- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧТАЙ БАЙГУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГ ЗӨВШИЛЦӨХ ДЭГИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 01 сарын 09 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧТАЙ БАЙГУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГ ЗӨВШИЛЦӨХ ДЭГИЙН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Цөмийн энергийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасны дагуу зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, холбогдох баримт бичгийг (цаашид "гэрээний төсөл" гэх) Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэхээс өмнө нийт гишүүдэд тараана.
2 дугаар зүйл.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо гэрээний төслийг тус тусын хуралдаанаараа урьдчилан хэлэлцэж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ.
3 дугаар зүйл.Нам, эвслийн бүлэг гэрээний төслийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлж болно.
4 дүгээр зүйл.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гэрээний төслийг болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Төсвийн, Эдийн засгийн байнгын хорооны, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг нэгтгэн хэлэлцэнэ.
5 дугаар зүйл.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд гэрээний төслийг Ерөнхий сайд, эсхүл тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн танилцуулна.
6 дугаар зүйл.Гэрээний төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
7 дугаар зүйл.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гэрээний төслийн талаар ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дараах санал, дүгнэлтийн аль нэгийг гаргана:
7.1.гэрээний төслийг бүхэлд нь зөвшөөрч, тухайн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох;
7.2.гэрээний төсөлтэй холбогдуулан хууль тогтоомжид нийцсэн зарчмын шинжтэй тодорхой засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэх;
7.3.гэрээний төслийг дэмжээгүй бол үндэслэл бүхий санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэх.
8 дугаар зүйл.Гэрээний төслийн агуулга, ач холбогдлыг харгалзан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гишүүдийн олонхын саналаар гэрээний төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшилцөхөөр шийдвэрлэж болно.
9 дүгээр зүйл.Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гэрээний төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшилцөхөөр шийдвэрлэсэн бол Улсын Их Хурлын тогтоолын төслийг санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна.
10 дугаар зүйл.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын санал, дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн бол энэ тухай санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
11 дүгээр зүйл.Энэ хуулийн 9 болон 10 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцүүлсэн гэрээний төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжсэн бол хамт оруулсан Улсын Их Хурлын тогтоолыг баталсанд тооцно.
12 дугаар зүйл.Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн Засгийн газраас Цөмийн энергийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасны дагуу хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөж дуустал хугацаанд дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
1
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх