A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 223

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 7.1.1, 12.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Үндэсний баялгийн сангийн 2024 оны төвлөрүүлсэн орлогоос зохих журмын дагуу Хуримтлалын сан, Хөгжлийн сан, Ирээдүйн өв санд хуваарилж, 2025 оны зорилтот түвшнийг хангуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарт даалгасугай.

2.Үндэсний баялгийн санг Их Эзэн Чингис хааны нэрээр "Чингис хаан Үндэсний баялгийн сан" гэж нэрлэсүгэй.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан иргэн Хуримтлалын санд нээгдсэн өөрийн нэрийн дансны орлогын мэдээллийг цахим системээр дамжуулан чөлөөтэй авах боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгасугай.

4."Чингис хаан Үндэсний баялгийн сан"-ийн нэгдсэн удирдлага, менежментийг хэрэгжүүлэх бүтэц бий болгох асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгасугай.

5.Хөгжлийн сангаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжийг судалж, зохих арга хэмжээ авахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ