A

A

A

  • Нүүр
  • Тогтоол
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 21

Улаанбаатар хот

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар

      Нэг.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;", Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт "Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.8.4.шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх;" гэж тус тус заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргав.

      Хоёр.Тайлбарын хэрэгцээ, шаардлага

      2.1.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор баталсан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар"[1]-ын Хоёрдугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 16.4, 16.5, 16.6, 16.7 дугаар зүйлүүдэд заасан нотлох баримтын төрөл тус бүрийн нотолгооны ач холбогдол, онцлог, шалгаж үнэлэхэд баримтлах шаардлагыг тодорхойлж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд нэг мөр хэрэглэх шаардлагатай болох нь холбогдох шүүхийн шийдвэрүүд, давж заалдах болон хяналтын журмаар гаргасан эсэргүүцэл, дүгнэлт, 2021 онд хэрэгжүүлсэн "Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээний тайлан"[2], Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хийж гүйцэтгэсэн "Авлигын гэмт хэргийн нотолбол зохих байдалд хийсэн харьцуулсан судалгаа"[3] зэргээр тогтоогдсон талаар дүгнэжээ.

      Мөн нотлох баримтын төрөл бүрээр тайлбарыг хэсэгчлэн, шат дараалалтай гаргахаар тогтсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлд заасан "Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсаргасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг" гэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэх талаарх албан ёсны тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тайлбар гаргахыг зөвшөөрсөн шийдвэр, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор тус тус тодорхойлогдсон болно.

      2.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийн 1-д "мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсаргасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, авсан гэрэл зураг, үйлдсэн гар зураг, ул мөрөөс авсан хэв нотлох баримт болно" гэж заасны "дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг" нотлох баримтыг шүүх хуралдааны өмнөх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрхэн бүрдүүлэх, бэхжүүлэх талаарх нөхцөл шаардлагыг тодорхой хуульчлаагүйгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийхтэй холбоотой журмыг Улсын ерөнхий прокурорын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/66 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэх журам"-ын 3 дугаар зүйл, "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам"-ын 206 дугаар зүйлээр зарим асуудлуудыг зохицуулахаар тусгасан боловч мэдүүлэг авах тохиолдолд "дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг" хийх эсэх талаар тодорхой заалт байхгүй, "дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг"-ийг мэдүүлэг өгөгчид танилцуулах болон хүний эрхийг хэрхэн хангах, оролцогч бүрийг танилцуулан, тэдний нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөнийг бичлэгт хэрхэн тусгах нь тодорхойгүй, мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсаргасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг бусад тэмдэглэлээс ялгагдахуйц онцлог, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гар зураг үйлдсэн, гэрэл зураг, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авсныг тэмдэглэлтэй хэрхэн нийцүүлэхийг тодруулаагүй байна.

      2.3.Хуулийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалт нь ерөнхий томьёололтойн улмаас эрх бүхий субъектүүд үйл ажиллагаандаа мөрдөж буй дүрэм, журмаар хуулийн дээрх заалтуудын агуулгыг хэт явцуу эсхүл өргөжүүлсэн агуулгаар бие даасан хэм хэмжээ тогтоож, үйл ажиллагаандаа мөрдөж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байдлыг алдагдуулах, нотлох чиг үүргийн хуваарилалтад алдаа гарах, нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээ үүсгэх, түүнчлэн хүний эрх, эрх чөлөөг хамгаалах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмын хэрэгжихгүй байх нэг шалтгаан болж байна.

      2.4.Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн судалгаанаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлд заасан "Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэл" гэх заалт хуулийн бусад холбогдох зүйл, заалт хоорондын уялдаа холбоо оновчтой биш, зохицуулалтын хийдэл, дутагдлын улмаас агуулгыг хэт явцуу эсхүл өргөжүүлэн ойлгож хэрэглэх, заавал хэрэгжүүлэх шаардлагыг биелүүлээгүй хандлага түгээмэл байгаа нь хуулийг тайлбарлах хэрэгцээ шаардлагыг давхар тодорхойлж байгаа болно.

      Гурав.Тайлбарын цар хүрээ

      3.1.Энэхүү тайлбарын цар хүрээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлд заасан "Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсаргасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, авсан гэрэл зураг, үйлдсэн гар зураг, ул мөрөөс авсан хэв" гэсэн ойлголтын хүрээнд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх нөхцөл шаардлага, тэдгээрийг нотлох ажиллагаанд оновчтой хэрэглэх асуудлаар хязгаарлагдана.

      Дөрөв.Тайлбарын арга зүй

      4.1.Тайлбарын холбогдох хэсэг тус бүрд тохирох хууль тайлбарлах аргаар, тухайлбал нэр томьёог үгийн шууд утга болон хэл зүйн дүрмээр, хуульд нэр томьёоны тодорхойлолт хийсэн бол тэр утгаар нь тайлбарлах /authentic/, хууль зүйн ойлголт, ухагдахууныг эрх зүйн онол, нийтлэг зарчимд нийцүүлэн тайлбарлах, хэд хэдэн ойлголтын нийцлийг хангах, зөрчлийг шийдвэрлэх үүднээс логик болон системчлэлийн /хэм хэмжээний бүтцийн нэгдмэл, уялдаатай байдлыг хангах-structural/, ойлголтуудыг цэгцлэн тайлбарлах /hermeneutic/ болон хуулийн зорилго, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн тайлбарлах /teleological/ аргаар тус тус тайлбарлана.

      4.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид Хуулийн гэх/ 16.7 дугаар зүйлд заасан хэрэгт хавсаргасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, авсан гэрэл зураг, үйлдсэн гар зураг, ул мөрөөс авах эх сурвалжийг тайлбарлахад баримтлах нийтлэг тодорхойлолт, ерөнхий зарчмуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Прокурорын тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Тагнуулын байгууллагын тухай хуульд тус тус тодорхойлсноор, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтээр хүлээн зөвшөөрсөн онол, зарчим, жишиг дүрмүүдийг тогтоосон олон улсын гэрээнүүдэд нийцүүлэн тодорхойлж, энэхүү тайлбарт хэрэглэнэ.

      4.3.Хууль тогтоомжийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт "хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэхэд хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулга, хуулийн төсөл, Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеийн хуралдааны тэмдэглэлийг ашиглаж болох бөгөөд эдгээр нь хуулийн албан ёсны тайлбар болохгүй" гэж заасныг үндэслэж, 2015 онд батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн үзэл баримтлал, танилцуулгыг энэхүү тогтоолд судлагдахууны хүрээнд авч үзлээ.

      Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /2015/ хуулийн үзэл баримтлал, танилцуулгад хуулийн төслийг боловсруулахад Монгол Улсын нэгдэн орсон холбогдох олон улсын гэрээ конвенцыг судалж, нийцүүлэх чиглэлээр Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм, Насанд хүрээгүй хүмүүсийн талаар шүүн таслах ажиллагаа явуулах тухай НҮБ-ын Наад захын жишиг журам, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт, НҮБ-ын Эрүүгийн процессын загвар хууль, ОХУ, БНСУ, Украин, ХБНГУ, Канадын Эрүүгийн процессын хууль, АНУ-ын Холбооны "Нотлох баримтын тухай журам" зэргийг эх сурвалжаа болгосон талаар дурдсан байна.

      Тав.Тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл

      5.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдэх мөрдөгч, прокурорын болон шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсаргасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн талаар Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэм, НҮБ-ын Эрүүгийн процессын загварт доорх байдлаар тусгагдсан байна.

      5.1.1.НҮБ-ын Эрүүгийн процессын загвар хуулийн 102 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокуророос үйлдэх тэмдэглэлд тавигдах ерөнхий шаардлагуудыг тусгасан бөгөөд сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авах ажиллагааны явцад тэмдэглэл үйлдэх хэлбэр, тавигдах шаардлага нь эрүүдэн шүүхээс сэргийлэх, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг зөрчигдөхөөс сэргийлэхэд ач холбогдолтой учир тусгайлан авч үзсэн.

      Европын холбооны эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхээс урьдчилан сэргийлэх хорооноос "мэдүүлгийн тэмдэглэлийг электрон төхөөрөмж ашиглаж баримтжуулах нь саатуулагдаж буй хүнтэй харгис хэрцгий харьцахаас сэргийлэх чухал нэмэлт хамгаалалт болдог. ...Ийнхүү бэхжүүлэх нь тухайн төрлийн ажиллагааг бодит байдлаар нь бүрэн тусгадаг учраас мөрдөн байцаалтын шатанд бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл, заналхийлэл, дарамт учруулсан эсэхийг тодорхойлох эх сурвалж болдог. Электрон хэрэгсэл ашиглаж бэхжүүлсэн мэдүүлэг нь цаашид шүүгдэгч өөрийн мэдүүлгийг үгүйсгэх бололцоог ч мөн хаадаг" гэжээ.[4]

      Иймд сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авах ажиллагааг аль болох дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлэх боломжийг эрэлхийлэхийг загвар хуульд тодотгосон байна.

      Хуулийн 103 дугаар зүйлд энэхүү тайлбартай шууд хамааралтай дараах процедурыг баримтлахаар заажээ.

      -Хэрэв өмгөөлөгчийн хамтаар мэдүүлэг авах ажиллагаанд оролцож байгаа бол сэжигтэн хариулт өгөхөөс өмнө өмгөөлөгчтэйгөө тусгайлан зөвлөлдөж болно;

      -Бичлэгт сэжигтнээс мэдүүлэг авах үед эдлэх эрхийг танилцуулсан талаар заавал тусгана;

      -Мэдүүлэг авах ажиллагаа тасалдсан бол ажиллагааг дуусгах, үргэлжлүүлэхээс өмнө тасалдсан шалтгаан болон хугацааг бичлэгт заавал тусгана;

      -Мэдүүлэг авах ажиллагааны төгсгөлд сэжигтэн өөрийн мэдүүлэгтэй танилцах, нэмэлт засвар оруулах боломжоор хангагдана;

      -Мэдүүлэг авах ажиллагаа дууссан хугацааг заавал тэмдэглэнэ.

      Бичлэгт а) мэдүүлэг авах ажиллагаа явуулсан газар, цаг хугацаа; б) мэдүүлэг авсан болон бичлэг хийсэн хүний нэр, сэжигтний нэр, түүний өмгөөлөгч, прокурор, хэлмэрч болон бусад мэдүүлэг авахад байлцсан хүмүүсийн нэрийг; в) сэтгэцийн өвчтэй болон оюуны бэрхшээлтэй хүний асран хамгаалагчийн нэр; г) өсвөр насны хүний асран хамгаалагчийн нэрийг заавал тусгана.[5]

      Дуу, дүрсний бичлэгийг боломжит хугацааны дотор бичгээр буулгах бөгөөд бичмэл хувилбарын хуулбарыг хавтаст хэрэгт хавсаргана. Дуу, дүрсний бичлэгийн хуулбар болон бичмэл хувилбарын хуулбарыг сэжигтэнд өгнө. Олон улсын Эрүүгийн шүүхийн Эрүүгийн процесс, нотлох баримтын дүрмүүдийн /Rules of Procedure and Evidence, 2002/ 112 дугаар зүйлд дээрхтэй ижил зохицуулалтыг журамласан ба мэдүүлэг авах ажиллагааны дуу, дүрсний бичлэгийн эх хувийг мэдүүлэг өгсөн хүн, түүний өмгөөлөгчийг байлцуулан, прокурор, мэдүүлэг өгсөн хүн, түүний өмгөөлөгчийн гарын үсгээр баталгаажуулан лацдах зохицуулалтыг тусгайлан тогтоожээ.[6]

      5.1.2.Мэдүүлэг авах ажиллагааг аль болох дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлэхийг эрмэлзэх бөгөөд боломжгүй тохиолдолд бичмэл хэлбэрээр тэмдэглэл үйлдэх аргыг хэрэглэнэ. Энэ талаар Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд мөн адил заасан байна.[7] Бичмэл тэмдэглэл үйлдэхдээ мэдүүлгийн агуулгыг бүрэн тэмдэглэх бөгөөд үг бүрчлэн бичих боломжгүй бол мөрдөгчийн асуултад хариулсан сэжигтний хариултыг үнэн зөв тусгах, чухал хэсгүүдийг сэжигтний үгээр буулгах ёстой. Мэдүүлгийн чухал хэсгүүдийг бүрэн буулгах нь шүүгдэгчийг эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий, нэр төрийг нь доромжилж харьцахаас хамгаалах эрхийг хангахад ач холбогдолтой.

      Дээрх олон улсын хэм хэмжээнээс дүгнэвэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хамгаалах, хууль хэрэгжүүлэгчид хууль зөрчих алдаа гаргахаас сэргийлэхэд ач холбогдолтойгоос гадна тэмдэглэлд тусгасан мэдээллийн агуулга бодитой, үнэн зөв, бүрэн гүйцэд эсэхийг шалгах шалгуур юм. Үүнийг ХБНГУ-ын эрүүгийн процесст "бүрэн байх, тодорхой байх, үнэн зөв байх зарчмууд" гэж нэрлэдэг.

      5.2.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст сүүлийн 5 жилийн байдлаар нийт 4165 гомдол ирсэн. Үүнээс халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн талаар 722 гомдол ирснээс эрүү шүүлтээс ангид байх эрхтэй холбоотой 157, хууль бусаар баривчлахтай холбоотой 61, хууль бусаар цагдан хорихтой холбоотой 257 гомдол, шударгаар шүүлгэх эрх зөрчигдсөн талаар нийт 834 гомдол ирснээс хилс хэрэгт холбогдсон тухай 328, нотлох баримт шалгуулах асуудлаар 55, шүүхэд гомдол гаргах талаар 102, хууль зүйн туслалцаа авах 297, хохирол нөхөн төлүүлэх 52 гомдол тус тус ирсэн нөхцөл байдалтай холбоотойгоор хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн нөхцөл байдалд үнэлгээ хийх шаардлага гарч хүний эрхийн зарчим, хэмжээнд нийцэж байгаа эсэхийг тусгайлан судалж дүгнэлт хийсэн байна. Дүгнэлтэд шүүгч, прокурор, мөрдөгч, өмгөөлөгчдийн зүгээс хуулийг нэг мөр хэрэгжүүлэх мэдлэг, хандлага дутмагаас шалтгаалан хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хязгаарлалт тогтоох хандлага байсаар байгааг дурджээ.

      Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаартай тогтоолын 4-ийн а-д "...эрүү шүүлт тулгаж авсан мэдүүлгээс бусад нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх агуулга хэвээр байгааг залруулах талаар хуулийн төсөл боловсруулах" гэж тусгагдсан байна.

      Дээрх олон улсын баримт бичгүүд, олон улсын байгууллага, хүний эрхийн байгууллагуудаас манай улсад удаа дараа зөвлөмж болгосны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил гаргахаас сэргийлж, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, мэдүүлгийг электрон төхөөрөмж ашиглаж баримтжуулах замаар саатуулагдаж буй хүнтэй харгис хэрцгий харьцахаас сэргийлэх, эрүүдэн шүүсэнтэй холбоотой гэмт хэргийг мөрдөх ажиллагааг хялбарчлах, түүнчлэн эрүүдэн шүүх гэмт хэргийн хохирогч болсон хүний төдийгүй уг гэмт хэрэгт татагдсан мөрдөн байцаагч, бусад эрх бүхий этгээдийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг тогтоох, эрх зүйн хамгаалалтыг бүрдүүлэх ёстой.

      Мэдүүлгийг дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулах нь цаашид мэдүүлэг өгсөн этгээд мэдүүлгээ үгүйсгэх боломжийг хаах, электрон төхөөрөмж ашиглан анхдагч нотлох баримтыг бэхжүүлэх онцгой ач холбогдолтой юм.

      5.3.Хууль /2015/-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтны эрх хэмжээг зааглан үйл ажиллагааг оролцогчдод ил тод, нээлттэй болгох хүрээнд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдод мэдээлэх, танилцуулах, мэдэгдэх ажиллагааны төрөл, хугацааг тодорхой зааж, процессын явцад хүний эрхийн зөрчил гаргахаас сэргийлж, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх зэргээр орчин үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглах журмыг тогтоосон.

      Тухайлбал, хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гар зураг үйлдэх, гэрэл зураг, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ." гэж техник, тоног төхөөрөмжийн ололт дэвшлийг өргөн ашиглаж болохоор зохицуулсан байна.

      5.3.1.Хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нөхцөл байдал нь дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээс зөрсөн тохиолдолд шүүх, прокурор тухайн бичлэгийг нотлох баримтаар тооцохыг журамласан.

      Мэдүүлгийг бэхжүүлсэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх талаарх нийтлэг болон тусгайлсан горимоос үл хамааран мэдүүлэг авах үйл ажиллагаанд Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан "Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно",[8] "Хэнд ч эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно. Тухайлбал, өөрийнх нь чөлөөтэй өгсөн зөвшөөрөлгүйгээр хэнийг ч эмнэлгийн буюу шинжлэх ухааны туршилтад оруулж болохгүй, ...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй;"[9] байх үндсэн зарчим ямар ч болзол шалгуургүйгээр хэрэгжих учиртай.

      5.3.2.Мэдүүлэг авах ажиллагааг дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэхдээ мөрдөгч мэдүүлэг өгч байгаа хүнд урьдчилан мэдэгдэж, бичлэгийг ямар зорилгоор ашиглах талаар заавал танилцуулах нь хуулийн 25.1 дүгээр зүйлийн 14, 15 дугаар хэсэгт заасантай нийцнэ. Түүнчлэн, мэдүүлэг өгөх, байлцах хүнд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж байгааг мэдэгдсэнээр хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт болон олон улсын гэрээ, конвенцод тусгагдсан хүний эрх хангагдах юм.

      Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэмдэглэл үйлдэх эсэх талаар оролцогч аливаа этгээдээс санал асуух, зөвшөөрөл авах талаар хуульд заагаагүй, тэмдэглэл үйлдэх, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх зэрэг нь нотлох баримтыг бэхжүүлэх арга хэрэгсэл тул мэдүүлэг өгч буй этгээд, бусад оролцогч нь дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанаас татгалзах эрхгүй гэж ойлгоно.

      5.4.Мөрдөн шалгах ажиллагаанд хийгдсэн мэдүүлгийн тэмдэглэлийг танилцуулах үүрэг, танилцах эрхийн харилцааг хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.6, 7.5 дугаар зүйлийн 3, 4, 8.2 дугаар зүйлийн 1.8, 28.3 дугаар зүйлээр зохицуулсан, зохицуулалтын агуулгаас үзвэл дээрх заалтууд нь бичмэл хэлбэрийн тэмдэглэл, түүнтэй танилцах журмыг зохицуулсан, харин хуулийн 11.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг танилцуулна" гэж заажээ.

      Мэдүүлгийг бэхжүүлсэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг нь анхдагч нотлох баримт болдог, нотолгооны эх сурвалж болохын тулд үнэн зөв, эргэлзээгүй, үнэлж болохуйц буюу үйл явц бүрэн гүйцэт, болж өнгөрсөн дэс дарааллын дагуу бичигдсэн, процессын болон оролцогчийн эрх зөрчигдөөгүй, энэ талаар хүлээн зөвшөөрөхүйц шаардлага хангагдсан байх тул тэмдэглэлийн нэгэн адил журмын дагуу оролцогчдод танилцуулах нь дээрх хуулийн заалтуудыг зөрчихгүй, бичмэл тэмдэглэлийг танилцуулах зохицуулалтын агуулгатай нэгэн адил гэж үзнэ.

      Мөрдөгч мэдүүлгийн тэмдэглэлд хавсаргах дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг тасралтгүй хийх нөхцөлийг хангах, тасалдсан тохиолдолд тухайн ажиллагаанд оролцсон хүнд мэдэгдэн мөрдөн шалгах ажиллагааг түр зогсоож, энэ талаар тэмдэглэлд тодорхой тусгахыг хуулийн 28.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас гадна бичлэг нь тухайн орчинд байгаа оролцогч бүрийн нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөнийг харагдахуйц, тасралтгүй, бусдад эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцсан эсэхийг нотлохуйц байдлаар хийгдсэн байх шаардлагатай.

      5.5.Хуулийн 11.7 /Шүүх хуралдааны тэмдэглэл/, 23.1 /Үзлэг хийх/, 23.2 /Хүний биед үзлэг хийх/, 23.3 /Хэргийн газрын үзлэг/, 23.4 /Цогцост үзлэг хийх/, 23.5 /Мөрдөн шалгах туршилт хийх/, 24.1 /Нэгжлэг хийх/, 24.2 /Хүний биед нэгжлэг хийх/, 24.3 /Орон байр, бусад газарт нэгжлэг хийх/, 24.4 /Эд мөрийн баримт хураан авах/, 24.5 /Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах/, 25.1 /Мэдүүлэг авах/, 25.6 /Мэдүүлгийг газар дээр нь шалгах/, 25.7 /Таньж олуулах/, 28.1 /Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл үйлдэх/, 28.2 /Дуу-дүрсний бичлэг хийх/, 28.3 /Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл танилцуулах/ зэрэг ажиллагаанд тэмдэглэл хөтлөх, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх эрх, үүрэг бүхий субъектэд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хамаарна.

      Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны явцад тэмдэглэл үйлдэх, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх эрх бүхий субъектүүдэд хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуульд заасан шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна", 32.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт "Яллагдагч яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр баримтжуулж хэргийг шүүхэд шилжүүлнэ" гэж хоёрдмол утгагүйгээр үүрэг болгожээ.

      Иймд хуулийн 25.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан "Мэдүүлэг авах ажиллагааг тэмдэглэл, дууны, эсхүл дүрсний, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно", 31.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Сэжигтэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцахаас татгалзвал түүнд тогтоолыг уншиж энэ талаар тэмдэглэл хөтөлж, шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ" гэснийг мэдүүлэг авах бүх үйл ажиллагааг дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэн авна гэж ойлгоно.

      5.6.Мэдүүлэг авах үйл ажиллагаанд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийхийг хуульд заасан "тэмдэглэл хийх" агуулгатай адилтган үзэж нотлох баримт хууль ёсны эсэх шалгах шалгуурт хамааруулна. Харин гэрэл зураг, зураг авалт, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах нь эрүүгийн хэрэгт хамааралтай баримт, нөхцөл байдлын талаарх мэдээллийг бүртгэх нэмэлт хэрэгсэл болдог тул эдгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, үйлдэл нь тэмдэглэлгүйгээр ач холбогдолгүй, нотлох чадвараа алдахад хүргэдэг учир давхар тэмдэглэлээр баталгаажиж тусгалаа олсон байна.

      Мэдүүлгийн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, тэмдэглэлээс гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гар зураг үйлдэх, гэрэл зураг, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг техник хэрэгсэл, хэрэглүүрийн тусламжтайгаар нотлох баримтыг бэхжүүлсэн бол хуульд заасан тусгайлсан журмаас гадна хэрэгт чухал ач холбогдолтой объект, нөхцөл байдал хаана, ямар байсныг илрүүлсэн, тухайн эд юмс амархан муудахуйц, устах эсхүл алга болох боломжтой зэрэг танин мэдэхүйн хамгийн энгийн аргыг хэрэглэх хязгаарын товч агуулга, хэрэглэсэн тоног төхөөрөмжийн өвөрмөц шинж чанар, зориулалт, ажиллах горим, үр дүн, туршилтыг шалгаж буй үйлдэлтэй аль болох ойрхон нөхцөлд явуулсан байдлыг тэмдэглэлд тусгах шаардлагатай.

      5.7.Хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.30-д "шөнийн цаг" гэж тухайн өдрийн 22:00 цагаас дараа өдрийн 06:00 цаг хүртэлх хугацааг ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12, 25.3 дугаар зүйлийн 7, 29.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шөнийн цагаар мэдүүлэг авах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаан явуулахыг хориглодог.

      Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэх, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх явцад шөнийн цаг, бусад шалтгааны улмаас завсарласан бол төгсгөл, шинээр эхэлсэн огноог тэмдэглэж, баталгаажуулна.

      5.8.Дахин мэдүүлэг гэх ойлголт хуулийн 25.1 дүгээр зүйлийн 9, 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тусгагдаж өөр утгыг илэрхийлэхүйц байхад эрүүгийн хэрэг бүрд нэг хүний мэдүүлгийн тэмдэглэлийг "дахин мэдүүлэг" гэсэн гарчигтайгаар тэмдэглэл хөтөлж байгаа нь бусад нотлох баримттай харьцуулах, эх сурвалжийг магадлах, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, шүүхийн шийдвэр[10], прокурорын яллах дүгнэлт[11], өмгөөлөгчийн санал, дүгнэлтэд[12] тусгахад хүндрэлтэй байх тул мэдүүлэг авсан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, бичмэл тэмдэглэлийг 2, 3, 4 гэх байдлаар дэс дараалалд оруулан дугаарлаж байх нь дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үнэлэхэд ойлгомжтой, тодорхой байх ач холбогдлыг нэмэгдүүлнэ.

      5.9.Мөрдөн шалгах нууц ажиллагааны явц, гүйцэтгэх ажлыг баримтжуулсан тэмдэглэл, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн үр дүнг мөрдөгчийн магадалгаагаар илэрхийлсний эцэст нотлох баримтаар тооцох ба ийм мөрдөгчийн магадалгааг үйлдэх, үр дүнг нотлох баримтаар тооцох журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлээр зохицуулсан тул энэхүү тайлбараас тусад нь тайлбарлана.

      Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4-т заасныг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийг зөв хэрэглэх талаар

ТАЙЛБАРЛАХ нь:

      1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлд заасан "дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг" гэснийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд мэдүүлэг авах, мэдүүлгийг бэхжүүлэх үндсэн арга хэрэгсэл гэж үзнэ. Мөрдөн шалгах ажиллагааны бүх үе шатанд мэдүүлгийг "дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг"-ээр баталгаажуулна.

      2.Мэдүүлэг авах ажиллагааг дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэхдээ эрх бүхий этгээд нь мэдүүлэг өгч байгаа болон байлцаж буй хүнд урьдчилан мэдэгдэж, бичлэгийг ямар зорилгоор ашиглах талаар заавал танилцуулж, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэйг сануулна. Мэдүүлэг өгч байгаа болон бусад этгээд мэдүүлэг өгөх явцыг дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгт буулгах, бичлэг хийлгэхээс татгалзах эрхгүй гэж ойлгоно.

      3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг оролцсон, тухайн орчинд байлцсан хүн бүрийг танилцуулан, тэдний нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөнийг харагдахуйц, тасралтгүй, эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцаагүйг нотлохуйц байдлаар хийж бэхжүүлнэ.

      4.Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр баталгаажсан мэдүүлгийг бичмэл тэмдэглэлийн нэг адил Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлд заасан журмын дагуу оролцсон, байлцсан хүнд танилцуулж байвал зохино.

      5.Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдаанд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, тэмдэглэл үйлдэх явцад шөнийн цаг, бусад шалтгааны улмаас завсарласан бол эрх бүхий этгээд нь төгсгөл, шинээр эхэлсэн огноог тэмдэглэж баталгаажуулна.

      6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлгээс бусад нотлох баримтыг дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гар зураг үйлдэх, гэрэл зураг, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг техник, хэрэгслийн тусламжтайгаар бэхжүүлсэн тохиолдолд хуульд заасан тусгайлсан журмаас гадна хэрэгт чухал ач холбогдолтой объект, нөхцөл байдал хаана, ямар байсныг илрүүлсэн, тухайн эд юмс амархан муудахуйц, устах эсхүл алга болох боломжтой эсэх товч агуулга, хэрэглэсэн тоног төхөөрөмжийн өвөрмөц шинж чанар, зориулалт, ажиллах горим, үр дүн, туршилтыг шалгаж буй үйлдэлтэй аль болох ойрхон нөхцөлд явуулсан байдал зэргийг тэмдэглэлд тусгана.

      7.Нэг хүнээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэд хэдэн удаа мэдүүлэг авах тохиолдолд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг болон тэмдэглэлийг 2, 3, 4 гэж дэс дараалалд оруулан дугаарлана.

      8.Энэ тогтоолыг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ