбайд автомашины тэвшний шалны түвшинтэй тэнцүү өндөртэй тавцан хийсэн байна.

10.3.8.     Ачиж, буулгах талбайд автомашиныг өөр хооронд нь 1м-ээс багагүй, зэрэгцээгээр 1,5м-ээс багагүй зайтайгаар байрлуулна. Барилга байгууламжийн ойролцоо автомашинд ачаа ачихаар байрлуулахад объект ба автомашины тэвшний арын ирмэг хоорондын зай 0,5м-ээс багагүй байна. Хураалттай материал ба автомашины хоорондын зай 1м-ээс багагүй байна.

10.3.9.     Ачиж, буулгах ажил гүйцэтгэхдээ өргөж, шилжүүлэх ачааны массын дээд хэмжээг зохих шаардлагын дагуу тогтоож өгсөн байна.

10.3.10. Онцгой тохиолдолд ачааг дамнуургаар тэгш хэвтээ гадаргууд 50м-ээс илүүгүй зайд зөөвөрлөхийг зөвшөөрнө. Дамнуургатай материалыг шатаар зөөхийг хориглоно. Нэгээс дээш давхарт байрлалтай 2м-ээс илүү өндөртэй шат, тавцан бүхий агуулахыг ачаа өргөх төхөөрөмжөөр тоногловол зохино.

10.3.11. Хайрцагтай ачааг агуулахад нуруулдаж, тогтвортой байдлаар хураана. Ачааны нурууны өндөр нь гараар ачилт хийхэд 3м, механикжсан аргаар ачилт хийх нөхцөлд 6м-ээс тус тус хэтрэхгүй байвал зохино. Битүү агуулахад нуруу хоорондын явах хэсгийн хоорондын зай 3м-ээс багагүй байхаар хайрцаг, боодолтой ачааг хураана.

10.3.12.  50кг-аас дээш жинтэй болон 2м-ээс дээш өндөрт ачих, эсвэл 2м-ээс дээш өндрөөс буулгахдаа заавал механик өргүүрийг ашиглавал зохино.

10.3.13.  Ачаа нуран унаж болзошгүй бүсэд анхааруулах  дохио тэмдэг, санамж байрлуулан хүн ба, тээврийн хэрэгсэл зорчихыг хориглоно. Шаардлагатай тохиолдолд энэхүү бүсэд ачааг ачих, буулгахдаа болзошгүй аюулыг  илрүүлж, эрсдэлийг үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсны дараа ажлын удирдагчийн зөвшөөрлөөр ажлыг гүйцэтгэнэ.

10.3.14.  Ачаа ачих тавцан, автомашины тэвшний шалны өндөр харилцан адилгүй түвшинд байх тохиолдолд гүүр болон тусгай түр тавцан ашиглана.

10.3.15.  MNS 4978:2000 стандартад заасан осолтой ба онцгой аюултай ачааг ачих (буулгах) ажил гүйцэтгэх эрх олгогдсон ажилтнуудад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх  мэдлэг, арга барил эзэмшүүлэх ба  хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тусгай сургалтад хамруулан, мэргэшүүлсэн байна.

10.3.16.  Аюултай ачаа ачих, буулгах ажил гүйцэтгэхийн өмнө аюулгүй ажиллагааны урьдчилсан зааварчилга өгнө. Зааварчилгаагаар аюултай ачааны шинж чанар, ачааг ачих буулгахад мөрдөх дүрэм, ажлын дэс дарааллыг сайтар тайлбарлан таниулж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх арга барилыг анхны тусламж үзүүлэхэд  шаардагдах эмийн сангаар хангасан байна.

10.4.  Барилгын хог хаягдал

10.4.1.          Барилгын хог хаягдлын менежмент

10.4.1.1.   Барилгын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх үйл ажиллагааг холбогдох журамд нийцүүлэн зохион байгуулах үүрэгтэй.

10.4.1.2.   Барилгын хог хаягдлыг ангилах, хадгалах, цуглуулах, цэгийг талбайн зохион байгуулалтын зурагт тодорхой заана.

10.4.1.3.   Барилгын үйлдвэрлэл эрхлэгч нь "Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө" боловсруулан хэрэгжүүлж, ажил дууссанаас хойш 1 сарын дотор аймаг, нийслэлийн барилгын салбарын төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

10.4.2.          Хог хаягдлын төрөл

10.4.2.1.   Барилгын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь "аюултай", "хяналттай", "энгийн" гэсэн зэрэглэлд ангилан ялгана.

10.4.2.2.   Хог хаягдлыг ангилж "хяналттай", "энгийн" гэсэн зэрэглэлд хамрагдах  хог хаягдлыг дахин ашиглах, дахин боловсруулах шаардлагад нийцүүлэн ангилан ялгаж хадгална.

10.4.2.3.   Дахин боловсруулах барилгын хог хаягдалд дараах төрлийн хог хаягдлыг ялгана. Үүнд:

-       цаас /обой, төрөл бүрийн боодлын болон хаягдал цаас/;

-       хуванцар /төрөл бүрийн гялгар уут, сав баглаа боодол, шугам хоолой, цахилгааны тоноглол, кабель, хаалга, цонхны хүрээ PVC/;

-       хөнгөнцагаан, төмөр, металл, зэс, гууль /тэдгээрээр хийсэн бүх төрлийн материал, бүтээгдэхүүн/;

-       шил /шилэн сав, эдлэл/;

-       мод, модон эдлэлийн хаягдал;

-       төрөл бүрийн шуудай, хаалт, бүтээлэг, даавуун материалын хаягдал;

-       дуу, дулаан тусгаарлагч материал /хөөсөнцөр, чулуун болон эрдэс хөвөн/;

-       резин, уур, ус, чийгээс хамгаалах бүх төрлийн хуйлмал материал;

-       өвс, мод, чулуу;

-       бетон, төмөрбетон;

-       тоосго, чулуу, өнгөлгөөний хавтан, керамикийн хаягдал;

-       асфальт бетон, битумын холимог, замын хайрга, шороо;

-       хаягдал арматур, бүх төрлийн төмөр эдлэл;

-       бүх төрлийн цахилгаан холбооны кабелийн утас;

-       барилгын суурь, талбайн тэгшилгээ цэвэрлэгээнээс гарсан хөрс шороо.

10.4.2.4.   Дахин ашиглах хог хаягдалд дараах төрлийн хог хаягдал орно. Үүнд:

-       суурийн блок;

-       бүх төрлийн ялуу;

-       хучилтын хавтан, татанга, дам нуруу;

-       тоосго, блок, угсармал ханын хавтан.

10.4.2.5.   Аюултай, булшлах хог хаягдалд дараах төрлийн барилгын хог, хаягдал орно. Үүнд:

-       Насжилт өндөртэй хуучин барилгыг буулгах үед гарах  азбест материал.

-       Хортой бодис агуулсан, хорт бодисоор бохирдсон, мөнгөн ус агуулсан хаягдлууд.

10.4.3.          Хог хаягдлыг тээвэрлэх

10.4.3.1.   Барилгын үйл ажиллагаанд оролцогч аж ахуйн нэгж нь тухайн хог хаягдлын үүссэн байршлын баг, хорооны засаг даргад мэдэгдэж сум, дүүргийн засаг даргаас зөвшөөрөл авч хог хаягдлыг тээвэрлэх, булшлах ажлыг тухайн орон нутгийн журамд нийцүүлэн зохион байгуулна.

10.4.3.2.   Тухайн орон нутгийн захиргааны зөвшөөрөл, чиглэлийн дагуу хог хаягдлыг тээвэрлэх, булшлах эрх бүхий байгууллага, иргэнтэй гэрээ байгуулж гүйцэтгүүлэх буюу өөрийн тээврээр гүйцэтгэнэ.

10.4.3.3.   Хог хаягдлыг бүрэн цэвэрлэж талбайг захиалагчид хүлээлгэн өгнө.  

11. БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ БУУЛГАХ АЖЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ

11.1         Барилга байгууламжийг буулгах ажилд /цаашид "буулгах ажил" гэх/ "Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам"-ын 5-р бүлэгт тавигдах шаардлага, "Барилга байгууламжийг буулгах үйл ажиллагааны дүрэм" БД20-101-12"-г мөрдөнө.

11.2         Буулгах ажлыг гүйцэтгэхдээ барилгын ажлын талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөл боловсруулах ба энэхүү зураг төслийг үндэслэн буулгалтын ажлыг гүйцэтгэнэ.

11.3         Барилга байгууламжийг буулгахад "Ажлыг гүйцэтгэх үед үүсэх ХАБЭА–н эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хамтарсан төлөвлөгөө"–г ажил гүйцэтгэх төсөл, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан боловсруулж захиалагч, ерөнхий ба туслан гүйцэтгэгч нар хамтран хэрэгжүүлнэ.

11.4         Барилгын талбайн зохион байгуулалтын зураг, ажил гүйцэтгэх төсөлд буулгах ажлын аюулгүй ажиллагааны (техник, машин механизм, цахилгааны аюулгүй ажиллагаа, галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ажлын байранд зааварчилгаа өгөх зэрэг) дүрэм журам, болзошгүй аюул ослоос сэргийлэх арга хэмжээг нарийвчлан тусгана.

11.5         Буулгах ажлын явцад үүсэх чичиргээ, доргилт, тэдгээрийн нөлөөллөөс болж барилга байгууламжид эвдрэл гэмтэл учруулахгүй байхад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, дуу чимээний болон тоос шорооны бохирдлын нөлөөллийг тооцож хянах, бууруулах инженерийн шийдэл, зураг төсөл гаргаж эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авна.

11.6    Буулгах ажлын үед төсөлд заасны дагуу галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, барилгад (асбест), шатах болон тэсэрч, дэлбэрэх бодис, эд зүйл байгаа эсэхийг зохих мэргэжлийн байгууллагаар урьдчилан тогтоолгож дүгнэлт гаргуулах ба барилгын талбайд гал унтраах хэрэгслийг бэлэн байлгаж, ажилтнуудад түүнийг хэрхэн ашиглах талаар мэдлэг, чадвар эзэмшүүлэх галын аюулаас урьдчилан сэргийлэх гал унтраах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажилтныг сургаж бэлтгэн томилсон байна.

11.7    Барилгын талбайн ойр орчимд хөдөлгөөнд саад болохгүй, аюул, эрсдэлийг үүсгэхгүй байх орц гарц, хаалт хашлага, анхааруулах, хориглох, сануулах, заах  тэмдгүүдийг санамж бүхий нэмэлт тэмдгийн хамт бэлтгэн батлагдсан талбайн зохион байгуулалтын зургийн дагуу байрлуулж захиалагч, гүйцэтгэгчтэй хамтран шалгаж, акт үйлдсэний үндсэн дээр ажлыг эхлүүлнэ.

11.8    Буулгах барилга байгууламжид амьдардаг иргэдийг нүүлгэн шилжүүлж, усан хангамж, дулаан болон хийн хангамж, цахилгаан, бохир ус, технологийн бүтээгдэхүүн дамжуулалтыг шугам хоолойноос салгах зэрэг холбогдох арга хэмжээ авсны дараа ажлыг гүйцэтгэх ба эдгээрийг бүрэн салгагдсан эсэхийг захиалагч, гүйцэтгэгчтэй хамтран шалгаж, акт үйлдэнэ.

11.9    Буулгах ажлыг зөвхөн өдрийн цагаар байгалийн гэрэлтүүлэгтэй үед гүйцэтгэнэ. Ажлын талбайд үзэгдэх орчин хязгаарлагдсан өндөр тоосжилттой, тоосжилтын эсрэг авсан арга хэмжээ нь шаардлага хангахгүй байх, манантай, аянга цахилгаантай, бороотой, 10м/с ба түүнээс дээш хурдтай салхи шуургатай үед буулгалтын ажил хийхийг хориглоно.

11.10    Буулгахаар төлөвлөсөн барилгын архитектур төлөвлөлт, бүтээцийн шийдлийг судалж буулгах ажлын технологи, арга ажиллагааг сонгоно. Барилга байгууламжийг буулгах ажлыг үйлдвэрлэлийн зохион байгуулалт, технологийн баримт бичигт заасан заалтыг үндэслэн гүйцэтгэнэ. Эдгээр заалтад барилга байгууламжийн ерөнхий байдал, суурь, хана, багана, нуман хаалга болон бусад байгууламжид хийсэн үзлэг, хяналтын дүн тусгагдсан байна. Үзлэг хяналтын үр дүнгээр акт боловсруулж, тэдгээрийг үндэслэн дараах арга хэмжээг авна.Үүнд:

1) барилга байгууламжийн буулгах арга, аргачлалыг сонгож тогтооно;

2)  барилга байгууламжийн буулгах ажлын дарааллыг тогтооно.

3)  буулгалтын аргын дагуу нуралтын аюултай бүсийг тогтоож, шаардлагатай бол өртөж болох эд зүйлсийг хамгаалан нуралтаас үүсэх цохилтоос хамгаалах хаалт, хамгаалалт байршуулах арга хэмжээ авах;

4)  бүтээц хийцийг нурахаас урьдчилан сэргийлэх зорилгоор буулгах үед түр

зуурын буюу байнгын бэхэлгээ, хүчитгэх аргыг хэрэглэнэ.

5)  бүтээц хийцийг нураах, хог хаягдлыг зөөвөрлөх үед тоосжилтыг арилгах арга хэмжээ авна;

6) өндөрт ажиллах үеийн болон дээрээс биет унах эрсдэлийг хянаж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна;

7) өндөр давтамжтай дуу чимээнд өртөлтөөс хамгаалж ажилчдад сонсгол хамгаалах хэрэгсэл хэрэглүүлэх, орчинд тархах дуу чимээнээс хот суурин газар, иргэдэд нөлөөлөх асуудлуудыг бүрэн шийдэж зөвшөөрөл авсан байна;

8)  зохион байгуулалт, технологийн баримт бичигт заасан барилга байгууламж, тоног төхөөрөмжийг буулгахад зориулсан оосорлох схемийг баримтална.

11.11    Ажил эхлэхийн өмнө зохион байгуулалт, технологийн баримт бичигт тусгагдсан буулгах арга, ажлын дараалал, шийдлүүдтэй ажилчдыг танилцуулж, аюулгүй ажиллах талаар зааварчилгаа өгөх шаардлагатай. Тогтворгүй хийц бүтээцийг буулгах ажлыг уг ажлын удирдагчийг байлцуулан гүйцэтгэнэ.

11.12    Барилгыг буулгах үед тус ажлыг гүйцэтгээгүй, зөвшөөрөлгүй гадны хүмүүс нэвтрүүлэхийг хориглоно. Барилга байгууламжийг буулгах ажлын талбайг зөвшөөрөлгүй хүн, мал, амьтан орох боломжгүй  барилгын түр битүү хашаагаар тусгаарлана. Буулгах ажлын явцад ажилчдын ахуйн байр руу явах орц гарцыг түр хаана.  

11.13    Механикжсан аргаар барилга байгууламжийг буулгах үед аюултай бүсүүдийг тогтоож, хаалт хашилтаар тусгаарлан, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч машин, механизмыг буулгалтын ажлын бүсийн гадна байрлуулсан байна. Машин механизмын жолоочийн кабин нь нураалтаас үсэрсэн хэсгүүд орохоос хамгаалагдсан битүү байх бөгөөд ажилтнууд нь ажлын хувцас  өмсөж, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл (толгой хамгаалах дуулга малгай, гар хамгаалах бээлий, харааны эрхтэн хамгаалах нүдний шил, хөл хамгаалах ажлын гутал г.м)–ийг бүрэн хэрэглэсэн байна.

11.14    Хийн бодис хуралдсан, тархсан аюултай бодис асгарсан, хураасан байж болзошгүй газруудыг тогтоож, ажилтнууд нэвтрэхээс өмнө заавал агааржуулж хордлого, хурц хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлнэ. Гэнэт хий алдагдах, алдагдах шинж тэмдэг илэрвэл ажлыг шуурхай зогсоож, ажилтнуудыг аюултай бүсээс яаралтай гаргана. Хий алдагдах эрсдэлтэй газруудад анхааруулах, хориглох, сануулах, заах санамж тэмдэг байрлуулж, тэнд ажиллах ажилтнуудыг  амьсгалын эрхтэн хамгаалах хэрэгслээр бүрэн хангана.

11.15    Барилгыг буулгах ажлыг дээрээс доошоо технологийн картын дагуу дараалан гүйцэтгэнэ. Барилгын босоо тэнхлэгийн дагуу хэд хэдэн түвшинд нэгэн зэрэг задлахыг хориглоно. Барилгын (гарниз) өнгийц хэсгийг буулгах, хийц эдлэлийг оосорлох үед ханан дээр зогсохыг хориглоно.

11.16    Барилга байгууламжийг буулгах үед ажлын байрны орц, гарцын байршил ба хийц нь аюулгүй байхаар төсөлд заасны дагуу төлөвлөнө. Дээвэр болон гадна ханыг буулгахдаа өндөрт ажиллах үеийн аюулгүй байдлын арга хэмжээг авч, ажилтнуудыг уналтаас хамгаалах хэрэгсэл, тооцоогоор зөвшөөрөгдсөн бэхэлгээний цэгээр бүрэн хангана.

11.17    Барилгыг задлах үед хийц бүтээц гэнэт нурах, унахаас урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой ажиллана. Барилгын зохион байгуулалт, технологийн баримт бичгийн дагуу ажлын талбайд байрлах тогтворгүй хийц, хэсэглэлийг зайлуулах, бэхлэх, хүчитгэх арга хэмжээг авна. Утааны яндан, чулуун багана, тулгуур зэргийн буулгалтын ажлыг зориуд зассан хамгаалалт бүхий тавцан дээрээс гүйцэтгэнэ.

11.18    Барилга байгууламжийг тэсрэх бодис ашиглан буулгахдаа аюулгүй байдлын тусгай тогтоосон шаардлагыг дагаж мөрдөнө. Тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг ашиглахдаа тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг мөрдөж ажиллана.

11.19    Өргөн тээвэрлэх машин, механизм ашиглан байгууламж, тоног төхөөрөмжийг буулгахдаа "Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"–ийн шаардлагыг мөрдөн ажиллана. Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт, технологийн баримт бичигт заасан  арга, оосорлох схемд нийцсэн байна.

11.20    Хог хаягдлын бүсийг тогтоож зориулалтын хаалт, хашлагаар хамгаалан овоолго үүсэхээс өмнө зайлуулсан байна. Буулгалтын хог хаягдлыг цэвэрлэх ажил эрхэлж буй ажилтнуудыг агаарт цацагдах тоос, бичил биетэн (хөгц, мөөгөнцөр)–ээс хамгаалж, зориулалтын нэг бүрийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангана. Үүнд: ажлын хувцас өмсөж, толгой хамгаалах дуулга малгай, гар хамгаалах бээлий, харааны эрхтэн хамгаалах нүдний шил, хөл хамгаалах ажлын гутал зэргийг бүрэн хэрэглэсэн байна.

11.21    Барилга байгууламжийг буулгалтаас гарсан материал, барилгын хог хаягдлыг битүү сувгаар эсвэл зориулалтын машин, контейнерт өргөх кран ашиглан буулгана. Хогийн сувгийн доод үзүүр газраас 1м–ээс өндөргүй буюу бункерт орохоор зохион байгуулна. Хогийн суваггүй үед 3м–ээс ихгүй өндрөөс хог хаяхыг зөвшөөрнө. Гэхдээ эдгээр аюултай газруудад хаалт, хашлага хийсэн байна. Аюултай, эрсдэл үүсэх талбайн хэмжээсийг ажил гүйцэтгэх зохион байгуулалт, технологийн баримт бичгийн дагуу тогтооно.

11.22    Барилга байгууламжийг буулгах явцад гүйцэтгэж байгаа ажлаас нь хамааруулан ажилтнуудыг үйлдвэрлэлийн аюултай, хортой дараах хүчин зүйлийн нөлөөлөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавал авна. Үүнд:

-       Барилга байгууламжийн хийц элементүүд гэнэт нурах, өндрөөс унаж болзошгүй сул хийц, материал, тоног төхөөрөмж байгаа эсэхийг шалгаж тогтоох;

-       Барилгын машин, механизмын  хөдөлгөөнт хэсэг, тэдгээрийн шилжилт хийдэг эд ангийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг шалгах;

-       Хурц ирмэг, булан, үндсэн хийцээс илүү гарсан хэсэг байгаа эсэхийг шалгаж тогтооно.

-       Ажлын байрны агаар дахь тоос, хортой бодисын агууламж нэмэгдсэн эсэхийг шалгаж, хэвийн болгох;

11.23              Буулгах ажлыг гүйцэтгэж буй байгууллага нь тус ажилтай холбоотой эрсдэлийг үнэлж, удирдана. Эрсдэлийг удирдахдаа:

  1. Эрсдэлийн үнэлгээ хийж, аюулыг тодорхойлох.
  2. Илэрсэн аюул эрсдэлийг арилгах.
  3. Хяналтын арга хэмжээг хэрэгжүүл, нягтлан шалгах.

12.ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ

12.1         Ерөнхий шаардлага

12.1.1  Газар шорооны ажлыг гүйцэтгэх, хүлээн авахдаа "Барилгын газар шороо ба буурь суурийн ажил" БНбД 50-02-17 норм дүрмийн шаардлагыг мөрдөнө.

12.1.2  Газар шорооны ажлыг гүйцэтгэж эхлэхийн өмнө эрсдэлийн үнэлгээг хийж,  аюулыг илрүүлэн арилгаж, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна. Үүнд:

-       Суурийн нүх ухах, газар шорооны ажил гүйцэтгэх үед хөрсний нуралт  үүсэх, шороо, хөрс, чулуу унахаас урьдчилан сэргийлж хамгаалах арга хэмжээг авна;

-       машин, механизмын өөрийн болон эд ангийн хөдөлгөөнөөс үүсэх болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж хамгаалах арга хэмжээг авна;

-       ажилтнуудын бие махбодын ба сэтгэл зүйн хэт ачааллыг тооцож ажил, амралтын зохистой горимыг тогтоон мөрдүүлнэ;

-       ажлын талбайн агаарын температур хэвийн хэмжээнээс нэмэгдсэн буюу буурсан үед ажил, амралтын зохистой горимыг тогтоон мөрдүүлнэ;

-       гэрэлтүүлэг хангалтгүй болсон үед ажлыг зогсооно;

бусад үйлдвэрлэлийн аюултай ба хортой хүчин зүйлсийн үйлчлэлээс урьдчилан

сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

12.1.3.          Дээр заасан аюултай, хортой буюу болзошгүй эрсдэлтэй (хохиролд хүргэж болзошгүй) хүчин зүйл байгаа тохиолдолд ажил гүйцэтгэх зохион байгуулалт, технологийн баримт бичигт заасан шаардлагыг биелүүлсний үндсэн дээр дараах арга хэмжээг авч, газар шорооны ажлын аюулгүй байдлыг хангана.

12.1.4.          Үүнд:

-       барилгын машин, механизм, хөрсний ачааллыг харгалзан бэхэлгээгүй суурийн нүх, шуудууны налуугийн найдвартай байдлыг тодорхойлно;

-       хүнхээл, шуудууны ханын бэхэлгээний төрөл, тэдгээрийг суурилуулах газар, ажилтнууд буух, өгсөх шат байрлуулах газрыг тодорхойлно;

-       газар шорооны ажилд ашиглах машин, механизмын сонголт, тэдгээрийн байршил;

-       улирлын өөрчлөлттэй холбогдуулан хөрсний налууг хянах, тогтвортой байдлыг хангах нэмэлт арга хэмжээг авна.

12.1.4            Геологи, гидрогеологийн түвэгшилтэй нөхцөл бүхий хөрстэй бол, тухайлбал, гулсалттай болон сул хөрстэй нөхцөлд газар шорооны ажил гүйцэтгэхэд тухайн ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө буюу технологийн картыг заавал боловсруулж батлуулсан байх шаардлагатай бөгөөд ажлыг газар дээр нь инженер техникийн ажилтан удирдана. Ажил гүйцэтгэх төсөл ба технологийн картыг гүйцэтгэгч байгууллагын ерөнхий инженер гарын үсэг зурж баталгаажуулна.

12.1.5            Хот, суурин газрын гудамж талбай болон ажил гүйцэтгэх нутаг дэвсгэрт барилгын зоорийн нүх, суваг, шуудуу ухахад тээврийн хэрэгсэл хийгээд хүн малын хөдөлгөөнийг хориглох, зохицуулах шаардлагатай бөгөөд үүний тулд барилгын талбайг MNS 5414:2004 стандартын дагуу түр хашаагаар хашиж хамгаалан, анхааруулах, сануулах, хориглох, заах дохио тэмдэг, санамжийг байрлуулан, шөнийн цагт дохиолол ба  гэрэлтүүлэгтэй байлгана.

12.1.6            Хөрсний устай нөхцөлд ажил гүйцэтгэхийн өмнө ус зайлуулах түр болон байнгын байгууламжуудаар тоноглосон байна. Газар шорооны ажлыг эрсдэлгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас сэргийлэх арга хэмжээг урьдчилан авна.

12.1.7            Хадан бус хөрсөнд хөрсний усны түвшингээс дээш гүнд эсвэл зохиомол аргаар хөрсний усны түвшинг доошлуулсан хөрсөнд бэхэлгээгүйгээр налуу эрэгтэй замын ухмал, зоорийн нүх ба шуудуу ухахад ухах гүнээс нь хамааруулан эргийн налууг энэ дүрмийн Хавсралт 6 зааснаар гаргана. Хэрэв ухаж буй хөрс хэд хэдэн үе давхаргаас тогтсон байвал эргийн налууг хамгийн сул хөрсний үзүүлэлтээс хамааруулан авах ба аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлан ажиллана.

12.1.8            Хадан бус, хөлдөөгүй хөрсөнд хөрсний усны түвшингээс дээш гүнд бэхэлгээгүй эгц ханатай нүх ухахад болон газар доорх шугам сүлжээний ойр орчинд ухах нүхийг дараах гүнээс хэтрүүлж болохгүй.

-       том хэмхдэст ба элсэн хөрс, түүнчлэн асгаасанд  1.0м;

-       элсэнцэр хөрсөнд 1.25м;

-       шавар ба шавранцарт 1.5м

12.1.9            Барилгын талбай дахь гадаргын усыг зайлуулах, газар доорх усны түвшинг шүүрүүлийн систем болон яндант шүүрүүлийн төхөөрөмж ашиглан зориудаар доошлуулах ажлыг технологийн картад заасны дагуу аюулгүй ажиллагааны шаардлагыг мөрдөн гүйцэтгэнэ.

12.1.10       Ухаасны хэмжээ нь барилгын суурийн бүтээц эдлэхүүнийг хурааж байрлуулах, механикжсан аргаар суурийн шон зоох, суурийн ус тусгаарлалт хийх, хөрсний ус доошлуулах болон гадаргын ус зайлуулах зэрэг ажлыг гүйцэтгэх боломжийг бүрэн хангасан зай талбайтай, ажилтнууд ажиллах бүсийг тодорхойлж, орц гарцыг шийдсэн байна.

12.2. Ажил эхлэхийн өмнөх аюулгүй ажиллагааны шаардлага

12.2.1       Газар шорооны ажил эхлэхээс өмнө ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан нь ажилчдад тухайн ажлын технологийн онцлогтой холбогдсон аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгнө. Ажилтнууд дуулга малгай, ажлын иж бүрэн хувцас, хамгаалах хэрэгслийг бүрэн зөв өмссөн байна.

12.2.2       Газар доор хэвийн ашиглагдаж буй бүх төрлийн шугам сүлжээний орчинд газар шорооны ажил гүйцэтгэх нөхцөлд тухайн сүлжээг хариуцсан байгууллага, ажилтнуудтай хамтран аюулгүй байдлыг хангах нөхцөлийг тохиролцон бичгээр тэмдэглэл үйлдэнэ. Өндөр хүчдэлийн кабель, хий дамжуулах хоолой, бусад шугам сүлжээний  аюулгүй байдлын бүс, мөн хөрсний бохирдолтой бүсэд газар шорооны ажлыг зөвшөөрлийн дагуу гүйцэтгэнэ. Ажлыг удирдагчийн шууд удирдлага, хяналтан дор гүйцэтгэнэ.

12.2.3       Одоо ашиглагдаж байгаа газар доорх инженерийн байгууламжийн ойролцоо хөрс боловсруулах ажлыг цохилтот хэрэгслийн тусламжгүйгээр зөвхөн хүрз ашиглан гүйцэтгэхийг зөвшөөрнө. Механик эвдрэлээс хамгаалагдаагүй ашиглагдаж байгаа инженерийн шугам сүлжээний уулзвар дээр газар шорооны ажлыг гүйцэтгэх машин механизм ашиглахыг холбогдох байгууллагуудтай тохиролцсоны үндсэн дээр шийднэ.

12.2.4       Газар шорооны ажлыг барилга байгууламж, замын улаан шугам, тэг тэнхлэг тавьсны дараа эхэлнэ. Хөрсний устай нөхцөлд ажил гүйцэтгэхийн өмнө ус зайлуулах түр болон байнгын байгууламжийг тоноглосон байна.

12.2.5       Газар шорооны ажлыг эрсдэлгүй гүйцэтгэхийн тулд төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч нь нуралтаас хамгаалах арга хэмжээг урьдчилан авна. Суурийн суваг, хүнхээлийн ханын налуугийн хэмжээг хөрсний геотехникийн шинж чанараас хамааруулан гүйцэтгэнэ.

12.2.6       Ухсан нүхний хана хөрсний усны үйлчлэлээр нурж болохуйц нөхцөлд бэхэлгээ хийнэ. Газрыг бэхэлгээгүй хөндийлөн ухах ба элсэрхэг хөрсөнд бэхэлгээгүй нэг метрээс илүү гүн нүх, шуудуу ухахыг хориглоно.

12.2.7       Ухсан нүх, шуудууны амсраас нэг метрээс дотогш зайд барилгын материал, бусад зүйл өрж хураахыг хориглоно.

12.2.8       Ухсан нүхний амсар ирмэгээс нэг метрээс дотогш явах, машин механизмыг хоёр метрээс дотогш байрлуулан тавьж ажиллахыг хориглоно.

12.2.9       Барилгын талбай дахь нүх шуудуу, өрөмдсөн газар зэрэг хүн унаж болзошгүй газарт таг, бөх бат хаалт, хашлага хийж анхааруулах тэмдэг, дохио санамж байрлуулж, шөнийн цагт гэрэлтүүлгээр хангасан байна. Ажил гүйцэтгэх орчныг 1,2 м-ээс багагүй өндөртэй хашиж хамгаалан, аюулгүй байдлын дохио ба тэмдэг тавина. Дохио ба тэмдэг нь шөнийн гэрэлтүүлэгтэй байна.

12.2.10  1.3м-ээс дээш гүнтэй ухаасанд ажилтнуудыг оруулж ажиллуулахын өмнө ханын бэхэлгээний бат бөх буюу хөрсний налуугийн хэмжээ, тогтворжилтыг шалгах ба газрын хөрс гэссэн үед бэхэлгээний тогтворжилт шаардлага хангаж байгаа эсэхийг шалгана. Ханын бэхэлгээний банз 5см-ээс доошгүй зузаантай байна.

12.2.11  Хөрсний элэгдэл, хөрсний гулсалт, нүхний ханыг нурахаас урьдчилан сэргийлэхийн тулд гадаргын болон гүний усыг зайлуулна. Ажлын байрыг чулуу, мод, барилгын хог хаягдлаас цэвэрлэнэ.

12.2.12  1м-ээс гүн шуудуу ба зоорийн нүх рүү ороход хашлага бариул бүхий шат тоноглоно. Шатны өргөн 0.6м-ээс, бариулын өндөр 1.1м-ээс тус тус багагүй байна. Шуудуу, ховил дээгүүр хүмүүс дамжин өнгөрөх (гүүрэн) гарц хийж байрлуулна. Ажлын байранд нэвтрэх зориулалттай 0.6 м-ээс багагүй өргөнтэй хашлагатай гишгүүртэй шатыг (5м хүртэлх урттай модон шат) нүхэнд байрлуулна.

12.2.13  Эргийн налууг зохих ёсоор гаргасан нүх байсан ч уг хөрсний чийгшлийн байдал болон бороо хур, газрын доргилтын улмаас уг хөрс нурах нөхцөл бүрэлдэж нуралт ба гулсалт эхэлсэн эсвэл хөрсний хагаралт, цууралт гарсан эсэхийг барилгын инженер, даамал сайтар үзэж аюул эрсдэлийг шалгасны дараа ажилчдыг уг нүх рүү орж ажиллах зөвшөөрлийг олгоно. Аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажилтан хагарал бүхий газарт тогтворгүй хөрсний төлөв байдлыг хянаж, эрсдэлийг арилгасны дараа ажилчдыг налуу бүхий малталтад оруулахыг зөвшөөрнө.

12.2.14  Ялангуяа хөрсний хөлдөлт гэсэлттэй байдаг хавар, намрын цагт ухсан нүхэн дотор хүмүүсийг оруулж ажиллуулахаас өмнө эрсдэл үүсэх онцгой нөхцөлийг шалгана. Ухсан нүхийг гэсэж эхлэхэд эрсдэлийн үнэлгээний дагуу налуу, бэхэлгээний тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авна.

12.3. Ажил  гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны шаардлага

12.3.1       Зоорийн нүх ба шуудууг дөрлөж ухах, хөндийлөн ухахыг хориглоно. Ухсан нүх, шуудууны ханыг налж суухыг хориглоно.

12.3.2       Ажилтнуудыг ажиллах боломжит зай талбайг бий болгож, хоёр хүний хоорондын зайг гурван метрээс доошгүй байлгана.

12.3.3       Ажил гүйцэтгэх явцад зохион байгуулалт, технологийн баримт бичигт заагаагүй шугам сүлжээ, археологийн олдвор, эд агуурс, газар доорх байгууламж, тэсрэх материал илэрвэл ажлыг даруй зогсоож, захиргааны ба холбогдох байгууллагад мэдэгдэн зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг гүйцэтгэгч байгууллага хариуцна.

12.3.4       Зоорийн нүх ухах үед ажлын байрны хэмжээ нь бүтээц хийц, тоног төхөөрөмж, өрөмдлөгийн тоног хэрэгслийн байрлал, 0.6м-ээс багагүй өргөнтэй орц, гарц зэргийг тооцон ажлын байрны шаардлагатай зай талбайг гаргана.

12.3.5       Нүх, шуудууны ёроолд байрлаж дээш шороо шидэхдээ газрын гадарга дээр байрлуулсан анхааруулах тэмдгээс давуулж шидэхийг хориглоно.

12.3.6       Гүн зоорийн нүх болон замын гүн ухмалын мөргөцөгт гараар эсвэл экскаватороор ажил гүйцэтгэх үед мөргөцгийн эрэгт том бул чулуу буюу барилгын хог илэрвэл эхлээд түүнийг суллан авсны дараа ажлыг үргэлжлүүлнэ.

12.3.7       Хөрсийг механик цохилтоор буталж сийрэгжүүлэх үед хөрс буталж байгаа газраас 5м-ээс дотогш зайд ажилтнууд байхыг хориглоно.

12.3.8       1.3м-ээс гүн нүх ухаж байх явцад эрэг хагарах ба гулсах шинж илрэх, бэхэлгээний эд анги сулрах болон задарвал ажлыг нэн даруй зогсоож аюулыг арилгах арга хэмжээ авна.

12.3.9       Шуудуу ба зоорийн нүхийг зураг төсөлд заасан хэмжээнээс илүү гүн ухах, эргийн налууг тавигдах шаардлагын хэмжээнд гаргаагүй, бэхэлж ухах шаардлагатай хөрсийг бэхэлгээ хийлгүй ухах болон бэхэлгээгүй ухсан эргийн орчинд ажил гүйцэтгэх, бэхэлгээг буулгах аюулгүй байдлын дүрмийг баримталж чадаагүй, технологи арга ажиллагааг баримталж ажиллаагүйгээс хөрсний нуралт үүсэх тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч аюулгүй байдлыг баримталж ажиллана.

12.3.10  Бүх төрлийн хөрсөнд 5м-ээс гүнд болон геотехникийн нийлмэл шинж чанартай хөрсөнд 5м-ээс бага гүнтэй замын ухмал ба зоорийн нүх ухахад эргийн налууг зураг төсөл буюу технологийн картад зааснаар авна. 5м-ээс дээш гүнтэй нүхний налуугийн эгц байдал, зарим төрлийн хөрс, түүнчлэн өвлийн улиралд боловсруулсан, гэсэлтийн болон чийгийн нөлөөнд өртөх налууг барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт, технологийн баримт бичгээр тогтооно.

12.3.11  Бэхэлгээг суурилуулахдаа тэдгээрийн дээд хэсэг нь нүхний ирмэгээс дээш 15 см-ээс багагүй гарах шаардлагатай болохыг тооцоолно. Эргийн ханыг эгц ухаад түр бэхлэх нөхцөлөөр ажиллаж байгаа бол эргийн хананаас бэхэлгээнд үзүүлэх даралттай уялдуулан бэхэлгээний бат бэх ба тогтворжилтын тооцоо хийх шаардлагатай бөгөөд босоо бэхэлгээ хашлага нь газрын гадаргаас дээш 15см-ээс багагүй илүү гарч байна.

12.3.12  1.3м-ээс дээш гүнтэй нүхэнд ажилтнуудыг оруулахаас өмнө ажлын байрны эрсдэлийг үнэлэн, налуугийн байдал, нүхний ханын бэхэлгээний найдвартай байдлыг шалгана. Чулуу мөн налуу газраас олдсон хөрсний бохирдлыг зайлуулна.

12.3.13  Нягт хөрсөнд (шавранцар ба шавар) экскаватороор бэхэлгээгүй босоо ханатай малталтыг 3м-ээс ихгүй гүнд хийхийг зөвшөөрнө. Ажилчдын байрлаж ажиллах шаардлагатай газарт бэхэлгээ болон налууг шаардлагын түвшинд зөв үүсгэнэ. 0.5м-ээс ихгүй гүнд бэхэлгээг дээрээс доош чиглэлд суурилуулна.

12.3.14  Сууриас илүү гарсан шороог нүхний амсраас хамгийн багадаа 0.5м зайд байрлуулна.

12.3.15  Барилгын зохион байгуулалт, технологийн баримт бичигт өөрөөр заагаагүй бол нүхний бэхэлгээг буулгах ажлыг  суурийн нүхийг эргүүлж булахаас өмнө дээрээс доош нь гүйцэтгэнэ.

12.3.16  Тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авч, дүүргэх арга, дарааллыг тогтоосны дараа бэхэлгээний хана, суурийг тооцон нэг талаас нь эргүүлж булахыг барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт, технологийн баримт бичгийн дагуу гүйцэтгэнэ. Шинээр гүйцэтгэсэн зоорийн хана ба түшиг ханын тогтвортой байдал найдвартай нөхцөлд л түүнийг нэг талын байрлалаас суурийн шороог буцааж чигжиж болно.

12.3.17  Экскаватор ажиллаж байх үед түүний ойролцоо өөр ажлыг зэрэгцэн хийхгүй бөгөөд ажилтнуудыг экскаваторын үйлчлэх радиусаас 5м хүртэл зайд байлгахыг хориглоно.

12.3.18  Хоёр ба түүнээс дээш өөрөө явагч буюу чиргүүлтэй машинаар (скрепер, грейдер, индүү, бульдозер) хөрсийг боловсруулах, тээвэрлэх, буулгах, тэгшлэх, нягтруулах үед тэдгээрийн хоорондын зай хамгийн багадаа 10м ба түүнээс дээш байна.

12.3.19  Барилгын талбайд ачаа, бараа материалыг тээврийн хэрэгслээр ачиж буулгах ажлыг тусгайлан тогтоосон, тоноглогдсон газруудад гүйцэтгэнэ.

12.3.20  Эргийн налуугийн өнцөг нь бульдозер, скреперийн паспорт дээр зааснаас их байх үед бульдозер, скреперээр хөрс ухахыг хориглоно.

12.3.21  Газрыг цахилгаанаар халаах тохиолдолд эрчим хүчний эх үүсвэрийн хүчдэл 380В-оос хэтрэхгүй байна. Хөрсний халсан хэсгийг хашиж, хашаанд анхааруулах санамж, тэмдэг байрлуулж шөнийн цагаар гэрэлтүүлсэн байна. Халаалттай хэсэгт ажилчид болон бусад хүмүүс байхыг хориглоно.

12.3.22  Хөлдүү хөрсөнд өдөр тутмын агаарын дундаж температур хасах 2°C-ээс доош үед хөрсний хөлдөлтийн гүнээс 2м-ээс ихгүй байхад ажиллахыг зөвшөөрнө.

12.3.23  Гидромеханикжуулалтаар хөрс боловсруулахдаа ХАБЭА-н шаардлагыг хангасан байна.

12.3.24  Замын ухмал, шуудуу ба зоорийн нүхний эргийн гулсалтын хязгаар дотор материал бүтээц, эдлэхүүн хураах ба машин механизм явуулахыг хориглоно.

12.3.25  Салхины хүч 15м/с-ээс хэтрэх, хур тунадас орох, ажлын байранд үзэгдэх орчингүй болж манан будан татах, үер бууж ажлын байранд ус орох зэрэг нөхцөлд газар шорооны ажлыг зогсооно. 

  1. БУУРЬ, СУУРИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ
    1.       Ерөнхий шаардлага
      1. Буурь, суурийн ажил гүйцэтгэх, хүлээн авахдаа "Барилгын газар шороо ба буурь суурийн ажил" БНбД 50-02-17 норм дүрмийн шаардлагыг мөрдөнө.
      2. Буурь, суурийн ажил гүйцэтгэх үед ажил олгогч нь ажилтнуудын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй аюулуудыг, эрсдэлийн үнэлгээ хийж, ажилтнуудыг гүйцэтгэх ажлын онцлогтой нь холбоотой үүсэх эрсдэлтэй хүчин зүйлүүдэд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
      3. Үйлдвэрлэлийн аюултай, эрсдэлтэй хүчин зүйлүүд байгаа тохиолдолд буурь, суурийн ажлын хөдөлмөрийн аюулгүй байдлыг үйлдвэрлэлийн зохион байгуулалт, технологийн баримт бичигт заасан шаардлагыг хангасны үндсэн дээр дараах арга хэмжээг авч гүйцэтгэнэ. Үүнд:

1)   буурь, суурийн ажлын механикжуулалтын аргыг тодорхойлж, тоног хэрэгслийг сонгоно;

2)  ажил гүйцэтгэх дарааллыг тогтооно;

3)  тоног төхөөрөмжийг суурилуулах, буулгах схемийг боловсруулна;

4) буурь, суурийн ажилд ашиглах машин механизмын сонголт, бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагаа, талбай дээрх хөдөлгөөнийг зохицуулж, операторын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, үнэмлэхжүүлэлтийг журмын дагуу шийдвэрлэсэн байна;

5) ажлын байрыг зөв зохион байгуулах, нийтийн хамгаалах хэрэгслийн үйлчлэх хүрээ, тоо хэмжээг тодорхойлж, ажилтан бүрийг хамгаалах хэрэгслээр хангана;

13.1.4  Суурь болон бусад газар доорх байгууламжуудыг барих нөхцөлд ус доошлуулах, хөрс нягтруулах ба бэхжүүлэх, ухаасны хашлагыг барих, хөрс хөлдөөх, "хөрсөн дэх хана"-ын аргаар суурийг ажлыг хийх болон бусад ажлуудыг гүйцэтгэх нөхцөлд зохион байгуулалтын төсөл, ажил гүйцэтгэх төсөлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг заавал тусгана.

13.1.5  Газар доорх шугам сүлжээний ойр орчинд, мөн шатах дэлбэрэх аюултай орчинд түүнчлэн эмгэг хордлого бүхий хөрс шороотой газарт өрөмдлөг, суурийн ажил гүйцэтгэх, хөрсийг зохиомлоор бэхжүүлэх, зохиомол буурь хийхэд эрсдэлийн үнэлгээ хийж, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, ажил гүйцэтгэх төсөлд тусгагдсаны дагуу технологийг баримталж гүйцэтгэнэ.

13.1.6  Барилгын суурь болон хөрс чулуулаг ашиглан инженерийн байгууламжийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэхдээ арилгын үйлдвэрлэлийн технологи зохион байгуулалтын баримт бичиг боловсруулах заавар" БД12.104-11,"Геодезийн ажил" БНбД11.08.08 норм дүрмийн шаардлагыг мөрдлөг болгож, аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж ажиллана.

13.1.7  Шороон байгууламж ба буурь, суурь нь зохих норм дүрмийн шаардлагын дагуу зураг төсөлтэйгөө тохирч байна.

13.2. Ажил эхлэхийн өмнөх аюулгүй ажиллагааны шаардлага

13.2.1  Суурийн ажил нь газар шорооны ажил бүрэн дууссан эсвэл хэсэгчлэн дууссан, хөрс, гадаргуугийн ус зайлуулагдсан, эргийн бэхэлгээ хийгдсэн үед эхэлнэ.

13.2.2  Суурийн ажил гүйцэтгэхэд оосорлогч, дохиочин заавал ажиллуулах ба угсралт, цутгалтын ажил хийж буй кран, бетон шахуургын тоноглол нь хүнхээлийн амнаас 2.0м-с багагүй зайд байрлана.

13.2.3  Суурь болон зоорийн ажилд ашиглах кран, тээврийн хэрэгсэл, бетон зөөгч миксер, бетон шахуургын оператор нь MNS 6228-3:2011 стандартын шаардлага хангасан, мэргэжлийн ур чадвар нь баталгаажсан ажилтан байна.

13.2.4  Угсармал шугаман суурь, зоорийн хана, хучилтын угсралтын ажлыг хийхдээ краны зогсох байрлал, сумны өнгийлт, даац авалтыг хэвийн хэмжээнд байхаар тооцож зохион байгуулна.

13.2.5  Суурь угсралтын үед өргөх механизмын тросс, түүний чанар байдал, дэгээ, тэнжээ болон өргөх гэж буй хийц эдлэхүүн, тоног төхөөрөмжийн сэнж зэрэг зүйлсийг нарийвчлан шалгана.

13.2.6  Өрөмдлөг, суурийн шон зоох ажил эхлэхийн өмнө дараах зүйлсийг шалгана. Үүнд:

1)   дуут болон гэрлэн дохиоллын төхөөрөмжийн ажиллагаа, ачаа өргөх механизмын өндөр хязгаарлагчийн ашиглалтын байдал;

2)   өргөх механизмын троссны бүрэн бүтэн байдал, ачаа өргөх төхөөрөмжийн техникийн байдал; техникийн магадлал хийгдсэн эсэх;

3)   механизм, тоног төхөөрөмж, бүтээцийн  найдвартай байдал;

13.2.7.     Өрмийн болон цохилтот төхөөрөмжийг байрлуулах талбайг тэдгээрийн төрөл болон барилгын талбайн инженер геологийн нөхцөлөөс хамааруулан аюулгүй байдлын шаардлагыг ханган бэлтгэнэ.

13.2.8.     Өрмийн цамхаг, тулцын техникийн найдвартай байдлыг (бүрдэл хэсгийн зангилааны боолтын найдвар, их биеийн ба налуу холбоос тахийж гэмтээгүй байх, ажлын тавцан хэвийн байх) ээлж бүрийн ажил эхлэхээс өмнө заавал шалгаж ажлын журналд тэмдэглэнэ.

13.2.9.     Өрмийн цамхаг, тулц бүр дуут дохиотой байна. Өрөмдлөг эхлэх бүр өмнө нь дуут дохиогоор сэрэмжлүүлэг өгнө. Өрмийн төхөөрөмжийн ашиглалтын найдвартай байдлыг хангах зорилгоор цамхагт, өрөм өргөх өндрийг хязгаарласан тоноглол байрлуулна. Холбох залгах эд ангийг нь гүйцэд боогоогүй, эрээсэн холбоосоор эрэгдэж бэхлээгүй өрмөөр ажил гүйцэтгэхийг хориглоно.

13.2.10. Өрөмдлөгийн машин, зоох шон ба ойролцоох барилга байгууламжийн хоорондох зайг зохион байгуулалт, технологийн баримт бичгээр тогтооно. Өрмийн машиныг ажиллуулах явцад худгийн амсар, суурийн шон зоох газраас 15м-ээс багагүй зайд аюултай бүсийг тогтооно.

13.3.  Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны шаардлага

13.3.1.     Барилгын суурь болон газар доорх байгууламжийг барих явцад тэдгээрийн суулгах гүн, байгуулалт дахь хэмжээнүүд, байрлал, нүх, доголуудыг гаргах, ус тусгаарлалтыг гүйцэтгэх, хэрэглэсэн материал, бүтээцийн чанар зэргийг хянах шаардлагатай ба хөрсний нуралтаас хамгаалах арга хэмжээ авна.

13.3.2.     Аливаа төрлийн барилга байгууламжийн ойролцоо газар доорх гударган хаалт, ханан хашлага ба шон суурийн элемент зоох ажлыг цохилтот буюу доргиурт төхөөрөмжөөр гүйцэтгэхдээ түүний доргилт, чичиргээнээс үүсэх динамик үйлчлэл барилгын буурь, суурийн байгууламж, технологийн тоноглол, багаж хэрэгслийг эвдэн гэмтээх аюулд хүргэх эсэхийг урьдчилан тооцсон байна.

13.3.3.     Цутгамал суурийн хэв хашмал, арматур, бетоны ажилд аюулгүй ажиллагааны шаардлагыг ханган ажиллана. Нүх шуудуунд зуурмаг, бетон зэргийг тусгай бэлтгэсэн ховил хоолойгоор дамжуулан өгөх, эсвэл машин механизм ашиглан зохион байгуулалт, технологийн баримт бичигт заасны дагуу суурийн ажлыг гүйцэтгэнэ.

13.3.4.     Угсармал суурийн элементүүдийг угсралтын сэнжний бат бэхийг шалгасны дараа оосорлоно. Суурийн гулдмайг барилгын гадна талаас угсрахаар ажлын байр нь засагдсан байх ба гулдмайг зохих байранд нь тохируулан оосорлож, найдвартай бэхэлсний дараа угсрах ажлыг гүйцэтгэнэ. Суурийн гулдмайг өргөгч механизмын тусламжтайгаар угсрахдаа ачаа өргөж байхад өргүүрийн сумны үйлчлэлийн хүрээнд хүн, машин механизм зогсохыг хориглох ба дохиочныг ажиллуулна.

13.3.5.     Суурийн шонгуудыг суулгахад аюулгүйн шаардлага хангасан дизель болон агаар-хийн алхнууд, шингэний алх, доргиурт суулгагч ба даралтаар суулгах төхөөрөмжүүдийг ашиглана. Эдгээр тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах оператор нь мэргэжлийн сургалтад хамрагдсан, хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдсан, зааварчилгаа авсан байна.

13.3.6.     Олон жилийн цэвдэг ул хөрстэй газрын гүний температур -50С-ээс бага байх тохиолдолд шонг өрөмдөж суулгах аргаар зоох ба цооногт суулгахын өмнө түүний гадаргууд тогтсон мөс цас, хөлдүү шороо, бусад зүйлийг сайтар цэвэрлэнэ. Шонг цооногийн хана гэсэхээс өмнө амжиж суулгана.

13.3.7.     Газар өрөмдөж суурийн шон зоох аргыг гүн хэсэгтээ бүхэл зүйл, чулуугүй, сул, хөлдсөн хөрсөнд хэрэглэнэ. Өрөмдөж зоох аргыг хөрсний инженер геологийн судалгааны дүгнэлт, урьдчилсан сорилт туршилтын үр дүн зэргийг үндэслэх ба шонг суулгаснаас хойш хөлдөлт бэхжилт гүйцсэний дараа дахин цохиж шалгах, өвлийн улиралд өрөмдсөн цооногийн хана уян чанараа алдаж хэт хатуурч хөлдсөн нөхцөлд шон зоохыг хориглоно.

13.3.8.     Өрмийн цамхаг, тулцыг босгох, буулгах, зөөхөд уг ажлын технологийн картыг баримталж, ажлыг гардан хариуцагч газар дээр нь биечлэн удирдан гүйцэтгэнэ.

13.3.9.     Өрмийн цамхаг, тулцыг өргөхөөс өмнө тэдгээрийн бүх бүрдэл хэсгийг (эдлэхүүн, эд анги, багаж тоноглол) технологийн картын дагуу найдвартай бэхлэн угсарсан байна. Их биед нь бэхлээгүй бүрдэл хэсэг, багаж тоноглолыг буулгасан байвал зохино.

13.3.10.     Чигжиж дүүргэх суурийн шонг гүйцэтгэхдээ задардаг хошуувчтай эсвэл алхны цохилтоор сугаран гарах бетон бөглөөс бүхий ган гэрэвч хоолойг хөрсөнд суулгаж гүйцэтгэнэ. Гэрэвч хоолойг суулгахдаа цохих доргиулах, эргүүлэх механизмаар тоноглогдсон тусгай төхөөрөмжөөр гүйцэтгэхдээ мэргэжлийн сургалтад хамрагдсан, хувцас хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдсан, зааварчилга авсан ажилчдыг ажиллуулна. Гэрэвч хоолойг буулгах ба сугалах үед тухайн ажлыг гардаж хийгээгүй ажиллагсдыг өрмийн цамхагийн өндрийн 1.5 дахин авсан хэмжээтэй зайд оруулахыг хориглоно.

13.3.11.     Ээлжит техникийн үзлэг хийх, тослох, цэвэрлэх, зэрэг техникийн үйлчилгээ хийх, өрмийн машин болон өрөмд гарсан эвдрэл, гэмтлийг  засах үед машин ба өрмийг хөдөлгөөнгүй байдалд тавьж хөдөлгүүрийг унтраана.

13.3.12.     Өрөмдөж дуусаад ажлыг зогсооход тухайн ажлын байрыг MNS 5414:2004 стандартад заасан шаардлагын дагуу хашиж хамгаалах бөгөөд сэрэмжлүүлэх тэмдэг, дохионы гэрэлтүүлэгтэй байлгана.

13.3.13.     Зоох шонгийн тохирох урт ба алхны хамгийн их жинг зөөх төхөөргийн их бие, босоо тулц дээр бичсэн байна. Шонг татаж авахад зөвхөн чангаах төхөөргийг ашиглах бөгөөд энэ үед шонг төхөөргийн машинч гүйцэд харах боломжтой байна. Гадсыг татаж авахын өмнө түүнийг төхөөргийн татах чиглэлтэй нэг тэнхлэгт болгож тавина. Төхөөргийг шинэ байрлалд шилжүүлэхдээ явах газрыг тэгшилсэн байх бөгөөд алхыг буулгана. Шон зоох алх, гадсыг (шпунт) дараалуулж өргөнө. Алх ба гадсыг хамтад нь өргөхийг хориглоно.

13.3.14.     Шонг доргиурт төхөөргөөр зоож байгаа нөхцөлд түүнийг гадасны толгойд нягт (хөдөлгөөнгүй) бөгөөд найдвартай бэхэлж, доргиурт алхыг уясан ган татлага сулхан байна.  Ажил завсарлах буюу түр зогсоох үед доргиурыг зогсоож байна.

13.3.15.     Өвлийн нөхцөлд шон зооход ээлж эхлэхийн өмнө ба хойно мөсний байдал, зузааныг шалгаж ажлын журналд тэмдэглэнэ. Ажлын байрны цасыг цэвэрлэсэн байна. Шон зооход түүний эргэн тойронд бий болсон нүхийг самбараар таглан хашиж хамгаалах ба анхааруулах, сануулах, хориглох, заах дохио тэмдэг, санамжийг байрлуулж дохионы гэрэлтүүлгийг суурилуулсан байна.

13.3.16.     Доргиурт алхаар шонгийн толгойг бэхлэх ажлыг гүйцэтгэхэд төхөөрөмж нь багаж тоног хэрэгсэл байрлуулах тавцангаар тоноглогдсон байна. Тавцангийн өргөн нь 0.8м-ээс багагүй ба хашлагатай байх ёстой.

13.3.17.     Өрөмдлөг, шон зоох машиныг шалгах, тослох, цэвэрлэх, засвар хийхийн өмнө өрөмдлөгийн хэрэгсэл, шонгийн механизмыг буулгаж, тогтвортой байдалд оруулах, хөдөлгүүрийг зогсоож, унтраасан байна. Өрөмдлөгийн хэрэгсэл буюу шонг анхааруулах дохио өгсний дараа өргөж, буулгах ба эдгээр ажилтай холбоогүй хүнийг ажиллуулахыг хориглоно.

13.3.18.     Шон угсралтын ажлыг бүрэн бэхлэх хүртэл тасалдалгүйгээр гүйцэтгэнэ.Өргөх үед шон нь бэхэлгээний тусламжтайгаар савлах, мушгирахаас хамгаалагдсан байна. Шон зоох алх ба шонг нэгэн зэрэг өргөхийг хориглоно.

13.3.19.     Хөрсийг зохиомлоор хөлдөөхөд зориулсан яндан хоолой, төхөөрөг хэрэгслийг уг төхөөргийн паспортод заасан хийн болон гидравлик даралтаар туршсан байна. Зохиомлоор хөлдөөж үүсгэсэн хөрс-мөсөн ханын зузаан ажил гүйцэтгэх төсөлд заасан хэмжээнд хүрэхээс нааш суурийн ажил эхлэхийг хориглоно. Хөрс-мөсөн ханыг бий болгох ба барилгын суурийг гүйцэтгэсний дараа хөрсийг гэсгээж, уг ханыг хайлуулах бүх үйл явцын хугацаанд мөсний байвал зохих температурыг ажил гүйцэтгэх төсөлд зааж хэрэгжүүлнэ.

13.3.20.     Хөрсийг химийн аргаар бэхжүүлэх ажилд хэрэглэх яндан, шахуургын тоног хэрэгслийг ажлын даралтыг 1.5 дахин авсан хэмжээний даралтаар гидравлик аргаар "Даралтат савны аюулгүй ажиллагааны дүрэм"-ийг баримтлан туршина. Хөрс бэхжүүлэх химийн бодисыг зохих ёсоор битүүмжлэгдсэн таглаатай саванд хадгалахаас гадна найруулах өрөө тасалгааг агааржуулалтын тоноглолоор төхөөрөмжилнө.

13.3.21.     Суурийн завсрыг шороогоор буцаан булах ба нягтруулахдаа суурийн ус тусгаарлалт, зоорийн давхар болон газар доорх байгууламжийн хана ба зэргэлдээ байрлах газар доорх шугам сүлжээнүүд (кабель, дамжуулах хоолой болон бусад)-ийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг гүйцэтгэнэ.

13.3.22.     Салхи 10м/с-ээс их хурдтай ба бороотой, аянга цахилгаантай үед буурь, суурийн ажлыг зогсооно.

14. ЦУТГАМАЛ БЕТОН, ТӨМӨР БЕТОНЫ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ

14.1    Ерөнхий шаардлага

14.1.1       Цутгамал бетон, төмөр бетоны ажлыг гүйцэтгэх, хүлээн авахдаа "Цутгамал бетон, төмөр бетон бүтээц" БНбД 52-02-05 норм дүрмийн шаардлагыг мөрдөнө.

14.1.2  Цутгамал бетон, төмөр бетоны ажил гүйцэтгэхээс өмнө хэв болон арматур, түүнчлэн бетон цутгах, хэв задлах ажлыг аюул осолгүй гүйцэтгэх арга технологийг нарийвчлан тусгасан ажил гүйцэтгэх төсөл, технологийн картыг заавал боловсруулсан байна. Хэв хашмалын зузаан, тулгуурын зай түүний хөндлөн огтлол, бэхэлгээ нь хэв ба арматур, цутгах бетоны жин болон бетоны нягтруулалтын тэлэлтийн ачааллыг хүлээж авах бат бэхийг  тогтворжилтын тооцоогоор тогтоох бөгөөд хэв хашмалын ажлын зураг гаргаж ажил гүйцэтгэх төсөлд тусгаж хэрэгжүүлэх нь  ажлыг аюулгүй гүйцэтгэх үндсэн нөхцөлийг бүрдүүлнэ.

14.1.3  Бетон зуурмаг бэлтгэх, нийлүүлэх, цутгах, арчлах, арматурыг бэлтгэх, угсрах, мөн хэв хашмалыг угсрах, задлах явцад ажил олгогчид ажилчдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй аюулыг илрүүлж, эрсдэлийг үнэлэн түүний эх үүсвэрт дүн шинжилгээ хийж, хохирлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлнэ. Мөн ажилтнуудыг гүйцэтгэх ажлын онцлогтой нь холбоотой үүсэх эрсдэлтэй хүчин зүйлүүдэд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Ажилтнууд ажлын хувцас өмсөж, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл (толгой хамгаалах дуулга, малгай, гар хамгаалах бээлий, харааны эрхтэн хамгаалах нүдний шил, хөл хамгаалах ажлын гутал г.м)-ийг бүрэн, зөв хэрэглэсэн байна.

14.1.4  Бетоны ажилд аюул, эрсдэлтэй хүчин зүйлүүд байгаа тохиолдолд барилгын үйлдвэрлэлийн зураг төсөл, зохион байгуулалт, технологийн баримт бичигт заасан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу бетоны ажлын аюулгүй байдлыг хангаж, дараах арга хэмжээг авсан байна. Үүнд:

-       бетон бэлтгэх, тээвэрлэх, нийлүүлэх, цутгахад ашиглагдах тоног төхөөрөмж, машин механизмыг тодорхойлох, аюулгүй ажиллагааг хангах;

-       даацын хийцүүдийг цутгах арга, технологийг тогтоох, хэвийг задлах үйл явцын дарааллыг тодорхойлох, төслийг боловсруулах;

-       өндөрт байгаа ажлын байрны эрсдэлийг үнэлэн аюулгүй байдлыг хангах урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх, холбогдох ажилтнуудын ажил, үүргийг хуваарилах;

-       хүйтэн, дулааны улиралд бетон арчлах арга технологийг боловсруулах.

-       барилгын орчны аюулгүй байдлыг хангуулах

-       бетоны хэв хашмал угсрах, задлах, буулгах үйл ажиллагааны дэс дараалал бүхий заавар боловсруулж, баталж мөрдүүлнэ.

14.1.5       Цутгамал барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс дараах нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

-   бетоныг хэвэнд цутгахдаа бетоны шахуургат төхөөрөмж, бетон түгээх машин ашиглах;

-   Шатан дээрээс хэвэнд бетон цутгах, гүний доргиур ашиглан нягтруулахдаа 1.1м-с багагүй  өндөртэй хамгаалалтын хашлага хэрэглэх;

-   Бетон зуурмагийг цутгах, нягтруулах, хэв угсрах, задлах ажилд нэгээс доошгүй жил өндөрт бие даан ажилласан туршлагатай ажилтныг  ажиллуулах;

14.1.6  Цутгамал бетон ба төмөр бетоны хэвний зузаан, тулгуурын зай түүний хөндлөн огтлол, бэхэлгээ зэргийг хэв, арматур, цутгах бетоны жин, түүнчлэн бетоны нягтруулалтын тэлэлтийн ачааллыг хүлээж авахаар тооцох бөгөөд энэ талаар ажил гүйцэтгэх төсөлд нарийвчлан тусгана. Тухайн давхрын хана, каркасын хэвийг угсрахаас өмнө уг давхрын хучилтын гадна захаар хамгаалалтын хашлага татаж, анхааруулах тэмдэг тавина.

14.1.7  Ажил гүйцэтгэх төсөлд тухайн үйлдлүүдийг хэрхэн гүйцэтгэх талаар зааж тусгаагүй нөхцөлд хэвэн дээр материал хураах, ажилтнууд явж ажиллахыг хориглоно. Хэв угсрах, арматур зангидах, бетон цутгах ажил гүйцэтгэхэд, хэвний хажуугаар зорчиход зориулсан тавцан засаж, ажилтнуудын аюулгүй ажиллагааг хангана.

14.2    Хэв хашмалын ажлын аюулгүй ажиллагааны шаардлага

14.2.1  Ээлжит давхрын хэвийг (каркас, хана) барихаас өмнө уг давхрын хучилтын гадна захаар болон хучилтын нүхэнд хамгаалалтын хашилга татаж анхааруулах тэмдэг тавина. Доод давхруудад барьсан хамгаалалтын хашилгыг гадна ханын өрөг өртөл буулгалгүй байлгана.

14.2.2  Ажил гүйцэтгэх төсөлд тухайн ажлыг хэрхэн гүйцэтгэх талаар тусгаагүй нөхцөлд хэвэн дээр материал хураах ба ажилтнууд явж ажиллахыг хориглоно. Хэв угсрах ба арматур зангидах, бетон цутгах ажилтнуудыг хэвний хажуугаар зориуд зассан тавцан дээгүүр явж ажиллах аюулгүй байдлыг хангана. Цутгамал хучилттай нөхцөлд хэвэн дээгүүр ажилтнууд явахдаа арматурын байрлалыг өөрчилж хөндөхгүй байх замыг засна.

14.2.3  Том самбартай хэвний ажил нь (аюултай) эрсдэлтэйд тооцогдох тул ажилтнуудад ажлын наряд бичиж, зааварчилгааг өгөх, тэдэнд ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл (дуулга малгай, бээлий, ажлын гутал, гэх мэт), уналтаас хамгаалах хэрэгсэл (хамгаалалтын бүс) байнга хэрэглэх, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж тэнцсэн байх, хашлагагүй захын хийц дээр хамгаалалтын бүсгүйгээр ажил гүйцэтгэхийг хориглох шаардлагыг тавьж хянаж ажиллана.

14.2.4  Том самбартай хэв хашмалын бэхэлгээ, гагнаасыг ажил эхлэхээс өмнө сайтар шалган, ажилтнуудын ажиллах тавиур, тавцанг зөв байрлуулж сайтар бэхэлж, ажил эхлэхээс өмнө заавал шалган цутгалтын дараа байнга цэвэрлэж байна. Тавиур тавцан дээр бараа материал, арматур, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хураах, тавихыг хатуу хориглоно.

14.2.5  Том самбартай хэв хашмалыг кранаар шилжүүлэх явцад краны суман дор замын дагуу хүн, машин зогсох, явахыг хориглох ба хэвийг өргөж буулгах, шилжүүлэх, угсрах замын дагуу болон ажлын байрыг гэрэлтүүлгээр хангана.

14.2.6  2.4м-ээс дээш өндөрт жижиг самбартай хэв хашмал угсрах, өндөрлөгөө мод хадахад шат тавиур, уналтаас хамгаалах бүс, толгой хамгаалах дуулга малгайг  зориулалтын дагуу зөв хэрэглэж дадсан, хэвшсэн байна. Эдгээр шаардлагыг ажлын удирдагчид, ХАБЭА-н ажилтнууд өдөр тутмын зааварчилгаа, ээлжит давтан зааварчилгааны агуулгад заавал тусган өгч, хэрэгжилтийг нь өдөр тутам хянаж, шаардлагатай тохиолдолд арилгах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана.

14.2.7  Жижиг самбартай хэв хашмал тулгуур төмөр, булан төмөр зэргийг өрж хураахдаа ачаалал хэтрүүлж, эвдэрч хэмхрэх болон нурж унах эрсдэлийг тооцож эмх цэгцтэй хураана.

14.2.8  Хэвийг задлах ажлыг ажил гүйцэтгэх төсөлд заасан арга, дэс дараалал, графикийн дагуу даамал, бригадын дарга, инженер техникийн ажилтны хяналтан дор хоёроос багагүй ажилчин гүйцэтгэнэ. Онцгой нарийн болон нийлмэл бүтээц эдлэхүүний хэвийг тодорхой аргачлал, гүйцэтгэгч байгууллага, зураг төслийн байгууллагын зохиогч инженерийн шууд хяналтын доор салгана.

14.2.9  Цутгамал барилга байгууламж барихад ашигладаг металл хэв нь ажилтнуудын аюулгүй ажиллагаа хангаж, бэхэлгээ хийх боломжийг хангах үүднээс босоо болон хэвтээ хаалт хэлбэрээр тусгай зориулалтын самбар эсвэл зөөврийн төхөөрөмж, өндөрт ажиллах аюулгүй байдлыг хангахад ашигладаг системээр тоноглогдсон байна. Хэвний бэхэлгээ, тулгуур, системийн байршлын схемийг зураг төсөл, зохион байгуулах төсөлд тусгасан байна.

14.2.10  Хэв салгах процессыг технологийн картад заасан дараалал ба аргын дагуу ажлын графикийг баримтлан гүйцэтгэнэ. Онцгой нарийн түвэгтэй бүтээцийн хэв буулгахад бетоны бат бэхийг шалгаж, акт үйлдсэний дараа объектийн инженер, даамал ба зураг төслийн байгууллагын зохиогчийн хяналтын доор гүйцэтгэнэ.

14.3    Арматурын ажлын аюулгүй ажиллагааны шаардлага

14.3.1       Арматурын бэлдэц, угсралтын ажил гүйцэтгэх нийт ажилтан нь ХАБЭА-н нийт ажилтны сургалтад үе шатны ажил эхлэхээс өмнө заавал хамрагдаж, ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэгийн агуулгыг эзэмшсэн эсэх, өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй ажиллах үүрэгтэй болохоо шалгалт өгч баталгаажуулан, улмаар ажил олгогчоос ажил гүйцэтгэх эрхээ авсан байна.

14.3.2       Арматурын бэлдцийг бэлтгэх үед ажлын байрыг тусгаарлан тэнд анхааруулах, хориглох, сануулах, заах санамж тэмдэг байрлуулан, ажлын ширээг шалтай нь сайтар бэхэлж, ширээнээс илүү гарсан үзүүр талд хаалт хийнэ. Хуйлаастай арматурыг сунгаж шулуутгах, огтлох, нугалах ажлыг тусгай байр буюу тусгайлсан хаалт бүхий хамгаалалтай газар хийнэ. Бэлэн болсон арматурыг ажлын байрнаас зайтай тусгай газарт хураах ба 1м-ээс бага зайтай, хүн явах газарт арматурын тасарсан хэсгийг булан талаас нь сайтар хаасан байна.

14.3.3       Хаалт, хамгаалалт, хашлагагүй газарт арматурыг боохдоо уналтаас хамгаалах бүс, толгой хамгаалах дуулга малгайг заавал хэрэглэнэ. Хөдөлгөөнтэй шат вандан, өрж хураасан барилгын материал дээр гарч, дурын зүйлээр шат тавцан засаж арматурыг боохыг хориглоно.

14.3.4       Кранаар арматур өргөхдөө оосор, дэгээ, ачааны тэнцвэрийг шалгах ба ачаа болон сумны доор хүн, машин техник зогсохыг хориглоно. Мэргэжлийн үнэмлэхтэй дохиочин ажиллуулна.

14.3.5       Арматурыг бэлтгэх, угсрах ажлыг тусгайлан бэлтгэсэн ажлын байранд  гүйцэтгэнэ. Арматурын ажлыг гүйцэтгэх ажилтнууд өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх, зааварчилга журмыг чанд мөрдөн ажиллах ба энэ ажилд ажлын байрны удирдагч болон ХАБЭА-н ажилтан шуурхай хяналт тавьж аливаа зөрчлийг нэн даруй арилгана. Арматурыг бэлтгэх ажлын үед дор дурдсан аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавал хэрэгжүүлнэ. Үүнд:

-       хуйлмал ба ороосон арматурыг тэнийлгэхдээ арматур харвахаас хамгаалсан хашлага хийсэн байна;

-       арматурыг 0.3м-ээс богино хэмжээгээр таслахад төмөр харвахаас сэргийлж ажиллана. Нүүр, нүд хамгаалах хэрэгсэл болох металл торон, эсвэл тунгалаг хуванцар нүүрэвч, нүд хамгаалах хэрэгсэл болон нүдний шил зүүж ажиллана.

-       арматурыг нугалж, матах ажлыг машинаар гүйцэтгэхэд ажлын байрыг хашиж хамгаална. Хэд хэдэн матах машин байрласан бол хооронд нь 1м -ээс багагүй өндөртэй торон хашаа, хаалт хамгаалалт босгосон байна;

-       бэлдсэн арматурын бэлдцийг зориулалтын тоноглол бүхий байранд хураана;

-       1м хүртэл өргөн орц ба гарцын 2 талд, хураасан арматурын багцын үзүүр талд хамгаалалт хийсэн байна.

 

-       таслах машин нь тохируулга хийгдсэн, хамгаалалтын хаалттай байна.

14.4    Бетоны ажлын аюулгүй ажиллагааны шаардлага

14.4.1  Барилгын суурь ба зоорийн төмөр бетон бүтээцийг цутгахын өмнө зоорийн нүх ба шуудууны эргийн налуугийн хэмжээг БНбД-д зааснаар ухсан эсэх, хэв болон түүнийг дагалдах шатны бат бэх тогтвортой байдлыг ажил гүйцэтгэх төсөл, технологийн картад заасны дагуу хангасан эсэхийг шалгаж ажлын дэвтэрт тэмдэглэнэ. Мөн зоорийн нүхийг хөрсний ус ба хурын уснаас найдвартай хамгаалсан байдал, кран болон бетоны шахуургын байрлал зөв эсэхийг шалгасан байна.  

14.4.2  Ажил эхлэхээс өмнө цутгамал бетоны ажилд хэрэглэхээс бусад тоног хэрэгсэл, барилгын материал, эдэлхүүнийг ажлын байрнаас зайлуулж, бетон хольцыг цутгахаас өмнө хэвний бүрэн бүтэн байдал, төслийн хэлбэр хэмжээ, бат бэх ба битүүмжийг шалгаж акт үйлдэж, тоос шорооноос цэвэрлэнэ. Арматурын байрлал, тоо ширхэг, боосон болон гагнасан холбоосны найдвартай байдлыг шалгаж, тоос шороо, зэвийг цэвэрлэхдээ аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллана.

14.4.3  Цементийг ачиж буулгах явцад агаарт цацагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч силос, бункер бусад битүү саванд хадгална. Оролтын нүхийг хамгаалалтын сараалжаар хааж, хамгаалалтын сараалж дахь тагийг түгжинэ. Хадгалах савыг цэвэрлэх ажлыг хязгаарлагдмал орчинд ажил гүйцэтгэх зааврын дагуу гүйцэтгэнэ.

14.4.4  Дүүргэгчийн бункер, шигшүүр дээрх үлдэгдэл материалыг гар багажаар салгахыг хориглоно.

Бетон зуурмагийн шахуургат төхөөрөмжийг ашиглахдаа БХБ-ын сайдын 2014 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн 109 тушаалаар баталсан "Бетон зуурмагийн шахуургат төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны дүрэм"-ийг баримтална. Бетон зуурмагийн шахуургат төхөөрөмж ашиглан цутгалтыг хийхдээ дараах зүйлийг анхаарна. Үүнд:

-       бетон дамжуулах хоолойн гарцаас 10м-ээс багагүй зайд ажилтнуудыг байрлуулна;

-       бетоны шахуургат төхөөрөмжийн хошууг анхаарал болгоомжтой, нягт нямбай залж удирдах ба зөөж, түлхэх, эргүүлэхдээ ойр орчмын ажилтныг цохих, түлхэж унагаахаас болгоомжилно.

-       бетон дамжуулах хоолойн гаралтын хэсэгт хамгаалалтын бамбай байгаа эсэхийг шалгана;

-       зөвшөөрөгдсөн даралтаас хэтрүүлэхгүй бетон дамжуулах хоолойд агаарын хангамжийг жигд хийх;

14.4.5  Химийн нэмэлт агуулсан бетон хольцыг ашиглахдаа хамгаалах бээлий, харааны эрхтэн хамгаалах хэрэгсэл болох нүд хамгаалах шил, нүд, нүүр хамгаалах хэрэгсэл болох тунгалаг хуванцар нүүрэвчийг заавал хэрэглэнэ.

14.4.6  20°-аас дээш налуутай гадаргуу дээр, өндөрт бетон цутгаж буй ажилчид уналтаас хамгаалах бүс, толгой хамгаалах дуулга малгайг заавал хэрэглэнэ. Уналтаас хамгаалах бүсийг бэхлэх цэгт найдвартай бэхэлж, дуулга малгайг бүчилж зөв хэрэглэсэн байна.

14.4.7  Бетон зуурагчийг  ажиллуулахдаа дараах шаардлагыг хангана:

-       Ажил эхлэхээс өмнө машины бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг шалгаж, операторчин нь аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж зааварчилгаа авсан, ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг бүрэн өмсөж зөв хэрэглэсэн байна.

-       Зуурагчийн их биеийг цэвэрлэхдээ машиныг тэжээлээс салган ажиллагааг нь бүрэн зогсоож, дээш өргөгдсөн байрлалд найдвартай бэхэлсний дараа хийнэ.

-       Зөөврийн бетон зуурагчаар бетон зуурах үед цахилгаан  эрчим хүчний ба тэжээлийн кабель, залгуур, бусад хамгаалах тоноглолын бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг шалгаж, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж анхаарал болгоомжтой ажиллана. Мөн эргэлдэх хөдөлгөөнтэй биетэд хувцасны хормой, ханцуй, урт үс зэргийг орооцолдохоос урьдчилан сэргийлж ажиллана.  

14.4.8       Цутгалт хийгдэхээс өмнө гүний доргиурын цахилгаан дамжуулагч  кабелийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж, тусгаарлан шалбарсан кабелийн хэсэг тасарсан байвал тэдгээр гэмтлийг шуурхай засаж, шалган  найдвартай ажиллагааг хангана.

14.4.9       Цахилгаан доргиураар бетон хольцыг нягтруулах явцад доргиурыг тэжээлийн кабель, уян гол зэргээс барьж чирэх, шилжүүлэхийг хориглоно. Доргиурыг ажлын байр руу зөөхдөө цахилгаан тэжээлийг бүрэн салгаж, гадна талыг нь сайтар цэвэрлэнэ.

14.4.10  Бетон зуурмаг хүлээн авах, нягтруулах ажлыг хэв хашмал дээр зогсож хийхийг хориглоно.

14.4.11  Цутгасан бетон төслийн бат бэхийнхээ 70%-д хүрээгүй үед хэв задлах ба хэвний тулгуур, тулаасыг авахыг хориглоно.

14.4.12  Бетон цутгалтын ажлыг зайлшгүй шаардлагаар шөнийн цагт хийх тохиолдолд барилгын талбайг шаардлагатай гэрэлтүүлгээр хангах, орц гарцыг чөлөөтэй байлгах, тэмдэг тэмдэглэгээ хийх, тусгаарлалт хийх, ажил гүйцэтгэх төсөл, технологийн зааврын дагуу ажлыг гүйцэтгэх, ХАБЭА-н дүрэм, журмыг мөрдөх, ажилтнуудад тусгайлан зааварчилгаа өгөх, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангаж, зөв хэрэглээнд нь хяналт тавина.

14.4.13  Барилгын талбайн зохион байгуулалтын зураг, ажил гүйцэтгэх төсөлд шөнийн цагт бетон цутгах ажлын аюулгүй ажиллагааны (техник, машин механизм, цахилгааны аюулгүй ажиллагаа, галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ажлын байранд зааварчилгаа өгөх зэрэг) дүрэм журам, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үүрэг хариуцлагыг нарийвчлан тусгана.

14.4.14  Бетон зуурмаг хүлээн авах, цутгах, цахилгаан доргиур ажиллуулах үед гарах дуу чимээ, шороо тоосны улмаас ойр орчмын байрны оршин суугчдын тав тухыг алдагдуулах байдал үүсгэхгүй байхаар ажлыг зохион байгуулах, урьдчилан зөвшөөрөл авах, дуу чимээний хэмжээг стандартын шаардлагын хэмжээнд байлгах, шөнө ажиллах цаг хугацааг хязгаартай байлгах, ажиллах нөхцөл шаардлагын талаар урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.

14.4.15  Өвлийн нөхцөлд бетоныг цутгахдаа ажил гүйцэтгэх төсөлд заагдсан технологийн дагуу ажлыг гүйцэтгэх, ажилтнуудыг дулаан хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангах, дулаан амрах байрыг бэлтгэх, ажлын байрны орц гарцыг чөлөөтэй байлгах, халтирах, бүдэрч тээглэн унахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.

14.4.16  Өвлийн нөхцөлд бетоныг цутгах ажилбарын хүрээнд барилгын ажлын талбайд ил галлагааг хийхгүй байх, агаарын бохирдолд үүсгэхгүй байх талаар урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.  

15. УГСРАЛТЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ

15.1              Ерөнхий шаардлага

15.1.1       Барилга байгууламжийн ган бүтээцийг угсрах ба хүлээн авахад БНбД53-02-05, бетон, төмөр бетон бүтээцийг угсрах, хүлээн авахад БНбД52-03-05тус тус мөрдөнө.

15.1.2       Барилга байгууламжийн угсралтын ажлыг норм дүрэм, стандартын дагуу боловсруулсан ажил гүйцэтгэх төсөл (АГТ)-ийг баримтлан гүйцэтгэнэ. Нарийн төвөгтэй бүтээц болон эдлэхүүнийг угсрахад технологийн карт (ТК) боловсруулах ба эдгээр баримт бичгүүдэд угсралтын ажлын үед мөрдөх технологийн дараалал, үйл явцын схем, аюулгүй ажиллагааны заавар, эрсдэлийн үнэлгээ, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг заавал тусгана.

15.1.3       Бүтээцийн элементүүд, дамжуулах хоолой, тоног төхөөрөмжийг угсрах явцад ажил олгогч нь ажилтнуудын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй аюулыг тодорхойлж, эрсдэлийг үнэлэн түүний эх үүсвэрт дүн шинжилгээ хийж, ажилчдыг гүйцэтгэх ажлын онцлогтой нь холбоотой эрсдэлт хүчин зүйлүүдэд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

15.1.4       Үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлсийн нөлөөлөлд ажилтнуудыг өртүүлэхгүй байх зорилгоор барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт, зураг төсөл, технологийн баримт бичигт заасан ХАБЭА-н шаардлагуудыг бүрэн хангасны дараа ажил эхэлнэ. Үүний тулд дараах ажлуудыг заавал гүйцэтгэсэн байна. Үүнд:

-   өргөн тээвэрлэх тоног төхөөрөмжийн төрөл, маркийг тодорхойлох, түүний

-   ачаалал өндрийн үзүүлэлт, суурилуулах газар, ажиллах үеийн аюултай бүс, аюулгүй суурилуулах техникийн арга, даацын бүтээцийг өргөх, угсрах аргыг тодорхойлох;

-   бүтээцийг угсрах дараалал, угсралтын нарийвчлалыг хангах арга хэмжээ,

-   бүтээцийг томсгож угсрах, төслийн байранд угсрах үеийн аюулгүй ажиллагааны иж бүрэн арга хэмжээ;

-   өндөрт ажиллах ажлын байрны аюулгүй байдлыг хангах;

-   бүтээцийг угсрах дэс дарааллыг тодорхойлох;

-   угсралтын үед барилга байгууламжийн хэсгүүдийн тогтвортой байдлыг хангах;

-   бүтээцийн элементүүдийг томсгож угсрах схем, аргыг тодорхойлох;

-   тогтвортой байдал алдагдсанаас болж нуралтаас сэргийлэх зорилгоор

-   бүтээцийн элементүүдийг угсрах дарааллыг тогтоох;

-   ажлыг гүйцэтгэхийн өмнө угсралтын механизм, тоног төхөөрөмж, угсармал шат  вандан, дугуй хашлага, шалгах стенд, суурь, тулгуур, явах зам, ачаа хавчих хэрэгсэл зэргийг шалган тохируулсан байна.

15.1.5       Бүтээц хийцийг угсрахдаа зохих мэргэжлийн сургалтад хамрагдсан мэргэжлийн үнэмлэх бүхий ажилтнуудыг ажиллуулна. Угсрагчид нь аюулгүй ажиллагааны дүрмийн үндсэн шаардлагыг бүрэн судалж, зохих түвшний мэдлэг, чадвар эзэмших  дадалд төлөвшсөн байна.

15.1.6       Өндөрт ажиллаж буй ажилтнууд аюулгүй ажиллагааны дүрмийн мэдлэгийн шалгалт өгч тэнцсэн, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж тэнцсэн байна. Өндөрт ажиллах угсрагчид нь хамгаалалтын бүсээр хангагдсан, багажаа хийх зориулалтын тусгай цүнхтэй байна. Урьдчилан бэхлэгдсэн найдвартай бүтээцээс уналтаас хамгаалах бүсийг бэхлэн ажлаа гүйцэтгэнэ.

15.1.7       Бүтээц эдлэхүүн өргөж байгаа механизмын оператор нь мэргэжлийн ур чадварын сургалтад хамрагдаж шалгалт өгч баталгаажсан мэргэжлийн үнэмлэхтэй байна. Мэргэжлийн үнэмлэхийн сунгалт дууссан нөхцөлд ажил үүрэг гүйцэтгэхийг хориглоно. Механизмын оператор нь ажлаас буух ба түр амралтын үед ачааг өргөсөн байдалд орхихыг хориглоно.  

15.1.8       Өндөрт ажиллах ажилтнуудын ашиглах дүүжин тавцан, шат болон бусад төхөөрөмжийг угсрах бүтээцийг өргөхөөс өмнө суурилуулж бэхэлсэн байна.

15.2. Ажил эхлэхийн өмнөх аюулгүй ажиллагааны шаардлага

15.2.1  Бүтээц эдлэхүүнийг өргөх, угсрах үед доор нь машин техник, хүн байлгахыг хориглоно. Ажил эхлэхийн өмнө өргөх механизм болон өргөх ачааны сэнж, дэгээг урьдчилан шалгана.

15.2.2  Бүтээц элементүүдийг үйлдвэрт тусгай хэсгүүд болгон бэлтгэж, угсралтын талбайд томсгож угсрахаар болсон тохиолдолд зохих техникийн шаардлагын дагуу аюулгүй ажиллагааг баримтлан гүйцэтгэнэ.

15.2.3  Бүтээц эдлэхүүнийг өргөж тээвэрлэхийн өмнө түүнд ашиглах элементүүдийн бүрэн бүтэн байдалд урьдчилсан шалгалт хийж аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй зөрчлүүдийг арилгасны дараа өргөх, зөөвөрлөх ажлыг эхлүүлнэ.

15.2.4  Бүтээц эдлэхүүнийг өргөж угсрахдаа савлалт, эргэлт багатай огцом дугтралт үүсгэлгүй, аажим жигд хурдаар аюулгүй ажиллагааг хангаж өргөх ба угсралтын үед тааруулж суулгах аюулгүйн шаардлага хангасан түр татуурга, тэнжээ, оосор хэрэглэнэ.

15.2.5  Барилга угсралтын талбайд нийлүүлж, томсгон бэлтгэсэн хавтгай ба орон зайн бүтээцийг оосорлох схемийн дагуу өргөх ба өргөх явцад бат бэх, тогтворшил, бүтээц хэв гажилтад орохгүй байх нөхцөл, аюулгүй ажиллагааг хангаж ажиллана.

15.2.6  Бүтээц эдлэхүүнийг угсрахын өмнө бэхэлгээний эд анги, угсралтын зураасны байдал, хамгаалах болон өнгөлгөө үеийн эвдрэл согог байгаа эсэхэд үзлэг хийж, бохирдолт, цас мөсийг цэвэрлэж, өргөх төхөөрөмжийн бэхэлгээ найдвартай, зөв байгаа эсэхэд хяналт тавина.

15.2.7  Угсрагчид нэг эдлэхүүнээс нөгөөд хүрч очих, эсвэл нэг урт эдлэхүүний дагуу шилжиж явахад уг эдлэхүүнд нь найдвартай бэхэлсэн түр шат, бариул, хашлагыг тоноглоно. Энэ тохиолдолд угсрагчдын шилжих хөдөлгөөний дагууд хамгаалалтын бүсийг бэхлэн чөлөөтэй шилжиж байх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

15.2.8  Угсралтын ажилд ашиглах 5м-ээс өндөр шат нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангахаас гадна шатны бүх уртын дагуу хашлага хамгаалалт хийсэн байна. 10м-ээс өндөр ийм шатны 1.0м тутамд түр зогсож амрах тавцан тоногловол зохино.

15.2.9  Аюулгүй ажиллагааг хангах зорилгоор угсралт эхлэхээс өмнө өргүүрийн оператор ба угсралт хариуцсан даамлыг хоорондоо шуурхай харьцах холбооны хэрэгслээр (дуут ба гэрэл дохио, утсан холбоо) хангасан байна. Угсралтын технологийн дохиог зөвхөн эрх бүхий оосорлогч дохиочин өгнө. Харин эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй нөхцөл үүссэнийг анх харсан хэн боловч "зогс" гэсэн дохиог өгөх үүрэгтэй.

15.2.10  Бүтээц эдлэхүүнийг угсрахад түр бэхлэх татуургыг суурь, хучилт, зангуу гэх мэт найдвартай зүйлээс бэхэлнэ. Бэхлэх байрлал, тоо, бэхлэх оосрын хөндлөн огтлол зэргийг АГТ (ТК)-аар тодорхойлно. Татуурга нь ямар нэг бүтээц эдлэхүүнд хүрч, шүргэж, чиглэлээ өөрчлөхгүйгээр тогтвортой байхаар бэхлэгдсэн байна.

15.2.11  Бүтээц эдлэхүүн ба тоног төхөөрөмжийг томсгох болон бүтээцийг угсрахад бэлтгэх ажлыг барилгын талбайд тусгайлан зассан зориулалтын тоног хэрэгсэл бүхий талбайд гүйцэтгэнэ.

15.3. Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны шаардлага

15.3.1  Бүтээц эдлэхүүнийг тээврийн хэрэгслээс шууд зөөж төслийн байранд угсрах, өргүүрийн үйлчлэх хүрээнд урьдчилан байрлуулж угсрах аргуудыг хэрэглэх ба өргөх төхөөрөмж том оврын машин механизмтай ажиллах үед аюулгүй ажиллагааны зааварчилгааг нягт мөрдөж ажиллана.

15.3.2  Угсралтын ажил гүйцэтгэж буй ажлын талбайд угсралтын ажлаас өөр төрлийн ажлыг гүйцэтгэх ажилтнууд байхыг хориглоно.

15.3.3  Олон давхар болон өндөр барилгад угсралт, бусад төрлийн ажлыг давхар бүрт зэрэг гүйцэтгэх нөхцөлд угсралт явагдаж буй давхраас доош 2-оос доошгүй хучилтын доор угсралтын залгаа, уулзвар, анг битүүлж бетондох, 3-аас доошгүй хучилтын доор гадна ба дотор хана өрөх, 5-аас доошгүй хучилтын доор шавардлагын ажил, түүнээс доош мөн 5-аас доошгүй хучилтын доор ханын өнгөлгөө, шал, сантехникийн ажлыг гүйцэтгэхээр ажлыг зохион байгуулна. Эдгээр ажлыг зохион байгуулахад шаардлагатай аюулгүй ажиллагааны арга хэмжээг ажил гүйцэтгэх төсөлд тусгаж хэрэгжүүлнэ.

15.3.4  Барилга байгууламжийн бүтээц хэсгийг угсрах ажлыг орон зайн тогтвортой хэсгээс (холбоосны хавтгайлж, хөшүүн хэсгийн цөм зэрэг) эхлэн гүйцэтгэнэ.

15.3.5  Олон давхар каркасан барилгын эдлэхүүнийг угсарч эхлэхээс өмнө тухайн давхрын гадна хүрээгээр хамгаалалтын хашлага заавал тоноглоно. Доод давхруудад мөн хамгаалалтын хашлага байх бөгөөд зөвхөн тухайн давхрын гадна ханын хавтанг угсарч эхлэх болон гадна ханыг өрөхөд уг хашлагыг буулгаж болно.

15.3.6  Угсармал төмөр бетон хавтангаар барилгын хана босгох ажлыг зураг төсөл, ажил гүйцэтгэх төслийн шаардлага, зааврын дагуу гүйцэтгэнэ.

15.3.7  Бүтээцийг угсрахад угсрагчид аюулгүй ажиллагааны шаардлага хангасан ажлын байранд, найдвартай бэхэлсэн байгууламж, хучилт дээр ажиллана. Шат, шатны тавцанг угсарсан даруйд нь түр хашлагаар хамгаална.

15.3.8  Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт, технологийн баримт бичигт заасны дагуу өндөрт ажиллах аюулгүй байдлыг хангах системийг ашиглан гадна хавтанг угсрах ажлыг гүйцэтгэнэ.

15.3.9  Угсарч байгаа бүтээц, тоног төхөөрөмжийг өргөх явцад савлах, эргэхээс хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

15.3.10  Онцгой нарийн төвөгтэй бүтээцийг, эргүүлэх болон шилжүүлэх аргаар, мөн хэд хэдэн өргүүр, угсралтын сум, цамхаг, домкрат хэрэглэж угсрах тохиолдолд уг ажлыг заавал хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудал хариуцсан ажилтан, инженерийн удирдлага, хараа хяналтад гүйцэтгэнэ.

15.3.11  Ажлын зурагт заасны дагуу бүтээц эдлэхүүнийг өргөж угсрахад хэрэглэж байгаа оосор, оосорлогооны арга нь аюулгүй ажиллагааны дүрмийн  шаардлагад нийцсэн байна. Угсралтын ачаа (бүтээц, тоног төхөөрөмж) өргөж буй тэнжээ ба оосрын босоо гадаргад үүсгэх налалтын өнцөг, тэдгээрийн бат бэхийг ажил гүйцэтгэх төсөл ба технологийн картаар тодорхойлсон байна. Бэхэлгээний гогцоо, нүх, тэмдэг тэмдэглэгээгүй бүтээцийг өргөхийг хориглоно.

15.3.12  Доод давхрын (ташинга) бүх эдлэхүүнийг гүйцэд угсарч найдвартай бэхэлж,  хэмжин шалгалт хийсний дараа дараагийн давхрын эдлэхүүнийг угсарна.

15.3.13  Бүтээцийг өргөхдөө эхлээд 20-30см өндөрт, дараа нь оосорлолтын найдвартай байдлыг шалгасны дараа цааш өргөх гэсэн 2 алхмыг хэрэгжүүлнэ. Бүтээц, эдлэхүүнийг налуу гадаргаар гулсуулж буулгах болон өгсөөж татахад тоормослох, хурд тохируулах тоног хэрэгсэл ашиглана.

15.3.14  Цас, бороотой, шороон шуургатай үед угсралтын ажил гүйцэтгэхийг хориглоно. Манан будантай байгаагаас болж ажлын байранд үзэгдэх орчин муудах, салхины хурд 15м/с -ээс хэтрэх үед угсралтын ажлыг зогсооно. Босоо байдалд угсрах болон 6м2-аас том талбайтай эдлэхүүнийг салхины хурд 10м/с-ээс давсан үед угсрахыг хориглоно.

15.3.15  Хуйлмал болон ороосон төмөр эдлэхүүнийг өргөх явцад өөрөө задрахаас нь хамгаалж зориулалтын бэхэлгээгээр боосон байна.

15.3.16  Угсарсан бүтээц эдлэхүүний эцсийн бэхэлгээг найдвартай хийж бэхэлж чигжсэн бетоны бат бэх 70% -д хүрсэн тохиолдолд татуурга, тулгуур, ивүүр, тулаас зэрэг түр бэхэлгээний тоноглолыг салгана. Энэ тухай ажил гүйцэтгэх төсөл, технологийн картад заасан байна.

15.3.17  Угсралтын ажлын үед ажлын байрыг дамжин өнгөрөх шаардлагатай бол хонгил зам тоноглох зэрэг ажилтнуудын ажлын байрыг аюулгүй зохион байгуулах арга хэмжээг авсан байна.

15.3.18  Өргөтгөл шинэчлэлт, угсралтын үед ашиглагдаж байгаа бүтээц эдлэхүүн ба яндангаас угсралтын тоног хэрэгсэл, татуурга, оосрыг бэхлэхийг хориглоно. Зайлшгүй бэхлэх нөхцөлд ашиглалт хариуцсан байгууллагын холбогдох эрх бүхий ажилтнаас энэ тухай зөвшөөрөл авна.

15.3.19  Ган бүтээц эдлэхүүн, тоног төхөөрөмжийг талбайд байхад нь уулзвар, зангилаа хүртэл нь будах, зэврэлтээс хамгаалах арга хэмжээг авна. Бүтээц эдлэхүүнийг төслийн байранд угсарсны дараа уулзвар, зангилаа, анг гүйцээж будах болон зэврэлтээс хамгаалах ажлыг гүйцэтгэнэ.

15.3.20  Гагнуурын ажил гүйцэтгэх үед галын аюулгүй байдлыг хангаж түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллана. Гал түймрийн ба дэлбэрэх аюултай орчинд "МNS 4244:1994 Галын аюулгүй байдал"-ын ерөнхий шаардлагад нийцүүлэн угсралт явуулахад оч үүсгэдэггүй тоног хэрэгсэл ашиглана. Шатах дэлбэрэх аюултай бараа материал, тоног төхөөрөмжийг ажлын байранд хадгалахыг хориглоно.

16. ӨРӨГТ БҮТЭЭЦИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ

16.1         Ерөнхий шаардлага

16.1.1  Тоосго, байгалийн чулуу, бүх төрлийн керамик, бетон, царууц гулдмайгаар бүтээц өрөх ба гүйцэтгэсэн ажлыг хүлээн авахдаа "Өрөгт бүтээц" БНбД51-02-05 дүрмийг мөрдөнө.

16.1.2  Өрөгт бүтээцийн ажлыг гүйцэтгэхэд ажил олгогч нь ажилтнуудын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй аюулыг тодорхойлж, эрсдэлийн үнэлгээ хийж,  ажилтнуудыг гүйцэтгэх ажлынх нь онцлогтой холбоотой үүсэх эрсдэлтэй хүчин зүйлүүдэд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

16.1.3  Үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлсийн нөлөөлөлд ажилтныг өртүүлэхгүйн тулд ХАБЭА-н тухай хууль, тогтоомж, зохион байгуулах төсөл, ажил гүйцэтгэх төсөлд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр дараах өргийн ажлын аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээг авна.Үүнд:

-       Өргийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бетон хийц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, материал, багаж хэрэгслийн агуулах, хураах талбай, зааж тээвэрлэх машины зогсоол, аюулгүйн бүсүүдийг зааглан тогтоосон ажлын байрны зохион байгуулалтын зургийг боловсруулж, холбогдох тэмдэг тэмдэглэгээг байршуулсан байна;

-       өргийн тогтвортой байдлыг харгалзсан технологи, ажлын дарааллыг тогтооно;

-       хүн, материал  унахаас урьдчилан сэргийлсэн хамгаалах арга хэмжээг, иж бүрэн зохион байгуулсан байна;

-       хүйтний улиралд өргийн тогтвортой байдлыг хангах аюулгүй ажиллагааны нэмэлт арга хэмжээг авсан байна;

16.1.4  Хучилтын түвшинд болон хөмсөгийн өрөг, өндөрт ажил гүйцэтгэх зэрэг эрсдэлтэй ажлын байруудад өргийн ажил гүйцэтгэгч ажилтнууд нь уналтаас хамгаалах хэрэгсэл болох хамгаалалтын бүс, толгой хамгаалах дуулга малгайгаар хангагдаж зориулалтын дагуу зөв хэрэглэнэ. Ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслүүдийг хэрэглэлгүйгээр ажил гүйцэтгэхийг хориглоно.

16.1.5  Ажлын байрны шал буюу газраас дээш 1.3м-ээс өндөрт ажиллахад ажилтнуудыг уналтаас хамгаалах хэрэгсэл болох бүс хэрэглэн ажиллах нөхцөлийг төсөл хэрэгжүүлэгч бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд 1.3м-ээс өндөр шат, ванданд хамгаалалтын хүрээ, хашлага тоноглоно.

16.1.6  Нэг бүр нь 20кг-аас дээш масстай тоосгон болон бетон гулдмайг тусгайлсан өргөх хэрэгсэл ашиглахгүйгээр гараар өргөж зөөх, өрөхийг хориглоно.

16.1.7  Барилгын ханын өргийн өндөр нь өрөгчдийн зогсож ажиллах түвшнээс дээш 0,7м-ээр илүү гарвал, эсвэл уг түвшнээс доош газрын (хучилт) түвшин хүртэл 1.3м-ээс өндөр болмогц ажлын байранд хашлага ба гадна байрлалын торон хүрээ хийж ажилтнуудыг унахаас хамгаалах буюу өндөрт ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу аюулгүй ажиллах ажлын байрны нөхцөлийг бүрдүүлнэ.

16.2    Ажил эхлэхийн өмнөх аюулгүй ажиллагааны шаардлага

16.2.1  Өрөгт бүтээцийн ажлыг зураг төсөлд заасны дагуу ажил гүйцэтгэх төсөл, технологийн картыг баримтлан гүйцэтгэхдээ тавигдах шаардлагын дагуу бэлтгэл ажлыг хангуулж, өргийн ажлын аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч, ажилтнуудыг ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангаж, зориулалтын дагуух зөв хэрэглээ, эдэлгээнд ажлын байрны удирдах ажилтан болон ХАБЭА-н ажилтан хяналт тавьж ажиллана.

16.2.2  Өрж буй ханын өндөр 7м-ээс их нөхцөлд барилгын гадна талд периметрийн дагуу дараах шаардлагыг хангасан хамгаалалтын хүрээ (тор) хийх хэрэгтэй. Үүнд:

-       хүрээний өргөн 1.5м-ээс багагүй, хүрээнээс дооших ханын хэсэг болон хүрээний хавтгай хоёр хоорондоо 1100-ын өнцөг үүсгэхээр байх ба хүрээний шалавч (тороор хийж болно) хана хоёрын хооронд 50мм-ээс хэтрэхгүй зайтай байна;

-       хүрээг тухайн бүс нутгийн цасны ачааллаас гадна тулгууруудынх нь (хананд бэхэлсэн) голд үйлчлэх 1600Н (160кгс)-с багагүй төвлөрсөн ачааллыг даахаар тооцсон байна;

-       ханын гадна талын эхний хамгаалалтын хүрээг нь газрын түвшнөөс дээш 6м- ээс хэтрэхгүй зайд, зайгүй шалавчтай хийх бөгөөд өргийн ажил дуустал энэ хүрээг буулгаж болохгүй;

-       эхний хүрээнээс дээш 6-7 метрт хоёрдугаар хүрээг тоноглох ба энэ хүрээний шалавчийг 50ммх50мм-ээс илүүгүй нүдтэй металл тороор хийж болно. Цаашид өрөг хийгдэж буй түвшнээс доош мөн л 6-7 метрийн түвшинд мөнөөх 2-р хүрээг дээшлүүлэн байрлуулж ажиллана.

16.2.3       Байгалийн чулууг барилгын талбайд бэлтгэн боловсруулах шаардлага гарвал тусгай заасан газарт бэлтгэнэ. Тухайн ажлыг хийж байгаа хүмүүсээс өөр гадны хүн байхыг хориглоно. Чулуу бэлтгэх ажлын байр нь ажиллаж байгаа хүмүүс бие биенээсээ 3м-ээс багагүй зайд ажиллаж, хооронд нь хамгаалалтын самбараар тусгаарлана.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

16.3              Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны шаардлага

16.3.1       Давхар хоорондын хучилт угсраагүй мөн шатны талбай гишгүүрийг байрлуулаагүй үед дараагийн давхрын хана өрөхийг хориглоно.

16.3.2       Хоёр давхраас дээш хийх ханын өргийг давхар хоорондын хучилт буюу даацын дам нуруун дээр тавигдсан хашлага хийц бүхий шат вандан, шалавч дээрээс хийнэ. Хучилтын хийц ба тэдгээрийн зөвшөөрөгдөх ачаалал нь ажил гүйцэтгэх төсөлд заасан шаардлагыг хангасан байна. Харин даацын бус туслах хийц дээрээс ханын өрөг хийхийг хориглоно. Гадна хана өрөөгүй байгаа хучилтын захаар хамгаалах хүрээ хийж, анхааруулах санамж тэмдэг тавина.

16.3.3       Ханын зориулалтаас хамааруулан өндрийн хуваалтын хэмжээг тооцоогоор тогтоох бөгөөд ажлын байр солигдох бүрт шат вандан шалавч буюу шалны түвшин нь өргийн түвшнээс дээш гарсан байна. Өргийн ажлыг ханын өрөг дээрээс гүйцэтгэх, өрөг дээгүүр явахыг хориглоно.

16.3.4       Ханан дээр материал, багаж хэрэгсэл болон бусад зүйлийг ажлын завсарлагааны үед ил орхихыг хориглоно. Өрөгч, угсрагчид ажил дууссаны дараа ажлын байраа цэвэрлэж багаж хэрэгслийг цэвэрлэн цэгцэлж хураана.

16.3.5       Хамгаалалтын хүрээн дээр унасан барилгын хогийг цэвэрлэх болон хүрээг дээш нь шилжүүлж барих ажлыг дүүжин шатан дээрээс, шаардлага хангасан хамгаалах бүсээр бэхлэгдсэн ажилчид гүйцэтгэнэ. Хамгаалалтын хүрээн дээгүүр зорчих, шат болгон ашиглах, дээр нь материал хураахыг хориглоно.

16.3.6       Хамгаалалтын хүрээгүйгээр зөвхөн 7м-ээс хэтрэхгүй өндөртэй барилгын гадна хана өрж болно. Гэхдээ барилгын эргэн тойронд аюултай бүсийг анхааруулсан, заасан санамж тэмдгийг заавал байрлуулна.

16.3.7       Аянга цахилгаан, цас орох, манан буух, салхины хурд 15м/с-ээс их байх, ажлын байрны үзэгдэх орчин хязгаарлагдсан үед олон давхар барилгын гадна ханыг өрөх, өнгөлөх ажил хийхийг хориглоно.

16.3.8       Өргийн ажил гүйцэтгэх төсөл (АГТ), Технологийн картад (ТК) тусгайлан заагаагүй нөхцөлд өргийг хөлдөөж өрөхийг хориглоно. Хэрэв хөлдөөж өрөх бол зуурмагийн найрлага, бүтээцийг хэрхэн гэсгээх, байгалийн эсвэл зохиомол аргаар гэсэх үеийн ажиглалт, гэсэх үед ханыг түр бэхлэх арга зэргийг АГТ, ТК-д тодорхой зааж өгнө.

16.3.9       Өргийн ажилд үйлчилж байгаа өргүүр болон өргөгчийг дуут ба гэрлэн дохиогоор заавал тоноглох бөгөөд ажиллагсдад энэ талаар зааварчилга өгсөн байна.

16.3.10  Каркасан бүтээцийн дүүргэгч ханын өргийг даацын өрөгт бүтээцэд тавигдах шаардлагын дагуу аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж гүйцэтгэнэ.

16.3.11  Хучилтын гадарга дээрх угсралтын ажлын металл дэгээнүүдийг нэг бүрчлэн тайрч, цэвэрлэж, хөлд торохгүй, тээглэхгүй, материал эдлэл зөөвөрлөх, хураахад саадгүй болгоно. Мөн лифтний салхивчийн цооногоор хүн ба материал бусад зүйл унах эрсдэлийг тооцож арга хэмжээ авсны дараа (түр хаалт, тор, хашилт хийх г.м) өргийн ажил эхлэхийг зөвшөөрнө. Түр хаалт дээр түүнийг зөвшөөрөлгүй авахыг хориглосон санамж тэмдгийг заавал байрлуулна.

16.3.12  Тоосго, гулдмай, байгалийн чулуу бусад материалыг хучилтын төв цэгт төвлөрүүлэн хураахаас зайлсхийж аль болох даацын хийц эдлэлийн дагуу тараан байрлуулбал зохино.

16.3.13  Барилгын гадна хананаас гадагш 30см ба түүнээс дээш илүү гарсан карниз (өнгийц) хэсгийн өргийн ажлыг хамгийн багадаа 60см өргөнтэй шат буюу дүүжин шатан дээрээс гүйцэтгэнэ. Харин уг ажилд хэрэглэгдэх материал нь барилгын хашлага ханын дотор талд хураагдсан байна.

16.3.14  Тоосго, жижиг гулдмайг өргөн тээвэрлэхдээ тоосгыг улавч (поддон) дээр стандартын схемээр өрж гурав ба дөрвөн тал хашлага хэрэглэн нурахаас сэргийлсэн байна.

16.3.15  Материал эдлэлийг өргөн тээвэрлэхдээ зориулагдсан сав, хавчаар, чингэлгийг ашиглах ба өргөлт, шилжүүлэлтийн үед тэдгээрийн хаалга өөрөө нээгдэж ачаа унахаас урьдчилан сэргийлсэн тусгай тоноглолгүйгээр ашиглахыг хориглоно. Ачаа өргөх, тээвэрлэх хэрэгслийн хийцлэлийг технологийн карт, ажил гүйцэтгэх төсөлд заасан байна.

16.3.16  Ул тавиур, сав, вандан, тэвш зэргийг өндрөөс буулгах ажлыг өргөгч механизмаар гүйцэтгэнэ.Тэдгээрийг өндрөөс унагах, шидэхийг хориглоно.

16.3.17  Хана хооронд тавигдсан вандан шатан дээр материал бусад хэрэгслийг 1м2 талбайд 200кг-аас хэтрүүлэхгүйгээр тавих ба 60см-ээс багагүй өргөнтэй зорчих зурвас үлдээнэ.  

16.3.18  Угсармал төмөр бетон хучилттай барилгын хучилт тавих түвшнээс дээш гадна ханыг хоёр үе тоосго урьдчилан өрөлгүйгээр хучилтын хавтан угсрахыг хориглоно. Хучилтын хавтангийн нүхийг угсрахаас өмнө бөглөнө.

16.3.19  Шатны дэвсгэр банзыг давхарлахгүй уулзуулж, үзүүрүүдийн доод талд хөндлөвч бэхэлгээ хийж өгөх ба ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг бүрэн зөв өмссөн байна.  

16.3.20  Гоёлын буюу өнгөлгөөтэй өргийн заадсыг үе бүрийг өрсний дараа хучилт эсвэл өргийн шатан дээрээс хийнэ. Энэ ажлыг барилгын ханан дээр зогсож хийхийг хориглоно.

16.3.21  Гадна хөмсөг (карниз), гоёлын хийцлэлийг байрлуулах, тоосгон ялууны хэвийг барих, буулгах, түр бэхэлгээг авах ажлыг АГТ-д заасны дагуу гүйцэтгэнэ.

16.3.22  Өвлийн нөхцөлд ажлын завсарлагааны үед өргийн дээгүүр зуурмаг дэвсэж орхихыг хориглоно. Ажлын байрыг цас, мөснөөс цэвэрлэж, халтирч гулгахаас сэргийлэх, шат вандангийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллана.

17. ЗАСЛЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ

17.1    Ерөнхий шаардлага

17.1.1  Бүх төрлийн барилгын гадна, дотор заслын хуурай ба нойтон шавардлага, амлагаа будаг, цаасан болон бусад төрлийн өнгөлгөө, шиллэгээ, баримал чимэглэл, тэгшилгээ зэрэг бүх төрлийн заслын ажлыг гүйцэтгэх ба хүлээн авахад "Заслын ажил" БНбД31-10-05 норм ба дүрмийг мөрдөнө.

17.1.2  Заслын (шавардлага, будаг, гадна дотор өнгөлгөө) ажил эхлэхийн өмнө үйлдвэрлэлийн хортой ба аюултай хортой хүчин зүйлсийн нөлөөлөлд ажилтныг өртүүлэхгүй байж, болзошгүй хохирлоос сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Үүнд:

-        Ажлын байрны агаарын тоосжилт, бохирдол хэвийн хэмжээнээс хэтрээгүй байна;

-       Ажлын байрны агаарын температур хэвийн хэмжээнээс нэмэгдсэн буюу буурсан бол ажил, амралтын зохистой горимыг тогтоон мөрдөнө;

-       Засал хийгдэх шовх, хурц ирмэгтэй, нумарсан, тэгш бус гадаргуу байгаа эсэхийг шалгаж тогтоосон байна;

-       Ажлын байр, орц гарцын гэрэлтүүлэг хангалттай эсэхийг шалгаж тогтоон гэрэлтүүлгийг нормын түвшинд хүргэсэн байна;

-       Амьсгалын систем, хоол боловсруулах систем, арьс, салст бүрхэвчээр дамжин хүний ​​биед нэвтрэн орж цочроох химийн хортой бодист хордохоос урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг мөрдөнө;

-       Бие махбодын ба сэтгэл зүйн хэт их ачааллыг үүсгэхгүйгээр ажлыг зохион байгуулна;

17.1.3  Дүрмийн 17.1.2-т заасан үйлдвэрлэлийн аюултай, хүчин зүйлс байгаа тохиолдолд ЗБТ, АГТ-д багтсан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг биелүүлсний үндсэн дээр заслын ажлын аюулгүй байдлыг хангаж, дараах арга хэмжээг авна. Үүнд:

-       ажлын байрыг зөв зохион байгуулах, шаардлагатай цахилгаан ба гар багаж хэрэгслээр хангана;

-       хортой, шатамхай бодис агуулсан материал, түүхий эдийг ашиглахдаа агааржуулалт, галын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна;

-       Зөөж тээвэрлэхэд хөнгөн, найдвартай төрөл бүрийн зориулалт бүхий шат вандангаар хангана;

-       Цахилгаан багаж, бага оврын механизм ажиллуулах найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй байна;

-       Ус, агаар сэлгэлтийн найдвартай хангамж (систем), эрүүл ахуйн шаардлага хангасан хүртээмжтэй ариун цэврийн байгууламжтай байна;

17.1.4  Ажил эхлэхийн өмнө цахилгаан багажуудын бүрэн бүтэн байдалд өдөр тутам хяналт тавьж, шаардлагатай засвар үйлчилгээг хийж, найдвартай ажиллагааг хангасан байна. Шаардлага хангаагүй багажаар ажил гүйцэтгэхийг хориглоно.

17.1.5  Шат вандангийн холбооснууд суларсан, гагнааснуудад ан цав үүссэн, тэдгээрийн элементүүд нь хэв гажилтад орсон эсэхийг нягтлан шалгаж, засварлах, сэлбэх боломжгүйг нь ашиглалтаас хасна.

17.1.6  Ажилтан бүр гараар ачааг зөв өргөх техникийг  эзэмшсэн байх ба гараар өргөх ачаа нь "MNS 4970: 2000. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Өргөх, зөөх ачааны массын зөвшөөрөгдөх дээд хэмжээ" үндэсний стандартад заасан  хэмжээнээс хэтрэхгүйгээр гүйцэтгэнэ.

17.1.7  Дүүжин шатан дээрээс ажил гүйцэтгэхдээ уналтаас хамгаалах бүсийг заавал аваарын олсонд бэхэлнэ. Зориулалтын тусгай олс, эсвэл тоноглол ашиглана.

17.1.8  Гадна орчинд өндөрт дүүжлэгдэн ажиллах үед саравчгүй, өндөр бат бэхтэй, чихэвчээр тоноглогдсон дуулга малгай өмсөж, бүрэн бүтэн, хугацаа нь дуусаагүй, бүтэн биеийн уналтаас хамгаалах бүс зүүх шаардлагатай ба аваарын олс нь усны хамгаалалттай, холгогдож шалбараагүй, үжрээгүй, өндөрт ашиглах хамгаалалтын зориулалттай (бат бэх, өндөр чанартай материалаар хийгдсэн олс) статик олс байна.

17.1.9  Өндөрт ажиллах заслын ажлын байр нь шаардлага хангасан хамгаалах хэрэгсэл, тавцан шатаар тоноглогдсон байна.

17.1.10  Ажлын байрны түр гэрэлтүүлэг нь ажилтны харах өнцөгт саад болохооргүй, өндөрлөг газарт, хөдөлгөөнгүй байрласан, цахилгаан гүйдэл дамжуулагч нь зориулалтын тусгаарлагчтай кабель байх бөгөөд залгаас шалбархайгүй, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байна. Далд монтажийн цахилгаан гүйдэл дамжуулагчийг тэжээлийн кабелийн оронд хэрэглэхийг хориглоно.

17.1.11  Заслын ажилтны ажлын байрны эрүүл ахуйн шаардлагыг MNS4990:2015 стандартаар тогтоосон байна. Ажлын байрны эмх цэгц, багаж, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд ХАБАЭ-н ажилтан, хяналтын ажилтан  үзлэг хийж, хариуцсан ажлын байрны удирдагч шаардлагатай арга хэмжээг стандартын дагуу авч хэрэгжүүлнэ.

17.1.12  Заслын ажлын ажилбарын төрөл бүрт тухайн ажилд тохирсон зааварчилгааг авах ба тохирсон ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг иж бүрэн зөв өмсөх,   багаж, тоног төхөөрөмжийг бүрэн бүтэн байлгах, шат ванданг зөвшөөрсөн зааврын дагуу бэхэлгээ хамгаалттай ашиглах нөхцөлийг төсөл хэрэгжүүлэгч, ажлын байрны удирдах ажилтан хангаж, ажилтан өөрөө аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг баримтлан хариуцлагатай ажиллана.

17.1.13  Заслын ажил хийж буй ажлын байрыг ил галаар халаах, дулаацуулахыг  хориглоно. Тэсрэмтгий чанартай, хялбар шатах, гал дэмждэг бодис, шатахуун, тосолгооны материал, баллонтой хий, хүнс тэжээлийн зүйлс, хлорын шохойг нэг байранд хамтад нь хадгалахыг хориглоно.

17.1.14  Шат вандангийн хийцийг зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, хашлага бэхэлгээг нь салгах, шатан дор зэрэгцэн ажил гүйцэтгэхийг хатуу хориглоно. Шатны ирмэг хэсэг дээр гишгэж ажиллах, шатны хашлага дээр суух, шат вандангийн ойр ажлын талбайд ноцолдох, чанга дуугарах, шатан дээрээс үсэрч буух, үсэрч гарах, багаж хэрэгсэл, материалыг даац хэтрүүлэн овоолох, шатны хажууд гал түлэх, хүчил, шүлт ихтэй бодис асгах, тавцан шат вандан дээр олуул гарах зэрэг ачаалал хэтрүүлж ажиллахыг хориглоно.

17.1.15  Ажилтны зогсох түвшин нь газрын гадаргаас дээш 1.3м-ээс өндөр болмогц шат, вандангийн гадна хүрээг нэг метрээс багагүй өндөртэй хашлага тоноглох ба ажилтанд уналтаас хамгаалах бүсийг бэхлэх газар болон гогцоог тогтоох нөхцөлийг талбайн инженер бүрдүүлнэ.

17.1.16  Тааз болон эгц өндөр гадаргууд засал хийх үед нүүр, нүдний хамгаалалтаар ажилтныг хангана.

17.1.17  Заслын ажлын талбайд шат вандан дээр тогтсон цас мөс, асгарсан шавар, усыг цэвэрлэж халтирч гулгахаас болгоомжлох, зааварчилгаа өгсний дараа ажлыг эхлэх, дүүжин ба угсармал шатан дээр гарч ажил гүйцэтгэхдээ уналтаас хамгаалах бүсээр өөрийгөө бэхэлсэн байх хэрэгтэй. Цас бороотой, хүчтэй салхи, шуургатай, манан, будантай үед гадна заслын ажил хийхийг хориглоно. Салхины хурд 10м/сек-ээс дээш гарсан нөхцөлд дүүжин шат,  гадна угсармал шатан дээр ажил гүйцэтгэхийг хориглоно.

17.2    Шавардлагын ажлын аюулгүй ажиллагааны шаардлага

17.2.1  Шавардлагын ажлыг АГТ, ТК-д заасан технологи, арга ажиллагааны дагуу мэргэжлийн болон аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж, зохих түвшний мэдлэг, чадвар эзэмшсэн, тухайн ажлын зааварчилгаа авсан, ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдсан, зориулалтын дагуу зөв хэрэглэж хэвшсэн, зөв хандлага, төлөвшилтэй ажилтнаар гүйцэтгүүлнэ.

17.2.2  Зуурмагийн шахуургатай ажиллахдаа дараах зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд:

-       Зуурмагийн шахуургын засварын ажлыг зөвхөн цахилгаан сүлжээнээс салгаж,  даралтыг бууруулсны дараа хийх;

-       Зуурмагийн шахуургыг цэвэрлэхэд 10 м ба түүнээс ойр зайд хүмүүс байж болохгүй;

-       Шахуургын хошуугаар зуурмагийг гадаргуу дээр бага зэрэг өнцөг гарган  цацаж, зуурмагийн шахуургын үйлдвэрлэгчийн зааварт заасны дагуу гадаргуугаас тодорхой зайд байрлуулна.

17.2.3  Шавардлага, будгийн ажил гүйцэтгэж буй шат вандангийн доор өөр ажил гүйцэтгэх бол шат вандангийн тавцан (шалавч) нь цул байхаас гадна ханандаа нягт нийлсэн байна. Засал, дулаалгын ажлыг барилгын гадна талаас гүйцэтгэх нөхцөлд шатны ажлын тавцанг 1м-ээс дээш өндөр хашлагаар хамгаалах ба тор татаж болно.

17.2.4  Шавардсан өрөө тасалгааг цахилгаан ба шингэн, хийн түлшээр галладаг төхөөрөмжөөр хатаах үед МNS 4244:1994 "Хөдөлмөр хамгааллын систем. Галын аюулгүй байдал. Ерөнхий шаардлага"-ын стандартын шаардлагуудыг хэрэгжүүлнэ. Өрөө тасалгааны дотор утаа тортог гаргаж галлах, ил гал түлэхийг хориглоно.

17.2.5  Цахилгаан ба хийн даралтаар ажиллах багажуудыг мэргэжлийн бөгөөд дадлага туршлагатай ажилтан ажиллуулахаас гадна багаж нь газардуулгатай байна. Цахилгаан багажуудад 36В-оос илүү хүчдэл өгөхийг хориглоно.  

17.2.6  Зуурагч машиныг ажиллаж байх үед нь техникийн үзлэг, үйлчилгээ, засвар хийхийг хориглоно. Зуурах ажиллагаа явагдаж байхад зуурагч машинд гараа оруулах болон зуурагчаас зуурмаг юүлж байгаа үед хөдөлгөөнийг нь саатуулахыг хориглоно.  

17.2.7  Зуурагч машины аливаа эд анги эвдэрсэн үед ажиллуулахыг хориглоно. Зуурагч машиныг түр байрлуулахдаа суурь бэхэлгээг сайтар хийж хамгаална. Ажил дуусмагц цахилгаан тэжээлийг салгана.

17.2.8  Шавардлагын машины бүх хөдөлгөөнт ба эргэлдэх хэсгүүд нь бүрхүүл хамгаалалттай байна. Машинд заавал газардуулга хийгдсэн байх ба залгуур, гал хамгаалагч нь тусгай битүүмжлэлтэй хайрцагт далд байрлана. Машиныг ажил эхлэхээс өмнө хоосон ажиллуулж шалгана. Цахилгаан хэлхээнээс бүрэн салгасны дараа техникийн үзлэг, үйлчилгээ, засварыг хийнэ.

17.2.9  Шавардлагын насос, агрегатыг аюулгүй ажиллуулах заавар, дүрэмтэй танилцсан зохих түвшний мэдлэг, ур чадвар, дадлагатай мэргэшсэн ажилтнаар шавардлагын агрегатаар ажил гүйцэтгүүлнэ. Агрегат, шахах насосыг ажиллаж байхад эд ангид нь техникийн үзлэг,  үйлчилгээ (тосолгоо г.м) засвар хийхийг хориглоно. Цахилгаан хэлхээнээс бүрэн салгасны дараа техникийн үзлэг, үйлчилгээ, засварыг хийнэ.

17.2.10  Даралттай хоолойг үлээлгэх ажиллагааг ажилтнуудыг аюулгүй байранд очсоны дараа гүйцэтгэнэ.  

17.2.11  Гадна, дотор шавардлагын ажилд хэрэглэх шат, вандан нь тогтвортой, бат бөх, аюулгүй байдлыг хангасан байх ба угсрахад хялбар, хөнгөн байна. Шавардлагын шатны өргөн нь 1.5м-ээс багагүй байх ба шатны 1м2 талбайг 80кг-аас илүү массаар ачаалахыг хориглоно. Шатны дэвсгэр банзыг уулзуулж, үзүүрүүдийн доод талд хөндлөвч бэхэлгээ хийнэ.

17.2.12  Дүүжин өргүүр ба угсармал шат ашиглан фасадны шавардлага, заслын ажлыг гүйцэтгэхэд өргүүр ба шатны хашлага, эд ангиуд нь бүрэн байна. Бүрэн бүтэн бус, найдвартай ажиллагаа нь хангагдаагүй нөхцөлд ажил гүйцэтгэх, үргэлжлүүлэхийг хориглож, ажлыг удирдах ажилтан, ХАБАЭ-н ажилтанд шуурхай мэдэгдэнэ.

17.2.13  Шавардлагын ажлын гар багаж хэрэгслийн иш бариул нь тохирсон, эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн байна.

17.2.14  Цонх, хаалганы амлагаа, хана, таазны шавардлага хийхэд шугам сүлжээ, хоолойг угсрах, сүвлэх нүхийг хаалт хийж хамгаалсан байна.  

17.2.15  Шавардлагын ажилд хүний эрүүл мэндэд хортой хүнд металл, хар тугалга, зэсийн хольцтой бодис хэрэглэхийг хориглоно.

17.2.16  Бүх төрлийн хуурай хольц, хооронд нь найруулан хэрэглэх бүтээгдэхүүн, хольж шингэлэх болон өтгөрүүлж хэрэглэх бүрэлдэхүүн, эпоксид хольцтой зуурмагууд зэрэг хагас бэлэн, бэлэн боловсруулсан шинэ материалуудыг хэрэглэхийн өмнө үйлдвэрлэгчээс ирүүлсэн заавартай нь танилцсаны дараа уг зааврыг чанд мөрдөж ажиллана. Шаардлагатай тохиолдолд туршиж үзэж болно. Заавар зөвлөмжгүй, хаяг шошгогүй, дагалдах гэрчилгээ, сорилт шинжилгээний дүгнэлтгүй материалыг хэрэглэхийг хориглоно.  

17.2.17  Барилгын ажилд хэрэглэх цавууны эрүүл ахуй, цацрагийн аюулгүй байдлыг  түүний найрлагад орсон материалуудын шинжилгээний үр дүнг үндэслэн тогтооно. Цавууны найрлагад орсон материалууд нь эрүүл ахуйн шаардлагын хэмжээнээс хэтрээгүй, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй болох нь  сорилт шинжилгээгээр тогтоогдсон байна.

17.2.18  Барилгын давхраас хог ачих, буулгах зэрэгт гулсуур тавина. Барилгын гадна тал уруу цонхоор хог хаях, асгахыг хориглоно.

17.3         Будгийн ажлын аюулгүй ажиллагааны шаардлага

17.3.1  Будгийн ажилд хэрэглэх будгийг сонгохдоо тохирлын гэрчилгээтэй, барилгын дотор агаарын чанарт сөрөг нөлөөгүй болох нь тогтоогдсон будгийг сонгоно.

17.3.2  Будгийн ажлыг гүйцэтгэхэд хялбар уурших, ба гал авалцах, хялбар шатах, тэсрэх, дэлбэрэх бодисуудтай шууд харьцдаг, химийн хортой ажлын байранд ажилладаг ажилтныг амьсгалын замын эрхтний хордлого, харшил, арьсны үрэвсэлд хүргэж болзошгүй эрсдэлээс хамгаалж, ажилтанд сургалт, зааварчилгааг сайтар өгч, амь нас, эрүүл мэндээ хамгаалах, эрүүл аюулгүй-зөв ажиллах арга барилд дадуулан төлөвшүүлж, ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, хордлогоос хамгаалах, дархлаа дэмжих хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр хангана.  

17.3.3  Будгийг найруулах, турших, хэрэглэх үед галын аюулгүй байдал, үйлдвэрийн ариун цэвэр, аюулгүй ажиллагааны заавар, дүрмийн шаардлагыг  чанд сахин биелүүлнэ.

17.3.4  Шинэхэн будсан тосон будаг ба нитро будагтай өрөөнд хүмүүсийг 4 цагаас дээш байлгахыг хориглоно.

17.3.5  Дэгдэмхий тэсрэх аюултай, хий ялгаруулдаг нитро будаг ба бусад будгийг хэрэглэх орчинд тамхи татах, галтай холбоотой ажил гүйцэтгэх, оч үүсгэх ажил, (металл тасдах, цохих, гагнах г.м) гүйцэтгэхийг хориглоно.

17.3.6  Аюултай, шатамхай, тэсэрч дэлбэрэх шинж чанартай материалыг ашиглан ажил гүйцэтгэх үед, мөн ажлыг дууссанаас хойш ажлын байранд нэг цагийн дотор байгалийн болон зохиомол агааржуулалтыг заавал хийнэ.

17.3.7  Будаг хийсэн гадаргууг зуух, халаагуур болон бусад галын аюултай төхөөрөмжөөр халааж, хатаахыг хориглоно.

17.3.8  Химийн нэмэлт агуулсан уусмалуудыг ашиглан ажил гүйцэтгэхдээ үйлдвэрлэгчийн ирүүлсэн зааврын дагуу хувийн хамгаалах хэрэгслийг (резинэн бээлий, хошуувч, нүдний шил, нүүрэвч, резинэн гутал, хормогч) зориулалтын дагуу зөв хэрэглэнэ.

17.3.9  Гадаргууг хуурай цэвэрлэх болон тоос шороо, хий ялгаруулахтай холбоотой ажлууд, мөн механикжуулсан шавардлага, будгийн ажил хийх үед нүүр амны хаалт, нүдний шил хэрэглэнэ.

17.3.10  Гадаргууг хүчил ба идэмхий натриар цэвэрлэхдээ хамгаалалтын нүдний шил, резинэн бээлий, хүчилд тэсвэртэй хормогч өмсөнө. Зуурмагийг тааз эсвэл босоо гадаргуу дээр түрхэхдээ хамгаалалтын нүдний шил ашиглана.

17.3.11  Бензол, бензин, хлоржуулсан нүүрс-устөрөгч, метанол дээр суурилсан уусгагч хэрэглэхийг хориглоно.

17.3.12  Нитро будаг, лак гэх мэт дэлбэрэх аюултай бүрдэл хэсгийг агуулсан савыг ажлын завсарлагаагаар сайтар бөглөх (таглах) бөгөөд нээхдээ оч үл гаргах багажаар онгойлгоно. Таглаа нь нүүр, нүд рүү үсрэх аюултайг санаж ажиллана.

17.3.13  Агаарт дэгдэх хортой бодисын нэр, тоо хэмжээг (концентраци) заагаагүй түүнчлэн үйлдвэрлэгчийн хаяггүй ба хэрхэн хэрэглэх, аюул осолгүй ажиллагааны талаар заалтгүй будаг түүний бүрдэл хэсгийг хэрэглэхийг хориглоно. Бүх төрлийн будагч бүрдэл, хуурай хольцыг ажилд бэлдэхдээ үйлдвэрлэгчийн заавар зөвлөгөөг зөрчихийг хориглоно.

17.3.14  Нитро будаг болон дэлбэрэх, агаарт уур дэгдээдэг лак ба тийм шинж чанартай бүрдэл хэсгийг ашиглаж байгаа ажлын байранд гал гаргах, оч үсэргэх үйлчлэлтэй цахилгаан тоноглол ба богино холбоо үүсэх боломжтой цахилгаан дамжуулах утас, залгуур, унтраалга хэрэглэхийг хориглоно.

17.3.15  Төвлөрсөн халаалтын радиатор  хоолой, халаалтын хавтан төхөөрөмжийг  будах үед нэвт салхижуулагч эсвэл албадмал агааржуулагч ашиглана.

17.3.16  Битүү сав, хязгаарлагдмал орчинд будгийн ажлыг гүйцэтгэхээр бол зөөврийн агааржуулагч, гэрэлтүүлэгч ашиглах, гадна талд нь  хяналт тавих хүн байж, тусламж үзүүлэхэд бэлэн байна. 

17.3.17  Хортой бодис, хийг агаарт ууршуулдаг будгийг тоосруулан шүршиж будахад уг ажлын байрыг найдвартай механик агааржуулалттай байлгахаас гадна ажилтнуудад нягт материалаар оёсон юүдэн бүхий ажлын хувцас, нүдний шил, резин бээлий, хошуувч өмсгөнө.

17.3.18  Даралтаар ажилладаг төхөөрөмжөөр (компрессор) ажил гүйцэтгэхдээ дараах бэлтгэл ажлыг заавал хангана. Үүнд:

-       Механизмын бүрэн бүтэн байдлыг шалгана. (хамгаалалтын дохиолол, газардуулга)

-       Тосны түвшин,  тосолгооны  байдлыг үзэж шаардлагатай тохиолдолд нэмнэ;

-       Агаарын  хоолой нугаларсан, дарагдсан, ажлын явцад аливаа зүйлтэй үрэлтэд өртөхөөргүй байгаа эсэхийг шалгаж шаардлагатай бол аюулыг арилгана;

-       Агаарын  хоолой хөлдсөн,  царцсан бол дулаан орчинд гэсгээх ба түүдэг гал, бамбар зэрэг ил гал, уураар гэсгээхийг хориглоно.

-       Будаг шүршигчээр шүршихдээ нэг бүрийн хамгаалах хэрэгслээр ажилтныг бүрэн хангасан байна. (нүд, нүүр гар, амьсгалын замын эрхтэн хамгаалах хэрэгсэл г.м)

-       Даралтаар ажилладаг будгийн төхөөрөмжийг ажил эхлэхийн өмнө ажлын даралтыг 1.5 дахин нэмэгдүүлсэн даралтаар ажиллуулан шалгаад акт үйлдэх ба ажлын журналд бичиж ажилд оруулна. Манометр нь бүтэн бөгөөд лацтай байна.

-       Будгийн насос, компрессорын тогтмол даралтыг гэнэт ихэсгэх, ажлын явцад бункер, дамжуулах хоолой, холболтод үзлэг хийхийг хориглоно.

-       Ажлын завсарлагын үед даралттай  шахсан  агаарын тэжээлийг заавал салгана.

17.3.19       Хийгээр ажиллагч төхөөрөмжөөр аливаа ажил гүйцэтгэхдээ (будах, хадах, үдэх, бүрэх) ажлын бүсэд 10м-ээс дотогш зайд тухайн ажилд хамааралгүй хөндлөнгийн хүн байлгахыг хориглоно.

17.3.20       Шилийг өргөх зөөх, төслийн байранд нь хүртэл зөөвөрлөхдөө зориулалтын тоног хэрэгсэл, баглаа боодлыг ашиглана. Шилийг зүсэхдээ хэвтээ байрлалд, зориулалтын ширээн дээр, орчны температур нэмэх хэмд ажлыг гүйцэтгэнэ.

17.4    Барилгын гадна өнгөлгөөний ажлын аюулгүй ажиллагааны шаардлага

17.4.1  Барилгын гадна өнгөлгөөний ажлыг гүйцэтгэхдээ тухайн ажлын аюулгүй байдлын дүрэм болон галын аюулгүй байдлын шаардлагыг дагаж мөрдөнө.

17.4.2  Барилгын гадна өнгөлгөөний ажлыг керамик хавтан, бусад өнгөлгөөний материалыг ашиглан гүйцэтгэх үед технологийн заавар болон тоног төхөөрөмж, цахилгаан тоноглол, барилгын угсардаг шатыг ашиглах зааврыг мөрдөнө.

17.4.3  Өнгөлгөөний материалыг бэлтгэхдээ зориулалтын хамгаалалтын нүд хамгаалах шил, бээлий өмсөж ажиллана. Цахилгаан ба даралттай шахсан агаарын эрчим хүчээр ажилладаг багажаар төмөр бетон, бетон, тоосгон хийц бүхий ханыг өрөмдөхдөө заавал нүд хамгаалах шил зүүнэ.

17.4.4  Элсээр үлээгч төхөөрөмжөөр ажил гүйцэтгэхдээ ажлын талбайг хашлагаар тусгаарлана.Тоосжилтын хэмжээнээс үл хамаарч амны хаалт, хошуувч зүүнэ.

17.4.5  Цахилгаан тоног төхөөрөмжийг асаах, ажиллуулахад кабелийн тусгаарлагчийн бүрэн бүтэн байдал, газардуулга зэргийг шалгана.

17.4.6  Хүйтний нөхцөлд барилгын хольцод хөлдөлтийн эсрэг нэмэлтийг хэрэглэхэд ажилтнууд ажлын тусгай хувцас, резинэн гутал, резинэн бээлий өмсөж, нүд хамгаалах шил зүүсэн байна. Гарны арьсыг химийн бодисоос хамгаалахын тулд хамгаалалтын тос түрхэнэ.

17.4.7  Барилгын өндрийн ажил гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрдөнө.

17.4.8  Барилгын гадна чулуун өнгөлгөөний ажилд чулуу зүсэгч төхөөрөмжийг тусгай тавцан дээр байрлуулж, аюулгүй ажиллагааны зааврын дагуу чулууг боловсруулах ажлыг мэргэжлийн хүн гүйцэтгэнэ. Ажлыг гүйцэтгэх үед чулууны хэлтэрхий үсрэхээс сэргийлж, зориулалтын ажлын хувцас, бээлий, нүдний шил, хошуувч, хамгаалалтын бамбай зүүж, хоорондоо 3 метрийн зай барьж ажиллана.

17.4.9  Барилгын гадна өнгөлгөөний ажилд урьдчилан магадлан шалгалтад оруулж тэнцсэн дүүжин өргүүр, барилгын угсардаг шатыг ашиглана. Шат угсралтын ажлыг объект тус бүрийн стандарт зааврын дагуу гүйцэтгэх ба ачааны зөвшөөрөгдөх дээд хэмжээг тэмдэглэсэн схем зурагтай байна. Барилгын угсардаг шатны бүрэлдэхүүн хэсгүүдийг 20 метрийн зайтай газардуулна. Мөн ашиглалтын явцад шатны тавцан дээрх цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

17.4.10  Шилэн эсвэл өнгөлгөөний ажил гүйцэтгэж байгаа ажлын байрыг  хаалт хашлагаар тусгаарлана. Босоо ханын гадаргууд хэд хэдэн үеэр шиллэгээ ба өнгөлгөөний ажил зэрэг хийхийг хориглоно.

  1. Модон хийцийг угсрах, хураах ажлыг гүйцэтгэх аюулгүй ажиллагааны ДҮРЭМ
    1. Ерөнхий шаардлага
      1. Барилга байгууламжийн модон бүтээцийг угсрах ба хүлээн авахад "Модон бүтээц" БНбД 54.02.05  норм ба дүрмийг мөрдөнө.
      2. Модон бүтээцийг угсрах ажлыг гүйцэтгэхдээ ажлын зурагтай сайтар танилцан судалж, угсрах хийц бүтээцүүдийн иж бүрдэл, тоо ширхэг, бүтээц тус бүрийн урт, жинг урьдчилан сайтар тооцон түүнийг тээвэрлэх, ачих өргөх буулгах, хураах ажлын аюул эрсдэлийг үнэлж, болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байна.
      3. Модон бүтээцийг угсрах ажлыг гүйцэтгэхдээ гүйцэтгэж байгаа ажлаас нь хамааруулан ажилтнуудыг үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөлөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх  арга хэмжээг заавал авна. Үүнд:

-       ЗБТ, АГТ боловсруулж, тэдгээрт угсралтын аюулгүй ажиллагааны зааврыг тусгана;

-       Модон бүтээцийн угсрах ажлын дарааллыг тогтооно;

-       Бүтээцүүдийн иж бүрдэлд орох хэсгүүдийг угсрах дараалал, аргыг урьдчилан тодорхойлно;

-       Өндөрт ажиллах ажлын байрны аюулгүй байдлыг хангана;

-       Угсралтын ажлыг гүйцэтгэх явцад барилга байгууламжийн хийц хэсгүүдийн тогтвортой байдлыг хангах, оосорлогч дохиочин, холбогдох ажил гүйцэтгэх ажилтнуудыг бэлтгэсэн байна;

-       Модон бүтээцийн урт, жинд шүтэлцэж ажиллах техникийн магадлал хийгдсэн өргөх, тээвэрлэх машин төхөөрөмжийг оновчтой сонгон талбайд орох гарах гарцыг тодорхойлон, кранчин, холбогдох ажилтнууд бүхий багийг бүрдүүлнэ;

-       Модон бүтээцийг үжил эсэргүүцэх болон галд тэсвэртэй уусмалаар хамгаалах түрхлэг хийх ажлын байрыг бэлдэнэ; 

-       Түрхлэг хийх ажилтнуудын ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл,  багаж төхөөрөмжийг тусгайлан бэлтгэж зааварчилга өгсөн байна;

18.1.4.     Модон бүтээцийг угсрах үеийн ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагаар гаргуулан нийт ажилтнуудыг галын аюулгүй байдлын сургалтад хамруулж, гал унтраах тоноглол хэрэгслийг барилгын талбайд зааврын дагуу байрлуулж, тусгай сарай, хадгалах шүүгээ, савыг бэлтгэн ашиглалтын заавар орц гарцын дохио санамж, тэмдэг тэмдэглэгээг зааврын дагуу бүрэн хийсэн байна.

18.1.5.     Модон бүтээцийн угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах гар болон цахилгаан багажийн жагсаалтыг гарган, ажил гүйцэтгэх үед үүсэх бодит болон боломжит аюулуудыг тогтоон, эрсдэлийг үнэлж, техникийн үзлэг, үйлчилгээ, засварыг урьдчилан хийж элдэв аюулыг арилгасны  дараа ажил гүйцэтгэхээр томилогдсон ажилтнуудад тэдгээрийг хуваарилан олгоно. Ажлыг гүйцэтгэх технологийн заавар, карт, ажлыг гүйцэтгэхэд мөрдөх аюулгүй ажиллагааны заавраар сургалт хийж, зааварчилгаа өгнө. Сургалт, зааварчилгааны дараа зайлшгүй эзэмшсэн байх, мэдлэг чадварыг нь шалгаж шаардлага хангасан ажилтныг ажилд томилон оруулна.

Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа

18.1.6.     Модон бүтээцийн угсралтын ажлыг гүйцэтгэхийн өмнө угсралтын зураг төсөлтэй тулган шалгаж бэхэлгээний эд ангийн иж бүрдэл, угсралтын тэмдэглэгээ зураасны байдал, өнгөн үеийн эвдрэл, согог гадаргуугийн бохирдолт шороо цас, мөсийг цэвэрлэсэн эсэх, холбох эд анги туслах материалуудын иж бүрдэл, өргөх төхөөрөмжийн оосорлох бэхэлгээний найдвартай байдал зэрэгт эрсдэл байгаа эсэхийг хянаж тогтоон залруулах арга хэмжээг авсан байна.

18.1.7.     Ажлыг гүйцэтгэж эхлэхийн өмнө угсралтын шат, өргүүр, хамгаалалтын хашлага, вандан тулгуур, шалгах стенд, тоног төхөөрөмж, ачаа хавчих хэрэгслийг бэлтгэн, ачаатай машины орц, гарц, зогсох эргэх талбайн тэмдэг тэмдэглэгээг байрлуулсан байна.

18.1.8.     Модон бүтээцийн угсралтын ажлыг орон зайн тогтворжилтыг хангах үндсэн хэсгээс аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж гүйцэтгэнэ.

18.1.9.     Угсармал модон бүтээцийг угсрахын өмнө тэдгээрийг тээвэрлэх, хадгалах хураах, ачиж, буулгах явцад гарсан эвдрэл, согогийг засварлан бүх ган холбоосыг чангалж бэлтгэсэн байх ба даацын модон бүтээцийг томсгон бэлдсэн хэсгээр аюулгүй байдлыг ханган угсрах ажлыг гүйцэтгэнэ.

18.1.10. Модон хийцийг угсрахдаа давхрын болон адрын хучилт дээр түр зуурын шатыг байрлуулах ба түүнийг барилга байгууламж дээр тогтвортой байрлуулж сайтар бэхэлсэн байна.

18.1.11. Үжил болон галд тэсвэртэй бодисыг албадмал агааржуулалт бүхий ажлын байранд ашиглаж ажил гүйцэтгэнэ. Ажил гүйцэтгэхдээ ХАБЭА–н тухай хууль, тогтоомжид заасан шаардлагыг ажил олгогч, ажилтан бүрэн ханган биелүүлнэ.

18.1.12. Модон бүтээцийг хадгалах, тээвэрлэх үед модон бүтээцэд тавигдах шаардлагын дагуу нарны шууд тусгал, цас, бороо, усны шууд үйлчлэлээс тусгаарлан тулгуур, ивээс хийж хураах ба модон материалын агуулахад БНбД 21-06-10, галын аюулгүй байдлыг хангахад БНбД21-01-02тус тус мөрдөн ажиллана.

18.1.13.     Модон бүтээц эдлэхүүнийг чирж зөөхийг хориглоно.

18.1.14.     Модон бүтээц эдлэхүүнийг тээвэрлэх, зөөх, хураахдаа зураг төсөл болон АГТ-д заасан дарааллыг баримтлахын зэрэгцээ аюулгүй ажиллагааны зааврыг дагаж мөрдөнө.

18.1.15.     Модон бүтээц эдлэхүүнийг барилгын талбайн агуулахад хурааж, хадгалахдаа норох, эвдэрч хэмхрэхээс хамгаалах, хураах өндөр, эвүүрийг стандартын шаардлагад нийцүүлэх, өргүүрийг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрмийг баримтална.

18.1.16.     Өндөрт ажиллахдаа угсардаг шат, түшүүлдэг зөөврийн шат, ягорь хэрэглэх ба гадна шатан дээр ажиллах ажилтнуудад өндрийн ажил гүйцэтгэх аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч уналтаас хамгаалах бүс, дуулга малгай, бэхэлгээний олсоор хангаж бэхэлгээг сайтар хийлгүүлж хяналт тавьж ажиллана. Хаалт хамгаалалтгүй хэсэгт 1.5м-ээс өндөртэй хашлага, хаалт угсарч байрлуулан ажиллуулна.

18.1.17.     Ажил дууссаны дараа ажлын байрыг цэвэрлэн, эмх цэгцийг хангана. Гар ба цахилгаан гар багаж, тоног төхөөрөмжийг сайтар цэвэрлэн тоног төхөөрөмж, хаалт, хашлага, материал бүтээцийг цас борооноос хамгаалан хучиж, галын аюулгүй байдлыг хангана.   

  1. ТУСГААРЛАЛТЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ
    1. Ерөнхий шаардлага
      1.     Барилга байгууламжийн дуу, дулаан тусгаарлалтын ажлыг гүйцэтгэх ба хүлээн авахад "Дуу, дулаан тусгаарлалтын ажил" БНбД 31-08-05 норм ба дүрмийг мөрдөнө. 
      2.     Тусгаарлалтын ажлыг (ус үл нэвтрэх, дулаан тусгаарлагч, зэврэлтээс хамгаалах) гүйцэтгэхдээ ажил олгогч нь ажилтнуудын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй аюулуудыг тодорхойлж, эрсдэлийн үнэлгээ хийж,  ажилтнуудыг гүйцэтгэх ажлынх нь онцлогтой холбоотой үүсэх эрсдэлтэй хүчин зүйлүүдэд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
      3.     Үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлсийн нөлөөлөлд ажилтнуудыг өртүүлэхээс урьдчилан сэргийлж ЗБТ, АГТ-д ХАБЭА-н шаардлагыг тусгах ба  тусгаарлалтын ажлын аюулгүй байдлыг хангахын тулд дараах арга хэмжээг авна. Үүнд:

-   агааржуулалт, гал унтраах, түлэгдэлтээс хамгаалах арга хэмжээ авна;

-   гэрэлтүүлэг хангалттай байх, өндөрт ажил гүйцэтгэх арга, хэрэгслийг зааж сурган ажлын байрны зөв зохион байгуулалтыг хангана;

-   агааржуулалтгүй өрөө, аппарат хэрэгсэлтэй хязгаарлагдмал орчинд ажил гүйцэтгэх үед холбогдох хууль, тогтоомжид заасан арга хэмжээг авна;

-   халуун мастик, материалыг бэлтгэх, тээвэрлэх явцад холбогдох хууль, тогтоомжид заасан арга хэмжээг авна.

19.1.4  Технологийн тоног төхөөрөмж, дамжуулах хоолойн дулаалгын ажлыг угсрахаас өмнө буюу байнгын бэхэлгээ хийсний дараа гүйцэтгэнэ.

19.1.5  Битүү өрөө болон тоног төхөөрөмж доторх тусгаарлалтын ажлыг гүйцэтгэхдээ ажлын байрны агааржуулалтыг шаардлагын хэмжээнд хийх, 12В-оос ихгүй хүчдэл бүхий гэрэлтүүлэгтэй байна.

19.1.6  Өндөрт тусгаарлалтын ажил гүйцэтгэх ажлын байрыг хаалт хашлага, авирах шат бүхий тоног төхөөрөмжөөр тоноглосон байна.

19.1.7  Төхөөрөмж болон бусад хязгаарлагдмал орчинд тусгаарлалтын ажил эхлэхээс өмнө бүх цахилгаан хөдөлгүүрийг унтрааж, тэжээлийн дамжуулах хоолой дээр залгуурыг байрлуулж, төхөөрөмжийн дотор ажиллаж байгааг анхааруулсан зурагт хуудсыг тухайн ажлын байранд өлгөж байрлуулна.

19.1.8  Галын аюултай болон хортой бодис ялгаруулдаг материалаар тусгаарлалтын ажил (ус ба дулаан тусгаарлалт, зэврэлтээс хамгаалах) гүйцэтгэдэг  ажилтнуудыг хорны, халууны, химийн хортой бодисын үйлчлэлээс хамгаалах арга хэмжээ авна.

19.1.9  Чулуун болон эрдэс хөвөн, шилэн хөвөн, цемент зэрэг агаарт хортой тоос ялгаруулдаг материалаар тусгаарлалтын ажил гүйцэтгэх ажилтнуудыг нэг бүрийн  хамгаалах хэрэгслээр (хошуувч, нүдний шил, нягт комбинзон (ажлын хувцас), резинэн бээлий г.м) хангаж зориулалтын дагуух зөв хэрэглээнд нь хяналт тавина. Ялангуяа тоос дэгдэх үйл явц илүүтэй байх ажилбарыг гүйцэтгэхэд (материалыг зөөх, нугалах, хадах, зүсэх г.м) ажлын байранд сорох агааржуулалт заавал байрлуулна.

19.1.10       Хортой нөлөөлөлтэй, мөн аюулгүй ажиллагааны нэмэлт шаардлага тавигдах ажил гүйцэтгэх ажилтнуудыг ажил эхлэхээс өмнө эрүүл мэндийн үзлэгт заавал оруулж, эрүүл мэндийн дэвтэрт нь тэмдэглэж, үзлэгийн дагалт материалыг хувийн хэрэгт хавсаргавал зохино. Тухайн ажлыг удаан хугацаагаар гүйцэтгэх ажилтнуудыг 3 сар тутамд эмнэлгийн үзлэгт давтан оруулж байна.

19.1.11       Дулаан тусгаарлалтад хэрэглэх эрдэс хөвөн, ноос болон тусгаарлах хавтанг ажлын байранд хүргэхдээ агаарт тоосрохоос нь хамгаалж битүү чингэлгээр, эсвэл ороож, боож зөөнө.

19.2    Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа

19.2.1  Галын аюултай, хортой бодис ялгаруулах тусгаарлалтын ажил хийж байгаа өрөөнд өөр бусад ажил гүйцэтгэх, тухайн ажилд хамааралгүй ажилтнуудыг орохыг хориглоно.

19.2.2  Барилгын бүтээц болон тоноглолыг дулаалсан материалыг төмөр утсаар сүлбэх буюу хөвөрдөж тогтоосон бол түүний гадаргыг шавардаж өнгөлөхийн өмнө уг сүлбэсэн төмөр утасны цухуйсан үзүүрүүдийг нугалж аюулгүй болгоно.

19.2.3  Зэврэлтээс хамгаалах ажлын үед энэхүү дүрмийн заалтуудаас гадна дараах шаардлагыг мөрдөнө. Үүнд:

-   Зэврэлтээс хамгаалах ажлыг хэрхэн гүйцэтгэхийг ажил гүйцэтгэх төсөл (АГТ) буюу технологийн картаар (ТК) баталгаажуулна.

-   Ажлын явцад технологийн процесс алдагдах буюу агааржуулалт зогсох зэргээс болж ажилтнуудын бие эвгүйрхвэл (дотор муухай оргих г.м) ажлыг даруй зогсоож хүмүүсийг ажлын байрнаас гаргана.

-   Онцгой аюул осолтой нөхцөлд ажил гүйцэтгэхэд тухайн нөхцөлд холбогдох нэмэлт шаардлага бүхий аюулгүй ажиллагааны дүрмийг гүйцэтгэгч байгууллагаас эрхлэн боловсруулж холбогдох байгууллага, албан тушаалтантай зөвшилцөн батална.

-   Гадаргууг шүршиж бүрэх аргаар зэврэлтээс хамгаалж байгаа бол даралтат уур ба халуун устай харьцаж буй ажилтныг түлэгдэхээс урьдчилан сэргийлбэл зохино.

-   Зэврэлтээс хамгаалах ажилд хэрэглэж байгаа тоног хэрэгслийг байрлуулах тэдгээрийг ажиллуулахад МNS 4990:2000, МNS 5080:2000 стандартуудад заасан шаардлагыг хангана.

19.2.4  Хортой, галын аюултай хамгаалалтын бодисоор тусгаарлалтын ажил гүйцэтгэж байгаа орчинд өөр төрлийн ажил зэрэгцэн гүйцэтгэхийг, тухайн ажилд хамааралгүй хөндлөнгийн этгээд байлгахыг хориглоно.

19.2.5  Халуун битумээр тусгаарлалтын ажил гүйцэтгэж буй ажилтан нь ажлын тусгай хувцас,  урт түрийтэй гутал өмсөнө.

19.2.6  Шингэлэгч бодисоор битум хөрсжүүлэг (праймер) бэлдэхдээ модон хутгуураар шингэлэгч бодисоо хутган эргэлдэх хөдөлгөөнд оруулсны дараа түүн дээрээ төсөлд заасан концентрацид хүртэл битумээ багаар хийж хутгана. Харин битум дээрээ шингэлэгч бодис хийж хэрхэвч болохгүй. Бензинээр шингэлэхийг хориглоно.

19.2.7  Шингэн хөөсөн тусгаарлалтын бодисоор тусгаарлалт хийх бэлтгэл ажилд дараах шаардлага тавигдана. Үүнд:

-       Шингэн хөөсөн (пенополиуретан) тусгаарлалтын бодисыг халаахдаа ил гал, дөл гаргалгүй зөвхөн зориулалтын хаалттай битүү халаагуурыг ашиглана.

-       Технологи ажиллагааны явцад уг ажлыг гүйцэтгэх ажилтны арьс салстад шингэн хөөс  хүрч үл болно. Иймд ажилтан нягт, хөнгөн материалаар хийгдсэн битүү хувцас өмсөж, хошуувч, амны хаалт, нүдний шил, бээлийтэй байна.

-       Шингэн хөөсний материалыг ажилд бэлдэх болон дулаан тусгаарлалт хийх үед ажлын бүсийн 25м радиуст оч, дөл, гал гаргах, гагнуур хийх, тамхи татахыг хориглоно.

-       Түүнчлэн ажлын бүсэд уг ажилтай хамааралгүй хөндлөнгийн хүн байлгахыг хориглоно.

-       Агаар сэлгэлтгүй битүү орчинд уг ажлыг гүйцэтгэхийг хориглоно.

-       Болзошгүй аюулыг урьдчилан тооцож тухайн ажлын байрны нөхцөлд АГТ, ТК-ыг боловсруулан мөрдөж ажиллана.

-       Ажлын завсарлагын үед тэжээлийг салгаж, хошууг цэвэрлэнэ.

19.2.8  Дулаан тусгаарлалтын ажлын үед дулаалж буй гадаргуу, ажилтны зогсож буй шат хоорондын зай нь 50мм-ээс ихгүй байх буюу тухайн тусгаарлагч материалын 2 үе зузаантай тэнцүү байхаар тооцно.

  1. ДЭЭВРИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ
    1.    Ерөнхий шаардлага
      1. Барилга байгууламжийн дээвэр, хучилтын тусгаарлалтын ажлыг гүйцэтгэх ба хүлээн авахад "Дээврийн ажил" БНбД31-07-05 норм ба дүрмийг мөрдөнө.
      2. Төрөл бүрийн материалаар хийгдсэн хавтгай ба налуу дээврийн ажлыг гүйцэтгэхдээ ажил олгогч нь ажилтнуудын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй аюулуудыг тодорхойлж, эрсдэлийн үнэлгээ хийж, ажилтнуудыг гүйцэтгэх ажлынх нь онцлогтой холбоотой үүсэх дараах эрсдэлтэй хүчин зүйлүүдэд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга авна.Үүнд:

-       Хамгаалалтын хаалт байхгүй эсвэл хамгаалалтын хаалтын өндөр 1.1 м-ээс бага байх үед 1.8 м ба түүнээс дээш өндөрт ажил гүйцэтгэж буй бол залруулна.

-       өндрийн хязгаарлалтын бүсээс 2м-ээс бага зайд ажил гүйцэтгэж буй бол залруулна.

-       ажлын байрны агаарын бохирдол нэмэгдсэн бол агааржуулах арга хэмжээг авна;

-       ажлын байрны агаарын болон тоног төхөөрөмж, материалын гадаргуугийн температур нэмэгдсэн буюу буурсан;

-       ашигласан материал, уусгагч, шингэрүүлэгч, наалдамхай бодисын галын болон дэлбэрэлтийн аюул;

-       ажлын талбайн гэрэлтүүлэг хангалтгүй;

-       эрсдэлтэй болон хязгаарлагдмал орчин үүссэн.

20.1.3.     Ажилтнуудыг үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөлөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавал авна. Үүнд:

-       ЗБТ, АГТ боловсруулж, тэдгээрт аюулгүй ажиллагааны зааврыг тусгана;

-       өндөрт ажиллах ажлын байр, орц гарц, дээвэр дээр ажиллахдаа аюулгүй байдлын тусгай арга хэмжээг авна;

-       халуун түрхлэг, баллонтой хий, урагдаж цоорох магадлалтай материалыг бэлтгэх, тээвэрлэх үеийн аюулгүй байдлын шаардлагыг хангуулна;

-       материал, багаж хэрэгслийг дээвэр дээр өргөх арга хэрэгсэл, хадгалах журам, ажлын дарааллыг  мөрдөнө;

20.1.4.     Дээврийн ажлыг тухайн мэргэжлийн чиглэлээр гурваас дээш жил ажилласан, 21-ээс дээш хөдөлмөрийн насны эрүүл чийрэг, дадлага туршлагатай ажилтнаар гүйцэтгүүлнэ. Ажилтан нь аюулгүй ажиллагааны  сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн, зааварчилгаа авсан байх ба мэргэжлийн мэдлэг, чадвар нь ажил гүйцэтгэхэд тэнцэх тухай ажил олгогчийн шийдвэрээр ажил үүрэг гүйцэтгэхээр томилогдоно.

20.1.5.     Байнгын хаалт, хашилт байхгүй хавтгай дээвэр дээр дээврийн ажил гүйцэтгэх бол ХАБЭА-н шаардлагад нийцсэн хаалт, хашилтыг заавал хийж, хэрэглэнэ.

20.1.6.     Байнгын хаалт, хашилтгүй бага зэргийн налуу дээвэр бол өндөрт ажил гүйцэтгэх аюулгүй ажиллагааны заавар зөвлөмжид нийцсэн бэхэлгээний байнгын байран цэгүүдийг урьдчилан бэлдсэн байна.  

20.2.            Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа

20.2.1.     Барилгын адрын хучилт болон хамгаалалтын хашлаганы бат бэхийг шалгасны дараа дээврийн ажлыг эхлүүлнэ. Дээврийн ажил гүйцэтгэхэд МNS ба БНбД- ийн аюулгүй ажиллагаатай холбогдох заалтуудыг энэ дүрмийн нэгэн адил мөрдөнө.

20.2.2.     Барилгын дээврийн налуу 200-аас их нөхцөлд ажилтнуудыг шаардлага хангасан уналтаас хамгаалах бүс зүүлгэж ажиллуулна. Уналтаас хамгаалах бүсийг бэхлэх газрыг ажил хариуцсан инженер (даамал) зааж өгнө.

20.2.3.     Налуу нь 200-аас их болон хучилтыг нь ажилтнуудын жингийн ачааллыг хүлээж авахгүйгээр төсөллөсөн дээвэр дээгүүр ажилтнуудыг явуулах зорилгоор 0.3м-ээс багагүй өргөнтэй банзан шатыг дээврийн бүтээцэд бэхэлж байрлуулна. Энэ банзанд хүний хөл тулах хөндлөн гишгүүр хадсан байна.

20.2.4.     Дээвэр дээр материал байрлуулах бол тэрхүү материалыг хураах, гулсуулахгүй ба салхинд хийсгэхгүй торгоох аргыг дээврийн ажлын ТК-д зааснаар гүйцэтгэнэ. Ажил завсарлах хугацаанд ажлын багаж хэрэгслийг гулсаж унахгүйгээр бэхлэх ба эсвэл буулгаж хучилтад тавина.

20.2.5.     Дээврийн эдлэхүүн ба эд анги, тухайлбал гөлмөн төмөр дээврийн тууш гудас, дээврийн заадсын компенсатор, хамгаалалтын хормогч, парапет ханын таглаа, усны яндан, хормойвч болон цоргоны гудас зэргийг газарт эсгэж, томсгон угсарч бэлдээд аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу дээвэр дээр гаргана.

20.2.6.     Тухайн төсөл, ажлын байранд тохируулан тооцоолсон технологийн карт, үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөлөл бүхий ажлыг гүйцэтгэхэд мөрдөх ХАБЭА-н дүрэм, шаардлага зэрэг баримт бичгийг урьдчилан бэлтгэж ажил гүйцэтгэгчид танилцуулсан байна. Үүнд:

-       Өндөрт байрлах ажлын байрны зохион байгуулалт, ажлын байранд очих ажилтнуудын орц гарц, налуу дээвэрт ажил гүйцэтгэх журам;

-       Халуун түрхлэг, бусад материалыг зөөж тээвэрлэх бэлтгэл ажлын аюулгүй ажиллагааны заавар;

-       Гүйцэтгэх ажлын дараалал, дээврийн ажилд хэрэглэгдэх материал, тоног төхөөрөмжийг ажлын байранд хүргэх арга зам, тэдгээрийг хэрхэн хадгалж хамгаалах тухай заавар зөвлөмж, мөрдөх журам;

-       Хаалт, хашилтгүй дээвэр дээр дээврийн ажил гүйцэтгэхэд барих барьц, бэхэлгээний зориулалт бүхий татлага байрлуулсан байх;

20.2.7.     Хийн дөл (газ) ашиглан дээврийн ажил гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагааны ба урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг авсан байна.

20.2.8.     Хийн дөл (газ) ашиглан дээврийн ажил гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагааны дараах шаардлагуудыг мөрдөж ажиллана. Үүнд:

-       Хийн баллон нь зориулалтын хөл, тавиур дээр босоогоороо бэхлэгдсэн байх;

-       Хийн баллоныг бэхэлсэн тавиур нь 25% хэвгий дээр байрлахыг зөвшөөрнө. Үүнээс их налууд уг тавиурыг тусгайлан бэлдсэн талбайд байрлуулна;

-       Ажил гүйцэтгэх үед галын хошуу ба газтай баллоны хооронд 10м-ээс багагүй зайтай байна. Хий дамжуулах хоолой, резинэн хоолой хүртэл 3м,  баллон хооронд 5м зайтай байна;

-       Ажил эхлэхийн өмнө залгаас, холбоосуудыг хөөс түрхэж шалгах ба хөөсөн бөмбөлөг үүсч байвал мэргэжлийн байгууллагаар доголдлыг арилгасны дараа ашиглана. Баллоны даралтыг зориудаар ихэсгэх аливаа үйлдэл хийх, нарны шууд тусгалд байлгахыг хориглоно;

-       Тухайн ажлын байранд галд амархан авалцах болон галын аюултай материал байлгахыг хориглоно;

-       Хүчилтөрөгчтэй, шатамхай хийтэй баллонуудыг тосон будгийн болон гал авалцах зүйлтэй хамт нэг өрөө тасалгаанд хадгалахыг хориглоно;

20.2.9.     Шатамхай болон галд тэсвэртэй  материалаар дээврийг дулаалах, хийн дөл (газ) ашиглан хуйлмал материалаар дээврийн ажил хийх бол барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх технологийн ба ажил гүйцэтгэх төслийн баримт бичгийг боловсруулан мөрдөнө.

20.2.10.  Хийн дөл ашиглан дээврийн ажил гүйцэтгэх үед 2-оос доошгүй гарц (шат) болон гал унтраах хэрэгслүүдийг бэлтгэсэн байна.

20.2.11.  20%-иас дээш хэвгий, 12 градус налуу дээвэр дээр ажил гүйцэтгэхдээ өндөрт ажил гүйцэтгэх дүрэм журмыг дагаж мөрдөх ба барилгын гадна ажлын шат, дүүжин шат, авто өргүүрийг ашиглана.

20.2.12. Өндөрт ажил гүйцэтгэх дүрэм, журамд заагдсан бэхэлгээний хэрэгслийн байршлыг тухайн төслийн хүрээнд зориулсан барилгын үйлдвэрлэлийн ажлыг зохион байгуулах технологийн баримт бичигт тусгайлан заасан байна.  

20.2.13. Хуйлмал болон бусад материалыг өргөх, тээвэрлэхдээ тусгайлсан бэлдсэн чингэлэг, тавцанг ашиглах буюу материал үйлдвэрлэгчийн энэ талаарх заавар зөвлөмжийг чанд дагаж мөрдөнө.  

20.2.14. Дээврийн ажил гүйцэтгэх хэсэг болон ачаа өргөх, тээвэрлэх ажлын  аюултай бүсийн үйлчлэх хүрээг тогтоож тусгаарлалтыг хийж, анхааруулах, хориглох, сануулах, заах санамж, тэмдгийг заавал байрлуулна.

20.2.15. Дээврийн ажлыг мөсөн бүрхүүл тогтсон, нойтон цастай, манантай, үзэгдэх орчин хязгаарлагдмал, аадар бороотой, 12м/с-ээс дээш хурдтай салхитай зэрэг байгалийн үзэгдэлт нөхцөлд гүйцэтгэхийг хориглоно.

20.2.16. Дээврийн ажлын хүрээнд борооны усны ховил, хоолой, юүлүүр, агааржуулалтын шугам болон утааны яндангийн таг, хаалт, парапетны таг малгайвч, түүнчлэн барилгын гадна гоёлын эд зүйл тогтоохдоо барилгын гадна ажлын угсардаг шат болон авто өргүүрийг ашиглана. Дээрх заагдсан ажил гүйцэтгэхдээ зөөврийн шат вандан хэрэглэхийг хориглоно.

20.2.17. Дээврийн ажил гүйцэтгэх ажилтан нь нэг бүрийн хамгаалах хэрэгслээ (дуулга малгай, нүдний шил, брезентэн бээлий, ажлын гутал, уналтаас хамгаалах бүс, амны хаалт г.м) бүрэн зориулалтын дагуу зөв өмсөж хэрэглэх ба дараах шаардлагуудыг мөрдөнө. Үүнд:

-       Дуулга малгайг бүрэн бүчилж, зөв харуулж өмсөнө;

-       Нүдний шил цэвэр, зураас үүсээгүй, цантдаггүй байна;

-       Бээлий уранхай цоорхойгүй, багадаагүй, хэт томдоогүй, чөлөөтэй байна;

-       Гутал түрийтэй, түрийг нугалаагүй байх ба өмдөө түрийний гадуур нь тавьж өмсөнө;

-       Бүсний тоноглол бүрэн гүйцэд, оёдлууд ханзраагүй, аваарын суналтын бэхэлгээ задарч тайлагдаагүй, сэмэрч элэгдээгүй, туршилт баталгаажуулалт хийгдсэн,  ашиглалтын хугацаа дуусаагүй байх;

-       Оосор уяа, гогцоо дэгээгүй, элдэв нэмэлт загваргүй, уранхай цоорхойгүй унжсан санжсан зүйлгүй хувцас өмсөнө;

-       Хошуувч, амны хаалт нь эрүүл ахуйн шаардлага хангасан байна;

20.2.18.     Дээврийн ажилд баллонтой хий хэрэглэх, галд тэсвэргүй материалтай харьцах, эдгээрийг ашиглах үедээ галын аюулаас болгоомжлох санамж зааврыг тусгайлан уншиж судалсны дараа гүйцэтгэнэ. Жишээ нь: хийн баллоныг дурын хүн ашиглах, унагах, редукторыг онгойлгох, хаах, дэргэд нь ил гал гаргах, бензин, хөрсжүүлэгч, хөөсөнцөр зэрэг шатамхай бодис материалын дэргэд тамхи татах, эдгээрийг хадгалах агуулах руу дур мэдэн орох, зөөх тээвэрлэх, ажил хийгдээгүй талбайд дур мэдэн зөөвөрлөх зэрэг үйлдэл гаргахыг хориглоно.

20.2.19.     Дээвэр дээр ажиллах үед краны суман дор ажиллах, парапед зэрэгт сандайлан суух, зогсохыг хориглоно. Мөн салхивчны яндан бусад хийцийн нүх хонгилыг битүүмжилсэн санамж анхааруулга байх ба эдгээрийг тагласан хаалтыг дур мэдэн онгойлгож сөхөж хаях, нүхээр дамжихыг хориглоно.

20.2.20.     Ажилтнууд дээвэр дээрээс багаж материал, ууттай хог бусад зүйл унагахаас болгоомжлох, өндөрт ажиллах аюулгүй байдлын бүхий л шаардлагыг хангаж  анхаарал болгоомжтой ажиллана.

20.2.21.     Мембранаар дээврийн ажил гүйцэтгэхдээ заавал амьсгалуур болон амны хаалт зүүнэ. Мөн уг ажилд хэрэглэх цахилгаан багажийн найдвартай ажиллагааг хангасан байна.

21. ИНЖЕНЕРИЙН шугам сүлжээ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ УГСРАЛТЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ

21.1    Инженерийн шугам сүлжээ, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг угсрах, техникийн үзлэг, үйлчилгээ, засвар хийх, хадгалах, зөөж тээвэрлэх, ашиглах үед "MNS4930:2000. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа. Ерөнхий шаардлага" стандартын шаардлагыг дагаж мөрдөнө.

21.2    Барилга, байгууламжийн инженерийн шугам сүлжээг угсрах (дамжуулах хоолой тавих, сантехник, халаалт, агааржуулалт, хийн тоног төхөөрөмж суурилуулах зэрэг) үед ажил удирдагч нь ажилтнуудын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй аюулуудыг тодорхойлж, эрсдэлийн үнэлгээ хийж, ажилтнуудыг гүйцэтгэх ажлын нь онцлогтой холбоотой үүсэх эрсдэлтэй хүчин зүйлүүдэд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.

21.3    Үйлдвэрлэлийн аюултай, хортой,  хүчин зүйлсийн нөлөөлөлд ажилтныг өртүүлэхгүйн тулд барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг угсрах явцад зураг төсөл, зохион байгуулалт, технологийн баримт бичигт заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлын дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд.

-   зохистой агааржуулалт, гал унтраах аргад нийт ажилтныг дадлагажуулж, өндөрт ажил гүйцэтгэх аюулгүй ажиллагааны нөхцөлийг  ажлын байранд бүрдүүлнэ;

-   тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах арга, хэрэгслийн зохион байгуулалтыг бүрдүүлнэ;

-   суваг, худагт ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны арга хэмжээг тогтоон мөрдүүлнэ;

-   дамжуулах хоолойн бохирдол тосыг цэвэрлэх үеийн аюулгүй ажиллагааг хангуулна;

21.4    Барилга байгууламжид инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг (яндан хоолой тэдгээрийн холбох хэрэгсэл, халуун, хүйтэн ус, шатдаг хий түгээгүүрийн тоног хэрэгсэл, агаар сэлгэлт болон цахилгаан шат, ариутгах татуургын тоноглол) угсарч суурилуулахад энэхүү дүрмийн заалт ба холбогдох стандарт, дүрэм журам тухайн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэсэн байгууллагаас угсралтын аюулгүй ажиллагааг холбогдуулж дагалдуулсан заавар, барилгын угсралтын гүйцэтгэгч, ашиглагч байгууллагаас мөрдүүлж байгаа дүрэм журмыг мөрдлөг болгож ажиллана.

21.5    Инженерийн ямар ч шугам хоолой, тоног төхөөрөмжийг суурилуулж угсрахаас өмнө уг тоног төхөөрөмж угсрагдах барилгын бүтээц эдлэхүүн, эд анги нь зураг төслийн дагуу бүрэн гүйцэд бөгөөд зурагт заасан бат бэх, тогтвортой байдлыг найдвартай хангасан эсэхийг шалгаж тогтоосон актыг тоног төхөөрөмж угсрах ажлыг

хариуцсан талбайн инженер, бригадын дарга шалгасны дараа тоног төхөөрөмжийг угсрах хүмүүсийг уг ажлын байранд оруулна.

21.6    Барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг угсрах ТК-ыг боловсруулсан байна. Энэхүү ТК-д уг тоног төхөөрөмжийг аюул осолгүй угсрах арга ажиллагааг тодорхой заасан байна. Үүнд:

-       ажилтанд ажлыг аюулгүй гүйцэтгэхэд мөрдөх аюулгүй ажиллагааны заавраар зааварчилгаа  өгөх;

-       аюулгүй ажиллагааны зааврыг нийт ажилтанд хэвлэмэл байдлаар олгох.

-       аюулгүй ажиллагааны зааврыг ажлын байранд санамж хэлбэрээр хэвлүүлэн байрлуулах.

-       гар ба цахилгаан багаж хэрэгслийн аюулгүй ажиллагааг хангах

-       ажлын байрыг угсралтын, материал хураалтын, зөөврийн бүс болгон хувааж тэдгээрийн хэмжээг тогтоох ;

-       өндөрт ажилладаг ажилтнуудын ажлын байрыг хашиж хамгаалах, ажилтнуудыг уналтаас  хамгаалах бүсээр хангах;

-       хүнд, овор ихтэй тоног төхөөрөмжийг төслийн байранд өргөх, оосорлох арга, дэгээ, тэнжээ, оосрын бат бэхийн найдварын тооцоог хийх;

-       өндөрт ажиллах ажлын байрыг хэрхэн бэлдэх, дээшээ гарах шатыг найдвартай бэхлэх аргыг тогтоох;

-       цахилгаан ба хийн гагнуурын ажил гүйцэтгэхэд цахилгаан хүчдэлийн болон шатах, дэлбэрэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг аюулгүй гүйцэтгэх аргыг тогтоох;

-       угсрагчдад ажлын хувцас нэг бүрийн хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу зөв хэрэглэхийн ач холбогдол, хэрэглэх нөхцөлийг зааж сургаж, хэвшүүлэх, хэрэглээнд хяналт тавих;

-       угсрах, матах, таслах, халаах, улайсгах, чирэх, өргөх, буулгах, гулгуулах зэрэг технологи ажиллагааг аюулгүй гүйцэтгэх аргыг тогтоон мөрдүүлэх;

-       өвлийн буюу хүйтэн сэрүүний улирал, хавар, зуны хуурай  цагт ажлын байрыг бэлдэх (цас мөсийг цэвэрлэх, нар салхины сүүдрэвч, хаалт барих, халуун ба сэрүүн ундаар хангах, халуун хүйтэнд тохирсон хувцсаар хангах г.м) аргыг тогтоон мөрдөх;

-       ажлын байрны гэрэлтүүлгийг зохих төвшинд байлгах, ялангуяа шөнийн цагийн гэрэлтүүлгийн тооцоог зөв гүйцэтгэж найдвартай хангах;

-       ослын гэрлэн ба дуут дохионы тоног хэрэгсэл, сэрэмжлүүлэх хаалт, санамжийг ажлын байранд хэрхэн байрлуулах арга зүйг тогтоон мөрдүүлэх;

-       ажлын байранд аюулгүй хүрэх ба гадагшаа гарах орц гарцыг тогтоох нийт ажилтанд заах, зориулалтын орц гарц байгуулах;

-       болзошгүй аюул ослын ажиллах төлөвлөгөөг боловсруулж нийт ажилтныг сургаж дадлагажуулах зэрэг болно.

21.7         Шугам хоолойг бэлтгэх, тохируулах ажлыг зориулалтын цехэд хийнэ. Шугам хоолойг угсрахад ашигладаг шатан дээр энэ ажлыг хийхийг хориглоно.

21.8         Холбогдох албан тушаалтны бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр угсарсан болон ажиллаж буй тоног төхөөрөмжийн хооронд холболт хийх, салгах, түр суурилуулалтыг  системд (цахилгаан, уур, техникийн болон бусад) холбохыг хориглоно.

21.9         Гүүрэн гарцан дээр дамжуулах хоолой, агаарын суваг угсрах ажлыг хийх ажилтнуудыг өгсөх, буух аюулгүйн шаардлага хангасан байна. Дамжин өнгөрөх бүтээцийн дагуу өгсөх, буухыг хориглоно.

21.10    Тоног төхөөрөмж, дамжуулах хоолойн угсралтын эцсийн бэхэлгээ хүртэл тоног төхөөрөмжийн угсралтын зангилаан доор хүмүүс байхыг хориглоно.

21.11    Дамжуулах хоолойг шуудуунд буулгахдаа зориулалтын хэрэгслүүд ашиглах, шуудууны бэхэлгээг шалгах, нурахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

21.12    Лоом, хөших багаж ашиглан хоолойг суваг руу өнхрүүлэх, түүнчлэн хоолойны тулгуур болгон ашиглах сувгийн бэхэлгээний тусгаарлагчийг ашиглахыг хориглоно.

21.13    Шингэн хий ашигладаг, тос хураах ба тосолгооны байранд ил оч, дөл, гал гаргахыг хориглоно. Эдгээр байрны цахилгаан сүлжээ, цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт нь тэсэрч дэлбэрэхээс хамгаалагдсан битүүмжлэлтэй байна.

21.14    Дамжуулах хоолойг тослох ажлыг шаардлага хангасан агааржуулалтаар тоноглогдсон өрөөнд хийнэ. Ажилтнууд ил задгай газарт ажиллахдаа салхины дээд талд байрлана.

21.15    Шингэн тосолгоо хийгдэж буй байрыг тусгаарлаж аюулгүй байдлын тэмдгээр тэмдэглэсэн байна.

21.16    Дамжуулах хоолойг тослох ажилд оролцож буй ажилчдыг хошуувч, зориулалтын хувцас хэрэглэл, резинэн бээлийгээр хангасан байна.

21.17    Яндан хоолой, агаарын хоолой болон тоног төхөөрөмжийг цахилгаан дамжуулах шугамын орчинд (бүтээцийн урт нь өргөх байрлалаас шугам хүрэх зайнаас урт бол) угсрахад цахилгааны хүчдэлийг салгасан байна. Хүчдэл салгах боломжгүй бол ашиглалтын болон гүйцэтгэгчдийн хариуцах ИТА -ны хараа хяналт дор гүйцэтгэнэ.

21.18    Хоолойг шахсан агаараар (компрессор) үлээлгэх үед хаалт хавхалга, цорго болон бусад холбох хэрэгслүүд суурилуулсан суваг, худагт хүн байхыг хориглоно.

21.19    Дамжуулах хоолойг агаараар үлээлгэж байхад нүдийг тоосонцор, элснээс хамгаалахын тулд хоолойн төгсгөлд хаалт суурилуулах ба нүд хамгаалах шил зүүсэн байна. Үлээлгэж байгаа хоолойн хамгаалалтгүй хоолойн төгсгөлийн эсрэг эсвэл ойролцоо газарт хүн зогсож болохгүй.

21.20    Шугам хоолой, тоног төхөөрөмжийг угсрах явцад нүхийг тэгшлэх, тэдгээрийн холбох хэсгүүдэд давхцаж буй эсэхийг шалгахдаа  тусгай багаж (шовгор хонгил, угсрах залгуур г) ашиглана. Угсармал эд ангиудын нүхний давхцалыг хуруугаараа шалгахыг хориглоно.

21.21    Тоног төхөөрөмжийг угсрахдаа аяндаа эсвэл санамсаргүйгээр асах магадлалыг анхаарна.

21.22    Халаалтын ба уурын тогоог угсрах, түүнд их засвар хийх ажилтнуудыг тушаалаар томилж, газар дээр нь удирдуулж ажиллуулна. Тогооны засвар хийх ажилтнуудыг зориулалтын хувцас, нүдний шил, хошуувчтай ажиллуулах бөгөөд дотор ажилтнуудыг тогооны ам болон зориуд гаргасан нүхээр гадна талаас нь байнга ажиглах боломжтой байвал зохино. Тогооны бүх ам, нүхийг нээлттэй байлгана.

21.23    Халаалтын зуухны төмөр янданг босгохын тулд түүнийг өргөж босгох технологийн схемтэй байна. Технологийн схемд янданг богино хэсгээр залгаж гагнах, унагч сум, эсвэл өргүүр ашиглаж татаж босгох арга, янданг татах хүч, тогтворжуулах түр зуурын ган татлагыг байрлуулах байдал, түүнийг газарт бэхлэх арга зэргийг нарийвчлан заасан байна. Шөнийн цагт, мөн 11,9м/сек-с илүү салхитай, бороо цастай шороон шуургатай үед төмөр яндан угсрахыг хориглоно.

21.24    Ариутгах татуургын ба ус хангамжийн худагт техникийн үзлэг, үйлчилгээ,  засвар хийхэд хязгаарлагдмал орчинд ажиллах аюулгүй ажиллагааны дүрмийг чанд баримталж ажиллана. Ариутгах татуургын ба ус хангамжийн худагт ажилтныг оруулахаас өмнө тухайн сүлжээний ашиглалтыг хариуцсан инженерийн оролцоотойгоор уг худагт хортой хий ялгарсан эсэхийг зориулалтын багажаар тогтоож акт үйлдэнэ. Хортой хийг бүрэн гадагшлуулсны дараа худагт орохыг зөвшөөрнө.

21.25    Худаг дотор ажиллах ажилтнуудад ажлын тусгай хувцас, хорт хийнээс хамгаалах  хошуувч эсвэл хүчилтөрөгчийн баллонтой баг өмсгөж, уналтаас хамгаалах  бүсийг тохирсон урттай уяагаар оосорлож, доош нь оруулах бөгөөд ажилтныг худгийн амсарт уяаг бариулан зогсоож, дотор ажиллаж буй ажилтнуудтай  холбооны хэрэгслээр байнга холбоотой байлгана. Шаардлагатай үед дотор ажиллаж буй ажилтныг татан гаргах тоноглолтой байна.

21.26    Хорт хий эрчимтэй ялгарч байгаа, ажлын байрны агаарт 15%-иас бага хүчилтөрөгчтэй нөхцөлд хязгаарлагдмал орчинд буй ажилтнууд хүчилтөрөгчийн амьсгалын баг өмсгөх ба гадна цэвэр агаартай шууд холбосон урт хоолойг (шланг) татсан байна. Агаарын хоолойтой баг бүхий ажилчныг 20 минут тутам 10 минут амрааж байна. Агаарын хоолойн гадна үзүүр нь газрын гадаргаас 2м-ээс багагүй өндөрт найдвартай бэхлэгдсэн байна. Агаарын хоолойд нугаралт, мушгиралт үүсэх эсэхийг байнга ажиглахын зэрэгцээ ажилтантай байнгын холбоотой байна.

21.27    Агаарын температур 400С-ээс их байгаа худаг, камер, туннелд сэрүүцүүлэх төхөөрөмжгүй ажиллуулахыг хориглоно.

21.28    Шатдаг хий түгээгүүрийн байнгын болон зөөврийн сүлжээнд засвар үйлчилгээ хийх, дараа нь буцааж хий тавихад ашиглалтын байгууллагаас энэ талаар аюулгүйн ажиллагааны дүрэм боловсруулж ажиллана.

21.29    Шатдаг хийн сүлжээний засварын ажил гүйцэтгэгч ажилтан нь мэргэжлийн III -аас багагүй зэрэгтэй бөгөөд аюулгүй ажиллагааны арга барил эзэмшсэн байна. Шатдаг хийн салбар сүлжээ, тоноглолыг гол шугамаас салгаагүй орчинд ажиллаж буй ажилтныг заавал хорт хийнээс хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллуулна. Хийн салбар шугамыг хаасан нөхцөлд ажилтнууд заавал баг хэрэглэх шаардлагагүй боловч хий алдагдаж байгаа эсэхийг тогтмол хянана. Гадагшлуулсан хий өрөө тасалгаанд хургаж үлдсэн буюу ойр орчны өрөөнд нэвтэрсэн эсэхийг зориулалтын багажаар (газоанализатор) шалгасны дараа засварчдыг ажлын байранд оруулна.

21.30    Цахилгаан шатны угсралт, засварыг гүйцэтгэхээс өмнө шатны техникийн бүрэн бүтэн байдлыг нягт шалган, угсрах ба засварлах эд ангийг бэлдэн ажлын дарааллыг тогтоосон технологийн схем үйлдэнэ. Шатны бүх хаалгыг зориулалтын багажгүйгээр онгойхгүй байхаар хааж хаалга бүр дээр "Засвартай байна. Бүү хүр!" гэсэн санамж бүхий анхааруулга тэмдэг байрлуулна.

21.31    Шатны хонгил, машины бүхээгийн хэсгийг зохих нормын дагуу гэрэлтүүлэх бөгөөд засварчдын ажлын хувцас нь эргэлдэх, давших хөдөлгөөнтэй биетэд  орооцолдохооргүй  байна.  

21.32    Шатны хонгилд орж ажиллахдаа онцгой анхаарал болгоомжтой байна.  Зөөврийн бүхээгийн дээр гарах тохиолдолд зөвхөн төмөр жааз ба хүрээн дээр зогсоно. Бүхээг дээр ажиллах нөхцөлд бүхээгийг зөвхөн доошлуулахдаа цахилгаан хөдөлгүүрийг ашиглана. Харин бүхээгийг дээшлүүлэхдээ цахилгаан тэжээлийг тасалж  зөвхөн гараар гүйцэтгэнэ.

21.33    Цахилгаан шатны хонгилын худагт орж ажиллахдаа хөдөлгүүрийг /бүхээг/ зогсоож, аюулгүй байдлыг хангахаас гадна худгийн шалнаас дээш 1.5 м-ээс багагүй өндөрт найдвартай тулгуур тавьж бүхээг унахаас хамгаална. Цахилгаан шатыг шинээр угсрах, шинэчлэх, ган татлага, хөдөлгүүр, лебедкийг сольсны дараа шатыг ашиглалтад оруулахад төрийн захиргааны байгууллагын  хяналт  хариуцсан холбогдох чиглэлийн мэргэжилтнээр шалгуулна. Тухайн ажлыг гүйцэтгэсэн байдлыг техникийн паспортад бичилт хийж, тэмдэглэл үйлдэнэ.

21.34    Шатны хонгилд дээр доор төвшинд хүмүүс ажиллах нөхцөлд тэдгээр ажилтнуудын хооронд бат бөх тавцан бүхий хаалт барьж, багаж ба эд анги доош унахаас хамгаална. Энэхүү тавцан  нь хонгилын хананд зайгүй нягт бэхлэгдсэн байна.

21.35    Тоног төхөөрөмжийг угсрахад уг төхөөрөмж санамсаргүй байдлаар гэнэт ажиллах, төхөөрөмжийн эд анги салах, нурах бүх нөхцөлөөс урьдчилан сэргийлсэн байна.

21.36    Хүнд том овортой бүтээц, тоног төхөөрөмжийг хэд хэдэн өргүүр, эсвэл домкрат, полиспастаар татах тохиолдолд тэдгээрийн хүч ба хурдыг ижил, жигд байлгах, хэт их хүчээр ажиллуулахгүй байх аргыг ТК-д  тусгаж  хэрэгжүүлнэ.

21.37    Өмнө нь угсарч бэлэн болгосон бүтээц, тоног төхөөрөмжийн орчинд угсралтын бүтээцийг шилжүүлэхэд тэдгээрээс хэвтээ чиглэлд 1м, босоо чиглэлд 0.5м-ээс багагүй зайтайгаар хөдөлгөнө.

21.38    Угсралтын явцад домкрат онхолдох, гэнэт суларч агшихаас хамгаалсан арга хэмжээг төлөвлөнө.  

21.39    Угсралтын үйл явцтай холбоотойгоор үүссэн хүлцэх алдааг цаашдын үйл ажиллагаагаар залруулах эрсдэлгүй арга замыг захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчид  хамтран хэрэгжүүлнэ.

21.40    Ажиллаж байгаа тоног төхөөрөмжтэй шинээр угсарч тоноглосон төхөөрөмжийг холбох, ашиглаж буй сүлжээнд (цахилгаан, уур ус, технологийн шугам г.м) угсралтын зориулалттай түр зуурын тоноглол ба шугамыг холбох ажлыг зөвхөн холбогдох байгууллагын зөвшөөрөлд үндэслэн гүйцэтгэнэ.

21.41    Тоног төхөөрөмж, бүтээц эдлэхүүнийг буулгах шийдэл нь зөвхөн зураг төсөл, АГТ-ийн хүрээнд шийдвэрлэгдэх бөгөөд уг АГТ-д буулгах технологийн  дараалал, буулгах аргыг тусгаж өгнө. 

22. ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ТУРШИХ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ

22.1    Суурилуулсан тоног төхөөрөмж, дамжуулах хоолойн хийн ба гидравлик туршилтыг хийхдээ ажил удирдагч нь ажилчдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй аюулуудыг тодорхойлж, эрсдэлийг үнэлж,  ажилтнуудыг гүйцэтгэх ажлын онцлогтой холбоотой үүсэх эрсдэлтэй хүчин зүйлүүдэд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

22.2    Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлсийн нөлөөлөлд ажилтнуудыг өртүүлэхгүйн тулд барилгын үйлдвэрлэлийн зураг төсөл, зохион байгуулалт - технологийн баримт бичигт заасан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасны үндсэн дээр тоног төхөөрөмж, дамжуулах хоолойн туршилтын аюулгүй байдлыг хангана. Үүнд:

-       туршилтын хөтөлбөрийг тодорхойлох;

-       шуудуу, худагт болон өндөрт ажил гүйцэтгэх үед аюулгүй байдлын арга хэмжээ  авах;

-       суурилуулсан тоног төхөөрөмж, дамжуулах хоолойн хийн туршилт хийх,

-       тоног төхөөрөмжийг ачааллын дор турших үед аюулгүй байдлын тусгай арга хэмжээ авах;

22.3         Суурилуулсан тоног төхөөрөмж, дамжуулах хоолойн туршилтыг мэргэжлийн хүний шууд хяналтан дор гүйцэтгэнэ.

22.4         Тоног төхөөрөмжийг туршихын өмнө дараах арга хэмжээнүүдийг зайлшгүй авна. Үүнд:

-        туршилтын ажлыг гүйцэтгэх ажилтнуудад уг ажлыг гүйцэтгэх аюулгүйн ажиллагааны дүрмийг танилцуулан туршилтыг эрсдэлгүй явуулах АГТ буюу ТК, технологийн журам боловсруулах;

-        туршилт явуулах хэсэгтэй зэргэлдээ орших тасаг, цех, өрөөний ажилтнуудад энэ талаар урьдчилан анхааруулж мэдэгдэх;

-        турших тоног төхөөрөмжийн суурийн болон бусад бэхэлгээ холбоо, тусгаарлалтын байдал, цахилгааны газардуулга, хаалт, тохируулагч (сантехникийн),  цахилгааны залгуур болон тоормослох төхөөрөмж, хэмжүүрийн ба хяналтын багажийн дэлгэц,  таглаа, бөглөөний найдвартай байдлыг шалгах;

-        туршилтын бүсийг туузаар тусгаарлаж, анхааруулах санамж тэмдэг байрлуулах;

-        шаардлагатай гэж үзвэл ослын дохиолол тавих;

-        турших тоног төхөөрөмжийг туршилтын аль ч үе шатанд зогсоох боломжтой  ослын тоногоор тоноглох;

-        турших тоног төхөөрөмжийн ойр орчинд болон төхөөрөмж дотор ямар нэг сул эд зүйлс байгаа эсэхийг шалгах;

-        яндан хоолойн түр бөглөө, төхөөрөмжийн нүх, холбох хэрэгслийн холбоосон дээр анхааруулах тэмдэг, пайз (хаягжуулалт) тавих;

-          шугам сүлжээ, тоноглолыг турших үед хянагч-дохиочид нь бие биенээ харах зайд байрласан байх ба аюултай бүсэд энэ зай 200м-ээс холгүй байх;

-        туршилт гүйцэтгэж байгаа ажилтнуудын байрлах аюулгүй зай ба хамгаалах хэрэгслийг тодорхойлох;

-        гал түймрийн ослоос урьдчилан сэргийлэх, болзошгүй гал түймрийн үед түүнийг унтраах хүмүүсийг тоног хэрэгслээр хангах;

-        ажлын байрыг 50лк-ээс багагүй гэрэлтүүлгээр хангах;

-        зохих журмын дагуу туршилтыг удирдан явуулах талбайн инженер техникийн ажилтныг тушаалаар томилох зэрэг болно.

22.5    Туршилтын явцад илрүүлсэн тоног төхөөрөмжийн гэмтэл согогийг арилгахдаа бүрэн унтрааж, зогсоосны дараа гүйцэтгэнэ.

22.6    Нэг тулгуур буюу эстакад дээр байрласан хэд хэдэн яндан хоолойг хамтад нь нэг зэрэг гидравлик туршилт хийхээс өмнө уг тулгуурын даац, тогтворыг зураг төсөлд заасантай нь тулгаж тооцоолж шалгана.

22.7    Шугам хоолойн хийн туршилтыг тогтоосон аюулын бүсэд багтсан орон сууц, нийтийн болон үйлдвэрлэлийн зориулалттай барилгуудын ойролцоо хийхдээ эдгээр барилгын цонх, хаалганы нүхийг хамгаалалтын хашлагаар хаасан тохиолдолд хийж болно.

22.8    Дамжуулах хоолойн хийн туршилтыг ажиллаж буй цех, тавцан дээр, шугам хоолой байрлуулсан суваг, худагт хийхийг хориглоно.

 

22.9    Даралтаар туршиж байгаа төхөөрөмжийн туршилтын даралтыг ажлын хэмжээнд хүртэл бууруулсны дараа түүнд үзлэг хийнэ.

22.10    Туршилт хийсний дараа тоног төхөөрөмж, дамжуулах хоолойг цэвэрлэхдээ нээлттэй нүх болон холбох хэрэгслийн урд хамгаалалтын хаалт (дэлгэц) суурилуулсан байна.

22.11    Тоног төхөөрөмж, дамжуулах хоолойн ачааллын туршилтыг хуурай туршилтын дараа хийнэ.

22.12    Туршилтын удирдагчаас зөвшөөрөл авч туршилт явуулах ба ойр орчны ажилтнуудад анхааруулах дохио өгсний дараа тоног төхөөрөмж турших ажлыг эхлүүлнэ.

22.13    Тоног төхөөрөмжийг турших явцад дараах үйлдлүүдийг хориглоно. Үүнд:

-       хамгаалалтын хашлага, туузыг буулгах;

-       төхөөрөмжийн хөдөлгөөнтэй хэсэг, түүнтэй холбогдох тоноглолд үйлчилгээ хийх, тослох, цэвэрлэх, хаалт, люкийг онгойлгох;

-        цахилгааны шугам сүлжээ, тоног төхөөрөмж, автоматжуулалтын төхөөрөмжийг  шалгах, засварлах;

22.14    Шугам хоолойг хийгээр турших үед аюулгүйн хавхалгыг зохих даралтад тохируулна.

22.15    Яндан хоолойг турших явцад түүний гагнаасан оёдлыг цохиж шалгахыг хориглоно.

22.16    Туршиж буй дамжуулах хоолойд компрессороос агаар нийлүүлдэг шугамыг холбох, салгах ажлыг зөвхөн атмосферийн даралтыг бууруулсны дараа л зөвшөөрнө.

22.17    Шуудуунд байрлах дамжуулах хоолойн хийн туршилтыг хийхээс өмнө  аюултай бүсийн хил хязгаарыг тогтоосон байна. Дамжуулах хоолой руу агаар шахах, дамжуулах хоолойн даралт тэсвэрлэх бат бэхийн туршилтын үед аюултай бүсэд ажилтнууд байхыг хориглоно.

22.18    Угсарч бэлэн болгосон тоног төхөөрөмжийг туршихад энэхүү дүрмийн заалт ба холбогдох хяналтын байгууллагын баталж мөрдүүлсэн дүрэм журам болон уг тоног төхөөрөмжийг үйлдвэрлэсэн үйлдвэрээс дагалдуулсан ашиглалтын зааврыг мөрдлөг болгоно.

22.19    Туршилтын үед тоног төхөөрөмж болон яндан хоолой, холбох хэрэгслээс хий, шингэн алдагдвал түүнийг хааж хамгаална. Хаалтыг урьдчилан бэлдсэн байна.

22.20    Тодорхой ачаалалд ажиллах төхөөрөмжийг эхлээд ачаалалгүй ажиллуулж шалгасны дараа ачааллыг туршилтын журмын дагуу өгнө. Туршилтыг бүрэн зогсоож, тоног төхөөрөмжийг унтрааснаас хойш туршилтын журамд заасан хугацаа өнгөрсний дараа илэрсэн согогийг засварлана.

22.21    Яндан хоолойг агаарын даралтаар туршихаас өмнө уг яндангийн хамгаалалтын хавхалгыг зохих хэмжээнд нь бэхэлж тохируулна. Туршилтад ашигласан хийн шахуургыг бүрэн зогсоож түүний даралт нь гаднах агаарынхтай адил болсон нөхцөлд холболтын шугамыг салгана.

22.22    Шинээр суурилуулсан цахилгаан тоноглолыг ашиглалт хариуцсан мэргэжилтнээр нь ашиглалтын горимд шилжүүлэн, тохируулгын ажил хариуцсан удирдагчаас (ерөнхий инженер, цехийн дарга) бичгээр зөвшөөрөл авсны дараа уг тоноглолд тохируулгын ажлыг гүйцэтгэнэ. Ашиглалтын горимд шилжүүлээгүй байгаа цахилгаан самбар, станцын хяналтын самбарыг байнгын схемд ажиллуулан тохируулга хийхийн тулд 1000В-оос хэтрэхгүй хүчдэл түр өгөхийг зөвшөөрөх бөгөөд энэ тохиолдолд тухайн хүчдэлд байх үеийн аюулгүй ажиллагааны нөхцөлийг сайтар хангаж ажиллах асуудлыг засвар тохируулгын ажлын удирдагч нь биечлэн хариуцна.

22.23    Гадна сүлжээний яндан хоолойг (ус, дулаан хангамж, ариутгах татуургын) даралтат хийгээр шалгахад энэхүү дүрмээс гадна тухайн ажлуудыг гүйцэтгэх ба хүлээн авах барилгын норм ба дүрэм, барилгын техникийн улсын хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагаас батлан мөрдүүлж буй заавар журмыг нэгэн адил дагаж мөрдөнө. Өндөр тулгуур дээгүүр гүүрэн байрлалтай эсвэл ил буюу задгай сувагт байрласан, хуучин ажиллаж байгаа инженерийн шугам сүлжээтэй зэрэгцээ (нэг тулгуур буюу сувагт) угсарсан шугам хоолойг хийн даралтаар шалгаж үл болно.

22.24    Шуудуунд байрласан яндан хоолойг хийн даралтаар шалгахдаа аюултай бүсийн хэмжээг тогтооно. Аюултай бүсийн хил хязгаарыг МNS 5414:2004 стандартад зааснаар туузаар тусгаарлаж, анхааруулах санамж, тэмдэг байрлуулна. Янданд агаар шахаж байх үе болон хязгаарын даралтыг барих хугацаанд аюултай бүсэд хүмүүсийг оруулахыг хориглоно.

22.25    Хийн даралтын туршилтад ашиглаж буй хийн шахуурга ба манометрийг аюултай бүсийн гадна талд байрлуулна. Зайлшгүй шаардлагаар хийн шахуургыг аюултай бүсийн дотор шуудууны ирмэгээс 10м-ээс холгүй зайд байрлуулбал түүнийг самбар болон тороор хамгаална.

22.26    Даралтаар шалгасан яндангийн дотоод даралт доорх хэмжээнд орж буурсан нөхцөлд янданд үзлэг хийхийг зөвшөөрнө. Үүнд:

-       ган ба пластмас янданд - 0.3 хүртэл МПа;

-       ширэм ба төмөр бетон, асбесто цементэн янданд - 0.1 хүртэл

Яндангийн даралтыг гадна агаарынхтай адил болсон нөхцөлд түүний согогийг арилгах ажлыг эхлүүлнэ.

23.  ЦАХИЛГААНЫ УГСРАЛТ БА ТОХИРУУЛГЫН АЖЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ

23.1    АБЭА-н" тухай хууль, Эрчим хүчний сайдын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тушаалаар батлагдсан "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм"- ийг баримтлан цахилгаан эрчим хүчний сүлжээг угсрах, тоног төхөөрөмжид тохируулга хийх ажлыг гүйцэтгэнэ.

23.2    Ажил олгогч нь цахилгаан техникийн мэргэжилтэй ажилтан, мөн тусгай сургалтыг дүүргэж шалгалт өгч тэнцсэн, мэргэшлийн үнэмлэхэд заагдсан хугацаа нь хүчинтэй байгаа, цахилгаан техникийн байгууламжид үйлчилгээ, засвар, тохируулга хийх эрх бүхий ажилтнаар цахилгааны угсралт, тохируулгын ажлыг (хуваарилах байгууламж, цахилгаан машин, трансформаторын угсралт, тохируулга, аккумляторын батарейн угсралт, цахилгаан хөтлүүр (дамжлага), өргөх байгууламжийн (кран) угсралт, тохируулга, хүчний ба гэрэлтүүлгийн сүлжээ, цахилгаан дамжуулах агаарын ба кабель шугамын угсралт зэрэг) гүйцэтгүүлэхийн өмнө ажилтны амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахгүй байх, болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажлыг гүйцэтгэхэд үүсдэг, үүсэх магадлалтай аюул, аюулын эх үүсвэрийг тодорхойлж эрсдэлийн үнэлгээг боловсруулсан байна. Эрсдэлийн үнэлгээг ХАБЭА–н ажилтан, инженер–техникийн ажилтан, ажилтны оролцоотойгоор боловсруулж, байгууллагын удирдлагаар батлуулсны дараа тухайн чиглэлийн ажилтан, нийт оролцогч талуудад ээлжит бус давтан зааварчилгаа өгч бүртгэл, баримтжуулалтыг үйлдсэн байна. Эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлийг хянах арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг боловсруулж ажил гүйцэтгэгч ба оролцогч талуудад эрх, үүргийг хуваарилна.

23.3    Цахилгааны угсралт, тохируулгын ажлыг гүйцэтгэх үед үүсэх эрсдэлийн үнэлгээгээр тогтоогдсон аюул, аюулын эх үүсвэрүүдийг устгаж арилгах, бууруулах зорилгоор эрсдэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөнд барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт–технологийн баримт бичигт дараах шаардлагуудыг тусгана. Эдгээр шаардлагууд нь Монгол улсын ХАБЭА–н үйл ажиллагааг зохицуулдаг бүхий л хууль, тогтоомж, стандартын шаардлагуудад нийцсэн байна. Үүнд:

1)   цахилгаан байгууламжид үйлчилгээ хийхдээ урьдчилан сэргийлэх нэмэлт хамгаалалтын арга хэмжээнүүд;

2)   асаалт – тохируулгын ажлыг гүйцэтгэх үед мөрдөх аюулгүй ажиллагааны шаардлагууд;

3)   өндөрт ажил гүйцэтгэх үед мөрдөх аюулгүй ажиллагааны шаардлагууд ба ажлын байрны аюулгүй байдлын хангалт, зохион байгуулалт;

4)   хортой ба аюултай бодис, материалтай харьцаж ажиллах үед мөрдөх аюулгүй ажиллагааны шаардлагууд;

5)   гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангаж ажиллах шаардлагууд.

23.4         Ашиглалт, үйлчилгээ хариуцсан байгууллагын зөвшөөрөлгүйгээр, эсвэл зохих журмын дагуу ашиглалтад хүлээн аваагүй байсан шугамд барилгын угсралтын ажилд ашиглах цахилгааны түр тэжээлийн шугамыг холбохыг үл зөвшөөрнө. Энэ нөхцөлд барилгын цахилгааны түр тэжээлийг ашиглагдаж байгаа хүчдэлтэй шугам сүлжээнд холбох  ямар ч ажлыг хийж гүйцэтгэхийг хориглоно.

23.5         Аккумляторын зай угсарч буй өрөөнд аккумляторын хавтанг гагнах ба электролитийн савыг уусмалаар дүүргэхийн өмнө барилгын заслын ажил дууссан байхаас гадна халаалт, агаар сэлгэлт, гэрэлтүүлгийн сүлжээг ажиллуулж туршсан байна. Зохих газруудад хүчил шүлтийг саармагжуулах үйлчилгээтэй уусмал бүхий сав байрлуулна.

23.6         Хүчиллэг электролитийг хар тугалган эсвэл ган саванд хийнэ. Электролитийг шингэлэхийн тулд шилэн болон паалантай сав ашиглахыг хориглоно.

23.7         Краны цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтыг эхлэхийн өмнө хашлага бүхий үл хөдлөх тавцанг суурилуулна. Өргөсөн тоног төхөөрөмжийг түр байрлуулахдаа хашлага, зах ирмэг хэсгийн найдвартай хамгаалалт бүхий тусгайлан бэлтгэсэн тавцанг ашиглана.

23.8         Цех дотор цахилгаан тоног төхөөрөмжийг угсрахдаа краныг засварын төлөвт шилжүүлэн краны явах ангийг тэжээлээс салгаж газардуулна.

23.9         Лебедка ба бусад төхөөрөмжийн тусламжтайгаар металл утас, катанк, металл туузыг шулуутгах ажлыг суурин тэжээлийн эх үүсвэр байхгүй үед тусгай хашаатай газарт хийнэ.

23.10    Цахилгаан дамжуулах агаарын шугамаас хүчний кабель шугам салаалуулж татах ажлыг аюулгүй ажиллагааны дүрмийн заалтуудыг мөрдөж гүйцэтгэнэ.  Кабелийн төгсгөлийн сунгалтыг завсрын тулгуурыг суурилуулсны дараа хийнэ. Кабелийг сунгахдаа түүнийг барих, сунгалтын бүсэд байхыг хориглоно.

23.11    Кабелийг хананы нүхээр сүвлэх үед ажилтнууд хананы хоёр талд байна. Хананаас ажилтнуудын  гарын хүртэлх зай 1м-ээс багагүй байна.

23.12    Кабелийн коллектор ба хонгилд ажил гүйцэтгэх үед аюулгүй ажиллагааны тухайлсан зааварчилгааг авч мөрдөн ажиллана.

23.13    Кабелийн худгаас 2м-ээс дотогш зайд  кабелийг халаахыг хориглоно.

23.14    Кабелийн муфтийг задлах, кабелийг тайрахын өмнө аюулгүй ажиллагааны дүрмийн заалтын дагуу ажлын байран дээр тухайлсан зааварчилгааг  тодорхой өгч, ажлын аюулгүй байдлыг хариуцагч нарыг томилсон үед ажлыг хийж гүйцэтгэнэ. 

23.15    Сүлжээнд холбогдсон хүчдэлтэй байгаа машин механизм, тоног төхөөрөмжөөр ажил гүйцэтгэх ажилтнууд аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг биелүүлнэ.

23.16    Тоног төхөөрөмжийн тэжээлийг цахилгаан дамжуулах агаарын шугамаас холбосон тохиолдолд ажлыг гүйцэтгэхдээ "Хүчдэлтэй нөхцөлд ажиллах" тухайлсан зааварчилгааг өгнө.

23.17    Цахилгаан дамжуулах агаарын шугамын холболт туршилт хийж буй газарт 50м-ээс ойр зайд барилгын ямар нэг ажил үл гүйцэтгэж болно. Агаарын шугамыг салгах төхөөрөмжийн агаар цуглуулах хамгаалалтын клапанг ажлын даралтын 10%-иас үл хэтрэх хэмжээнд тохируулж төхөөрөмжилбөл зохино. Хэрэв зайлшгүй шаардлагаар агаар цуглуулагч дотор хүмүүс ажиллаж байвал агаар оруулах хаалтыг сайтар хаагаад анхааруулах дохионы тэмдэг байрлуулна. Буулгах хаалтыг нээлттэй хэвээр байлгах бөгөөд "Бүү авир!, Аюултай", "Зогс! Аюултай"  гэсэн анхааруулах  санамжийг өлгөнө.

23.18    Сүлжээний тэжээлийн хүчдэлийг салгаж тохируулгын ажил гүйцэтгэх үед аюулгүй ажиллагааны дүрмийн заалтуудыг мөрдөн үндсэн тэжээлийн хүчдэлийг таслан гүйцэтгэх ажлын байрыг бэлтгэх техникийн арга хэмжээг аюулгүй ажиллагаа хариуцсан эрх бүхий ажилтан авна. Ажлыг хийж гүйцэтгэхийн өмнө хүмүүст ажлын байран дээр тухайлсан зааварчилгааг өгч баталгаажуулсан байна.

Хүчдэлийн ба трансформаторын сүлжээний тохируулгыг хийж байхад гал хамгаалагчийг салгасан байна. Гал хамгаалагчийг салгасан газарт "Бүү залга. Хүмүүс ажиллаж байна" гэсэн "Хориглох" санамжийг өлгөнө.

23.19    Тоног төхөөрөмжийн туршилт хийхэд "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн заалтуудыг удирдлага болгон  ажил гүйцэтгэх  эрх бүхий хүмүүст тухайлсан зааварчилгааг өгч баталгаажуулсан байна. Шинээр холбосон цахилгаан эрчим хүчний сүлжээ ба цахилгааны аппарат, тоноглолд хүчдэл өгч шалгалт, туршилт хийхэд хамааралгүй төхөөрөмжийг салгаж, ажлын байрнаас хүмүүсийг гаргана. Хүчдэл өгөх туршилт, зүгшрүүлэлт хийх үед  анхааруулах санамж байрлуулна. Туршилт зүгшрүүлэлтийн хүчдэлд холбоход ашиглалтын ба угсралтын байгууллагууд харилцан тохиролцсон акт үйлдэнэ. Туршилтын хүчдэлийг шугамд ямар дарааллаар хэрхэн өгөхийг харилцагч байгууллагууд урьдчилан тохиролцоно.

23.20    Тохируулга, зүгшрүүлэлтийн ажлаас өмнө хуваарилах байгууламжаас бусад дэд станцуудад орж гарч буй бүх шугамыг төхөөрөмжөөс салгаж, газардуулна.

23.21    Барилгын түр  тэжээлийн хүчдэлийг салгаж, үндсэн тэжээлд холбох үед аюулгүй ажиллагааны дүрмийн заалтуудыг мөрдөн техникийн арга хэмжээг аюулгүй ажиллагаа хариуцсан эрх бүхий ажилтан зохион байгуулна. Ажлыг гүйцэтгэхийн өмнө хүмүүст ажлын байран дээр тухайлсан зааварчилгааг өгч баталгаажуулсан байна. Угсарсан цахилгаан хэлхээ ба цахилгаан тоног төхөөрөмжийг одоо байгаа цахилгаан сүлжээнд холбох ажлыг холбогдох зөвшөөрлийн дагуу хийнэ. Хүлээн зөвшөөрөгдөөгүй унтраалга, самбар, хавтанг түр цахилгаан сүлжээ, цахилгаан байгууламж болгон ашиглах, холбох, мөн угсарсан болон шилжүүлсэн цахилгаан байгууламжид цахилгаан угсралтын ажлыг ашиглалтад оруулах байгууллагын зөвшөөрөлгүйгээр хийхийг хориглоно.

23.22    Шинээр угсарсан цахилгаан тоног төхөөрөмжийн асаалт–тохируулгыг гүйцэтгэхдээ асаалт–тохируулгын ажлын удирдагчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу цахилгаан тоног төхөөрөмжийг ашиглалтын горимд шилжүүлсний дараа ашиглалтыг хариуцсан эрх бүхий ажилтны зөвшөөрлөөр ажлын хүчдэлийг өгнө. Самбар дээр заасан тогтоогдсон схемийн дагуу асаалт–тохируулгын ажлыг гүйцэтгэх үед удирдлагын станц ба хүчний хэлхээг ашиглалтын горимд шилжүүлээгүй байгаа бол ХАБЭА–н бүхий л шаардлагыг бүрэн хангасны дараа ажил олгогчоос асаалт–тохируулгын ажлын удирдагчид бичгээр өгсөн зөвшөөрлийн актын дагуу 1000В хүртэлх хүчдэлээр түр тэжээж болно.

23.23    Унтраалга, салгуурыг тохируулахдаа аяндаа эсвэл гэнэт асаах, унтраахаас урьдчилан сэргийлж батлагдсан зураг төслийн дагуу  схемийг  шалгана.

23.24    Төхөөрөмжийг асаалт тохируулгын ажлыг гүйцэтгэхийн өмнө дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байна. Үүнд:

-   шилжүүлэгч төхөөрөмж, ачааны хөтчийг ажиллахгүй байдалд оруулах;

-   ажиллагааны болон дохиоллын хэлхээ, хөтчийн цахилгаан хэлхээ, халаалтын хэлхээг салгах;

-   агаарын хангамжийн дамжуулах хоолой дээрх таслуурын сав, хийн хөтөч дээрх хавхалгыг хааж түгжих, доторх агаарыг гаргах;

-   "Бүү залга. Хүмүүс ажиллаж байна" гэсэн санамжийг алсын удирдлагын товчлуур дээр наах.

23.25    Гүйдлийн трансформатор дээр ажил гүйцэтгэх үед хоёрдогч ороомгийн гаргалгаанд холбогдсон хэлхээг угсралтын ажлыг бүрэн дуусах хүртэл трансформаторын хавчаарууд (шон) дээр богино холбож, газардуулсан байна. Хүчдэлийн трансформаторын гаргалгаанууд нь угсралтын явцад бүрэн газардуулагдсан байна.

23.26    Соронзон болон ажлын ороомгийг цахилгаан гүйдлээр хатаах явцад тусгаарлалын эсэргүүцлийг хэмжихдээ тэдгээр ороомгийг бүрэн салгасан байна.

23.27    Трансформаторын хүчдэлийн  хэлхээтэй  холбоотой шалгалт, хэмжилт хийх үед цахилгаан трансформаторын таг дээр зогсож болохгүй.

23.28    Электролитийн хүчдэл ба нягтыг хэмжихдээ резинэн бээлий, хошуувч респиратор заавал хэрэглэж тусгаарлах резинэн дэвсгэр дэвсэж ажиллана.

23.29    Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт, технологийн баримт бичгийн дагуу тогтоогдоогүй хоолой, тавиур, хайрцагт утас, кабель тавихыг хориглоно.

23.30    Цахилгаан дамжуулах агаарын шугам угсрах, дэд станцад хүчдэл өгөх ажлыг гүйцэтгэхдээ "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн хүрээнд 4.7. дахь зүйлийн 448-451 заалтыг мөрдөн ажиллаж ажлын байранд тухайлсан зааварчилгааг өгч, дараах арга хэмжээг авна. Үүнд:

-   шугамыг 3 км-ээс холгүй зайд хэсэгчлэн газардуулга хийх;

-   агаарын шугам, ажлын ган татлагыг энгийн газарт 4.5 м-ээс, зам дээгүүр 6 м- ээс багагүй өндөрт татах;

-   угсрахаас өмнө газарт утас байрлуулах болон тулгуурт өнцөг гаргаж угсарсан шугамын өнцгийн дотор талд ажиллагсдыг байлгахыг хориглоно.

23.31    Кабелийг дамраас нь хөвөхдөө мөнхүү кабель дамар дахь ороодосныхоо дээрээс хөвөгддөг байхаар тооцож байрлуулна. Кабелийг дамраас нь хөвөх ажлыг тоормослох тоноглолыг суурилуулсны дараа гүйцэтгэнэ.

23.32    Кабелийг цахилгаан гүйдлээр халаахдаа 380В–оос дээш хүчдэл ашиглаж үл болно. Халаалтад ашиглаж буй 50В–оос дээш хүчдэлтэй цахилгаан машин, мөн кабелийн металл бүрээсийг газардуулсан байхын зэрэгцээ кабелийг халаах хэсэгт гал унтраах хэрэгслүүдийг бэлэн байлгаж, жижүүр ажиллуулна.

23.33    Цахилгаан хөтлүүр (дамжлага)–ийг турших ажлыг удирдлагын пульт, удирдлагын самбар, механизмууд дээр ажиллах ажилтнуудыг хоорондоо шуурхай холбогдох хэрэгслээр хангаж, ажлын уялдаа холбоо, дэс дарааллыг зохион байгуулалт–технологийн баримт бичигт тусган хэрэгжүүлнэ.

23.34    Хэлхээний ба төгсгөлийн таслуур, датчик зэрэг автоматжуулалтын бусад хэрэгслүүдийн тохируулгыг хүчний хэлхээний хүчдэлийг тасалсны дараа гүйцэтгэнэ.

23.35    Цахилгаан тоног төхөөрөмжийн цахилгааны угсралт, тохируулгын ажлыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагдаж буй бүсэд хамаарах бүхий л гүйдэл дамжуулагч хэсгүүдийн хүчдэлийг тасалсны дараа гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, цахилгаан тоног төхөөрөмжийн ажлын хэсгийг цахилгаан хэлхээнээс салгаж, гүйдэл дамжуулах хэсгүүдийг бүрэн газардуулна.

23.36    Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагдаж буй аюултай бүсэд угсралтын байгууллагын ажилтан, механизмыг нэвтрүүлэхдээ хүчдэлтэй ажиллаж буй цахилгаан тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан ажлын байр, талбай, аюултай бүстэй огтлолцуулж болохгүй.

23.37    Угсралтын байгууллагын ажилтнуудад үйлдвэрлэлийн аюултай бүсэд гүйцэтгэх ажлын чиг үүргийг хуваарилах, эрчим хүчийг буруу түгээхээс урьдчилан сэргийлэх, тоног төхөөрөмжийн үйлчлэх хүрээг тусгаарлах, ажилтан, механизмуудыг нэвтрүүлэхдээ зөвшөөрөл–акт, харин угсралтын байгууллагын ажилтнуудад ажлын даалгавар өгөхдөө зөвшөөрөл /зааварчилгаа/ тус тус үйлдэж баримтжуулна.

23.38    Угсралтын ажлыг ил эсвэл битүү хуваарилах байгууламжид гүйцэтгэх тохиолдолд заавал зөвшөөрөл /зааварчилгаа/ өгнө. Энэ тохиолдолд ажилтнуудыг ажилд хуваарилж гаргах зөвшөөрлийг ашиглалт хариуцсан байгууллагын эрх бүхий ажилтан өгнө. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагдаж буй аюултай бүсийг тусгаарласан хүрээнд орших хуваарилах байгууламжийн үйлчлэлийн бүс рүү ажилтан, механизмуудыг нэвтрүүлэхдээ ашиглалт хариуцсан байгууллагын эрх бүхий ажилтан заавал дагалдан явна. Хяналт тавих эрх бүхий ажилтан ажлын байрны түр тусгаарлалт, анхааруулах, хориглох, сануулах, заах санамж, тэмдгийн хангамж, бүрэн бүтэн байдал, байршуулалт, салгаатай буй гүйдэл дамжуулах хэсгүүдэд ажлын хүчдэлийг өгөхөөс урьдчилан сэргийлэх, угсралтын бригадын ажилтнууд хүчдэлтэй буй гүйдэл дамжуулах хэсгүүдээс аюулгүйн зайг баримталж ажиллаж буй эсэх, мөн үүгээр үл хязгаарлагдах аюулгүй ажиллагааны шаардлагуудын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

23.39    Шинээр угсарч суурилуулсан цахилгаан тоног төхөөрөмжид ашиглалт хариуцсан байгууллагын цахилгаан техникийн ажилтны шийдвэрээр ажлын хүчдэлийг өгнө. Хэрэв цахилгаан тоног төхөөрөмжид ажлын хүчдэл өгөх явцад ямар нэг алдаа илэрвэл хүчдэлийг шуурхай тасалж, шлейф, шин, кабель зэрэг гүйдэл дамжуулагч элементүүдийн угсралтыг задалж, тоног төхөөрөмжөөс бүрэн салгана. Салгагдаагүй гүйдэл дамжуулагч элементүүд богино холбоотой байх шаардлагатайн зэрэгцээ газардуулагдсан байна. 

24. ГАЗАР ДООРХ  АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ

24.1    Далд аргаар газар доор гүйцэтгэх уурхай, газар доорх инженерийн шугам сүлжээ болон тээврийн хэрэгсэл явах туннель ухах зэрэг газар шорооны ажлын аюулгүй ажиллагааг хангахад энэ бүлгийн шаардлагуудыг баримтална.

24.2    Газар доор ажил гүйцэтгэхэд Уул уурхайн сайд, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 229/А/232 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан "Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн нийтлэг шаардлагыг мөрдөнө.

24.3    Газар доорх ажлыг гүйцэтгэх үед ажил олгогч нь ажилтнуудын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй аюулыг тогтоож, эх үүсвэрт дүн шинжилгээ хийж, эрсдэлийг үнэлэн, ажилтнуудыг гүйцэтгэх ажлынх нь онцлогоос хамаарсан  үйлдвэрлэлийн аюултай ба хортой хүчин зүйлийн нөлөөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.

24.4    Болзошгүй хохиролд хүргэх аюулын эх үүсвэрийг арилгах зорилгоор барилгын үйлдвэрлэлийн зураг төсөл, зохион байгуулалт, технологийн баримт бичигт ХАБЭА–н шаардлагуудыг тусгаж дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Үүнд:

-       ажлын талбайн геологи, гидрогеологийн нөхцөлийг харгалзан чулуулгийг

боловсруулах болон уурхайн түр ба байнгын бэхэлгээний ажлын дарааллыг тогтоох;

-       чулуулаг боловсруулах, ачих, тээвэрлэх, байнгын бэхэлгээ хийх механикжсан хэрэгслийг сонгох;

-       далд уурхайн агааржуулалтын схем, төсөл боловсруулах;

-       ус шахах схем, төсөл боловсруулах;

-       ослоос урьдчилан сэргийлэх, арилгах арга хэмжээ авах;

-       газар доорх болон газар дээрх харилцаа холбоо, барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангах.

24.5    Газар доорх ажил гүйцэтгэхэд энэхүү нормын заалтаас гадна холбогдох төрийн захиргааны байгууллага, эрх бүхий газраас урьд өмнө батлан гаргасан норм ба дүрмийг (уулын нэвтрэлтийн ажлын аюулгүй ажиллагааны дүрэм г.м) нэгэн адил мөрдлөг болгоно.

24.6    Газар доорх барилгын обьект бүрт яаралтай тусламжийн ба гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулан баталж, ажилтнуудыг болзошгүй ослын үед аюулгүй ажиллах дүрэмд сургасан байна.

24.7    Талбай бүрийг ослыг арилгахад шаардлагатай багаж хэрэгсэл, материал, гал унтраах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавраар хангасан байна.

24.8    Газар доорх бүх төрлийн ажлыг гүйцэтгэхэд болзошгүй эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, осол гарсан нөхцөлд хор уршгийг түргэн арилгах, ослын үед ажиллах талаар  АГТ-д  тодорхой тусгана.

24.9    Газар доорх ажил гүйцэтгэхээс өмнө тухайн орчинд газар доор ба дээр орших барилга байгууламжийг хамгаалж үлдээх, эсвэл буулгах тухай байгууламжийн зураг төсөлд нарийвчлан заасан байна.

24.10    Газар доорх ажлын төслийн удирдагчид нь байгууламжийн баригдах газрын геологи, гидрогеологийн нөхцөлийг сайтар судалж болзошгүй хохирлоос сэргийлэх шаардлагатай үед ажлыг зогсоож, аюулыг шуурхай арилгах төлөвлөгөөтэй байна. Болзошгүй ослын үед хэрэглэх бүх төрлийн материал, тоноглол, гал унтраах хэрэгслийн зохих нөөцийг газар доорх байгууламжийн тодорхой хэсэг бүрт бэлэн  байлгана.

24.11    Малталт нэвтрэлтийн үед болон барилгын ажлын явцад хөрсийг хэрхэн бэхлэхийг ТК-д зааснаар гүйцэтгэнэ. Талбайн геологи, гидрогеологийн нөхцөл өөрчлөгдөх бүр ТК-д зохих өөрчлөлт нэмэлт тусгана.

24.12    Газар доорх ажлын туршид мөргөцгийн бэхэлгээний байдал, хөрсний геологи, гидрогеологийн нөхцөл нь зураг төсөлд заасантайгаа нийцэж байгаа эсэхэд  байнгын хяналт тавьж, акт үйлдэх болон ажлын журналд тэмдэглэх зэргээр баталгаажуулна.

24.13    Мөргөцгийг орцны дээрээс юм унахаас хамгаалж уг нүхэнд хамгаалалтын тавцанг тоноглоно.

24.14    Самбарын аргаар туннель ухах тохиолдолд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:

-       угсарсан самбарыг зөвхөн актаар хүлээн авсны дараа түүний механизм, тоноглолыг ашиглаж эхлэх;

-       хөрсийг ухаж авахдаа угсарсан самбарын саравчнаас цааш илүү хөндийрүүлэхгүй байх;

-       самбарыг урагш нь ахиулахдаа өнгөлгөө цагирагны өргөнөөс хэтрүүлэхгүй байх;

-       сул хөрсний мөргөцгийн духыг түр зуур тулж бэхлэх бөгөөд нуранги хөрсний самбарыг хэвтээ тавцангуудаар нэмж тоноглоно. Энэхүү тавцангуудын хоорондын зай нь (өндрийн дагуу) тухайн хөрсний тавцан хооронд нурах байдлаас хамаарч өөрчлөгддөг байх;

-       самбарыг урагш ахиулах үед ажил хариуцсан ээлжийн ахлагч уг ажилд биечлэн хяналт тавьж удирдах бөгөөд ажлын байранд, хөрсний нуралтаас хамгаалах бэхэлгээ, тавцангийн байдлыг ажиглагчдаас бусдыг байлгахыг хориглоно.

24.15    Дэлбэрэх аюултай нөхцөлд нэвтрэлтийн ажил гүйцэтгэгчид дэлбэрэлтээс хамгаалах зориулалтын арга, техник хэрэглэнэ.

24.16    Уурхай туннель ухах үеийн ажлын болон ослын гэрэлтүүлгийн шугамыг хэд хэдэн эх үүсвэрээс холбосон байна.

24.17    Газар доорх нэвтрэлтийн ажлын үед ашиглах цахилгаан тоног хэрэгслийг үл шатах материалаар бүрж бөхөлсөн байна.

24.18    Ухсан шороог хөмрөн асгах тэргэнцэрээр зөөх үед тэдгээрийг тохиолдлоор гэнэт онхолдохоос сэргийлж тэргэнцэр бүрт түгжээ хийнэ. Тэргэнцэрт шороог овоолж ачихыг хориглох бөгөөд тэргэнцрийг хөдөлгөөний явц дунд нь бүрмөсөн зогсоохыг хориглоно.

24.19    Нэг мөргөцөг дотор шороотой тэргэнцрийг механик ба гар аргаар шилжүүлж түрэхийг хориглоно. Тэргэнцрийг гараар түрэхэд түүний нүүрэн талд гэрэл дохио өлгөсөн байна.

24.20    Уурхай ба туннель ухах үед гагнуур хийх болон ажлын явцад хорт бодис дэгдэх орчинд тусгайлан тоноглосон агааржуулалтын (сорох) тоноглол тавих бөгөөд эдгээр тоноглолыг нэгдсэн шугамд холбоно.

24.21    Голч нь 1200мм-ээс багагүй, урт нь 40м-ээс ихгүй янданг газар доогуур түлхэх аргаар тавихад тухайн яндан дотор хүмүүс орж ажиллахыг зөвшөөрнө. Хүмүүсийг яндан дотор оруулж ажиллуулах хугацаа 1 цагаас бага, дахин оруулахад 30 минутаас бага завсарлагатай байхыг хориглоно. Яндангийн урт 10м-ээс хэтрэх үед түүн дотор ажиллаж буй ажилтнуудыг цэвэр агаараар хангах 10м3/ц-аас багагүй хүчин чадалтай агааржуулагч тоноглоно.

24.22    Газар доогуур түлхэх аргаар угсарсан яндан доторх шороонд ямар нэгэн хий, ус түүнчлэн бохирын худаг таараагүй нөхцөлд шороог гараар зөөж гаргахыг зөвшөөрнө. Яндан дотор ажиллаж байгаа ажилтнуудыг гадна талтай нь шууд харилцах радио холбоотой байлгана. Түлхэж буй яндангийн төгсгөлийн ирмэгээс цааш илүү гаргаж ухахыг хориглоно.

24.23    Газар доорх ажил эхлэхийн өмнө ажилтнууд ажлын талбайн геологи, гидрогеологийн нөхцөлтэй танилцсан байна. Газар доорх ба дээрх барилга байгууламжийн харилцаа холбоо, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авсан  байна. Гидрогеологи, геологийн нөхцөл өөрчлөгдөхөд газар доорх ажлыг түр зогсоож,  урьдчилан сэргийлэх, аливаа аюулыг арилгах арга хэмжээг авна.

24.24    Малтлагын үед олборлосон чулуулаг, материалын үлдэгдэл, задалсан бэхэлгээ, ашиглагдаагүй тоног төхөөрөмжийг зайлуулна. Газар доорх ажлын орц гарцыг тэмдэглэгээ хийж, чөлөөтэй байлгана.

24.25    Уурхайн босоо ам, хонгилыг малтахдаа өрөмдлөг тэсэлгээ, гагнуурын үйл ажиллагаа явуулж буй ажлын байранд яндангаар хиймэл агааржуулалт хийнэ.

24.26    Тэсэрч дэлбэрэх аюултай нөхцөлд газар доорх ажлыг гүйцэтгэхэд ашиглах цахилгаан тоног төхөөрөмжүүд нь  битүүмжлэгдсэн байна.

24.27    Босоо амны бэхэлгээ нь төлөвлөсөн талбайн түвшнээс 0.5м-ээс багагүй хэмжээнд дээш өргөгдсөн байна. Ам нь бат бэх тавцангаар хучигдсан байх бөгөөд дээр нь чулуулаг, бусад материалыг хураахыг хориглоно. Амны эргэн тойронд  -ээс багагүй өргөн, чөлөөтэй гарц үлдээсэн байна.

24.28    Уурхайн босоо амыг нэвтрэхдээ нүүрэн талд байгаа ажилтнуудын дээрээс юм унахаас сэргийлж, ухсан хөрсний түвшнээс 4м-ээс дээшгүй зайд байрлах хамгаалалтын тавцангаар тоноглосон байна.

24.29    20м-ийн гүнд байрлуулсан босоо тэнхлэгийг хүмүүсийг газар доорх уурхай руу буулгах зориулалттай, бариул бүхий шатаар тоноглогдсон, ачааны хэсгээс  тусгаарласан байна. Хэрэв босоо тэнхлэгийн гүн нь 20м-ээс их байвал ажилтнуудыг буулгах, өргөх зориулалттай механикжсан төхөөрөмжөөр тоноглоно.

24.30    Уурхайн ажлын хэсгийн түр бэхэлгээг ажил гүйцэтгэх батлагдсан технологи зохион байгуулалтын баримт бичгийн дагуу гүйцэтгэнэ. Ажлын талбайн геологи, гидрогеологийн нөхцөл өөрчлөгдөхөд уг ажлын технологи зохион байгуулалтын баримт бичгийг дахин шинэчилнэ.

24.31    Далд уурхайн нүүрэн тал болон доторлогооны (байнгын тулгуур) хоорондын зөрүү нь төрлийн хувьд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрэхгүй байна. Нүүр ба доторлогооны хоорондох ажлын талбайг түр зуурын тулгуур эсвэл хонгилын бамбайгаар хамгаална.

24.32    Түр зуурын тулгуурыг контурын дагуу шаантаглаж, тулгуур ба ажлын гадаргуугийн хоорондох хоосон зайг дүүргэсэн байна.

24.33    Уурхайн ажил явагдах хугацаанд ажлын түр зуурын дэмжлэг үзүүлэх нөхцөл, ажлын талбайн геологи, гидрогеологийн нөхцөл нь технологи зохион байгуулалтын баримт бичигт заасан нөхцөлтэй нийцэж байгаа эсэхэд хяналт тавина. 

24.34    Уурхайн малтлагын ажлыг цохилтот, эсвэл эргэлтэт өрөмдлөгийн аргаар гүйцэтгэж буй тохиолдолд механикжсан цогцолбор ашиглахаас бусад үед дээрээс эхэлж гүйцэтгэнэ.

24.35    Газар доорх хонгилыг хөрсний нуралтаас хамгаалах  шүршмэл бетон доторлогооны ажилд холбогдох стандарт (ГОСТ 12.2005, GN 2.2.5.1313) норм дүрмийн дагуу энэ төрлийн бетоны ажил гүйцэтгэх тусгай сургалтад хамрагдаж батламж авсан 18 – аас доошгүй насны хүн ажиллана.

24.36    Шүршмэл бетоны ажил гүйцэтгэгч ажилтан нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан, ажлын байранд  болзошгүй осол аваарын үед гэмтсэн хүмүүст анхны тусламж үзүүлэх талаар эмнэлэгийн эрх бүхий мэргэжлийн байгууллагын сургалтад хамрагдаж  мэргэшсэний дараа ажил хийх зөвшөөрөл олгоно.

24.37    Ажил гүйцэтгэхэд ашиглагдаж байгаа машин тоног төхөөрөмж, өндөр даралтын компрессор ба даралттай агаар хуримтлуулах сав болон бетон хольц  шахаж дамжуулах уян шланг, цацагч (шүршигч) хошууны битүүмж зэргийг эрх бүхий холбогдох техникийн комиссоор 3 сар нэг удаа шалгуулж ашиглах баталгаа гаргуулж гэрчилгээ авсан байна.

24.38    Хонгилын доторлогооны ховхорсон хэсэгт шүршмэл бетон ашиглан засвар хийх тохиолдолд түүний эргэн тойрны доторлогооны хэсгийг нуралтаас хамгаалсан хашлага хийсний дараа хольцоо шүрших ажил гүйцэтгэнэ.

24.39    Доторлогооны бетон хольц цацагч операторын дуут болон гэрлэн дохионы  зөвшөөрлөөр  гаднаас өгөх бетон зуурмаг болон хий шахах машин тоног төрөөрөмжийг туслах оператор асааж ажиллуулна.

24.40    Бетон хольцыг шахаж дамжуулахдаа бетон зуурмагийн хөдөлгөөнт чанараас үл хамааран зөвшөөрөх даралтаас хэтрүүлэхийг   хориглоно.

24.41    Бетон шүрших ажил эхлэх, ажлын төгсгөлд дамжуулах хоолойг цэвэрлэх, засвар хийх үед хошууны чөлөөт үзүүрийг гараар барьж таглахыг хориглох ба мөн эдгээр ажилбарыг хүмүүсийн байнгын хөдөлгөөнтэй газраас холдуулж хийнэ.

24.42    Бетон хольц дамжуулахдаа 30м урттай хоолойд (шланг) даралтын доод хэмжээ 275 КПа, түүний урт нэмэгдвэл 15м тутамд 35КПа даралт нэмэх замаар шүршилт хийх ажиллагааг тохируулж тоног төхөөрөмжийг сонгож ажил гүйцэтгэх ба даралттай агаар дамжуулах хоолойн дотор голч 20мм-ээс ихгүй, зуурмагийн хошуугаар гарах хурдыг 140-170м/с-ээс ихгүй байхаар тохируулна.

24.43    Ажил гүйцэтгэх явцад бетон хольц дамжуулж байгаа уян шланг замдаа нугаларах, гогцоо үүсэхгүй байхаар ажлын байрны зохион байгуулалтыг хийх бөгөөд шлангийн дотор талын хананы голч жигд бус (барзгар) болсон, залгаас хийсэн бол ажлын явцад шланг хагарч болох аюултай гэдгийг анхаарна.

24.44    Хонгилд шинээр шүршсэн хэсгийн бетон зуурмаг бэхжээгүй байхад түүн доогуур хүмүүс зорчихыг хориглох ба шүршилт хийж байгаа гадаргууд цацагч хошууг перпендикуляр чиглэлээр барьж 3–6м зайнаас шүрших ажлыг гүйцэтгэнэ.

24.45    Шүршилт хийж байгаа хонгилын гэрэлтүүлэг нь тоног төхөөрөмжийн сүүдэр ажлын гадаргуу дээр унахгүй байхаар байрлалтай бүх гэрэлтүүлгүүд хамгаалалтын шилээр тусгаарлагдсан байх ба дотор орчны тоосны агууламж 2 мг/м3–ээс  ихгүй, механик агаар сэлгэлттэй байна.

24.46    Ажил гүйцэтгэх оператор нь  ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгсэлтэй (нүдний шил, дуулга, хошуувч, дуу чимээнээс хамгаалах чихэвч г.м) байхаас гадна биеийн дулааны зохицуулалт алдагдахааргүй уур, агаар нэвтрэх боломжтой угааж цэвэрлэхэд хялбар материалаар хийгдсэн ажлын бүрэн хувцас мөн зориулалтын ажлын гуталтай байна.

24.47    Хонгилын ажлын байранд хоол идэх, шингэн уух, тамхи татахыг хориглоно.

 

                                                                   ­--- о0о ---