A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 224

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэх, хөтлөх, сангаас зарцуулалт хийх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэхтэй холбоотой иргэний улсын бүртгэлийн мэдээллийг гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор хууль тогтоомжийн дагуу хүргүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар (У.Болдхүү)-т үүрэг болгосугай.

3.Хуримтлалын сангийн үйл ажиллагаанд шаардлагатай программ хангамж хөгжүүлэлтийг хариуцан ажиллахыг "Санхүүгийн мэдээллийн технологийн төв" УТҮГ (Т.Батбилэг)-т, Хуримтлалын нэрийн дансны мэдээллийг төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан иргэдийг мэдээллээр хангаж ажиллахыг "И-Монгол академи" УТҮГ (Б.Мягмарнаран)-т тус тус үүрэг болгосугай.

4.Хуримтлалын санд 2024 онд төвлөрүүлсэн орлогыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй Монгол Улсын иргэн бүрд тэгш хуваарилж хуримтлалын нэрийн дансыг энэ тогтоолын 1-д заасан журмын дагуу хөтлөхийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

5.Энэ тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэх, хөтлөх, сангаас зарцуулалт хийх журам"-ын 5 дахь хэсгийг 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН