A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 248

Улаанбаатар хот

УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 9.1, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн 21.1, "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын 2024 оны 53 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ургамал хамгааллын газрыг байгуулсугай.

2.Ургамал хамгааллын газрын орон тооны дээд хязгаарыг 21 байхаар тогтоосугай.

3.Ургамал хамгааллын газар байгуулагдсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ургамал хамгааллын асуудал хариуцсан албан хаагчдыг орон тоо, чиг үүрэг, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгийн хамт Ургамал хамгааллын газарт шилжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт даалгасугай.

4.Ургамал хамгааллын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, мөрдүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт даалгасугай.

5.Ургамал хамгааллын газрын үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт зөвшөөрсүгэй.

6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" баганад "27.Ургамал хамгааллын газар" гэж нэмсүгэй.

7.Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-т доор дурдсан агуулгатай 36 дахь заалтыг нэмсүгэй.

36.

Ургамал хамгааллын газар

21

8.Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" баганын 27, 28, 29 дэх заалтын дугаарыг "28, 29, 30" гэж тус тус өөрчилсүгэй.

9.Энэ тогтоолтой холбогдуулан "Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам" гэсэн 11 дэх дэд заалтын 3-т "Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Хөрс, ургамал хамгаалал, үр, сортын хэлтэстэй)" гэснийг "Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар" гэж, мөн тогтоолын хавсралтын 11 дэх баганын "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам" хэсгийн "121" гэснийг "116" гэж тус тус өөрчилсүгэй.

10.Засгийн газрын 2024 оны 43 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн 2.7 дахь заалтын үйл ажиллагааны гол зорилт баганын "гадаад орны мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын байгууллагатай амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл мэнд, хорио цээрийн нөхцөл тохиролцох, ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийх, импортын мэдэгдэл, ургамлын хорио цээрийн гэрчилгээ олгох" гэснийг, 3.2 дахь заалтын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар"-ын хүснэгтийн "Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтэстэй" гэснийг, 3.3.3 дахь заалтын "ургамлын хорио цээрийн гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох, эрсдэлийн үнэлгээ хийх, гадаад орны мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын байгууллагатай амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл мэнд, хорио цээрийн нөхцөлийг тохиролцох" гэснийг, мөн заалтын "Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хөрс, ургамал хамгаалал, үр, сортын нэгж ажиллана" гэснийг тус тус хассугай.

11.Мөн хөтөлбөрийн 2.5.3.3 дахь дэд заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

12.Энэхүү тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ЭНХБАЯР