A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 37

Улаанбаатар хот

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Аймгийн захиргааны удирдлагын бүтцийг доор дурдсанаар тогтоосугай.

1.1.Засаг дарга;

1.2.Засаг даргын орлогч;

1.3.Засаг даргын Тамгын газрын дарга.

2.Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг доор дурдсанаар тогтоосугай:

2.1.Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (Төрийн үйлчилгээ-мэдээллийн төвтэй);

2.2.Хууль, эрх зүйн хэлтэс;

2.3.Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэс;

2.4.Салбарын хяналт, зохицуулалтын хэлтэс;

2.5.Санхүү, төрийн сангийн хэлтэс;

2.6.Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс;

2.7.Нийгмийн бодлогын хэлтэс;

2.8.Цэргийн штаб.

3.Нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээ зэрэг орон нутгийн онцлогийг харгалзан Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг 57 хүртэл, Булган, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрыг 55 хүртэл, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрыг 41 хүртэл орон тоотой байхаар тус тус тогтоосугай.

4.Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд доор дурдсан агентлаг ажиллуулахаар тогтоосугай:

4.1.Байгаль орчны газар;

4.2.Биеийн тамир, спортын газар;

4.3.Боловсролын газар;

4.4.Гаалийн газар (хэлтэс);

4.5.Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар;

4.6.Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар;

4.7.Мал эмнэлгийн газар;

4.8.Нийгмийн даатгалын газар;

4.9.Онцгой байдлын газар (хэлтэс);

4.10.Орон нутгийн өмчийн газар;

4.11.Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар;

4.12.Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар;

4.13.Стандарт, хэмжил зүйн хэлтэс;

4.14.Статистикийн хэлтэс;

4.15.Татварын газар;

4.16.Улсын бүртгэлийн хэлтэс;

4.17.Ус, цаг уур, орчны шинжилгээний төв;

4.18.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар;

4.19.Хүнс, хөдөө аж ахуйн газар;

4.20.Цагдаагийн газар (хэлтэс);

4.21.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (хэлтэс);

4.22.Бүсийн шүүх шинжилгээний төв (Дархан-Уул, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Дорнод аймагт тойргийн), Шүүх шинжилгээний хэлтэс (бусад аймагт);

4.23.Эрүүл мэндийн газар (Зоонозын өвчин судлалын албатай);

4.24.Эрүүл мэндийн даатгалын хэлтэс;

4.25.Худалдан авах ажиллагааны газар;

4.26.Архивын хэлтэс.

5."Аргачлал батлах тухай" Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор баталсан аргачлалын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын чиг үүргийн шинжилгээг хийж, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах агентлагийн хооронд чиг үүргийн давхардал, хийдэл үүсгэхгүйгээр оновчтой зохицуулалт хийж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

6.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгасугай.

7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ