- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЯН ӨРНҮҮЛЭХ ТУХАЙ (Атар-4)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 47
Улаанбаатар хот
АЯН ӨРНҮҮЛЭХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Тариалангийн үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, ухаалаг технологид суурилсан газар тариаланг хөгжүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалж, сайжруулах зорилгоор "Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян"-ыг 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 4 жилийн хугацаатай өрнүүлэхээр шийдвэрлэсүгэй.
2."Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян"-ы хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.
3.Аяны хүрээнд газар тариалан, мал аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт даалгаж, хөнгөлөлттэй зээл олголтын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлж ажиллахыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөсүгэй.
4.Засгийн газраас хариуцан төлөх зээлийн хүүгийн дэмжлэгийг Монголбанкны бодлогын хүүгээс хэтрэхгүй байхаар тооцож, тухайн жилийн батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт үүрэг болгосугай.
5."Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян"-ыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлэх, аяны үйл ажиллагааг орон нутагт сурталчлан таниулах, идэвхжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хэрэгжилтийн тайланг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт үүрэг болгосугай.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг зарлах тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 476 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
