A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2025 оны 01 сарын 23 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХАРХОРУМ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь түүхэн нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулж, монгол үндэстний түүх, язгуур өв, нүүдлийн соёл иргэншлийг хамгаалах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй, хүний ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн хотыг төлөвлөх, бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжих, эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Хархорум хот /цаашид "Хот" гэх/-ыг төлөвлөх, бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжих, эрх зүйн үндсийг тогтоохтой холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг холбогдсон хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл.Хархорум хотыг төлөвлөх, бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжихэд баримтлах зарчим

Хэвлэх

4.1.Хотыг төлөвлөх, бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжихэд Хот байгуулалтын тухай хуулийн 4.1-д зааснаас гадна дараах зарчмыг баримтална:

4.1.1.монгол үндэстэн, угсаатны уламжлалт үнэт зүйл, түүх, соёлын биет болон биет бус өвийг сэргээх, хадгалан хамгаалах;

4.1.2.түүх, соёлын дурсгалт газар, археологи, соёлын биет болон биет бус өв, байгалийн онцлог, нүүдлийн соёл иргэншилд түшиглэн олон төрөлт, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих;

4.1.3.бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангаж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдсан, эдийн засгийн хувьд Хангайн бүсийн хөгжлийг дэмжиж, бие даан хөгжих боломжтой байх;

4.1.4.тогтвортой хөгжлийн зорилгыг хангах хөрөнгө оруулалтыг дэмжих;

4.1.5.хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа оршин суугчийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн, нийгмийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх, хүмүүнлэг, олон төвт хотын тогтолцоог хөгжүүлэх;

4.1.6.дэвшилтэт технологи, инновацад суурилсан ухаалаг дэд бүтцийг хөгжүүлэх;

4.1.7.эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологийг дэмжих;

4.1.8.сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг дэмжих;

4.1.9.орчны аюулгүй байдлыг хангаж, гамшгаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх;

4.1.10.Улаанбаатар хот болон бусад бүс нутагтай холбогдох зорчигч болон ачаа тээврийн сүлжээг хөгжүүлэх.

5 дугаар зүйл.Хархорум хотын эрх зүйн үндэс

Хэвлэх

5.1.Хот нь улсын зэрэглэлтэй байна.

5.2.Хотын Захирагч хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хотыг төлөөлнө.

6 дугаар зүйл.Хархорум хотын байршил, эдэлбэр газрын хэмжээ

Хэвлэх

6.1.Хотын эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох, түүнийг өөрчлөх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэх бөгөөд Газрын тухай хуульд заасан эдэлбэр газрын хэмжээ, заагийг баталж, тогтоохтой холбогдох зохицуулалт хамаарахгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХАРХОРУМ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

7 дугаар зүйл.Хархорум хотын төлөвлөлтийн баримт бичиг

Хэвлэх

7.1.Хот нь Хот байгуулалтын тухай хуулийн 11.1-д зааснаас гадна хот төлөвлөлтийн дараах баримт бичигтэй байна:

7.1.1.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал;

7.1.2.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө;

7.1.3.хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө;

7.1.4.төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл;

7.1.5.барилгажилтын төсөл;

7.1.6.тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө.

7.2.Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг Засгийн газарт танилцуулж, зөвшөөрөл авсан байна.

7.3.Энэ хуулийн 7.1.2-т заасан төлөвлөгөөг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулах бөгөөд уг төлөвлөгөөг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

7.4.Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хотын Захирагчийн саналыг үндэслэн хотын Зөвлөл, төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг хотын Захирагч тус тус баталж, олон нийтийн оролцоог хангаж хяналт тавина.

8 дугаар зүйл.Хархорум хотын төлөвлөлтөд тавигдах шаардлага

Хэвлэх

8.1.Хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд Хот байгуулалтын тухай хууль болон олон улсын стандартад заасан шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

8.1.1.бүсчлэлийн зориулалт, хүн амын нягтаршлаас хамааран иргэд оршин суугаа газраасаа 300-800 метр зайд сургууль, цэцэрлэгт явах, нийгэм, соёлын болон эрүүл мэндийн үйлчилгээ авах, амрах, зугаалах, нийтийн тээврийн буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа, үйлчилгээний газарт хүрэх боломжийг бүрдүүлэх;

8.1.2.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлсон хотын суурьшлын бүсийн 50-аас доошгүй хувь нь ногоон байгууламж байх;

8.1.3.амины орон сууцнаас бусад нийтийн орон сууцны зориулалтаар төлөвлөх газрын доод хэмжээ 0.1 га байх;

8.1.4.нийтийн орон сууцнаас бусад зориулалтаар төлөвлөх газрын доод хэмжээ 0.2 га байх;

8.1.5.хүн амын нягтаршлыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төслийн түвшинд 460 хүн/га-аас ихгүй байхаар төлөвлөх;

8.1.6.барилга байгууламжийн зураг төсөл энэ хуулийн 7.1-д заасан баримт бичигтэй уялдсан байх;

8.1.7.барилга байгууламжийн гадна засал, өнгөний шийдэл нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан гудамжны нийтлэг өнгө, барилгын өндөржилт, загварын дагуу гудамж, өргөн чөлөө, хотхон, хорооллын онцлог, байршил, архитектур, орон зайн зохиомж зэрэгтэй уялдсан байх;

8.1.8.хотын гол гудамж замыг явган зам, мопед, унадаг дугуйн зам, ногоон байгууламж, инженерийн дэд бүтцийн зурвасыг багтаасан цогц төлөвлөлтөөр шийдсэн байх;

8.1.9.хотын олон нийтийн барилга байгууламж нь саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах технологид тулгуурлах;

8.1.10.хотын газар доорх орон зайг ашиглан инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний төлөвлөлт, бүтээн байгуулалтад хонгилын системийг стандартын шаардлагыг хангаж нэвтрүүлэх;

8.1.11.нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/ ашиглах орон зайг бий болгох;

8.1.12.нуур, цөөрөм үүсгэх, нөхөн сэргээх, гадаргын усыг хуримтлуулж экосистемийг хамгаалах боломжтой байх;

8.1.13.хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан хөтөчтэй явган хүний зам, дуут гэрлэн дохио, тээврийн хэрэгслийн зогсоол, нийтийн тээврийн хэрэгслийн тоноглол, олон нийтийн үйлчилгээний барилга байгууламжид ариун цэврийн өрөө төлөвлөх;

8.1.14.инженерийн бэлтгэл арга хэмжээ, ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан болон хийн хангамж, зам, харилцаа холбоо, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг дэд бүтэц, олон нийтийн барилга байгууламж барих ажлыг нэн тэргүүнд зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах дэд бүтцийг хөгжүүлэх;

8.1.15.олон улс, бүс нутаг, хөрш орнуудыг холбосон аялал жуулчлалын коридорыг байгуулах;

8.1.16.усны эх үүсвэр, усан хангамж, эрчим хүч, зам тээвэр, тээврийн хэрэгслийн үйлчилгээнд ухаалаг систем нэвтрүүлэх;

8.1.17.байгаль экологи, археологи, палеонтологи, нүүдлийн өв, соёл, нутгийн иргэдийн ахуй амьдралд түшиглэсэн, төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх;

8.1.18.түүх, соёлын дурсгал, урлагийн бүтээлд тулгуурлан үндэсний бахархлыг сэргээж, соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах.

8.2.Хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, барилга байгууламж, инженерийн дэд бүтцэд ухаалаг хотын олон улсын стандартад заасан шийдлийг нэвтрүүлж болно.

8.3.Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 20 жилийн хугацаатайгаар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 5 жилийн хугацаатайгаар төлөвлөх бөгөөд оршин суугч болон аж ахуйн нэгжийн санал, барилгажилтын түвшин, хотын Зөвлөлийн олонхын шийдвэрийг үндэслэнэ.

9 дүгээр зүйл.Хархорум хотын нутаг дэвсгэрийн бүсчлэл

Хэвлэх

9.1.Хотын нутаг дэвсгэр Хот байгуулалтын тухай хуулийн 13.1-д зааснаас гадна дараах бүсчлэлтэй байх бөгөөд бүс нь тусгайлан баталсан бүсчлэлийн дүрэмтэй байна:

9.1.1.археологийн судалгааны бүс;

9.1.2.нийгмийн дэд бүтцийн бүс;

9.1.3.тээвэр, логистикийн бүс;

9.1.4.инженерийн дэд бүтцийн бүс;

9.1.5.хамгаалалтын бүс;

9.1.6.холимог ашиглалтын бүс;

9.1.7.нөөц бүс /цагаан газар/.

9.2.Энэ хуулийн 9.1-д заасан бүсчлэлийн дүрмийг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр нарийвчлан тодорхойлно.

9.3.Бүсчлэлийн дүрэмд тухайн бүсэд зөвшөөрөгдөх үйл ажиллагааны төрөл, барилга байгууламжийн хэмжээ, байршил, барьж болох барилгын зориулалтыг тусгана.

10 дугаар зүйл.Хархорум хотын газар зохион байгуулалт

Хэвлэх

10.1.Хотын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөлд үндэслэх бөгөөд хотын Захирагчийн саналыг үндэслэн хотын Зөвлөл батална.

10.2.Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл, бүсчлэл, хотын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй нийцүүлэн газрыг ашиглах эрхийг хотын Захирагч олгоно.

10.3.Хотын эдэлбэр газарт төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээ, улс, хотын төсвийн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж газар ашиглуулахаас бусад газар ашиглуулах үйл ажиллагааг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.

10.4.Газар ашиглах гэрээнд Газрын тухай хуульд зааснаас гадна дараах нөхцөлийг тусгана:

10.4.1.газрыг гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан, эсхүл ашиглахаар барилга угсралтын ажил хийгдэж байгаа бол гэрээг нэг талын санаачилгаар цуцлах;

10.4.2.газар ашиглах гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан хуваарийн дагуу төслийг хэрэгжүүлж эхлээгүй бол газар ашиглах эрх дуусгавар болох.

10.5.Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийн дагуу Засгийн газрын шийдвэрээр улс, хотын төсвийн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг чөлөөлөх журмыг Засгийн газар батална.

10.6.Газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаас өмнө газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх авсан иргэн, хуулийн этгээд нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн өөрийн хөрөнгө, хот болон дотоод, гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж болох бөгөөд энэ хуулийн 10.5-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд Засгийн газраас баталсан журмын дагуу шийдвэрлэнэ.

11 дүгээр зүйл.Хархорум хотын хөгжлийг дэмжихэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах

Хэвлэх

11.1.Хот нь оршин суугчийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хотын тогтвортой хөгжлийг дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор хот төлөвлөлтийн баримт бичигтэй уялдсан ухаалаг хот төлөвлөлттэй байна.

11.2.Ухаалаг хот төлөвлөлт нь инновац, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, юмсын интернэт зэрэг дэвшилтэт технологийг ашиглах бөгөөд дараах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ:

11.2.1.эрүүл мэнд, боловсрол, соёлын зэрэг нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, хотод тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх;

11.2.2.их өгөгдөлд суурилан шийдвэр гаргах боломжийг бүрдүүлж, үр дүнг тооцоолох;

11.2.3.мэдээлэл солилцох системийг үүсгэх, түүний тасралтгүй, найдвартай байдал болон кибер аюулгүй байдлыг хангаж, хүний хувийн мэдээллийг хамгаалах, мэдээллийг саадгүй солилцох нөхцөлийг бүрдүүлэх;

11.2.4.хотоос үзүүлэх үйлчилгээг цахим, ухаалаг системээр авах нөхцөлийг бий болгох;

11.2.5.оршин суугч болон иргэнд мэдээллийг нээлттэй, ил тод хүргэх, мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэх;

11.2.6.хотын инженерийн дэд бүтэц, замын хөдөлгөөний нөхцөл байдал, нийтийн тээврийн удирдлага, орчны аюулгүй байдлыг хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх, агаарын чанарын болон орчны бохирдол, чийгшил, байгаль орчны стандартыг хэмжих, хянах, мэдээлэх нөхцөлийг бүрдүүлэх;

11.2.7.оршин суугчийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авах, хотын үйл ажиллагаатай холбоотой санал асуулга зохион байгуулах цахим оролцооны систем ажиллуулах;

11.2.8.харилцаа холбооны сүлжээг сайжруулж хотын интернэт хэрэглээний хүртээмжийг нэмэгдүүлэх;

11.2.9.тоон гарын үсгийн хэрэглээг дэмжих;

11.2.10.оршин суугчийн цахим ур чадвар, чадамжийг нэмэгдүүлэх, цахим орчинд хүүхэд хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх.

11.3.Энэ хуулийн 11.1-д заасан төлөвлөлтөд хотын үйл ажиллагаа, төлөвлөлтийн талаарх олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ, хариуцах этгээд, хүрэх үр дүнг хэмжигдэхүйц байдлаар тодорхойлж, санхүүжилтийн эх үүсвэрийг нарийвчлан тооцож хотын Захирагч батлах бөгөөд хэрэгжилтийг зохион байгуулна.

11.4.Хот энэ хуулийн 11.2-т заасны дагуу үүсгэх оршин суугчид зориулсан мэдээллийн системийг хөгжлийн бэрхшээлтэй хүн саадгүй ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ХАРХОРУМ ХОТЫН ЧИГ ҮҮРЭГ, УДИРДЛАГА

12 дугаар зүйл.Хархорум хотын чиг үүрэг

Хэвлэх

12.1.Хот нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 12.1-д заасан нийтлэг чиг үүргээс гадна эдэлбэр газрынхаа хэмжээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

12.1.1.хотын хөгжлийн бодлого, төлөвлөлт;

12.1.2.хотын өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалт, түүнд тавих хяналт;

12.1.3.хотын төсөв, түүний төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан, хяналт;

12.1.4.хотын хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний уст цэгийн төлөвлөлт, хяналт;

12.1.5.хотын худалдаа, үйлчилгээний нийтлэг зохицуулалт, хяналт;

12.1.6.хотын замын хөдөлгөөний зохицуулалт;

12.1.7.цэвэрлэх байгууламж, үерийн далан, сувгийн байгууламж;

12.1.8.гудамж, зам, талбай, барилга байгууламжийн нэр, хаягжуулалтын зохицуулалт;

12.1.9.хөшөө дурсгалын нийтлэг зохицуулалт;

12.1.10.хог хаягдлын нэгдсэн төлөвлөлт, удирдлага, зохицуулалт;

12.1.11.хотын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, түүний хэрэгжилт;

12.1.12.оршуулгын газрын нийтлэг зохицуулалт, менежмент.

13 дугаар зүйл.Хархорум хотын удирдлага

Хэвлэх

13.1.Хотын удирдлагыг хотын Зөвлөл, Захирагч хэрэгжүүлнэ.

13.2.Хотын байнгын оршин суугчийн тоо 10000 хүрснээр хотын Зөвлөл, Захирагчийн сонгуулийг зохион байгуулна.

13.3.Энэ хуулийн 13.2-т заасан хотын Зөвлөл, Захирагчийн бүрэн эрх хэрэгжиж эхлэх хүртэл энэ хуулийн 13.6, 13.7-д заасны дагуу томилогдсон хотын Зөвлөл, Захирагч хотын удирдлагыг хэрэгжүүлнэ.

13.4.Энэ хуулийн 13.6, 13.7-д заасны дагуу томилогдсон хотын Зөвлөл, Захирагч Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон энэ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

13.5.Хотын Зөвлөл нь 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд дараах төлөөллөөс бүрдэнэ:

13.5.1.Засгийн газрын санал болгосон гурван төлөөлөл;

13.5.2.энэ хуулийн 13.7-д заасан хотын Захирагч;

13.5.3.Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас санал болгосон гурван төлөөлөл;

13.5.4.хот байршиж байгаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар;

13.5.5.барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон мэргэжлийн холбоодын хоёр төлөөлөл.

13.6.Энэ хуулийн 13.5.3-т заасан төлөөллийг нээлттэй нэр дэвшүүлж, тэдгээрээс сонгогдсон гишүүдийг энэ хуулийн 13.5-д заасан бусад гишүүний хамт Засгийн газар томилж, чөлөөлнө.

13.7.Энэ хуулийн 13.3-т заасан хотын Захирагчийг Засгийн газар томилж, чөлөөлнө.

14 дүгээр зүйл.Хархорум хотын Зөвлөлийн бүрэн эрх

Хэвлэх

14.1.Хотын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хотын чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үүргийг хотын Зөвлөл хэрэгжүүлнэ.

14.2.Хотын Зөвлөл хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэхээр баталсан захиргааны хэм хэмжээ агуулсан заавар, стандарт, журам, дүрмийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.

14.3.Хотын Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

15 дугаар зүйл.Хархорум хотын Захирагч, түүний бүрэн эрх

Хэвлэх

15.1.Хотын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, хотын Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх гүйцэтгэх удирдлага нь хотын Захирагч байна.

15.2.Хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.

15.3.Хотын Захирагч тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудастай байна.

15.4.Хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг хотын Захирагчийн санал болгосноор Засгийн газар, дүрмийг хотын Захирагч батална.

15.5.Хотын Захирагч Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

15.5.1.хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын баримт бичгийг боловсруулах, эрх бүхий этгээдээр батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

15.5.2.түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, соёлын олон төрөлт үйл ажиллагаа явуулах, иргэд, олон нийтэд сурталчлан таниулах;

15.5.3.барилга байгууламжийн загвар зургийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байгаа эсэхийг шалгах;

15.5.4.хот төлөвлөлтийн баримт бичиг, суурь судалгаа боловсруулах ажилд захиалагчийн хяналт тавих, батлуулах ажлыг зохион байгуулах;

15.5.5.хот төлөвлөлтийн баримт бичиг, бүсчлэлийн дүрэм, хотын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар ашиглуулах;

15.5.6.хот төлөвлөлтийн баримт бичигтэй нийцүүлэн барилга байгууламж, авто зам, замын байгууламжийн архитектур төлөвлөлтийг хянан зөвшилцөх, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тэдгээрийг байнгын ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах;

15.5.7.хот төлөвлөлтийн баримт бичигт нийцээгүй барилга байгууламжийг барих, үргэлжлүүлэх, ашиглахыг зогсоох;

15.5.8.хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга байгууламжийн гадна засал /фасад/, өнгөний шийдэл, хаягжуулалтын загварыг тухайн гудамж, өргөн чөлөө, хотхон, хорооллын онцлог, байршил, архитектур, орон зайн зохиомж зэрэгтэй уялдаж байгаа эсэхийг хянах;

15.5.9.гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах, мэдээллийн системд бүртгэх;

15.5.10.хотын бүтээн байгуулалтад шаардлагатай инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн техникийн нөхцөлийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу холбогдох байгууллагын дүгнэлтийн дагуу олгох;

15.5.11.төсвийн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх бүтээн байгуулалтад захиалагчийн хяналт тавих;

15.5.12.хот байгуулалтын орон зайн мэдээллийн системийг үүсгэж, түүний баяжуулалт, бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтыг хариуцах;

15.5.13.хотын өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх;

15.5.14.бүтээн байгуулалтын явцад археологийн олдвор илэрсэн тохиолдолд хотын музейд бүртгэж байршуулах, томоохон байгууламжийн туурь илэрсэн тохиолдолд археологийн бүсэд хамруулах;

15.5.15.энэ хуулийн 10.5-д заасан журмын төслийг боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх.

16 дугаар зүйл.Мэдээллийн ил тод байдал

Хэвлэх

16.1.Хот нь Шилэн дансны тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаас гадна хотын үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай холбоотой дараах мэдээллийг өөрийн цахим хуудсанд нээлттэй, ил тод байршуулна:

16.1.1.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал;

16.1.2.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, бүсчлэлийн дүрэм, суурь судалгаа;

16.1.3.бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл;

16.1.4.барилгажилтын төсөл;

16.1.5.хотын эдэлбэр газарт газар эзэмшиж, ашиглаж байгаа этгээдийн нэр, нэгж талбар, хаяг байршил, газар эзэмших, ашиглах гэрээ, үнэлгээний талаарх мэдээлэл;

16.1.6.бүтээн байгуулалтын төсөл сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэл;

16.1.7.хот хөгжүүлэх болон хотын дэд бүтцийн сангийн үйл ажиллагаа, санхүүжилт, зарцуулалт;

16.1.8.хотын өмчит болон хотын өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаа, төсөв, санхүүгийн мэдээлэл;

16.1.9.төлөвлөлтийн талбайгаас олдсон археологийн олдворын талаарх мэдээлэл.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ

17 дугаар зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих

Хэвлэх

17.1.Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл санаачлах, хэрэгжүүлэхтэй холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу зохицуулна.

17.2.Хот дараах чиг үүргийг гэрээний үндсэн дээр бусад этгээдээр гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн, эсхүл хэсэгчлэн санхүүжүүлж болно:

17.2.1.орчны аюулгүй байдал, агаарын чанарын болон орчны бохирдлыг хэмжих мэдрэгч төхөөрөмж байршуулах, арчлалт, засвар, үйлчилгээ;

17.2.2.хотын авто зам, зогсоолын төлөвлөлт, арчлалт, засвар, үйлчилгээ;

17.2.3.харилцаа холбоо, цахилгаан, дулаан түгээх сүлжээ, цэвэр ус, бохир усны шугам болон хаягдал ус зайлуулах байгууламж, үерийн далан, суваг тэдгээрт хамааралтай барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ;             

17.2.4.хотын музей, театр, номын сан, соёлын ордон, биеийн тамир, спортын цогцолбор, нийтийн соёл, амралтын хүрээлэн, ногоон байгууламжийн төлөвлөлт, ашиглалт, засвар, үйлчилгээ;

17.2.5.хотын нийтийн тээвэр, такси үйлчилгээ;

17.2.6.хог хаягдлын менежмент, үйлчилгээ;

17.2.7.орон сууц, тохижилт, нийтийн аж ахуйн үйлчилгээ;

17.2.8.сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа, түүнд тавих хяналт;

17.2.9.олон улсын, орон нутгийн зорчигч болон ачаа тээвэр, логистикийн үйл ажиллагаа;

17.2.10.нийгмийн үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүргэхэд ашиглах системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, түүний засвар, арчлалт, үйлчилгээ, аюулгүй байдлыг хангах;

17.2.11.хуульд өөрөөр заагаагүй бол үндэсний болон олон улсын хэмжээний баяр наадам, хурал, урлаг, спортын болон бусад арга хэмжээг зохион байгуулах;

17.2.12.гадна болон явуулын зар сурталчилгааны хяналт, арчлалт, засвар, үйлчилгээ;

17.2.13.оршуулгын газрын менежмент, арчлалт, засвар, үйлчилгээ.

ТАВДУГААР БҮЛЭГ

ХАРХОРУМ ХОТЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭС

18 дугаар зүйл.Хархорум хотын эдийн засгийн үндэс

Хэвлэх

18.1.Хотын эдийн засгийн үндэс нь улс, орон нутаг, хотын өөрийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгө, хотын өмч, татварын болон татварын бус орлого, төлбөр, хураамж, хот хөгжүүлэх сан, хотын дэд бүтцийн сангийн хөрөнгө, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний хандив, тусламж, ногдол ашиг болон хуулиар зөвшөөрөгдсөн бусад орлогоос бүрдэнэ.

18.2.Хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах нь төр, орон нутгийн үүрэг бөгөөд энэ харилцааг энэ хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

19 дүгээр зүйл.Хархорум хотын төсөв, татвар

Хэвлэх

19.1.Хот нь Төсвийн тухай хуульд заасан эх үүсвэрээс бүрдсэн төсөвтэй байна.

19.2.Хотын төсвийг энэ хууль болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд заасан хотын чиг үүргийг хэрэгжүүлэхэд зарцуулна.

19.3.Хотын төсвийн харилцааг Төсвийн тухай хуулиар зохицуулна.

19.4.Хотын албан татварыг холбогдох татварын хуулиар зохицуулна.

20 дугаар зүйл.Хархорум хотын өмч

Хэвлэх

20.1.Хот нь өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хууль тогтоомжид заасны дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах өмчтэй байна.

20.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хотын эдэлбэр газар доорх инженерийн байгууламж, хонгилын систем нь хотын өмчлөлд байна.

20.3.Хотын өмчийн харилцааг хуулиар зохицуулна.

21 дүгээр зүйл.Чөлөөт бүс, гаалийн тусгай бүс, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах

Хэвлэх

21.1.Хотод өндөр технологи, эрүүл мэнд, аялал жуулчлалын чөлөөт бүс болон үйлдвэрлэл, технологийн парк, гаалийн тусгай бүсийг холбогдох хуульд заасны дагуу байгуулж болно.

22 дугаар зүйл.Үнэт цаас гаргах

Хэвлэх

22.1.Хот нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 16.1.8-д заасны дагуу Өрийн удирдлагын тухай хуульд нийцүүлэн үнэт цаас гаргаж болно.

23 дугаар зүйл.Хот хөгжүүлэх сан

Хэвлэх

23.1.Хот нь хот хөгжүүлэх сантай байх бөгөөд дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

23.1.1.хотын төсвийн орлогын 10 хүртэлх хувь;

23.1.2.гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс өгсөн хандив, тусламж;

23.1.3.хотын өмчит болон хотын өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хотод ногдох ногдол ашгийн 10 хүртэлх хувь;

23.1.4.хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.

23.2.Сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:

23.2.1.нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх;

23.2.2.түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх;

23.2.3.цэцэрлэгт хүрээлэн, тохижилт, ногоон байгууламж.

23.3.Энэ хуулийн 23.1-д заасан санг байгуулах, түүний удирдлага, зохион байгуулалт, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газар батална.

23.4.Хот хөгжүүлэх сангаас зээл олгох, өр, авлага үүсгэх зэргээр сангийн хөрөнгийг энэ хуулийн 23.2-т зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ХАРХОРУМ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТӨРӨӨС ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

24 дүгээр зүйл.Төрөөс Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх

Хэвлэх

24.1.Хот төлөвлөлт, бүтээн байгуулалтыг улс, хотын төсөв, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт, зээл, хандив, тусламж, сангийн хөрөнгө, төр, хувийн хэвшлийн түншлэл болон бусад эх үүсвэрээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн үе шаттайгаар санхүүжүүлнэ.

25 дугаар зүйл.Хөрөнгө оруулалт, түүний тогтвортой байдлыг хангах

Хэвлэх

25.1.Хотыг бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжих болон хотын эдэлбэр газарт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг баталгаатай, тогтвортой байлгах нөхцөлийг энэ хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулна.

25.2.Хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээ олгох, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөл, шаардлага, хугацаа болон энэ хуульд тусгайлан зохицуулснаас бусад харилцааг Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулна.

25.3.Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нь Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

25.4.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрчлөгдөхөөс үл хамаарч хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангана.

25.5.Хөрөнгө оруулалтын хэлбэр, татварын болон татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулна.

26 дугаар зүйл.Тогтворжуулах гэрчилгээ олгох, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, цуцлах

Хэвлэх

26.1.Хотод хэрэгжүүлэх төсөл нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16.1.2, 16.1.3, 16.1.4-т заасан шалгуурыг хангасан тохиолдолд дараах хугацаагаар тогтворжуулах гэрчилгээг олгоно:

Хөрөнгө оруулалтын хэмжээ /тэрбум төгрөгөөр/

Тогтворжуулах гэрчилгээ олгох хугацаа /жилээр/

Хөрөнгө оруулалт

хийж дуусах хугацаа

/жилээр/

5-10 хүртэл

4

2

10-30 хүртэл

6

2

30-50 хүртэл

8

3

50-100 хүртэл

10

4

100-200 хүртэл

12

5

200-300 хүртэл

14

6

300-аас дээш

16

6

26.2.Бүтээн байгуулалтын төсөлд 100 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах орчныг тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газрын эрх олгосноор хотын Захирагч байгуулж болно.

26.3.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 19.1-д заасан болон хөрөнгө оруулалтын гэрээ, газар ашиглах гэрээнд заасан нөхцөлийг ноцтой зөрчсөн, гэрээг цуцлах үндэслэл үүссэн тохиолдолд бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх эрх, тогтворжуулах гэрчилгээ, газар ашиглах болон хөрөнгө оруулалтын гэрээг нэг талын санаачилгаар цуцална.

26.4.Энэ хуулийн 26.3-т заасан үндэслэлээр бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх эрх, тогтворжуулах гэрчилгээ, газар ашиглах болон хөрөнгө оруулалтын гэрээг цуцалснаас үүсэх хохирлыг хөрөнгө оруулагч тал хариуцна.

26.5.Бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх эрх, тогтворжуулах гэрчилгээ, газар ашиглах болон хөрөнгө оруулалтын гэрээг цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч талаас төсөл хэрэгжих талбайд оруулсан хөрөнгө оруулалтыг хөндлөнгийн эрх бүхий этгээдийн хийсэн үнэлгээнд үндэслэн төсөл бүрэн хэрэгжиж дууссаны дараа энэ зүйлийн 26.4-т заасан хохирлыг суутгасны дараах үлдэгдлийг хөрөнгө оруулагч талд буцаан олгоно.

26.6.Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан бол хотын бүтээн байгуулалтын хүрээнд хэрэгжих төслийн явцад бий болсон Оюуны өмчийн тухай хуулийн 3.1.1-д заасан оюуны өмчийг өмчлөх эрх хотын Захирагчид хадгалагдана.

26.7.Хотод үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээртэй хамтран ажиллах зорилгоор хөрөнгө оруулагчдын төлөөллөөс бүрдсэн Хөрөнгө оруулагчдын зөвлөлийг хотын Захирагчийн дэргэд байгуулах ба уг зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хотын Зөвлөл батална.

ДОЛДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

27 дугаар зүйл.Хархорум хотын удирдлагаас бусад этгээдтэй харилцах

Хэвлэх

27.1.Хотын удирдлага засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, бусад хотын удирдлагатай холбогдох асуудлаар хамтран ажиллаж болно.

28 дугаар зүйл.Хархорум хотын өдөр, бэлгэдэл, шагнал

Хэвлэх

28.1.Хотын өдөр нь жил бүрийн 12 дугаар сарын 20-ны өдөр байна.

28.2.Хот нь эртний Хархорум хотын түүх, өв соёл, уламжлалыг илэрхийлсэн "Мөнгөн мод" бүхий бэлгэдэлтэй байна.

29 дүгээр зүйл.Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

Хэвлэх

29.1.Иргэн, хуулийн этгээд хот төлөвлөлтийн баримт бичгээр зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр бүсчлэлийн дүрмийн дагуу хэрэгжүүлэх эрхтэй.

29.2.Хотод үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээд нь өмчийн хэлбэрээс үл хамааран хот төлөвлөлтийн баримт бичиг, хотын стандартыг мөрдөх, хотын удирдлагаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

30 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

30.1.Үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

30.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

31 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

31.1.Энэ хуулийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн энэ хуулийн 13.2-т заасан нөхцөл бүрдэж, хотын Зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН