A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 67

Улаанбаатар хот

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, 30 дугаар зүйлийн 1, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, дуудлага, мэдээллийг хүлээн авч, тусламжийг шуурхай хүргэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийн дугаарлалтыг улсын хэмжээнд нэгдсэн "112" дугаарлалтад үе шаттайгаар шилжүүлсүгэй.

2.Яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг нэгдсэн "112" дугаарлалтад хүлээн авах техникийн нөхцөлийг цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран бүрдүүлж, нэгдсэн дугаарлалтад шилжих системийг нийтийн мэдээллийн дэд бүтцэд нийцүүлэн боловсруулах, хиймэл оюун ухаанд суурилсан технологийн шийдлийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Харилцаа холбооны зохицуулах хороо (Г.Чинзориг)-д тус тус үүрэг болгосугай.

3.Орон нутагт яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг нэгдсэн "112" дугаарлалтаар хүлээн авах үйл ажиллагааг Теле камерын хяналтын дэд төвүүдийн үйл ажиллагаатай уялдуулах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

4.Яаралтай тусламж, үйлчилгээг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр холбогдох хуулийн төслийг боловсруулж, саналаа 2025 оны 3 дугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд даалгасугай.

5.Яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг нэгдсэн "112" дугаарлалтад шилжүүлэх ажлын хүрээнд программ хангамж шинэчлэх, систем өргөтгөхөд шаардагдах зардлыг 2026 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ