A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 40

Улаанбаатар хот

"ШИНЭ ХАРХОРУМ" ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРГАА БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого"-ын 8.2.3, Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.7.5, "Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах тухай" Улсын Их Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 230 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг байгуулсугай.

2.Захиргааны дүрэм, бүтэц, орон тоог баталж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд үүрэг болгосугай.

3.Захиргааны үйл ажиллагаанд 2023 онд шаардагдах зардлыг Барилга, хот байгуулалтын сайдын батлагдсан төсвийн багцын Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагааны зардлаас зохицуулалт хийж санхүүжүүлэхийг зөвшөөрч, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Сангийн сайд Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нарт тус тус даалгасугай.

4."Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, салбар хоорондын уялдааг хангаж, хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц.ДАВААСҮРЭН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 136

Улаанбаатар хот

БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн 15.4-т заасныг үндэслэн "Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаар тогтоолын 1 дэх заалтын 1, 2 дахь дэд заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хархорум хотын Захирагчийн ажлын албаны удирдлагын бүтцийг дараах байдлаар тогтоосугай:

1.1.Хархорум хотын Захирагч;

1.2.Хархорум хотын ерөнхий архитектор;

1.3.Хархорум хотын Захирагчийн ажлын албаны дарга;

1.4.Хархорум хотын ерөнхий менежер.

2.Хархорум хотын Захирагчийн ажлын албаны бүтцийг доор дурдсанаар тогтоосугай:

2.1.Захиргааны удирдлагын газар (Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Гэрээ, эрх зүйн хэлтэс, Дотоод аудит, хяналт-шинжилгээний албатай);

2.2.Хот төлөвлөлт, хөгжлийн бодлогын газар (Хот төлөвлөлтийн хэлтэс; Хот байгуулалт, хяналтын хэлтэс, Хөрөнгө оруулалтын хэлтэстэй);

2.3.Олон нийттэй харилцах газар (Судалгааны хэлтэстэй).

3.Хархорум хотын Захирагчийн ажлын албаны орон тооны дээд хязгаарыг 68 хүртэл байхаар тогтоосугай.

4."Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг татан буулгаж, тус захиргааны төсөв, хөрөнгө, эрх, үүрэг, бүтэц бүрэлдэхүүнийг Хархорум хотын Захирагчийн ажлын албанд шилжүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгасугай.

5.Захирагчийн ажлын албаны 2025 оны үйл ажиллагааны зардалд шаардлагатай санхүүжилтийг батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэх, цаашид улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

6.Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын үйл ажиллагааг Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль, Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн зохион байгуулж ажиллахыг Хархорум хотын Захирагч Л.Халтарт үүрэг болгосугай.

7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан ""Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулах тухай" Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ