- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 73
Улаанбаатар хот
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 9.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 10.1, ""Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-д нэмэлт оруулах тухай" Монгол Улсын Их Хурлын 2025 оны 13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газар"-ыг байгуулсугай.
2.Төмөр замын газрын орон тооны дээд хязгаарыг 48 байхаар тогтоосугай.
3.Төмөр замын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, мөрдүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд үүрэг болгосугай.
4.Төмөр замын газар байгуулагдсантай холбогдуулан "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгасугай.
5."Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын орон тоо, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгө, Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газар болон Салбарын хяналтын газрын төмөр замын асуудал хариуцсан зарим албан хаагчдыг орон тоо, чиг үүрэг, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгийн хамт Төмөр замын газарт тус тус шилжүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.
6.Төмөр замын газрын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2025 оны батлагдсан төсвийн багцдаа зохицуулалт хийх замаар шийдвэрлэх, цаашид жил бүр улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд даалгасугай.
7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээний "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" баганад "23. Төмөр замын газар" гэж нэмж, мөн жагсаалтын "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" баганын 23-30 дахь заалтын дугаарыг "24-31" гэж тус тус өөрчилсүгэй.
8.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 91 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
9."Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-т доор дурдсан агуулгатай 37 дахь заалтыг нэмсүгэй.
|
37 |
Төмөр замын газар |
48 |
10.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Яамдын орон тооны хязгаар"-ын "Орон тооны хязгаар" баганын 8-д "151" гэснийг "137" гэж өөрчилсүгэй.
11.Төмөр замын газрын үйл ажиллагаа явуулах байрны асуудлыг шийдвэрлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.
12.Энэ тогтоолыг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх