A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 04

Улаанбаатар хот

"ЭРЧИСТ МОНГОЛ" ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ БАЙГУУЛАХ, ДАВХАРДСАН ЧИГ ҮҮРГИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах үүрэг бүхий "Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулж, дүрмийг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан төрийн өмчит компаниудыг "Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн харьяанд ажиллуулахаар тогтож, харьяа компанийн дүрэмд зохих өөрчлөлт оруулах арга хэмжээг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгасугай.

3."Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн харьяа төрийн өмчит компаниудыг үйл ажиллагааны чиглэлээр нь бүлэглэж, нэгдлийн зарчмаар ажиллуулах, захиргаа, хүний нөөц, санхүү, олон нийттэй харилцах, маркетинг болон үнэлгээ, мониторинг, гадаад харилцаа зэрэг үндсэн үйл ажиллагааны чиглэлд хамааралгүй ижил төрлийн зарим чиг үүрэгт дүн шинжилгээ хийж, дундын үйлчилгээнд шилжүүлэх замаар захиргааны зардлыг 50 хувь хүртэл бууруулах, нэгдсэн стандарт нэвтрүүлэх, хяналт, үнэлгээний нэгдмэл тогтолцоо бий болгох зэрэг цогц арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд, компаниудыг төрийн өмчийн менежмент, компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай.

4.Харьяа салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулж, хөрөнгө оруулалт, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэгээр хангаж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ