- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛ, АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар А/248
Улаанбаатар хот
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛ, АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.12 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.11 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.10 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.2025 оны "Цагаан сар"-ын баяртай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг дуустал дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай:
1.1.Нийслэлийн Засаг даргын 2020 оны "Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" А/1037 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам"-ын 2.2-т заасны дагуу автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-оор төгссөн автомашиныг 2025 оны 02 дугаар сарын 22, 24, 26, тэгш тоо (0,2,4,6,8)-оор төгссөн автомашиныг 2025 оны 02 дугаар сарын 23, 25, 27-ны өдрүүдэд тус тус 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Нийслэлийн цагдаагийн удирдах газар (Э.Товуудорж), "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ (Ч.Хувьзаяа)-т;
1.2.энэ захирамжийн 1.1-д заасан арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын 2020 оны "Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" А/1037 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам"-ын 2.3-т зааснаас гадна зохих зөвшөөрөл, тоноглол бүхий бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалт, оршуулга, авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээ, дипломат байгууллага болон гадаад улсын зочин, төлөөлөгчид үйлчлэх, нийтийн тээвэр, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдыг тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглах болон таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгслийг хамааруулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Тээврийн цагдаагийн алба (Б.Дэлгэрсайхан), "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ (Ч.Хувьзаяа)-т;
1.3.энэ захирамжийн 1.1-д заасан арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын 2020 оны "Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" А/1037 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан "Тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялгаж, замын хөдөлгөөнд оролцуулах цаг, бүсчлэл"-ийн 2-т зааснаас гадна Таван шарын уулзвар, Их Монгол Улсын гудамж И-Март дэлгүүрийн уулзвар, Дунд голын гудамж, Махатма Гандигийн гудамжнаас дотогш замын хөдөлгөөнд авч хэрэгжүүлэхийг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Галбадрах)-т;
1.4.Нийслэлийн Засаг даргын 2020 оны "Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" А/1037 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан "Тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялгаж замын хөдөлгөөнд оролцуулах цаг, бүсчлэл"-д хамаарах автозамын дагуу тэмдэг, тэмдэглэгээг стандарт шаардлагын дагуу сайжруулахыг Тээврийн цагдаагийн алба (Б.Дэлгэрсайхан), Нийслэлийн замын хөгжлийн газар (Б.Одбаяр)-т;
1.5.нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээ, чиглэлийг шинэчлэн тогтоож, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Нийтийн тээврийн бодлогын газар (Д.Отгонжаргал)-т;
1.6.замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс (Г.Баярцэцэг)-т.
2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас ажиллах албан хаагчдын хоол, шатахууны нэмэлт зардлыг төсвийн холбогдох зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар (Д.Амгалан)-т зөвшөөрсүгэй.
3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч (Т.Даваадалай)-д даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
