- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 226
Улаанбаатар хот
ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3, Агаарын тухай хуулийн 19.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Нийслэл Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулах бодисын агууламж нэмэгдэж, стандартад заасан хүлцэх хэмжээнээс хэтэрсэн нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд ноцтой аюул учруулах нөхцөл үүссэнийг арилгах, сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй.
2.Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Агаарын тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга болон нийслэлийн бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.
3.Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, нийслэлийн бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.
4.Аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
5.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, явц, үр дүнг тухай бүр Засгийн газрын хуралдаанд тайлагнаж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяад, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД С.ОДОНТУЯА
Текст томруулах
A
A
A
