- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУУЛЧДЫН УРСГАЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ДӨРВӨН УЛИРЛЫН ТУРШ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВАХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 191
Улаанбаатар хот
ЖУУЛЧДЫН УРСГАЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ДӨРВӨН УЛИРЛЫН ТУРШ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВАХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Аялал жуулчлалын тухай хуулийн 19.1.1-д заасныг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.3.5.1 дэх дэд заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсад дөрвөн улирлын аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтанд даалгасугай:
1.1.Өвлийн улиралд нислэгийн тийзийн үнийг 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, орон нутгийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, цагийн хуваарийг тогтвортой мөрдүүлж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд, "Чингис хаан" олон улсын нисэх буудлын чиглэлд тогтсон хуваарийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт;
1.2.Нислэгийн тийзийн үнийг хөнгөлөхтэй холбогдуулан үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК-д шаардлагатай дэмжлэг үзүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т;
1.3.Ховд, Мөрөн, Чойбалсан, Гурвансайхан, Дэглий цагаан, Өндөрхаан нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Буйр нуур орчмын бүсэд "4С" ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэн, хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Жавхлан нарт;
1.4.Худалдан авалтын үнийн дүнгээс үл хамааран НӨАТ-ын буцаан олголтод гадаадын жуулчдыг хамруулах, татварын буцаан олголтын техник хэрэгслийг Замын-Үүд, Алтанбулаг, Боршоо, Ханх, Эрээнцав, Хавиргын боомтуудад байршуулах талаар судалж, холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Сангийн сайд Б.Жавхлан, Татварын ерөнхий газар (Ч.Чимэдсүрэн)-т.
2.Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 10 дугаар сараас дараа жилийн 5 дугаар сар хүртэлх хугацаанд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтанд үүрэг болгосугай:
2.1.Монгол Улсад аялах жуулчдын сэтгэл ханамж, ая тухтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор "Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сар"-ын баяр, "Хөх сувд", "Мазаалай" цас, мөсний наадам, "Талын түмэн адуу", "Нүүдэлчдийн өвөл", "Айс фестиваль" зэрэг өвөл зохиогдох арга хэмжээг жил бүр олон улсын түвшинд зохион байгуулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
2.2.Хил орчмын аялал жуулчлалыг дэмжих, жуулчдын урсгалыг татах, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор бараа бүтээгдэхүүний үнийг 50 хүртэлх хувиар хөнгөлөх, урамшуулах арга хэмжээг "Хямдралын сар" аяны хүрээнд тогтмол зохион байгуулж хэвшүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин нарт;
2.3.Аялал жуулчлалын нэгдсэн цаглабрыг боловсруулж, улирлын онцлогийг харгалзан салбарын олон улсын хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн, урлаг, соёл, спортын зарим арга хэмжээг жил бүрийн 10 дугаар сараас дараа жилийн 4 дүгээр сар хүртэл хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт.
3.Нэг сая жуулчин хүлээж авах зорилтын хүрээнд жуулчдын урсгалыг богино хугацаанд нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтанд даалгасугай:
3.1.Монгол Улсын гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаанд хэрэглэх "Gо Mongolia", "Go Mongolia.Always.Moving" түлхүүр үгийг үндэсний хэмжээнд сурталчлах ажлыг агаарын болон авто замын боомтуудаас эхлүүлж, гадаадын жуулчдыг угтан авах сурталчилгааны орчныг бүрдүүлэх цогц арга хэмжээ авахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн)-т;
3.2.Оросын Холбооны Улсаас ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд Улаанбаатар-Улаан-Үдийн чиглэлийн зорчигч тээврийн үнийг бууруулах боломжийг судалж, зохих арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд, "Шинэ жил-Монголд" арга хэмжээг олон улсын түвшинд зохион байгуулж, холбогдох зардлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт.
4.Монгол Улсын эдийн засагт аялал жуулчлалын салбарын үзүүлсэн нөлөөлөл, статистикийн тоон мэдээллийг гарган, тухай бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд даалгасугай.
5.Жуулчдад үйлчлэх стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг зохих байршилд байгуулж, байнгын ажиллагаатай байх нөхцөлийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
6.Энэ тогтоолд заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлын тооцооллыг гаргаж, батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд даалгасугай.
7.Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ шинээр бий болгох, нислэгийн тийз, зочид буудал, жуулчны бааз, бусад үйлчилгээнд үнийн хөнгөлөлт, багцын урамшуулал зарлах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор "Найзаа урих аян" өрнүүлэх зэрэг аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжих, сурталчлах арга хэмжээг зохион байгуулж, хамтран ажиллахыг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (Л.Төр-Од), Аялал жуулчлалын мэргэжлийн холбоодод уриалсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх