- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АРХАНГАЙ АЙМАГ ЖАРГАЛАНТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

АРХАНГАЙ АЙМАГ ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 18
Баянцагаан
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын жилд ногдуулах хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.
2.Татварыг тогтоосон хувь хэмжээгээр холбогдох хууль, журамд заасны дагуу сумын Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, баг бүрээс төвлөрсөн орлогыг Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт болон Татварын Ерөнхий газрын даргын 2021 оны А/09 дүгээр тушаалаар баталсан "Малын тоо толгойн албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам"-д нийцүүлэн зарцуулахыг төсвийн ерөнхийлөн захирагч буюу сумын Засаг дарга (С.Адъяасүрэн), Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга (Т.Долгормаа), Татварын улсын байцаагч (Б.Пүрэвдорж) нарт үүрэг болгосугай.
3.Малын тоо толгойн албан татварын тухай хууль болон энэхүү тогтоолыг малчид иргэд, татвар төлөгчдөд сурталчилж ажиллахыг Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчид, малын тоо толгойн албан татвар хураах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллагууд, нийт ажилтан, албан хаагчид, иргэдэд уриалсугай.
4.Уг тогтоол буюу захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.
5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дүгээр сарын 15-ны өдрийн "Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ХУРЛЫН ДАРГА Э.ГҮРРАГЧАА
Текст томруулах
A
A
A
