A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 01

Төрийн ордон, Улаанбаатар хот

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 201 дүгээр зүйлийн 201.6 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах MV-018916 дугаартай "Дулаан-Уул", MV-018915 дугаартай "Зөөвч-Овоо", MV-018914 дугаартай "Өмнөт" цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Бадрах Энержи" ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаанд хөрвүүлж, орлуулахаар тус тус тогтоосугай.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасны дагуу энгийн хувьцааг давуу эрхийн хувьцаанд хөрвүүлэхэд дараах зарчмыг баримтална:

1/төрийн эзэмшлийн 10 хувийн давуу эрхийн хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 10 хувьтай тэнцүү байх;

2/нийт гаргасан энгийн болон давуу эрхийн хувьцаанд эзлэх төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 10 хувиас бууруулахгүй байх.

3.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг хавсралтаар баталсугай.

4.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН