A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 24

Улаанбаатар хот

БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор "Бизнест ээлтэй Монгол" стратеги төлөвлөгөө боловсруулж, танилцуулахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал нарт даалгасугай.

2."Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Дэд дарга:" хэсэгт "-Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин (зөвшилцсөнөөр)" гэснийг "-Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг (зөвшилцсөнөөр)" гэж өөрчилж, "Гишүүд:" хэсэгт "-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга" гэсний дараа "-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга" гэж, "-Санхүүгийн зохицуулах хорооны дарга (зөвшилцсөнөөр);" гэсний дараа "-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга;" гэж, "-Дотоодын хөрөнгө оруулагчдын төлөөлөл "Монголын алт МАК" ХХК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн (тохиролцсоноор);" гэсний дараа "-Дотоодын хөрөнгө оруулагчдын төлөөлөл "Ньюком" группын Ерөнхий захирал Б.Баатармөнх (тохиролцсоноор);" гэж тус тус нэмж, "-"Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв" УТҮГ-ын гүйцэтгэх захирал Д.Зоригт;" гэснийг хассугай.

3.Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажиллах журам"-ын 3.1 дэх заалтад "3.1.12.хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, үйл ажиллагаанд нь учирч байгаа хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнесийн хөгжлийг дэмжих арга хэмжээний талаар." гэсэн дэд заалт нэмж, мөн журмын 8.1, 8.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"8.1.Зөвлөл нь Ажлын албатай байх бөгөөд ажлын албаны чиг үүргийг "Эдийн засгийн хөгжлийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газар хэрэгжүүлнэ.

8.2.Ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой энэ журамд зааснаас бусад харилцааг "Эдийн засгийн хөгжлийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмээр зохицуулна."

4.Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажиллах журам"-ын 8.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд олон улсын мэргэжилтэн, шинжээчдийг урьж ажиллуулах арга хэмжээг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд, ажлын үр дүнг үндэслэн алт, мөнгө, хүрэл гэрэгэ олгохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт тус тус даалгасугай.

6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг "Эдийн засгийн хөгжлийн төв" болгон өөрчлөн зохион байгуулж, дүрмийг шинэчлэн батлуулах, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны чиг үүргийг шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ