- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- 2025 ОНЫГ "НИЙСЛЭЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 229
Улаанбаатар хот
2025 ОНЫГ "НИЙСЛЭЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Цөлжилттэй тэмцэх тухай" Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын Талуудын 17 (COP 17) дугаар Бага хурлыг Монгол Улсад 2026 онд зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан 2025 оныг "Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласугай.
2."Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг гаргаж 2025 оны 01 дүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулж, хэрэгжилтийг салбар дундын уялдаа зохицуулалтаар хангаж ажиллахыг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт тус тус даалгасугай.
3."Цөлжилттэй тэмцэх тухай" Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын Талуудын 17 (COP 17 ) дугаар Бага хурлын бэлтгэл ажил, "Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд төлөвлөсөн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.
4.Нийслэлд 2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн автомашины түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулахтай холбогдсон төсөл, арга хэмжээнд санхүүжилтийн болон бусад шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг хууль тогтоомжийн хүрээнд үзүүлж ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (А.Баяр)-д тус тус зөвлөсүгэй.
5.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасны дагуу албан татвараас хөнгөлөгдөх зардлыг Нийслэл Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах арга хэмжээг нийгмийн хариуцлагын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад үүрэг болгож, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал (С.Наранцогт) нарт даалгасугай.
6."Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасан үйл ажиллагаанд албан татвараас хөнгөлөгдөх зардлыг зарцуулах замаар нийслэл Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалсугай.
7.Энэ тогтоолын 6-д зааснаас гадна Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасан үйл ажиллагаанд албан татвараас хөнгөлөгдөх зардлыг зарцуулахаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан санал, санаачилгыг эрхлэх асуудлын хүрээний дагуу судлан холбогдох төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд тухай бүр танилцуулж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.
8.Энэ тогтоолын хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Татварын ерөнхий газар (Ч.Чимидсүрэн)-д тус тус үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх