A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 27

Улаанбаатар хот

ТОМООХОН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын хэмжээний томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга болон төрийн өндөр албан тушаал хашиж байсан туршлага, мэдлэгтэй хүмүүсээс хуульд заасны дагуу томилохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгасугай.

2.Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдын ажиллах удирдамжийг хавсралт ёсоор баталсугай.

3.Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдын хариуцсан чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болгосугай.

4.Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдын цалин, ажлын байр, ажиллах нөхцөлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

5.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Л.ГАНТӨМӨР