A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 17

Улаанбаатар хот

ТӨРД УЧИРСАН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 498.5, Прокурорын тухай хуулийн 41.1, Төрийн албаны тухай хуулийн 50.1, 50.2, Захиргааны ерөнхий хуулийн 103.1, 103.2, 103.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсан талаарх мэдээллийг Улсын ерөнхий прокурорын газарт, иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас захиргааны байгууллагад хохирол учруулсан талаарх мэдээллийг Үндэсний аудитын газарт, иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд хохирол учруулсан талаарх мэдээллийг Төрийн албаны зөвлөлд тус тус хүргүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд даалгасугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан мэдээллийн дагуу төрд учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг төрийн захиргааны төв байгууллага, Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгож, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн нарт зөвлөсүгэй.

3.Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ